Б.Мөнхзаяа “Улаанбаатар марафон”-д таван жил дараалан түрүүлэв

Жил жилийн өдийд монголчууд нэгэн өдрийг спортлог өнгөрүүлж, уушгиныхаа багтрааг гаргадаг. Эрүүл мэнддээ анхаарахын тулд аль болох хөдөлж байхыг эрхэмлэдэг хүн бүхэн эл өдрийг хоног тоолон хүлээдэг билээ. Өнөө жил “Эрсдэлгүй эрүүл орчинд хамтдаа” уриан дор зохион байгуулсан автомашингүй өдрийг түгжрэлд бухимдахгүй, гэр бүлээрээ сайхан өнгөрүүлэв, улаанбаатарчууд.

Хаа сайгүй хүүхдийн инээд цангинаж, жаргалтай алхах хосууд хотын төвийг чимнэ. Жилээс жилд автомашингүй өдрийг тэмдэглэх монголчуудын тоо нэмэгдсээр байгааг зохион байгуулагчид онцолсон.

Эл өдөр болсон олон улсын “Улаанбаатар марафон”-д 30 000 гаруй хүн оролцсон нь үүний илрэл. Хүмүүс өөрийнхөө хүссэн зайд хурд сорьсон төдийгүй байгууллага, хамт олноороо оролцож буй нь ч олон байлаа. Тэмцээнийг тав, 10, 21, 42 км, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан болон 1.5 км-ийн гэр бүлийн уралдаан гэсэн төрлөөр зохион байгуулав.

Марафон гүйлтэд түрүүлэхээс дутахгүй өөрөө өөрийгөө ялах нь чухал. “Улаанбаатар марафон”-д олон хүн өөрийгөө ялснаас Б.Төрбатыг онцолъё. 21 км-ийн зайд “Ахиллис” төвийн 20-иод хүн гүйснээс тэрбээр гуравдугаар байр эзэлсэн юм. Барианд орохдоо ихэд баярлан, нулимс дуслуулан зогссон тэрбээр 25 настай. Дөнгөж төрөхдөө хүнд өвчин тусан, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан Б.Төрбат олон жил хэвтэрт байжээ. Жилийн өмнөөс ууланд алхан, гүйлтээр тогтмол хичээллэсний хүчинд бие нь өдрөөс өдөрт сайжирсаар байгаа гэнэ. Түүгээр ч үл барам энэ удаа өөрийгөө ялж, эрүүл хүнээс дутахгүйгээ мэдрэв. Түүн шиг олон хүн эл уралдаанд өөрийгөө нээж, урам авсан нь мэдээж.

Өнөө жил марафонд Гавьяат тамирчин Б.Сэр-Од оролцоогүй. Түүний эзгүйд хэн түрүүлэх нь олны анхаарлыг гойд татав. 42 км-т Монгол, Япон, Солонгос зэрэг долоон орны 200 гаруй тамирчин уралдсанаас Кенийн гүйгч Корос Кереч хоёр цаг, 23 минут, 33 секунд хурдалсан амжилтаар түрүүллээ. Тэрбээр уралдааны эхнээс нутаг нэгт Андерсон Сайтоти, Монголын Н.Мөнхбаяр нартай тэргүүлсэн. Уралдааны дунд хэсэгт Н.Мөнхбаяр, сүүлийн хэдэн км-т А.Сайтоти цуцсанаар тэрбээр ганцаараа хошуучилж явахад Д.Гантулга араас нь нэхсээр дөрөө харшуулав. Тэд ганцхан секундийн зөрүүтэй барианд орсон юм. Дахиад жаахан зай байсан бол Д.Гантулга түүнийг гүйцэх боломжтой байлаа.

Д.ГАНТУЛГА: ХЭТЭРХИЙ ХОЛ ХОЦОРЧИХСОН БОЛОХООР НӨХӨЖ АМЖСАНГҮЙ

Энэ үеэр Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Үндэсний шигшээ баг, хилийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Гантулгатай цөөн хором ярилцлаа.

-Хэрхэн уралдахаар төлөвлөв. Түүнийхээ дагуу хурд сорьж чадав уу?

