Б.Мөнхжин: Хожсон, хожигдсон ч өрсөлдөгчдөө талархдаг байх хэрэгтэй

Б.Мөнхжин даам

Баатарсүхийн Мөнхжин 2013 онд залуучуудын УАШТ-д түрүүлж, 2015 онд Нидерландын Бейлен хотод болсон 100 буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ий сүүлчийн өрөгт Беларусийн даамчин, олон улсын мастер Алексей Куницаг буулган авч, медалийн тавцанд зогссон билээ. Залуучуудын ангилалд дэлхийн шилдэг 36 тамирчин өрсөлдсөнөөс тэрбээр 12 оноогоор хүрэл медаль хүртэж, Дэлхийн даамын холбооны мастер цол авах болзол биелүүлж байв. 

Түүний оролцсон ангилалд Голландын М.Айзендоорн алт, Беларусийн В.Валюк мөнгөн медалийн эзэн болсон. Үеийнхээ тамирчидтай хөлөг дээр “тулалдаж”, даамын ертөнцөд цахиур хагалж яваа тэрбээр өнгөрсөн долдугаар сард Узбекистанд болсон Азийн АШТ-д түрүүлэн их мастер цол хүртэх болзол хангасан юм.

-Ази тивийн насанд хүрэгчдийн аварга болсон танд Дэлхийн даамын холбооноос их мастер цол албан ёсоор олгожээ. Баярт мэдээ сонсчихоод өөрийг тань сониныхоо зочноор урилаа.

-Баярлалаа. Монголын даамын холбоо пэйж хуудсандаа Б.Мишээл бид хоёрыг их мастер цол хүртсэн тухай мэдээлсэн байхыг харсан. Би Оюутолгойгоос Улаанбаатарт хэд хоног амрахаар ирээд байна. Даам оюуны спорт. Амжилт гаргахад тухайн хүний хичээл зүтгэлээс их хамаардаг. Монголчууд оюуны спортод амжилт гаргадгийн учир нь аливаа зүйлийг хурдан сурдагт байдаг. Монголын нийгмийн өнөөгийн нөхцөлд даамаар тууштай хичээллэх амаргүй.

Тухайлбал, би ажиллахын хажуугаар тодорхой хугацаанд бэлтгэл базааж, тэмцээнд оролцдог. Олон тамирчин ийм байдалтай амьдардаг. Нэг үеэ бодвол манай тамирчид бэлтгэл базаадаг клуб, багш дасгалжуулагчтай болсон. Намайг бага байхад дасгалжуулдаг багш ховор. Гадаадын тэмцээнд оролцоход нэг тамирчных нь аав, эсвэл ээж нь хариуцан авч явна. Бахархаж шүтдэг тамирчид маань дасгалжуулагч болчихсон шавь нараа дагуулж ирснийг харах гоё санагддаг байв. Монгол хүүхдүүд даамын спортод амжилт гаргаж, дэлхийн болон Азийн АШТ-д оролцдог боллоо. Тэр хэрээр багш нарын ур чадвар дээшилж, тамирчдын амжилтад ахиц гарч байна.

-Тамирчин хүний амьдралд анхны тэмцээн нь их дурсгалтай, дараа дараагийн тэмцээнд оролцох урам хайрласан байдаг.

-Хүүхэд байхдаа шатар сонирхож тоглодог байсан минь оюуны спортоор хичээллэхэд нөлөөлсөн. Шатрын ангид орох гэж байгаад даамыг санамсаргүй сонгож билээ. Би 2009 оноос дасгалжуулагч Т.Пүрэвдорж багшийн удирдлагад хичээллэсэн. 2008 онд сургуулиас зохион байгуулсан тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртэв. Тэр медаль даамаар тууштай хичээллэх урам хайрлаж билээ. 2011 онд хилийн дээс анх алхаж, Польшид болсон залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. 2015 онд Нидерландад болсон ДАШТ-д оролцож, хүрэл медаль хүртэж байв. 

