Л.Мягмаржав: Эх орондоо ДАШТ зохион байгуулах нь олимпын эрх авахад чухал нөлөөтэй

Монголчууд багийн спортын төрлөөр дэлхийд өрсөлдөх хараахан болоогүй, олимпоос медаль хүртэх хэмжээнд хүрээгүй гэх гутранги үзэлтэй зарим хүний бодлыг өөрчилж, анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж яваа тамирчид бол сагсан бөмбөгийн 3х3 төрлийнхөн. Тэд Азийн АШТ-д түрүүлж, үзүүрлэн, “Их дуулга”, гран при ангиллын тэмцээнээс медаль тогтмол хүртэн, монголчуудаас анх удаа ДАШТ-д оролцсон. 

Түүгээр ч үл барам “Токио-2020” олимпын эрх авахын төлөө зүтгэн, түүндээ хүрэхэд тун ойрхон явна. Аливаа холбооны үйл ажиллагаа, бодлогоос тухайн спортын хөгжил, тамирчдын амжилт хамаардаг. 18 хүртэлх насны ангиллын ДАШТ-ийг зургадугаар сарын 1-9-нд эх орондоо зохион байгуулах эрх авсан нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөний илрэл. 

Манай улсад ирэх сард болох ДАШТ-ий үеэр “Улаанбаатар-2019” гран при, 23 хүртэлх насны ангиллын үндэстнүүдийн лигийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, “М-Cи-Эс Кока-Кола” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Багийн спортын төрлийн ДАШТ Монголд болох гэж буй нь түүхэн үйл явдал. Эл тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг хэрхэн авав?

-Багийн төдийгүй олимпын хөтөлбөрт багтсан төрлийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулахын тулд бид олон жил хөөцөлдсөн. Манай тамирчдын амжилт, Монголд өмнө нь зохион байгуулсан олон улсын тэмцээнүүдийн туршлагыг харгалзаад дэлхийн шилдгүүдийг өрсөлдүүлэх эрхийг бидэнд өнгөрсөн оны аравдугаар сард өгсөн юм. 

Бид “Улаанбаатар” гран при тэмцээнийг улсдаа сүүлийн хоёр жил зохион байгуулж, 2017 онд Азийн АШТ-ийг хийсэн туршлагатай. Хоёр жил тутамд болдог 18 хүртэлх насны ангиллын ДАШТ-д Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (ФИБА)-ноос гаргасан чансаагаар тэргүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөнө. Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од, Г.Өсөхбаяр аваргын хүү Пэрэнлэйжанцан тэргүүтэй олон шилдэгтэй манай эрэгтэй багийнхан өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Олонх нь 16, 17 настай тэд өнгөрсөн жил залуучуудын олимпод оролцсон, Азийн АШТ-ий хүрэл медальтай. Эмэгтэйчүүдийн баг маань ч олон шилдэгтэй, медаль хүртэх боломжтой.

23 хүртэлх насны ангиллын үндэстнүүдийн лигт Ази, Европын бүсийн зургаан орны (Тайланд, Хятад, Беларусь, Япон, Монгол, ОХУ) тамирчид хүч сорих юм. “Улаанбаатар-2019” гран при тэмцээнд дэлхийн шилдэг багууд олимпын эрхийн чансаагаа ахиулахын төлөө өрсөлдөнө. Эдгээр гурван тэмцээнд 400 гаруй тамирчин оролцоно, ФИБА-ийн 25 төлөөлөгч манай улсад ирнэ. Үүний сацуу дэлхийд алдартай продакшны хамт олон тус тэмцээнийг 150 оронд шууд дамжуулах юм. Эх орноо дэлхийд сурталчлах боломжийг сайн ашиглахын тулд техник хангамж, шууд дамжуулах нөхцөл, боломжоор тэднийг бүрэн хангах шаардлагатай. Энэ тал дээр биднийг “Юнител” групп ивээн тэтгэж байгаа. Олимпын эрх авахад тамирчдын амжилтаас гадна эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулсан туршлага их чухал.

ФИБА тамирчдын чансааг гаргахдаа эдгээрийг харгалздаг. Тийм болохоор “Токио-2020” олимпын эрх авах зорилгодоо хүрэх, насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Монголд зохион байгуулах эрх авахад эл тэмцээн чухал. Ерөнхий сайдын ивээл доор болох ДАШТ-ий бэлтгэл 70 гаруй хувь хангагдаад байна. Өнөөдөр (энэ сарын 3-нд) бид Ерөнхий сайдтай уулзахад дэмжихээ илэрхийлсэн.

-Нэгэн зэрэг ДАШТ тэргүүтэй гурван том тэмцээн зохион байгуулах амаргүй. Та бүхэн санхүүгийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

-Бидэнд тулгарч буй хамгийн том бэрхшээл энэ. Эдгээр тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авахын тулд ФИБА-д 62 мянган ам.доллар төлөх учиртай. Гурван тэмцээнийг Монголд хийхэд 750 гаруй сая төгрөг шаардлагатай. Түүнийгээ бүрдүүлэхийн тулд одоо ч завгүй гүйж явна, нуугаад яах вэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас биднийг ивээн тэтгэж байгаа.

-Томоохон тэмцээнийг ихэвчлэн Спортын төв ордонд, эсвэл “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулдаг. Та бүхэн тэмцээнээ Сүхбаатарын талбайд хийхээр болсон нь сонирхол татаж байна. Яагаад тэгж шийдсэн юм бэ?

-Үүнийг олон хүн надаас асууж, сонирхож байна. Мэдээж тэмцээн зохион байгуулах газар олдоогүйдээ тэгээгүй. Түрүүн дурдсанчлан эх орноо дэлхийд сурталчлах боломжоо бүрэн ашиглахын тулд ДАШТ болох талбайг Чингис хааны хөшөөний урд засна. Тэгэхээр улсынхаа төв талбай дээрээс эх орноо дэлхийд таниулна гэсэн үг.