-Чадсаан. Би сэрүүн өдөр тийм ч сайн уралдаж чаддаггүй. Өнөөдөр сэрүүхэн байсан ч бүхнээ дайчилсаар мөнгөн медаль хүртлээ. Уралдааны эхнээс төлөвлөснийхөө дагуу уралдсан. Түрүүлсэн тамирчнаас 600-700-гаад метрийн ард хоцорч яваад нэхсэн ч хараахан гүйцсэнгүй, ганцхан секундээр хоцорлоо. Арай холоос шахсан бол түрүүлэх байлаа гэж зарим хүн зөвлөж байна. Үнэн л дээ. Гэхдээ надаас хол тасарчихсан байсан болохоор хамаг хүчээрээ нэхсээр байгаад л таарлаа.

-Өмнөх жилүүдэд “Улаанбаатар марафон”-д ямар амжилт гаргаж байв?

-Сүүлийн хоёр жил 21 км-ийн зайд уралдахдаа түрүүлж, хоёрдугаар байрт шалгарсан. Бас нэг удаа 42 км-ийн зайд хүрэл медаль авсан.

-Энэ жил 21 бус, 42 км-т уралдахад юу нөлөөлсөн бэ?

-2019 он бол Токиогийн олимпын өмнөх жил. Тиймээс бүтэн марафоны бэлтгэлээ сайн хангаж, олимпын эрх авах зорилгодоо хүрэхийн тулд эл зайд уралдлаа.

-Та хөнгөн атлетикаар хэчнээн жил хичээллэж байгаа билээ?

-Есөн жил. “Инчон-2014” Азийн наадамд уралдахдаа есдүгээр байрт шалгарсан, дараа жил нь кросс гүйлтийн ДАШТ-д, 2016 онд Риогийн олимпод хурд сорьсон. УАШТ-д тав, 10 км-т гурван удаа түрүүлсэн. Энэ жил гуравдугаар сард БНСУ-д болсон олон улсын марафонд оролцохдоо хоёр цаг, 16 минут, 18 секунд гүйн, хувийнхаа дээд амжилтыг шинэчилсэн. Тэгэхэд ДАШТ-д оролцох эрх авахад надад 18-хан секунд дутсан.

-“Токио-2020” олимпын эрх хэрхэн авахаар төлөвлөв?

-Долдугаар сард Австрали улсад болох олон улсын марафонд амжилттай оролцон, олимпын эрхийн болзол хангах бодолтой байгаа.

Б.МӨНХЗАЯАГИЙН БЭРТЭЛ БҮРЭН ЭДГЭЖЭЭ

“Улаанбаатар марафон”-ы эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мөнхзаяа ээлжит түрүүгээ хүртэв. Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин тэрбээр эл уралдаанд тав дахиа түрүүлсэн юм. Хань Б.Доржпаламынхаа удирдлагад бэлтгэл хийдэг Б.Мөнхзаяа гуравдугаар сард бэртэн, нэлээд хугацаанд тэмцээнд оролцоогүй. Тэрбээр “Бэлтгэлийн үеэр далий гишгэн, шагайгаа эвгүй болгосон.

Сар гаруй гам барьж, эмчлүүлээд бүрэн эдгэсэн. Одоо ямар нэгэн зовиур байхгүй. Формдоо орох амаргүй байсан. Зохион байгуулалт сайтай сайхан тэмцээн боллоо. Үүнд Монголын үндэсний их сургуулийн оюутнууд их тусалсан гэсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон олон улсын тэмцээнээс ДАШТ-д оролцох эрх авсан. Одоо олимпын эрх авахын төлөө зүтгэнэ. Намайг үргэлж дэмждэг Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хамт олонд баярлаж явдаг” гэлээ.

17 насандаа хөнгөн атлетикаар хичээллэн, амжилтын төлөө найм дахь жилээ зүтгэж буй Б.Мөнхзаяа энэ онд БНХАУ-д болсон олон улсын тэмцээнд түрүүлэхдээ улсынхаа дээд амжилтыг шинэчлэн, БНСУ-д зохион байгуулсан марафоноос мөнгөн медаль хүртсэн. Риогийн олимпод хурд сорихдоо 72 дугаар байр эзэлсэн тэрбээр таван зай (гурав, тав, 10, 21, 42 км)-д улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. 26 настай Б.Мөнхзаяа 2017 онд Тайванийн марафонд түрүүлэхдээ тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)