Б.Мөнхболдын шинэ бүтээлээс эрч хүч, эр зоригийг мэдрэв

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд ятга, симфони найрал хөгжимд зориулсан II концертоо шинээр бичжээ. Түүнийг нь ятгачин, докторант, “Хөсөгтөн” хамтлагийн гэдгээрээ олны танил болсон Ч.Амарбаясгалан “Алтан намар” хөгжмийн наадамд тоглох гэж байна. Б.Мөнхболдын ятгын I концерт нь холоос хүүрнэн эгшиглэх симфони хөгжмийн оршил аялгуунаас ятга хөгжим түрлэг авч, гоцлон хүүрнэх хэлбэр лүү шилжин, тодрон эгшиглэх нь монгол ардын буюу төв халхын хэлбэр маягийг агуулсан агаад, аажмаар эрч хүчээ аван өрнөн хөгждөг. Тэрхүү өрнөл нь хүн хүний сэтгэл зүрхэнд ямар нэгэн баясгалант төсөөллийг зураглахдаа Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтан, араатан жигүүртний янз бүрийн амьдралыг нэгэн шугаман дээр найруулан авчирч буй мэт сэтгэгдэл төрүүлдэг билээ. Өнгө өнгийн цэцэгс нэгэн зэрэг дэлгэрэн чуулж, тал хээр, ой мод, байгалийн элдэв үзэгдэл ээлжлэхдээ огцом өөрчлөлтөөр эрчимжсээр дээд оргилд хүрэх агаад тэр агшинд зогтусах мэт зогсон, намуухан аялгуунд шилжин уян яруу хөдөлгөөн бүхий болдог. Чингэхдээ гүнээс гүехэн, гүехнээс гүн рүү шилжих эгшиглэгээ нь учрал ерөөл, сайн сайхныг бэлгэдсэн цоглог, өөдрөг сонсогдохдоо түрхэн зуурын товшилт, цохилт нь аль нэгэн тодорхой үйл явдал, эсвэл амьтан, ургамалд анхаарлаа хандуулахыг урих мэт.

Бүхэлдээ Монгол орны, тэр тусмаа төв халхын тал хээр нутаг, бас ой хөвчийн буцалсан амьдрал орчлонгийн яруу эгшгээр нэгэн дор найрсан дуулах мэт цоглог бадрангуй сэтгэгдэл төрүүлдэг нь чухамхүү энэ концерт билээ.

Харин саяхан бичсэн ятгын II концерт нь өндөр сүрлэг уулын бэлд зогсох хэн нэгэн уулсын оргилд мандсан наранд тэмүүлэх мэт аажим эхэлж, “Цацлын есөн нүдээр цагаан сүүгээ өргөсөн” Алтайн нуруу орчмын сүрлэг өнгө төрхийг илэрхийлнэ. Баруун Монголын “Цацал” дуунаас сэдэвлэсэн энэ бүтээл нь бэлээс оргил өөд цуцалтгүй тэмүүлэх, тэгэх тусам хүний дотоод мэдрэмж улам эрчимжиж, тэнхээ мэдэн өгсөж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ нь хэдийгээр байгалийн дүр зураг мэт боловч замд таарсан бэрхшээл саадад гутарч цөхрөх бус, залуу жавхаалаг зориг төгөлдөр хүний алхаагаар даван туулж, хязгааргүй хүсэл мөрөөдлийнхөө оргилд байгаа амьдралын бахархам нэгэн үеийг цоглог эрчимтэй давшилтаар илэрхийлсэн ажээ.

Зохиолд хүний сэтгэлийн дотоод зөрчил хөдөлгөөн, сөргөлдөөнийг баруун монгол ардын биелгээний аялгуу, хөгжимчний ур чадвар шалгасан шилжилтүүд, огцом тод түрлэг, эрч хүч, намуухан уянгалаг аялгуугаар зураглахдаа үзэгч сонсогчийг уйдаахгүй хөгжилтэй урсгалуудаар чимэглэжээ.

Бодрол, давшилт, тогтон уужрах, өгүүлж буй мэтээр хажуунаас орж ирэх симфони хөгжмийн түрлэг, ятгын эгшигтэй нийлэн сайн сайхныг даллан дуудсан аястай, эрч хүч, эрмэг зоримгоор даван туулж, ялан дийлж байгаа нь эрчтэй төгсгөл, зогсолтоор нотлогдоно.

Хоорондоо арваад жилийн зайтай туурвисан ятгын хоёр концертын аль алинд эрч хүч, баяр жавхлан мэдрэгдэх боловч II концерт нь нэгдүгээрхийг бодвол тоглоочийн “үйлийг үзсэн”, хэтийдсэн мэт ур чадвар шаардсан огцом эргэлтүүдтэй, хэрийн хөгжимчин тоглож чадахааргүй зохиол болсон мэт санагдаж байлаа. Хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын ятгын хоёр концертыг хамтад нь сонсох завшаан тохиох болтугай. Авьяас билигтний оюуны охь дээжээс шимтэн хүртэж, сэтгэл зүрхээ ер бусын баяр баясгалангаар тэтгэх сэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)