Б.Марал-Эрдэнэ: Японы тэмцээнд түрүүлэхдээ чинжүүгээр урласан малгайгаар шагнуулж билээ

Монголчууд спортын ганцаарчилсан төрөлд илүү өндөр амжилт гаргадаг. Үүнийг олимп, ДАШТ-д гаргасан манай тамирчдын амжилтаас харж болно. Гэхдээ бокс, холимог тулааны тамирчдыг эс тооцвол бид мэргэжлийн дэвжээнд төдийлөн гялалзаж чадахгүй байгаа. Манай улсад мэргэжлийн спорт төдийлөн хөгжөөгүй нь үүнд нөлөөлдөг. 

Сонирхогчдын ангилалд өөрийгөө таниулж, мэргэжлийн спортынхны хараанд өртөн, дэлхийд шуугиулж яваа тамирчин манай улсад цөөнгүй. Тэдний нэг нь дугуйчин Батмөнхийн Марал-Эрдэнэ юм. Ази тивд чансаагаараа гуравт эрэмбэтэй, Малайзын мэргэжлийн “Тerengganu INC, улсынхаа “Хас” клубийн тамирчин тэрбээр Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй дугуйчин. 

Олон улсын хэмжээний мастер цолтой Б.Марал-Эрдэнэ оюутны ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий гурван алт, гурван хүрэл медальтай. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат тэрбээр саяхан Тайландад болсон олон улсын уралдааны дөрөв дэх өдрийн гараанд түрүүлсэн юм.

-Тайландад болсон олон улсын тэмцээнийг дуусгалгүй эх орондоо ирсэн гэж дуулсан. Ж.Өлзий-Орших багш тань өөд болсныг дуулаад ирэв үү?

-Тэглээ. Би арванхоёрдугаар сард олон улсын тэмцээнд оролцолгүй, амраад оны эхнээс хойш бусад орны шилдгүүдтэй өрсөлдөж байна. Энэ жил хурд сорьсон гурав дахь тэмцээн минь “Tour of Thailand” байлаа. Үүнээс өмнө Малайзад болсон олон улсын тэмцээнд түрүүлж, Филиппин улсад зохион байгуулсан уралдаанаас мөнгөн медаль хүртсэн юм. 

“Tour of Thailand” уралдаан зургаан өдөр үргэлжилсэн. Дөрөв дэх өдрийнх нь гараанд түрүүлснийхээ дараа Ж.Өлзий-Орших багшийг бурхан болсныг сонслоо. Тэгээд тэмцээнээ дуусгалгүй эх орондоо яаран ирлээ. Би багшийнхаа удирдлагад 2009 оноос өдийг хүртэл бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэсэн юм. 10 жилийн хугацаанд хамтдаа чамлахааргүй амжилт гарган, сайхан дурсамж бүтээжээ.

Багш үнэхээр хөдөлмөрч, шударга. Шударга бус зүйлийн хажуугаар дуугүй өнгөрөхийг нь би хараагүй. Түүнээсээ болж бусдад адлагдаж явсан үе ч бий. Юманд чин сэтгэлээсэй ханддаг, жинхэнэ монгол эр хүн байж билээ. Их зарчимч. Багаас минь надаар ачаалалтай бэлтгэл хийлгэн, шахсан. Үеийн хүүхдүүд хөнгөн дасгал хийж байхад би тэднээс хэд дахин ачаалалтай бэлтгэл базаадаг байлаа. Заримдаа шантарна. Одоо эргээд бодоход намайг тэгж шахсаных нь хүчинд би өдий зэрэгт хүрлээ.

Азидаа танигдсаныхаа дараа дэлхийн уралдаануудад оролцох, олимпод өрсөлдөх зорилготой байсан юм, багш бид хоёр. Азийн АШТ-д түрүүлэн, Азийн мэргэжлийн 100 гаруй багаас чансаагаараа гуравт эрэмбэтэй “Тerengganu INC” клубийн тамирчин болж, зорилгодоо хүрэхэд алхам алхмаар ойртож явсан юм сан. Үнэхээр харамсалтай.