...Түүний тоглолтын арга барилыг ерөнхийд нь мэддэг хэрнээ л бараагүй. Тамирчин хүн хожсон, хожигдсон ч өрсөлдөгчдөө талархдаг байх хэрэгтэй. Би Азийн АШТ-д сүүлчийн өргөөс өмнөх тоглолтод гуравдугаар байрт явж байтал ДДХМ Ц.Сүхбат Хятадын тамирчинтай тэнцэж, өрсөлдөгчөө хожсоноор миний оноо илүү гарч түрүүлсэн...

Сүүлийн жилүүдэд даамын тэмцээн ойр ойрхон болж, тамирчид ширүүн өрсөлддөг боллоо. Миний хувьд орон нутагт ажилладаг тул зарим тэмцээнд оролцолгүй өнждөг. Монголд олимпын төрлийн спортод анхаараад, оюуны спортыг хойш тавьдаг байдал одоо ч хэвээр. Бид тэмцээний зардлаа өөрөө олдог. Хэрвээ гэр бүл минь дэмждэггүй байсан бол амжилтын тухай бодох ч хэрэггүй биз. Тэмцээний зардал олохоор аав хэдэн тийш гүйж, зээл тавиад явуулсан удаа цөөнгүй. Өнгөрсөн долдугаар сард Азийн АШТ-д оролцохдоо цалингийн зээл аваад явсан. Гэхдээ үүнээс илүү амжилт гаргаснаа бодож баярладаг. Намайг Азийн АШТ-д оролцоход байгууллага маань дэмжиж, зардалд мөнгө нэмэрлэсэн. Саяхан АНУ-д болсон тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэхэд мөн л аав минь дэмжиж, бүх зүйлийг зохицууллаа.

-Хойшдын тэмцээнд цолоо баталж тоглох нь. Цол дагаад үүрэг, хариуцлага давхар ирсэн мэт санагдав уу?

-Тийм ээ. Өмнөхөөсөө илүү амжилт гаргахын тулд хичээх өндөр хариуцлагатай нүүр тулж байна. Тэмцээн дуусаагүй байхад намайг их мастер болох гэж буйг аав мэдээд, өөрийнхөө нүүр номд мэдээлсэн байв. Өрөг болгоны тоглолтыг аав интернэтээс хараад хянаад сууж байдаг юм. Тэгээд л “Миний хүү сайн тоглож байна. Азийн аварга болох нь баталгаатай юу” гэж асуусан. Тамирчин хүний гэр бүл ялж, ялагдахад нь хамт байдаг. Өмнө нь ДАШТ-д хүрэл медаль хүртчихээд аавтай холбогдоход аль хэдийн мэдчихсэн “Хүүдээ баяр хүргэе, сайн байна” гээд урам хайрлаж суусан. Надад аав, ээжийгээ энэ мэтчилэн баярлуулсан удаа цөөнгүй.

-Даам тоглодог хүн тайван, хүлээцтэй байдаг. Энэ хандлага амьдралынх нь шийдвэрт хүртэл нөлөөлдөг нь анзаарагдсан шүү.

-Спорт хүнийг хүмүүжүүлж, бас хөгжүүлдэг. Даамын спорт сэтгэн бодоход сургадаг. Оюуны спортоор хичээллэдэг хүүхдүүд муу суралцаж байхыг хараагүй. Шатар, даам анхаарлаа төвлөрүүлж тоглохыг шаарддаг болохоор эхлээд сууж сурдаг. Юмыг олон талаас нь харьцуулан бодох гүйлгээ ухаан хөгжүүлдөг. Аливаа асуудалд нухацтай хандан, эргэлзэхгүй зөв шийдвэр гаргадаг болно. Жүдо, бокс бие бялдрын хөгжилд сайн байдаг шиг даам зан чанарт эергээр нөлөөлдөг юм. Даам тоглоход ганц нүүдэл хийдэггүй. Нүүдэл хийх болгондоо олон талаас нь харьцуулан бодож, хожихын төлөө ухаан зарна. Энэ бүхэн амьдрал, ажилд хандах хандлагад минь хүртэл анзаарагддаг.

ДААМЫН ЕРТӨНЦӨД МАНАЙ ҮЕИЙНХЭН ЦАХИУР ХАГАЛЖ ЯВАА

-Ойрын үед оролцох тэмцээнүүдээсээ танилцуулаач?

