Б.МАРАЛ-ЭРДЭНЭ: Азийн аварга болчихоод Малайзын багт нүүр бардам хөл тавьсан

ОУХМ Б.Марал-Эрдэнэ оюутны ДАШТ-ий мөнгө, Азийн залуучуудын АШТ-ий гурван алт, мөн тооны хүрэл медальтай. Түүнийг өвөө Ш.Очирбат нь дугуйн спорт руу урвуулж, авга ах А.Алтансүх нь тамирчнаар бэлтгэн, Гавьяат тамирчин, Ж.Өлзий-Орших багшдаа шавь болгон даатгаснаар алдарт хүрэх зам нь гэрэлтсэн гэдэг. Хурд сорьж, хийморио сэргээх дуртай хоймор нутгийн хүүг аз ивээж, амжилт руу хөтөлсөн жил 2016 он байлаа.Тэр жил Японд болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах бөөн болон цуваа гарааны тэмцээний “Un¬der-23”ангилалд аварга болж, Малайзын мэргэжлийн “Тerengganu¬inc” багт хөл тавьсан түүхтэй. Түүнээс хойш тус багт дөрвөн жил уралдаж, олон тэмцээнд оролцсон юм. Тухайлбал, өнгөрсөн жил Тайландад зохион байгуулсан засмал замын дугуйн олон улсын “Prin¬cess mahachakrisirindhorn’s cup tour of Thailand 2019” уралдааны дөрөв дэх өдрийн, мөн Индонез улсад болсон Азийн “International tour de BanyuwangiIjen” цуврал уралдааны эхний гараанд тэргүүн байрт шалгарч, шар цамцны эзэн болж байв. Сонирхогчдын ангиллаас мэргэжлийн багт дэвшиж, дэлхийн дугуйн спортод амжилтаараа жим гарган, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа “Хас” клубийн тамирчин Б.Марал-Эрдэнийг “Залуус” буландаа урив.

-Та Малайзын мэргэжлийн “Тerengganu inc” багт уралдаад дөрвөн жил боллоо. Эх орондоо ирж, олон хоног амарсан нь энэ байх, тийм үү?

-Дугуйн спортын мэргэжлийн багийн тамирчид олон өдөр уралддаг. Тэмцээнээс тэмцээнд оролцдог надад сэргэх боломж л гардаг байлаа. Цар тахал олон оронд дэгдэж, дугуйн спортын тэмцээнүүд хойшилсноор өөрийн алдаа, дутагдлаа засах, дутуу зүйлдээ анхаарал хандуулах цаг гарлаа. Яг ийм цаг хугацаа надад хэрэгтэй байсан юм. Энэ хүнд үеийг би ч гэсэн тамирчдынхаа адил боломж болгон харж, үр дүнтэй, зөв ашиглаж байна. Тэнд шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөхийн тулд амралтгүй хөдөлмөрлөж, тэмцээнд оролцсоныхоо маргааш үргэлжлүүлэн бэлтгэл хийж маш их ядарна. Үндэсний бөхчүүдийн ярьдгаар “цөмрөх” гээд байлаа. Тиймээс тамирчдынхаа зөвлөгөөг сонсож, амралт, сэргэлт, нойр, хоолоо аль алийг нь сайн зохицуулдаг болов. Азидаа нэг, дэлхийд шилдэг 25 багт багтдаг Малайзын “Terengganu inc” багт надаас гадна ОХУ, Сингапур, Япон, Малайз, Австралийн шилдэг тамирчид уралддаг юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болох байсан “Tour of Thai¬land” тэмцээнийг хойшлуулж, наймдугаар сарын 11-15-нд зохион байгуулах болсон. Хэрвээ энэ тэмцээн товлосон хугацаандаа болбол оролцоно.

-2016 онд Казахстанд болсон тэмцээнд оролцсоны дараа Малайзын мэргэжлийн багаас санал тавьсан байх аа?