-Тамирчны амжилтад дасгалжуулагч их чухал. Монголдоо бэлтгэлээ хэний удирдлагад хийх бодолтой байгаа вэ?

-Үнэнийг хэлэхэд одоохондоо яах учраа олж ядан, бужигнаж байна, бид. Багшийн шавь, ОУХМ Алтансүх ах бидний бэлтгэлийг хийлгэхээр Хөвсгөлөөс ирсэн. Намайг өнөөгийн амжилтад хүрэхэд тэрбээр их нөлөөлсөн. Намайг үргэлж хурцалж, туршлагаасаа хуваалцдаг.

Бид Азийн АШТ-ий өмнөх бэлтгэлээ түүний удирдлагад хийж байна. Дугуйн спортоор амжилт гаргахын тулд төрөл бүрийн бэлтгэл хийх шаардлагатай. Улаанбаатар хотод бэлтгэл хийх байтугай дугуйгаар явахад ямар хэцүү билээ. Тиймээс хотоос гарч, ихэвчлэн Өвөрхангай, Тэрэлжийн замд хийдэг. Нэг удаагийн бэлтгэлд 200 гаруй км туулж байж ачаалал авдаг, илүү үр дүнтэй. 

Дугуйн спорт өндөр хөгжсөн орны тамирчид бэлтгэлээ жилийн турш тогтмол хийдэг. Гэтэл Монгол Улс эрс тэс уур амьсалтай болохоор тэгэх боломж хомс. Хүйтний улиралд, 30-40 градусын хүйтэнд дугуй унах шаггүй. Хамаг л дулаан хувцсаа өмсөөд л бэлтгэл хийдэг.

-Орон нутгийн зарим зам нүх ихтэй. Үүний улмаас дугуй хагарах, эвдрэх зэрэг бэрхшээл гардаг уу?

-Гаралгүй яах вэ. Мэргэжлийн дугуйг багадаа наймаар хийлдэг. Автомашиныхыг 2.5-3-аар хийлдэг шүү дээ. Тиймээс замын нүхэнд дэлсүүлсний улмаас амархан хагардаг, сэнсэрдэг. Бэлтгэлээ хийхээр олуулаа цувж явахад жолооч нар бухимдах, шүргэх шахаад өнгөрөх нь энүүхэнд.

-Та Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй дугуйчин. Энэ удаа амжилтаа батлах, хошой аварга болох боломж хэр байгаа вэ?

-Өмнө нь тус тэмцээн ихэчвлэн нэгдүгээр сард болсон нь амжилтад сөргөөр нөлөөлдөг байлаа. Монголд жавар ид тачигнаж байхад зохион байгуулдаг тул бэлтгэлээ хангалттай хийж чаддаггүй л дээ. Энэ удаа дөрөвдүгээр сард хийж буй нь бидэнд ашигтай. Түрүүлэх, чадахгүй юм гэхэд медаль хүртэхийн төлөө зүтгэнэ. Бэлтгэл гайгүй байгаа. Бүх зүйл надаас шалтгаална.

Багш “Гаргаж чадаагүй амжилтдаа шавь нараа хүргэмээр байна” гэж үргэлж хэлж, биднийг хурцалдаг байлаа. 2016 оны Азийн АШТ Япон Улсад хоёрдугаар сард болсон юм. Арванхоёрдугаар сараас хойш Өмнөговьд бэлтгэл хийгээд очиж билээ. Чих, хацраа хөлдөөх, хайруулах юу ч биш. Барианд орох мөчид өөртөө итгээгүй. Зүүд шиг л санагдсан. Тэгэхэд багш үнэхээр их баярласан. Багшийнхаа олон мөрөөдлийн нэгийг нь тэгэхэд биелүүлж билээ. Түүнээс хойш амжилтаа баталж, хошой аварга болохын төлөө зүтгэж явна.

-Таны өвөө Ш.Очирбат Хөвсгөл аймагт дугуйн спортыг сэргээн хөгжүүлсэн гавьяатан. Дугуйчин болоход тань их нөлөөлсөн байх.