-Одоохондоо төлөвлөөгүй байна. Японд арваннэгдүгээр сард олон улсын даамын тэмцээн болох сурагтай. Тэмцээний зардлаа олчихвол оролцох бодол бий. 2020 онд УАШТ-д оролцож, Азийн АШТ-д эрх авахын төлөө өрсөлдөнө.

-Олон улсын их мастер Ц.Отгонбилэг та хоёр эртний анд. Найзтайгаа хөлөг дээр тулалдах тийм ч амар биш байх аа.

-Бид хүүхэд байхаасаа нөхөрлөсөн. Найз минь Японд ажиллаж амьдардаг. Даамын ертөнцөд манай үеийнхэн цахиур хагалж яваа. Товчхон хэлбэл, бидний эрин ирж байна. Оюуны спортоор тууштай хичээллэсэн тамирчин цөөн. Хэдий сайн тоглодог ч ар гэрийн байдал, амьдралын аар саар асуудлаас болж орхисон тохиолдол олон. Бидний үеийн тамирчдаас амжилтад хүрсэн нь Ц.Отгонтодрох, Ц.Сүхбат. Найзтайгаа ДАШТ-д өрсөлдсөн тоглолтынх нь үеэр байнга холбогдож байлаа. 2011-2013 онд олон улсын тэмцээнд бид голдуу явдаг байв. 

Хэчнээн найз ч бид даамын хөлөг дээр өрсөлдөгч. Учраа таарч тоглох болгонд нэгнээсээ суралцаж, өөрсдийгөө хурцалдаг юм. Өрөг дээрх тулаанд өгөө аваатай л урагшилсан. Ц.Отгонбилэгийнх гэр бүлээрээ даам тоглодог. Спортын мастер Ц.Эрдэмбилэг ах нь дүүгээ дасгалжуулдаг юм. Даамын спортод намайг анх хөл тавьж байхад найз маань даамын өөр төрөлд Азийн аварга болчихсон байлаа. Түүний амжилтад гэр бүлийнх нь нөлөө их бий. Үүнээс гадна өөрөө их хөдөлмөрч, тоглож буй өрөгтөө бүх зүйлээ зориулж чаддаг. Юунд ч сатаарахгүйгээр тоглолтдоо анхаарлаа төвлөрүүлдэг нь түүний давуу тал. 

ДАШТ-д өрсөлдөж буй шилдэг 20 тамирчнаас цойлж гарч ирнэ гэдэг мэдээж амаргүй. Ийм том тэмцээнд улсаа биш, тивээ төлөөлж оролцдог юм. Тэгэхээр улсынхаа нэр хүндийг өндөрт өргөх нь тухайн тамирчны тоглолтоос их шалтгаална.

даамчин хүү Б.Мөнхжин

-Ази тивээс БНХАУ-ын тамирчид хүч түрж байна. Тэнд даам хөгжөөд удаагүй ч тамирчдынх нь амжилтад ахиц гарч буй нь харагдах боллоо.

-Хятадын тамирчид Ази тивдээ ширүүн өрсөлдөгч болсон. Миний түрүүлдэг тэмцээнээс өмнөх хоёр тэмцээнд Хятадын тамирчин түрүүлсэн. Өмнөд хөршийнхөн спортын тамирчдаа сайн дэмжиж, амжилт гаргахад нь анхаарал хандуулдаг болсон нь тэмцээний явцад анзаарагддаг. Энэ удаагийн ДАШТ-д Хятадын 15 настай тамирчин амжилтаараа дэлхийг шуугиуллаа.

-Европод даам илүү хөгжсөн нь тамирчдынх нь уран тоглолтоос харагддаг. Дэлхийн шилдэг даамчидтай тэмцээн болгонд учраа таардаг тохиолдол бий юу?

-Байлгүй яахав. Миний үеийнхнээс Холландын хоёр тамирчин сайн тоглодог, тэдний тоглолтын техник цаанаа л өөр, арга барил нь ч их өвөрмөц. Хүүхэд байхдаа тоглолтыг нь хараад их гайхдаг байсан бол одоо ана мана үзэлцдэг. Тэмцээнд тамирчид есөн өрөг тоглодог. Чансаа өндөртэй даамчидтай байнга тоглодог болохоор учраа таарах үе бий.