-Тийм ээ. Монголоос ганцаараа энэ багт уралдах болохоор эхэндээ “Би чадах болов уу” гэдэг бодол төрж, эмээж байлаа. Нуулгүй хэлэхэд “Terengganu inc”-д уралдах хүсэл төрөхгүй байв. Хэсэг хугацаанд эргэлзэж, буцсан байдалтай өнгөрүүллээ. Тэгтэл Ж.Өлзий-Орших багш “Чи ийм сайхан боломжийг хэзээ ч алдаж болохгүй” гэхэд А.Алтансүх ах “Надад ийм боломж гарсан ч би ашиглаж чадаагүй. Миний чадаагүйг чи чадах ёстой” гэж зөвлөсөн. Тэд намайг энэ багт уралдуулахын тулд зэмлэх, аргадах, ухааруулах гээд олон аргаар үзсэн дээ. Олон хоног бодсоны эцэст Малайз руу явахаар шийдэв. Тэр жилийн хоёрдугаар сард би Японд болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихсэн байлаа. Азийн аварга болчихоод тус багт нүүр бардам хөл тавихад тамирчид нь намайг халуун дотноор угтаж авсан.

-Бодож байснаас чинь ондоо орчин угтахад бүх зүйл өөр ертөнц шиг санагдсан уу?

-Монголд байхдаа багшийнхаа заавраар дугуйгаа засаад уралддаг байсан бол Малайзад мэргэжлийн засварчинд даатгах жишээтэй. Монголд ийм таатай орчинтой бол тамирчид маань амжилт гаргах байсан даа гэж боддог. Багш минь тэмцээнд ур чадвараа яаж гаргах, бэлтгэл хийх орчин нь ямар байх, өөрийгөө дайчлахын тулд хэрхэн хөгжүүлэх тухай байнга ярьдаг байлаа. Багшийнхаа хэлдэг байсан зүйлүүдийг тэнд очоод илүү ойлгож, ухаарсан. Малайзын тамирчид намхан тул уралдаанд өмсдөг хувцасных нь хэмжээ ойролцоо байдаг. Надад зориулж бэлдсэн хувцас, дугуй нь багадчихлаа. Би багийнхан дундаа биерхүү нь. Дахин захиалснаар сарын дараа шинэ дугуй, хувцастай болж байв. Уур амьсгал нь халуун, бүгчим. Бэлтгэл хийхэд хамаг хөлс урсаж, толгой их өвдөнө. Газарт гишгэхээр халуу төөнөж, яг хайруулын таваг дээр зогсож байгаа мэт санагддаг. Нутгийнхаа -30 градусын хүйтнээс гарч +40 хүрч халдаг оронд очоод цаг агаар, уур амьсгал, хоол хүнсэнд нь дасах эхэндээ хэцүү байлаа. Тэндхийн хүмүүс хоолноос илүү амттан идэх дуртайг нь анх харчихаад их гайхсан. Малайзчууд мусальман шашинтай. Тэдний итгэл үнэмшил, баримталдаг зарчим, зан чанар, алдаа дутагдал, амжилт бүтээл гээд олон зүйлийг судалсан. Дөрвөн жил жаргал, зовлонгоо хуваалцаж, хамт уралдсан багийнхаа тамирчдын зан чанарыг сайн мэддэг болсон болохоор одоо их хүндэлдэг. Манай баг үзэгчдийн анхааралд байдаг юм. Хүмүүс улсаас нь илүү багийнх нь нэрээр мэднэ. Тэмцээний өмнө өрсөлдөгч багууд хурлаа хийхдээ манайхыг онцолж ярьдгийг сонсоод өөрийн эрхгүй омогшдог.

ДУГУЙН УРАЛДААН ШАТАР НҮҮХТЭЙ АДИЛХАН

-Өөрийг тань энэ багт хөл тавьснаас хойш ур чадвараа ахиулсаар байгааг оролцсон тэмцээнүүдийн чинь амжилтаас харсан. Өнгөрсөн жил Тайландад болсон олон өдрийн уралдаанд түрүүлж, шар цамны эзэн болсон санагдана.

