“Б.Махбалд хөнгөн ял оноох гэж байна”

ЗТХЯ-ны Газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг болон өмгөөлөгч З.Хүрэлсүх, Н.Отгонбаатар нар хэвлэлийн бага хурал зарлан, өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдөр болсон хэргийн шалгалтын явц болон Хууль зүйн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх тухайгаа мэдээллээ.

Талийгаачийн аав Р.Төмөрхуягийн мэдэгдэж байгаагаар Цагдаагийн байгууллагаас ар гэрт нь мэдэгдэлгүй, мөн тус хэрэгт нарийн шалгалт хийлгүйгээр хэргийг прокурорт шилжүүлж, улмаар Прокурорын байгууллага тус хэргийг Шүүхийн шатанд шилжүүлжээ. Түүнчлэн прокурор хэд, хэдэн дүгнэлт гаргасан байна. Өмгөөлөгч нарын зүгээс Прокурорын байгууллагын гаргасан дүгнэлтийнх нь талаар гомдол гаргасан ч хариу өгөөгүй гэнэ.

Ингэснээр уг хэрэгт гэм буруутайд сэжиглэгдэж буй Б.Махбалд хөнгөн ял оноох гэж байна хэмээн хохирогчийн ар гэрийнхэн ярилаа. Тиймээс уг хэргийн ард улс төр, албан тушаалын ашиг сонирхол байгаа хэмээн тэд үзэж байна. Тиймээс талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн, өмгөөлөгчдийн хамт Хууль зүйн сайд Ц.Нямдоржид 14 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлэхээр боллоо. Тус шаардах бичигт хэргийг үнэн зөвөөр шийдэж, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, хэргийн мөрдөн байцаалт, шалгалтын үйл явцад хяналт тавих тухай тусгажээ.

Сэжигтэн Б.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын даргын албан тушаалд 2017 оны 12 дугаар сард томилогдон ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард ЗТХЯ-ын Газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн гэмт хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байна.

Г.Тэмүүлэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)