Б.ЛХАГВАСҮРЭН: Монголбанк цар тахлын хүнд үед өөрийн орны онцлог, чадавхад тулгуурлан дунд хугацааны тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлж байна

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа

-Эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ? Нөхцөл байдлыг Төвбанк хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Товчхондоо дэлхийн эдийн засаг 4-5 хувиар агшиж байхад манай эдийн засаг эерэг өсөлттэй байх боломжгүй. Ойрын ирээдүйн тодорхой бус байдал бүр өндөр байна. Сүүлийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар мөнгөний бодлогын төлвийг хэлэлцэж байхдаа эдийн засгийн өсөлт II улиралд -7% орчим, жилийн дүнгээрээ -1% байх төсөөлөл хийж ярилцсан. Энэ онд эдийн засаг 1 орчим хувиар агших төсөөлөл маань бусад олон улсын байгууллагуудын төсөөллөөс хол зөрөхгүй байгаа. Эдийн засгийг өнөөдөр дэмжих нь чухал боловч ирээдүйд ямар ч нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа тул өрх, бизнес, төр гээд бүх л түвшинд санхүүгийн нөөцөө гамнах нь бүр илүү чухал байна. Өөрөөр хэлбэл, цаашид эдийн засгийг сэргээх гэхээсээ илүүтэй тогтворжуулах шаардлага үүсч болзошгүй. Иймд Монголбанкны зүгээс иргэд, бизнест учирч буй өнөөгийн хүндрэлтэй нөхцөлийг зөөллөх, гэхдээ бодлогын орон зайгаа гамнах, дунд хугацааны тогтвортой байдалд чиглэсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Мэдээж олон улсын санхүүгийн байгууллагуудын зөвлөмж, бусад төв банкуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг харгалзан үзэж судлан өөрийн орны онцлогт тохирсон мөнгөний бод логын цогц арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээ нь эдийн засгийг богино, дунд хугацаанд дэмжих, сан хүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа. Гэвч гадаад орчин буюу улс орнууд Ковид-19 вирусийг хэдий хугацаанд хяналтдаа оруулах, том гүрнүүдийн гадаад худалдааны маргаан хэрхэн үргэлжлэх, гадаад эрэлт, эрдэс бүтээгдэхүүний үнэд хэр хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх зэрэг нь манай эдийн засагт эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. 

-Мөнгөний бодлогын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэлээ. Мөнгөний бодлогын ямар шийдвэрүүдийг гаргасан бэ? Шийдвэр гаргах болсон гол үндэслэл юу байв? 

-Он гарснаас хойш Мөнгөний Бодлогын Хороо 3 удаа хуралдаж эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй, үүсч болзошгүй хүндрэлийг зөөлрүүлэх зорилгоор урьдчилан шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах зорилгоор 3 болон 4 дүгээр сард бодлогын хүүг нийт 2 нэгж хувиар буурууллаа. Мөн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, илүү бага хүүгээр Төвбанкнаас репо санхүүжилт авах бололцоог бий болгох шаардлага үүссэн учраас Төвбанкны хүүний коридорыг 1 нэгж хувиар нарийсгаад байна. Ингэснээр Төв банкнаас банкууд 13 хувиар санхүүжилт авдаг байсан бол бодлогын хүүний бууралт болон хүүний коридорын өөрчлөлтийн нөлөөгөөр одоо 10 хувийн хүүгээр санхүүжилт авч байна. Төв банкны хүүнээс гадна төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5%-иас 8.5% болгосноор 320 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөгдөж, банкны эх үүсвэрийн алдагдсан боломжийн өртөг буурах, улмаар зээл, хадгаламжийн хүүний зөрүүг бууруулах арга хэмжээ болсон юм. Хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн хөтөлбөрийг дахин эхлүүлсэн, Засгийн газрын алт хөтөлбөрийг дэмжин эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авсны үр дүнд алт олборлолт болон Төвбанканд тушаалт мэдэгдэхүйц нэмэгдлээ. 

-Эдийн засагт бизнесийн идэвхжил муудаж, иргэд санхүүгийн хүнд нөхцөлд байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хэд хэдэн зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Нэгд, иргэдийн орлого нь эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой. Хоёрт, иргэн зээл авахдаа, банк зээл олгохдоо ирээдүйн орлогын тогтвортой байдлаа аль болох зөв үнэлсний үндсэн дээр зээлийн хэмжээгээ зохистой түвшинд тодорхойлж байх шаардлагатайг өнөөгийн нөхцөл байдал ойлгуулж байна. Зээлийн эргэн төлөлт доголдоно гэдэг нь тухайн зээлдүүлэгч өөрийн харилцагч банкны тогтвортой байдал, цаашилбал нийт санхүүгийн системийн тогтвортой байдалтай холбогддог. Иймд эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар, ипотекийн зээлийн хугацааг 6 сараар сунгах шийдвэр гаргаад хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд зээлдэгчдийн зээлийн сарын төлбөрийн хэмжээ буурч гар дээр үлдэх орлого нэмэгдсэн. Ингэснээр зээл доголдохоос сэргийлэхийн зэрэгцээ өрхийн хэрэглээ огцом буурахаас сэргийлж байгаа юм. 6 дугаар сарын 19-ний байдлаар нийт хэрэглээний зээлийн багцын 12.9% буюу 65491 зээлдэгчийн 572.8 тэрбум төгрөгийн хэрэглээний зээл, ипотекийн зээлийн 43% буюу 38270 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон.