-Миний хувьд шар цамц хоёр удаа өмссөн. Нэг нь Индонезод болсон Азийн “International tour de BanyuwangiIjen” цуврал уралдааны эхний гараанд, нөгөө нь Японд болсон тэмцээн уралдаж түрүүлээд шар цамцны эзэн болсон. Өмнө нь тамирчдыг шар цамц өмссөнийг сонсоод санаанд багтдаг байлаа. Гэвч энэ цамцыг ганц хоёр тэмцээнд түрүүлээд өмсдөггүйг ойлгосон. Хүнийг аз, хийморь ивээдэг шүү дээ. Надад тийм зүйл тохиосон юм. Монголчууд “Аваргыг давж аварга болдог” гэж ярьдаг даа. Шилдгүүдээс илүү шилдэг байж энэ цамцаар шагнуулдаг. Тамирчдын хувьд шар цамц өмсөх нь нэр төрийн хэрэг. Үүнийг өмсөх гэж олон тамирчин зорилго тавьж, хичээн хөдөлмөрлөдөг. Дугуй бол тэсвэр тэвчээрээс гадна ухаан шаардсан спорт. Тэмцээнд тамирчид төлөвлөж, тооцоолж уралддаг. Би Индонезэд шар цамц өмссөн тэмцээнийхээ бариаг л санадаг юм. +40 градусын халуунд 150 км замыг хамаг хүчээ шавхан туулахад хөлийн шөрмөс барианд орох үед татчихав. Нэг л мэдэхэд би барианд орсон байлаа. Үзэгчдийн алга ташилт, баяр хөөрийг сонсоод нүдээ нээхэд нарны гэрэл зөвхөн над дээр тусаж байгаа мэт санагдаж билээ. Багш минь амьд сэрүүн байхдаа надад сэтгэл зүйн тал дээр “Чи ядарч байвал өрсөлдөгчид тань ядарч байгаа. Амьсгал чинь давхцаж, зүрх чинь хүчтэй цохилон, шөрмөс чинь татаж байх яг тэр мөчид бүх боломж чинь гарч ирнэ” гэж зөвлөдөг байсан. Тэмцээний өмнө уралдааны замд гардаг саад бэрхшээлийг хэрхэн давж, өрсөлдөгчөөсөө тасрахын тулд ямар нөхцөлөөс ялалт гаргаж болох бүх оньсогыг багш тайлан хэлж өгсөн юм.

-Уралдаанд хэнийгээ ялагч болгох тал дээр тамирчдын дунд маргаан хааяа өрнөдөг үү?