-Тэгэлгүй яах вэ. Залуудаа спортын олон төрлөөр хичээллэдэг байсан, биеийн тамирын багш, спортын мастер цолтой өвөө маань миний анхны дасгалжуулагч. Өвөө Хөвсгөлд дугуйн спортыг сэргээхийн тулд 2006 онд аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан юм. Манайх спортлог гэр бүл. Аав хөнгөн атлетикаар хичээллэн, чамлахааргүй амжилт гаргасан. 

Би багадаа цана, тэшүүр, дугуй, сагсан бөмбөг, хөнгөн атлетикаар хичээллэдэг байв. Тэшүүрийн УАШТ-ий түрүүтэй. Хүйтний улиралд цана, тэшүүрийн, дулаарахаар хөнгөн атлетик, дугуйн бэлтгэл хийнэ. Бүгдээр нь жигд хичээллэдэг байсан. Тэгж явсаар 2009 онд дугуйгаа онцлон, тэмцээнд оролцох болов. Тууштай хичээллэхэд багш их нөлөөлсөн. Олон улсын тэмцээнд миний насыг нэмээд хүртэл оролцуулж байлаа.

-“Тerengganu INC” багт дөрөв дэх жилдээ уралдаж байгаа та тэдний бүрэлдэхүүнд багтах гарцыг хэрхэн олсон бэ?

-Би түүнээс өмнө БНХАУ-ын “Ningxia” багт хоёр жил гаруй уралдсан. Тэгж байхдаа “Тerengganu INC”-гийнхны хараанд өртсөн юм билээ. Нөгөө талаар тэдний бүрэлдэхүүнд багтахад Ж.Өлзий-Орших багш их нөлөөлсөн. Манай багийн менежер надад санал тавихад нь багштай зөвлөж байгаад жилийн гэрээ байгуулсан. Жил бүр гэрээгээ сунгадаг. 

Ер нь дэлхийн томоохон уралдаанд оролцох, Европын багийн бүрэлдэхүүнд багтах мөрөөдөлтэй. Зарим хүн намайг Малайз улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог гэж буруугаар ойлгодог. Манай баг 15 тамирчинтай. Тэдний зургаа нь легионер. Надаас гадна Орос, Алжир, Сингапурын тамирчин улсынхаа аварга. Бид түүнийг нь илтгэх цагаан өмсгөлөөр гоёдог.

-Багтаа ямар үүрэг гүйцэтгэдэг бол?

-Дугуй бол багийн спорт. Тухайн уралдаанд багаараа хэрхэн ажиллаж, биенээ ойлгохоос их зүйл шалтгаална. Би багтаа биерхүү, бас бядтай нь. Өгсүүр ихтэй, талын уралдаанд намайг түлхүү ашигладаг. Бөөн, цуваа гарааны аль ч төрөлд жигд амжилт гаргадаг нь миний онцлог.

Ачаалал даах чадвараараа бусдаас ялгардаг. Сонирхогчдын тэмцээнд намайг оролцуулдаггүй. Дэлхийн дугуйн холбоо (UCA)-ноос зохион байгуулдаг тэмцээнд, зөвхөн мэргэжлийн шилдгүүдтэй л өрсөлддөг. Олон улсын тэмцээнд нэг багаас багадаа таван тамирчин өрсөлдөнө. Дунджаар 100 гаруй тамирчин хурд соридог. 

Бүгд түрүүлэх зорилготой, өөртөө итгэлтэй. Тэднээс юм юмаараа илүүрхэн, алтан медаль хүртэхийн тулд хурдтай, хүчтэй, авхаалж, самбаатай байх шаардлагатай. Үүний сацуу байгалийн хүчин зүйлийг сөрнө, шуургатай, бороотой гээд ямар ч үед уралдана. Тэсвэр тэвчээр шалгасан спорт.

-Гадаадын мэргэжлийн багт уралддаг танаас өөр монгол дугуйчин бий юү?

-10-аад бий. Ер нь мэргэжлийн багууд монгол тамирчдыг багтаа авах сонирхол жилээс жилд нэмэгдэж байгаа.

-Б.Марал-Эрдэнэ олон улсын тэмцээнд ихэвчлэн аль багийнхаа бүрэлдэхүүнд уралддаг вэ?

