Б.Лхамдарь: Бага насны хүүхдүүд харшлаар өвчлөх нь нэмэгдсэн

Зуны улиралд ургамлын тоос, тоосонцрын харшлын өвчлөл нэмэгддэг. Уг өвчин хэрхэн үүсдэг, түүнээс яаж урьдчилан сэргийлэх талаар Арьсны өвчин судлалын үндэсний төв (АӨСҮТ)-ийн арьс, харшлын эмч, анагаах ухааны магистр Б.Лхамдариас тодрууллаа.

-Харшил юунаас үүсдэг вэ. Одоогоор хэчнээн төрлийн харшил бүртгэгдээд байна вэ?

-Харшил гэдэг нь гаднын ямар нэг биетэд хүний бие махбод хэт мэдрэг хариу үйлдэл үзүүлэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, харшил нь хүний дархлааны системийн хариу үйлдэл гэсэн үг. Энэ нь нүд хорсож, улайх, хамар битүүрэх, найтаах, арьсанд тууралт гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандан, харшил мөн, эсэхээ тодорхойлуулах шаардлагатай. 

Гэр доторх тоос, тоосонцор, амьтны үс хялгас, саван, угаалгын нунтаг зэргээс авхуулаад өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, нарны туяа, хүйтэн гээд бүхий л зүйлс харшил үүсгэх боломжтой. Тийм учраас тоо хэлэхэд хэцүү. Харшлын хамгийн хүнд төрөл нь Анафилаксын шок юм. Энэ нь хоол хүнс болон харшил үүсгэгч эмийн бэлдмэл уух, тарьснаас болж үүсдэг. Хавар, зун ургамлын харшил сэдрэх үеэр хүнсний шалтгаантай Анафилаксын шоконд орсон хүмүүс эмнэлэгт хандах нь нэмэгддэг.

-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авбал зохистой бол?

-Юун түрүүнд ямар төрлийн харшилтай болохоо арьс хатгах сорил хийлгэж, мэдэх шаардлагатай. Ингэснээр харшил сэдрэхээс өмнө эмчилгээнд хамрагдаж болно. Тухайлбал, манай эмнэлэг ургамлын харшил сэдрэх үеэр шарилжны харшлын эсрэг вакцин буюу хамрын цацлага эмчилгээг дөрөвдүгээр сараас эхлэн хийдэг. 

Үүнд зөвхөн шарилжны харшилтай хүмүүсийг хамруулж, гурван сарын турш хяналтдаа авдаг. Иргэд нэг удаагийн тарилга гэж үүнийг буруу ойлгох нь элбэг. Мөн манай улсад харшлын эсрэг вакцинийг хэлэн дор хүлхдэг таблет хэлбэрээр нэвтрүүлсэн. Эдгээр эмчилгээг үр дүн гартал нь хийлгэх хэрэгтэй.

-Зуны улиралд иргэд ямар төрлийн харшлаар хамгийн түгээмэл өвчилдөг юм бол?

-Нарны хэт ягаан туяа болон ургамлын харшлаар өвчлөх нь түгээмэл. Ургамлын төрөл зүйлээс хөлийн ургамал буюу шарилж харшлыг хамгийн их сэдрээдэг учир энэ төрлийн өвчлөл илүү давамгайлдаг. АӨСҮТ-д 2018 онд үзүүлсэн үйлчлүүлэгчдийн таван хувь нь ургамлын харшилтай байсан бол сүүлийн таван жилд энэ өвчлөл хоёр дахин өссөн. Ямар ч насны хүмүүс энэ төрлийн харшлаар өвчилж болно. Гэвч жил ирэх тусам бага насны хүүхдүүдэд тохиолдох нь нэмэгдэж байна.

-Иргэд үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ургамал нь төрөл зүйлээсээ хамаараад 4-9 сард тоосоо гөвдөг. Энэ үед ургамлын тоосны харшил илүү ихээр өдөөгдөнө гэсэн үг. Тиймээс 04.00-20.00 цагийн хооронд цонхоо хааж, гадуур явахдаа нойтон хаалт зүүх, чийгтэй цэвэрлэгээ хийх, гэртээ цэцэг тарихгүй байх, будаа, буурцгаар хийсэн дэр дэрлэхгүй байх зэргээр урьдчилан сэргийлж болно. 

Мөн архи, дарс, өндөг, амтлагч, самар, төрөл бүрийн өнгө, амттай чихэр, ундаа, кофе, шоколад зэрэг нь харшлыг улам сэдрээдэг учир зохистой хэрэглэх нь чухал. Ургамлын харшилтай хүн давхар хүнсний харшилтай байж болзошгүй. Иймд өмнө нь идэж үзээгүй жимс, жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэхийг хориглоно.

-Харшлын шинж тэмдэг илрэхэд иргэд өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийдэг. Үүний сөрөг нөлөө нь юу вэ?

-Ямар оноштой хүн байх, хөхүүл, жирэмсэн, эсэх мөн хэдэн настай байхаас хамаараад эмч тухайн өвчтөнд тохирох эмчилгээ хийнэ. Гэтэл иргэд нэгнээсээ сонссон, аль эсвэл өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийснээр өвчний зовиурыг улам хүндрэхэд хүргэдэг. Мэдээж өвчин хүндэрсэн үедээ эмчилгээ авах нь удааширна. Тиймээс эмчийн зааваргүйгээр эм хэрэглэх нь эрсдэлтэй.

Б.Отгонзаяа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)