-Дугуй багийн спорт. Багийн гишүүдийн ур чадвар сайжрах тусам өрсөлдөөн улам ихэсдэг. Уралдаанд хэн нь түрүүлэх вэ гэдэг асуудал багийн спортод байдаг л зүйл. Манай багт ч гэсэн иймэрхүү асуудал гарч байлаа. Энэ бүхнийг өөрийн нүдээр харсан надад бас нэг сургамж болсон тал бий. Нэг баг 16 тамирчинтай. Тамирчдаа ямар, ямар тэмцээнд хуваарилж оролцуулахаа багийн хурлаар ярилцаж шийддэг. Тухайлбал, манай багийн нэг хэсэг нь Индонез, нөгөөх нь Казахстанд болж байгаа олон өдрийн уралдаанд хурд сорих жишээтэй. Тиймээс тамирчдаа тэмцээнд хуваарилахдаа маш их анхаардаг. Харин бэлтгэл хийх, тэмцээний дараах томоохон хүлээн авалтад багийн гишүүд цугладаг юм. Тэмцээнд оролцоход багийн уур амьсгал эерэг байх нь чухал. Гишүүд нь нэгдэхгүй бол бусадтай хэзээ ч өрсөлдөж чадахгүй. Уралдаанд багаараа хэрхэн ажиллаж, биенээ ойлгохоос их зүйл шалтгаална. Дугуйн спортын тамирчид байнгын бэлтгэл сургуулилалт хийснээр амжилтынхаа түвшинг барьж, ур чадвараа ахиулдаг. Үүгээрээ хөнгөн атлетикийн тамирчидтай адилхан. Спортын энэ хоёр төрлийн тамирчид зүрх, судас, булчингийн үйл ажиллагаагаа сайн хөгжүүлдэг онцлогтой. Булчин сайн хөгжсөн ч зүрхнийх нь цохилт муу, эсвэл зүрх сайн цохилдог ч булчингаа хөгжүүлээгүй бол амжилт гаргахгүй. Үүн дээр уралдааны туршлага, ур чадвар, өрсөлдөгчдөө мэдрэх мэдрэмж нөлөөлнө. Шатар тоглоход хэдэн нүүдлийн цаадахыг харж нүүдэг шиг дугуйн спорт ч гэсэн үүнтэй адил. Тэгэхээр мэргэжлийн багийн тамирчдад өрсөлдөгчийнхөө давуу, сул талыг нь сайн судалж мэдэх хэрэгтэй байдаг. Миний биеийн онцлог байдал нэг өдрийн болон талын уралдаанд илүү зохицдог. Бөөн, цуваа гарааны аль ч төрөлд жигд амжилт гаргадаг юм.

-Уралддаг багтайгаа хэдэн жилийн гэрээ хийв. Гэрээгээ дуусахаар үргэлжүүлэх үү?

-Тухайн багт уралдах легионерууд гэрээгээ нэг жилээр хийдэг. Дугуйн спортын тамирчин багийнхантайгаа олон жил тууштай харилцаатай байж амжилт гаргадаг. Манай хүчтэй хоёр өрсөлдөгч нь Япон, БНСУ-ын баг. Баг, багийн тамирчид давуу талаа хөгжүүлж чадсан нь уралдаанаас харагддаг. Олон баг сольсон тамирчдыг шилдэг багууд эгнээндээ авах дургүй. Өөрийнх нь хувийн зан чанар, хандлага, эсвэл гишүүдийнх нь уур амьсгалаас багаа солих хэрэг гарсан уу гэдгийг нь сайн судалдаг. Тамирчин хүн хүчтэй, алдартай байсан ч багийнхантайгаа нэг хүн шиг зорилготой байж чадахгүй бол тэмцээнд сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр гишүүд эрх ашгаа бодсон, аминч үзэлтэй байж болохгүй. Тэсвэр, тэвчээр гарган, ухаан зарцуулж өрсөлддөг мэргэжлийн багийн спортод “Би монгол хүн учраас тэмцээнд тэснэ” гэдэг ойлголтыг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Ийм үзэл амжилтаас хойш татдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь залхуурах шалтаг юм. Харин шилдгүүд шиг болохын тулд би дутуу байна гэж бодож, шаргуу хөдөлмөрлөвөл амжилтад хүрнэ. Тиймээс залхуурлыг өөрөөсөө холдуулах нь хамгийн зөв гэж боддог.

БАГШИЙНХАА ШАХАЖ БЭЛТГЭЛ ХИЙЛГЭСНИЙ ХҮЧИНД ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРЛЭЭ

-Дугуй техникийн спорт. Тамирчид чанартай дугуйгаар уралдаанд оролцдог биз?