-Манай эмэгтэй багийнхан чансаагаараа дэлхийд хоёр, эрчүүд долдугаарт бичигдэж байна. Олимпын эрх авах боломж тэдэнд байгаа нь мэдээж. “Токио-2020”-д оролцох болзлыг яаж хангавал бидэнд илүү дөт бол?

-Чансаагаараа дэлхийд өнгөлсөн дөрвөн оронд энэ жил аравдугаар сарын 1-нд олимпын эрх олгоно. Тэгэхдээ нэг тивээс хоёр улсад “Токио-2020”-ын эрх өгөх юм билээ. Чансаагаараа тивдээ эхний хоёрт багтаад олимпын эрх авбал бидэнд илүү дөт, ашигтай. Хэрвээ зорилгодоо тэгж хүрэхгүй бол ФИБА-гаас 2020 оны тав, зургадугаар сард зохион байгуулах тэмцээнээс олимпын эрх хүртэх боломжтой. Эхний тэмцээнд гурав, дараагийнхад нь нэг эрх өгнө гэсэн. Олимпын эрх авах боломж Монголын эрэгтэй, эмэгтэй багийнханд бүрэн бий.

-Ивээн тэтгэгч олох, хамтран ажиллах байгууллагынхаа хүрээг тэлэх нь ямар ч төрлийн спортынхонд амаргүй. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоог удирдах, ивээн тэтгэх саналыг та хэрхэн хүлээж авав?

-“М-Си-Эс Кока-Кола” компани Монголд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд “TLG-13” байгууллагатай 2005 оноос хойш хамтран ажиллаж, “Спрайт лиг”, 3х3 төрлийн тэмцээн зохион байгуулсаар өдий хүрсэн. Эдгээр тэмцээнд жилд дунджаар 10 мянга гаруй хүүхэд оролцдог. Бид хоёр жилийн өмнө Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоог байгуулж, Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд элссэн. Манайхан богино хугацаанд амжилт гарган, дэлхийд үнэлэгдсэн юм шиг зарим хүнд санагдаж магадгүй. Гэтэл тийм биш. 14 жилийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм шүү. 

Юуны түрүүнд 3х3 төрлийн тамирчдыг мөлхүүлж, дараа нь алхуулж сургах чухал. Тэгснийхээ дараа л гүйлгэх талаар бодно шүү дээ. Бид одоо л ганц нэг алхаж сурч байна. Сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох хол санагддаг, биелшгүй мэт бодогддог байсан цаг саяхан. Манай тамирчид дэлхийн дэвжээнд зүгээр нэг өрсөлдөх бус шилдэг наймд шалгарсан нь түүхэн амжилт. Хоёр жил дараалан Азийн АШТ-ий шигшээд шалгарч, алт, мөнгөн медаль хүртлээ. Одоо гүйхийн тулд өнөөгийнхөөс илүү хөдөлмөр, зүтгэл, санхүү шаардлагатай. 

Манай тамирчдыг өдий хүртэл “М-Си-Эс Кака-Кала” компани, “Сэнгүр” брэнд ивээн тэтгэсэн. Олон улсын дэвжээнд гурван насны ангилалд зургаан баг оролцуулах, дотооддоо тэмцээн зохион байгуулах зардал өндөр. Европт болж буй ганцхан тэмцээнд оролцоход 20-25, жилд дунджаар 800 гаруй сая төгрөг зарцуулдаг. ДАШТ тэргүүтэй томоохон тэмцээн эх орондоо зохион байгуулбал бүр талийна. Бүх зардлаа өөрсдөө зохицуулдаг. Үүнийгээ спортын салбараас нөхөх боломжгүй. Өнөөдөр нэг тэмцээн ивээн тэтгэхэд өмнөхөөсөө хэдэн лааз ундаа илүү борлуулах вэ гэдэг өнцгөөс харвал ямар ч утгагүй. 

Нэг ч болтугай хүүхэд сагсан бөмбөгийн спортод хорхойсон, хөл тавибал том олз. Тамирчдынхаа амжилтад л урамшиж яваа шүү дээ, бид. Өдгөө бид ДАШТ-д нэг, Азийн АШТ-д хоёр, “Их дуулга”, гран при ангиллын тэмцээнд тогтмол оролцож байна. Хэрвээ тэгээгүй, улсаас дэмждэггүй гээд гомдол нэхээд суусан бол амжилт гаргахгүй, олимпын эрх авахын төлөө өрсөлдөхгүй байсан. Өнөөгийн амжилт, эл спортын хөгжилд С.Тулга дасгалжуулагчийн оролцоо асар их.

-Олимпын хөтөлбөрт багтсан, бүр медаль хүртэх боломж дүүрэн байгаа манай тамирчид хэзээ үндэсний шигшээ багтай болох вэ?

-Болдог сон бол өнөөдөр ч болтугай шигшээ багтай болмоор байна. Олимпын хөтөлбөрт багтсан спортын төрлөөр шигшээ баг бүрдүүлдэг нь тогтсон ёс. Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчны бүрэлдэхүүнд багтвал манай сагсан бөмбөгчдөд их урам болно. Тамирчид маань улсаас цалинжин, тэмцээнд оролцох зардлыг нь даавал бидэнд том дэмжлэг.

Энэ талаар хоёр жил гаруй хөөцөлдөж байна. “Санхүүгийн хүндрэлтэй байна” гээд халгаадаггүй. Өнөө өглөө Ерөнхий сайдтай уулзахад их гайхан “Тив, дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргаж яваа 3х3 төрлийн тамирчдаа шигшээ багтай болгоно” гэсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)