АМЖИЛТ, ЗОРИЛГЫНХОО ТӨЛӨӨ ТЭМҮҮЛЭХ САЙХАН

-Өөрийнхөө хүсэл сонирхолд тулгуурлаж тамирчид спорттой хувь заяагаа холбодог. Даам таны хобби юу, эсвэл амьдралын тань зорилго уу?

-Амжилт, зорилгынхоо төлөө тэмүүлэх сайхан. Даам миний хобби, амьдралын минь ч зорилго. Тамирчдыг хобби нь нэгтгэдэг шүү дээ. Чөлөөт цагаараа үеийнхэнтэйгээ бооцоо тавиад, блиц төрлөөр тоглодог юм. Би мөрөөдлөө биелүүлсэн. Азийн аварга, олон улсын их мастерын оргилд хүрэхийг боддог байсан зорилгодоо хүрсэн. Хүрэхийн тулд багагүй хичээл зүтгэл, хөдөлмөр, цаг хугацаа зарцууллаа. 

Их мастер цолыг даам тоглодог хүн бүхэн хүртээд байдаггүй. Миний хувьд Монголын даамын спортын түүхэнд бичигдсэн зургаа дахь их мастер боллоо. Ямар ч оронд очиход тухайн тамирчны цолыг түрүүлж хардаг. Өрсөлдөгч тамирчин хэнтэй тоглохоо цолоос нь хараад сэтгэл зүйгээ хүртэл бэлдэх хэрэг гардаг юм шүү дээ.

-Тэмцээний тов ойртох тусам сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж, “тулаанд” өрсөлддөг вэ?

-Би тэмцээний өмнө тайван байдаг. Зарим тамирчин тэмцээн дуусах цаг болоогүй байхад түрүүлчихлээ гэж бодон баярлаад хожигддог тал бий. Тиймээс аль болох ийм алдаа гаргахгүйг хичээдэг. Өрсөлдөгчөө хожсон үед л хожлоо гэж итгэдэг. Би “Дебют” клубийн тамирчин. ДДХМ Ц.Хашчулуун энэ клубийн багш дасгалжуулагчаар ажилладаг юм. Миний хувьд ажил ихтэй байсан ч бэлтгэлдээ яаж ийгээд зав гаргадаг.

-Өнгөрсөн хаврын УАШТ-д та хожиж яваад хожигдсон. Өрсөлдөгч тань жаахан хүү байсан санагдана. Тэр тэмцээнд байр хойшилж, мөнгөн медаль хүртсэн бил үү?

-Тийм ээ. Спортод хөдөлмөр, ур чадвараас гадна тухайн тамирчны сэтгэл зүй, аз хүртэл нөлөөлдөг. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг үг бий. Өнгөрсөн УАШТ-д би яг ийм алдаа гаргасан. Учраадаа хожигдож, байр хойшилсон. Би тэмцээнийг тэргүүлж яваад сүүлийн өрөгт 13 настай тамирчинтай таарсан. Тэмцээний өмнөх өдөр найз нөхөд “Найздаа амжилт хүсье, чи бараг түрүүлчихлээ” гээд баяр хүргэсэн. Нөхдийнхөө урмын үгэнд бялуурсан уу, сэтгэл санаа тогтворгүй болж тоглолтдоо төвлөрөөгүй. 

Намайг хожсон тамирчин шигшээ тэмцээнд шалгарсан хүүхэд байв. Түүний тоглолтын арга барилыг ерөнхийд нь мэддэг хэрнээ л бараагүй. Тамирчин хүн хожсон, хожигдсон ч өрсөлдөгчдөө талархдаг байх хэрэгтэй. Би Азийн АШТ-д сүүлчийн өргөөс өмнөх тоглолтод гуравдугаар байрт явж байтал ДДХМ Ц.Сүхбат Хятадын тамирчинтай тэнцэж, өрсөлдөгчөө хожсоноор миний оноо илүү гарч түрүүлсэн.

Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)