-Манай багийн тамирчид Италийн “Арго 18” брэндийн дугуйгаар сүүлийн хоёр жил уралдаж байна. Өмнө нь спонсор байгууллагынхаа дугуйгаар тэмцээнд оролцдог байсан юм. Өндөр зэрэглэлийн уралдаанд оролцох тамирчдын дугуйны жинг зургаан кг 65 гр гэж тогтоосон. Үүнээс бага жинтэй бол эрсдэлтэй гэж үздэг юм. Учир нь хөнгөн дугуй нимгэн материалаар хийгддэг тул осол гарч болзошгүй гэж тооцоолдог. Миний дугуй 15 сая төгрөгийн өртөгтэй. Энэ спорт жилээс жилд хөгжиж байгаа болохоор техникийн өрсөлдөөн ч гэсэн давхар явагддаг. Өндөр зэрэглэлийн тэмцээнд тамирчид оролцохдоо зөвхөн уралдаанд зориулсан дугуйгаар өрсөлдөнө. Тийм дугуй ахуйн хэрэглээнд зориулагдаагүй болохоор ачаа тээш ачих төдийд эвдэрдэг тал бий. Би дугуйныхаа их биеийг дөрвөн удаа сольсон. Хэрвээ өөрөөсөө мөнгө гаргавал 50 сая төгрөг зарцуулна. Энэ бүх зардлыг багийн зүгээс зохицуулдаг юм.

-Гадаадад амьдарч байгаад ирсэн хүмүүсийг монголчууд “Юм үзэж нүд тайлсан” гэж ярьдаг. Ингэхэд та малайзчуудаас хэр суралцав?

-“Юм үзэж нүд тайлсан” гэдгийг очсон газрынхаа бүтээн байгуулалт, гоё сайхныг нүд хужирлаад ирэх биш, харин өмнөө тулгарсан саад бэрхшээлийг бие, сэтгэлийн хатаар даван туулж хэрсүүжихийг хэлдэг гэж ойлгодог. Гэрээсээ хол байх тусам хүн өөрийнхөө алдаа дутагдлыг олж хардаг юм билээ. Анх А.Алтансүх ахтайгаа Хөвсгөлөөс Улаанбаатарт ирж, “Зуун айл”-ын ойролцоо айлын гэр түрээслэн амьдарч, дугуйн спортод хөл тавьж байлаа. Тэр үеэс “Биеэ бодоорой. Хоолоо сайн идэж байгаарай” гэж хэлэх ээжийн минь захиасаас бусад зөвлөгөөг багш минь өгч, амжилт руу хөтөлсөн дөө. Зарчимч хүн байсан болохоор намайг багаас минь ачаалалтай бэлтгэл хийлгэж, шахсан. Үеийнхээ хүүхдүүдээс хэд дахин хүнд бэлтгэл базааж байгаагаа харчихаад эхэндээ их шантардаг байв. Багшийнхаа шахаж бэлтгэл хийлгэсний хүчинд би өдий зэрэгт хүрлээ. Олон жилийн хөдөлмөрийнх нь үр дүнд тивийн төдийгүй дэлхийн хэмжээний амжилт гаргаж эхэлсэн. Тэр хэрээрээ мэргэжлийн багуудын анхаарлыг татах болсон гэж боддог. Өмнө нь ахтайгаа БНХАУ-ын “Ningxia” багт хоёр жил уралдахдаа “Тerengganu inc” багийнхны хараанд өртсөн юм билээ. Тэдний бүрэлдэхүүнд нэгдэхэд багш минь их нөлөөлсөн.

-Ах тань дугуйн спортоос арай л эрт зодог тайлчихлаа. Үргэлжлүүлээд уралдсан бол өөрөөс тань дутахгүй амжилт гаргах байсан шиг санагддаг юм.