-Бизнесийн хувьд борлуулалт буурч, зээлээ төлж чадахгүй нөхцөл үүсч байна уу? 

-Бизнесийн байгууллагууд ялангуяа санхүүгийн хөшүүрэг нь хэт өндөр болсон зээлдэгчид борлуулалтын орлого агших үед санхүүгийн дарамтад ордог. Бидний хийсэн судалгаагаар 2020 оны 6 дугаар сарын 19-ний байдлаар бизнесийн зээлийн 37% нь Ковид-19-т өртсөн байдалтай гарсан. Энэ нөхцөл байдлыг урьдчилан зөөлрүүлэх үүднээс Ковид-19-ийн нөлөөнд автсан зээлүүдийн хувьд хэвийн ангилалд хэвээр үргэлжлүүлэх хугацааг 15-аас 90 хоног болгох, бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд зээлд ангилахгүй байх, хэрэглээний зээлийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаарх чанарын ангиллыг хэвээр мөрдөх зэрэг шийдвэрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд танилцуулан хэрэгжүүлж эхэлснийг санаж байгаа байх. Ингэснээр Ковид-19-ийн нөлөөнд автсан зээлийн 39%-д нь бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөлтийн хөнгөлөлт үзүүлсэн гэсэн статистик үзүүлэлт байна. 

-Төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байна. Энэ хүрээнд бодлогын ямар арга хэмжээнүүд авч байна вэ?

-Тийм ээ, таны хэлсэнчлэн төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 3 хувь сулраад байна. Харин эхний 6 сарын байдлаар юанийн эсрэг 1.8%-иар суларсан бол рублийн эсрэг 9.1% чангараад байна. Гадаад худалдааны сагсаар жигнэсэн дундаж ханш буюу бодит болон нэрлэсэн үйлчилж буй ханш оны эхнээс харгалзан 3% болон 1%-иар тус тус чангарсан байна. Тиймээс ам.долларын эсрэг 3 хувийн сулралт бол зайлшгүй байсан гэсэн үг. Нөгөө талаас экспортын орлого эхний 5 сарын байдлаар 39%-иар тасарсан үед тодорхой хэмжээний ханшийн тохируулга байх ёстой. Энэ нь дунд хугацааны тогтвортой байдалд эрсдэл хуримтлуулахгүй байхад тустай. Энэ жилийн хувьд алт худалдан авалт их сайн байгаа. Эхний 6 сарын байдлаар өнгөрсөн оны түвшнээс 2.5 дахин их буюу 10.8 тонн алт худалдан авсан нь валютын урсгалд том дэмжлэг болж байна. Түүнээс гадна Монголбанкнаас макро зохистой бодлогын хүрээнд долларжилтын эсрэг зөөлнөөс нь эхлүүлээд арга хэмжээнүүдийг тасралтгүй авч байна. Тухайлбал, төгрөгийн заавал байлгах нөөцийг гадаад валютынхаас бараг 2 дахин бага түвшинд хүргэсэн, гадаад валютын харилцахдаа хүү төлж байгаа, гадаад валютын хадгаламждаа өндөр хүү төлж байгаа банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг хорогдуулах, зөвхөн төгрөгөөр төлбөр тооцоо хийх зэрэг арга хэмжээнүүдийг зэрэгцүүлэн аваад байна. Цаашид ч хөрвөлтийг сааруулах шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авна. Иргэд, олон нийт үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгтөө илүү итгэж Төвбанкны бодлогыг дэмжвэл үр дүнд хурдан хүрэх болно.

-Банкуудад зээлийн эх үүсвэр хангалттай байж чадаж байна уу? Монголбанкны зүгээс банкуудад эх үүсвэр нийлүүлэх бололцоо бий юү?

