Б.МӨНХДАВАА: Медаль маань надад итгэл найдвар төрүүлсэн

Европын болон Азийн аварга, ОХУ-ын спортын гавьяат мастер, Буриадын алдарт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын чөлөөт бөхийн уламжлалт тэмцээн өнгөрсөн сард Улаан-Үдэд болж, 200 гаруй тамирчин өрсөлдсөн. Монголоос 30 гаруй тамирчин хүч үзсэнээс Сонгинохайрхан дүүрэг, “Тулгат” клубийн тамирчин О.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхдаваа нар мөнгөн медаль хүртсэн юм. Тэд Гүржийн нийслэл Тбилист болсон чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-д түрүүлж, дэлхийн аварга болсон спортын мастер Н.Баатарын шавь юм. Б.Мөнх-давааг “Шинэ танил” буландаа урьж ярилцлаа.

-Багшийгаа дэлхийн аварга болсны дараахан Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс шавь нар нь мөнгөн медаль хүртэж, шагналын тавцанд зогслоо.

-Баярлалаа. Өнгөрсөн жилийн тэмцээнд Монголынхоо тамирчинд ялагдсан бол энэ удаа яллаа. Өмнө нь медальгүй ирэхдээ хойтонгийн тэмцээнд заавал ялна гэсэн зорилго тавьсан. Энэ жилийн тэмцээнд түүнээс даагаа нэхэж чадсандаа сэтгэл өндөр байна. 70 кг-ын жинд аваргын төлөө Эрхүүгийн тамирчинтай хүч үзэж, мөнгөн медаль хүртэхдээ мөн л ирэх жил алтан медаль авна гэсэн бодол тээж ирлээ. Медаль маань надад итгэл найдвар төрүүлсэн.

-Эрхүүгийн тамирчинтай аваргын төлөө эн тэнцүү барилдаад хожигдсон. Түүний ямар мэхэнд бүдэрчихэв?

-Түүнийг хожих боломж байсан ч давхар хамуулж, алдаа гарган дөрвөн оноо алдсан. Оноо алдчихсан болохоор шар хөдөлж, шатаж барилдсаар хожигдсон. Би өмнөх учраа бөхчүүдтэй эн тэнцүү үзсэн. Аваргын төлөөх барилдаанд өрсөлдөгчөө хожно гэж бодож гарсан болохоор яарч барилдсан тал бий. Учраа бөх надтай тал таарсан. Миний хийнэ гэж бодож байсан мэхийг надад хийчихлээ. Түүнийг хөл авна гэдгийг мэдэж байсан хэрнээ л барилдааны явцад мэхэнд нь хууртагдсан. Тэрбээр учраа бөхчүүдтэйгээ барилдахдаа хөл авч хожоод байв. Өрсөлдөгчийнхөө хийсэн мэхийг өөрийн болгож чаддаг туршлагатай тамирчин юм. Түүний давуу талыг хараад өөрөө ч бас суралцах хэрэгтэйг мэдлээ.

-Багш тань шавь нараа тэмцээнд оролцохын өмнө юу гэж зөвлөдөг вэ. Хааяа зэмлэл, магтаал сонсоход амжилтад нөлөөлдөг үү.

-Багш бидэнд өрсөлдөгчөөсөө түрүүлж хөл авах барилдааны техникийг түлхүү заадаг. Хурдан шаламгай, овсгоо самбаатай, мэдрэмжтэй байх талаар байнга зөвлөдөг. Би чөлөөт бөхийн тамирчдаас 57 кг-ын жинд зодоглодог Э.Бэхбаяр ахын барилдааныг сонирхож үздэг. Нэг удаа дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 8:0-ээр хожиж яваад, учраа бөхийнхөө шил дээр гараа тавьж, сугадуулан мушгиулж даруулсан. Багш харчихаад дахиж ийм зүйл хийж болохгүйг сануулсан. БНХАУ руу тэмцээнд явах гэж байтал багш “Чи өрсөлдөгчөө хожиж яваад хожигдсон. Чамайг мэх зөв хийдэг болсон цагт тэмцээнд оролцуулна” гээд орхиод явсан. Багшийн үг хойшдын барилдаануудад алдаа гаргахгүй байх сургамж болсон доо.

-Манай шавь нар түрүүчээсээ оюутан боллоо гэж багш тань ярьсан. Ямар сургуульд суралцаж байна вэ?

-ҮБТДС-ийн багш дасгалжуулагчийн ангид суралцдаг. Хичээлдээ явах, бэлтгэл хийх, тэмцээнд оролцох гээд хааяа амаргүй л байдаг. Гэхдээ энэ бүхнийг хэцүүд боддоггүй. Тамирчин болсноор өөрийгөө олон талаар хөгжүүлж байна. Гадуур хооллохоос татгалзаж, өглөө бүр хоол хийгээд бэлтгэл рүүгээ авч явдаг. Би шартай, бууж өгөх дургүй. Багшийнхаа зөвлөснийг бэлтгэл дээр, тэмцээнд ч хэрэгжүүлэхийг зорьдог.

-Тамирчин хүнд анхны медаль нь хамгийн сайхан дурсамж үлдээдэг. Мартагдахааргүй хоногшиж үлдсэн тэмцээнийхээ тухай сонирхуулаач.

-2015 оны арваннэгдүгээр сард болсон “Налайх цом” тэмцээнд анх удаа оролцож, хүрэл медаль зүүсэн. Түүнээс хойш амжилтын минь буухиа эхэлсэн юм. Тэр тэмцээнийг өмнө нь үзээд, ийм гоё тэмцээнээс медаль авч үзэх юм сан гэж мөрөөдөж байлаа. Хүрэл медалийг хамгийн сайхан шагнал гэж боддог. Алтан медаль авах зорилго өвөртлүүлж, амжилтын төлөө тэмүүлэх урам өгдөг юм.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)