-Намайг энэ спортод багшаас минь дутахааргүй бэлтгэж, дасгалжуулсан хүн бол А.Алтансүх ах. Анх дугуйгаар хичээллэхэд “Чамайг надаас илүү уралддаг болсон үед би зодог тайлна. Тэр болтол уралдсаар байх болно” гэж хэлдэг байлаа. Намайг амжилт гаргаж эхлэнгүүт ах минь зодог тайлсан. Одоо багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж, дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Би өвөөдөө их баярлаж явдаг. Хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөж, дугуйгаар хичээллэхэд минь урам хайрлаж, бүх талаар дэмжсэн. Энэ утгаар яривал өвөө миний анхны дасгалжуулагч. Би хүүхэд байхдаа ах, дүү нартайгаа аймгийнхаа дугуйн АШТ-д оролцож, түрүүлээд Улаанбаатарт ирж УАШТ-д өрсөлддөг байв. Дугуй өртөг өндөртэй спорт. Тэр хэрээрээ хөрөнгө санхүү их шаарддаг. Энэ спортод тамирчин хүн бүх зүйлээ золиосолж байж амжилт гаргадаг юм шүү дээ. Монголд дугуйн спорт хөгжих орон зай бага байдаг болохоор амжилттай яваагаа дэмжихийн тулд намайг уралдуулдаг болсон. Өвөө минь биднээс гадна тамирчдынхаа төлөө дугуйн спортод өөрийгөө, амьдралаа ч зориулсан. Биднийг УАШТ-ээс медальтай ирэхэд гэрийнхэн минь баярлаж, шинэ жилийн баяр шиг ширээ засаад тэмдэглэдэг байв. Ахтайгаа уралдсан тэмцээн болгон сэтгэлд минь сайхан дурсамж болж үлджээ. Биднийг Хятадын багт уралддаг байхад “Монголын ах, дүү тамирчин” гэж ярьдаг байв. Манай ахмад дугуйчид хүртэл ялгахгүй “Чи ах нь уу, дүү нь үү ” гэж андуурдаг сан.

-Дугуйн спорт одоо нийтийн биеийн тамир болж хөгжиж байна. Энэ спортоор хичээллэдэг залууст мэргэжлийн багийн тамирчны урам хайрласан өөдрөг үг, зөвлөгөө хэрэгтэй байгаа болов уу?

-Энэ спортод жаахан амжилт гаргаад, одоо болчихлоо гэж битгий тайвшраарай. Өөрөөс тань илүү өрсөлдөгчид байгаа тул шилдэг нь байхын тулд уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Хэрвээ тууштай уралдах гэж байгаа бол бүх зүйлээ зориулж чадах сэтгэл зүйгээ эхлээд бэлд. Өөртөө үргэлж боломж олго. Мөрөөддөг зүүд зэрэглээ шиг ертөнцөд хөл тавихын тулд зогсолтгүй урагшил, зорилгынхоо төлөө шантрахгүй зүтгэ. Хичээж, хөдөлмөрлөвөл боломж өмнө тань үргэлж нээлттэй байдаг юм шүү” гэж хэлье. Дугуйн спорт өндөр түвшинд хөгжиж байна. Тиймээс зорилгоороо мөрөөдлийнхөө амьдралыг бүтээх боломжтой болсон. Хамгийн гол нь тууштай зүтгэж, хүссэн амьдралдаа хөл тавиарай. Мөн дугуй спорт сонирхож хичээллэдэг хүмүүс хамгаалах хэрэгсэл заавал өмсөх хэрэгтэй. Дугуй техникийн спорт тул унаж бэртэх, тэр ч бүү хэл амиа ч алдах эрсдэлтэй. Зуны улиралд дугуй унадаг олон хүн бий. Ажиглаж байхад хүмүүс дугуй унаж байгаа хүүхдүүддээ малгай, бээлий өмсүүлдэггүй. Хэрвээ санамсаргүй тохиолдлоор унаж бэртвэл хүүхдээ эрсдэлд оруулах аюултай. Тиймээс дуртай спортынхоо онцлог, давуу тал, эрсдэлийг тооцоолж хичээллэх хэрэгтэй. Дугуйнаас унахад гарын хурууны үе хамгийн түрүүнд гэмтдэг. Малгай, бээлий өмссөн тохиолдолд бэртэхээс хамгаална. Малайзад иргэд нь хамгаалах хэрэгсэлгүй дугуй, мотоцикл унавал өндөр торгуультай. Тиймээс хуульд заасан дүрмээ баримталж, сонирхсон спортоо сайн судалж байж хичээллэдэг юм.