-Чансаа өндөртэй, томоохон уралдаанд “Тerengganu INC” багийн бүрэлдэхүүнд өрсөлддөг. Заримдаа “Хас”-ын дугуйчид, Монголын шигшээ багийн тамирчидтайгаа хамт оролцоно. Тухайн тэмцээнийг зохион байгуулагчид аль багийг урьснаас шалтгаалдаг л даа. Сүүлийн үед олон улсын тэмцээнд улсын шигшээ багийг урих нь эрс багассан. Тэд тэмцээнийхээ чансааг ахиулах, хөгжөөн дэмжигчдийн сонирхлыг татахын тулд мэргэжлийн багуудыг голдуу урьдаг.

-Олон улсын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Олон улсын тэмцээнд аль багаас оролцохоос шалтгаалж миний зардлыг “Тerengganu INC” клуб, “Хас” банкны аль нэг нь даадаг. Би хоёулангаас нь цалинждаг. Намайг үргэлж дэмждэг Ж.Өлзий-Орших багшийн гэргий Ариунаа эгч, “Giant Mongolia”, “Хас” клубийн ивээн тэтгэгч “Хас” банкны хамт олон, гэр бүлийнхэндээ баярлаж явдаг.

-Ер нь медалиа тоолдог уу. Олон улсын хэчнээн тэмцээнд түрүүлэв?

-Ер тоолдоггүй. Ойролцоогоор 130 гаруй медаль байгаа болов уу. 19-тэйдөө насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн нь анхдагч амжилт. Олон улсын тэмцээний аваргын цом лав 30 гаруй бий. Тухайн тэмцээн болсон орноос шалтгаалан өөр, өөр шагнал өгдөг. Зарим тэмцээнд түрүүлэхэд медаль, цом бус, тухайн орны өв уламжлалыг илтгэсэн сувинер, сонирхолтой зүйл бэлэглэдэг. Нэг удаа бүр чинжүүгээр хийсэн малгайгаар шагнуулж билээ.

-Олон улсын тэмцээнтэй давхацсаны улмаас УАШТ-ийг өнжих тохиолдол гардаг уу?

-Дугуйчдын хувьд УАШТ маш чухал. Улсын аварга болж, чансааны оноогоо цуглуулах, цагаан өмсгөл өмсөх их ач холбогдолтой. Тиймээс манай багийнхан тамирчдаа УАШТ-д заавал оролцуулдаг. Энгэрт нь төрийнхөө алтан соёмбо хадсан цагаан өмсгөл өмсөөд тэмцээнд оролцох их сайхан. Бусад орны тамирчин их хүндэлдэг. 

Тэр хэрээр хариуцлага өндөртэй. Би тааруу амжилт гаргавал “Аварга тамирчин нь ийм юм чинь бусад монгол дугуйчны ур чадвар тааруу нь тодорхой” гэж бодно шүү дээ. Тиймээс өөрийгөө үргэлж дайчлан, шилдэг нь болохын төлөө зүтгэдэг. Тэгж л чадвал олон монгол дугуйчин мэргэжлийн спортод хөл тавих, гадаадын томоохон багт уралдах гарцыг нээж чадна.

-Монголчууд олимпод дугуйн төрөлд оролцолгүй олон жил болж байна. “Токио-2020” олимпод хурд сорих эрх авахын тулд болзлыг нь хэрхэн хангах вэ?

-Энэ жил Азийн АШТ-ээс алт, мөнгөн медаль хүртвэл олимпын эрх авна. Ер нь ази дугуйчин олимпын эрх авах боломж маш бага. Учир нь дэлхийн томоохон уралдаанд өрсөлддөг, Европын тамирчдад эрх шууд олгодог. Үүний сацуу Азийн багт уралддаг Европын тамирчид олимпын эрхийн төлөө бидэнтэй өрсөлдөнө. Тэгэхээр “Токио-2020”-ын эрх улам хухигдах байх. Мэдээж Азийн АШТ-ээс медаль хүртэн, чансааны оноо цуглуулаад олимпын эрх авах боломж надад бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)