-Ковид-19-ийн үед банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шаардлагыг 25%-иас 20% болгож бууруулсан бөгөөд уг үзүүлэлт системийн хэмжээнд 39.7%-тай байна. Өмнө нь дурдсанчлан Төвбанкны санхүүжилтийн хүү 10% болж, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн дийлэнхийг бүрдүүлдэг хадгаламжийн хүүнээс бага болсон. Түүнээс гадна санхүүгийн зах зээлийн хэвийн үйл ажиллагааг хадгалах, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зорилгоор оны эхний 6 сарын байдлаар ХХБ-ны 500 сая ам.долларын эргэн төлөлтийг эс тооцвол Монголбанкнаас банкуудад 3.9 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон бол үүний 2.4 их наядыг репо санхүүжилтээр, 1.5 их наядыг своп хэлцлээр олгоод байна. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хугацааг сунгах зэрэг арга хэмжээ нь зээлдэгч талдаа дэмжлэг болохын зэрэгцээ зээл чанаргүйдсэнээс бий болох эрсдэлийн сангийн зардлын дарамтыг бууруулж байгаа нь банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээнд дэмжлэг болдог. Энэ нь зээлийн тасалдлыг зөөлрүүлэхэд ч эерэгээр нөлөөлнө. Болзошгүй эрсдэлээс сэргийлэн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын түр зуурын хүндрэлийг шийдвэрлэх зорилготой барьцаат зээлийн нөхцөлийг өөрчлөөд мөрдүүлж эхлээд байна. Өмнө нь Төвбанк мөнгөний бодлого болгоомжтой хатуу төлөвтэй байсан бол одоо бодлогын төлөв илүү зөөлөрсөн, бодлогын олон арга хэмжээнүүдийг хооронд нийцтэй байдлаар багц маягаар авч хэрэгжүүлж байна.

-Эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөлд улс орнуудад эрсдэл хуримтлагдаж, зээлжих зэрэглэл нь буурч байгаа. Монгол Улсын хувьд нөхцөл байдал хэр байна вэ?

-Зээлжих зэрэглэл харьцангуй тогтвортой байгаа нь Монгол улсад хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь шийдлээ, цагаа олсон байгааг мөн гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, гадаад зээлийн хүүний болон үндсэн төлбөрийг эргэн төлөх чадвартайг харуулж байна гэж Төвбанкны зүгээс харж байгаа. Монголбанк, Сангийн яам хамтран олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлагтай 3 болон 5 дугаар сард, Мүүдис агентлагтай 4 дүгээр сард, Эс энд Пи агентлагтай 6 дугаар сард цахим уулзалт зохион байгуулж шаардлагатай мэдээллүүдийг өгсөн, байр суурь тодорхой илэрхийлсэн, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зорилго, онцлогийг тайлбарласан. Фитч болон Эс энд Пи агентлагаас 2020 оны 5, 6 дугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр, төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэлсэн байгаа. Эдгээр хөндлөнгийн үнэлгээ дүгнэлт нь хорио цээрийн дэглэмийн энэ хүнд үед бодлого шийдвэрүүд нийцтэй, хүндрэлийг давах боломжтойг харуулсан үнэлгээ юм. Бас нэг онцлох зүйл нь Монгол Улс Олон Улсын Валютын сантай хамтын харилцаагаа хадгалж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч байгаа гэж бидний зүгээс харж байна. Та бүхний мэдэж байгаагаар төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хэлэлцээрт орж ОУВС-гийн шуурхай санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан 99 сая ам.долларын санхүүжилтийг аваад байна. Энэхүү хөтөлбөр нь ОУВС-тай өнгөрсөн 3 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, дараагийн хөтөлбөр буюу “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т шилжээд байгааг илэрхийлж байгаа юм.

-ФАТФ-аас Монгол Улсыг өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн гэж онцолсон байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ нь бидний хувьд богино хугацаанд хийж чадсан чамлахааргүй амжилт болсон гэж үзэж байна. Монгол Улс ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсон ба нийт 6 үүрэг даалгавар бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болсон. Эхний явцын тайланг 2020 оны 1 дүгээр сард БНХАУ-д зохион байгуулсан хурлаар хэлэлцүүлж ФАТФ-ын 2 дугаар сарын хурлаар тохирсон ажлын 50 хувийг хангалттай гэсэн үнэлгээ авсан. Харин Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ФАТФ-аас хяналтын жагсаалтад багтсан бүх улс оронд үнэлгээ хийх ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 28-нд түр зогсоож, 4 сараар хойшлуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдын хүсэлтээр Монгол Улсын үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр хэвээр үлдээж, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тайлангаа цахимаар танилцуулж, амжилттай хамгаалаад байна. Үүний үр дүнд ФАТФ-ын 2020 оны 6 дугаар сарын 24-ний хурлаар Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэсэнд баяртай байна. Сонирхуулж хэлэхэд ФАТФ-ын хяналтын жагсаалтад 2009 оноос хойш нийт 51 улс орон орсон бөгөөд дунджаар 3 жил 2 сарын хугацаанд ФАТФ-тай тохиролцсон ажлын төлөвлөгөөгөө хангалттай биелүүлж, газар дээрх хяналт шалгалт хийлгэхээр болсон байдаг. Харин Монгол Улсын хувьд 2019 оны 10 дугаар сараас хойш нийт 7 сарын хугацаанд үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хангалттай биелүүлсэн хэмээн үнэлүүлээд байна.

Ярилцсанд баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)