Б.Лхагважав: Иргэд, аж ахуйн нэгжүүд төлсөн татвартаа хяналт тавих боломж бүрдэнэ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Entrepreneur-2018” шагналыг хэзээ гардуулах вэ?

-Манай хамт олон Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчийг тодруулдаг “Entrepreneur-2018” шагнал гардуулах арга хэмжээгээ энэ сарын 21-нд зохион байгуулна.

-Энэ жилийн “Entrepreneur” шагнал хүртэх аж ахуйн нэгжүүдийн онцлог юу байгаа бол?

-Бид оны шилдэг экспортлогч, үндэсний үйлдвэрлэгч, гарааны бизнес эрхлэгч болон эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбар зэрэг нэлээд олон чиглэлээр шалгаруулдаг. Үүн дээр нэмж сүүлийн үед “Greenpreneur” буюу байгальд ээлтэй, ногоон технологи нэвтрүүлэгч, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг тодруулдаг болсон. 

Энэ жилийн хувьд финтек, инновац, мэдээллийн технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэгчдийг түлхүү таниулах юм. Бүх л салбарт үйл ажиллагаа явуулдаг шилдэг татвар төлөгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгчидтэй оны эцэст уулзан, алдаа оноогоо дүгнэх нь уг арга хэмжээний зорилго.

Мөн энэ жил МҮХАҮТ сүүлийн гурван жилд хийсэн ажлаа үнэлүүлэн олон улсын ISO-9001-2015 стандартын гэрчилгээ авлаа. Манай байгууллага 80 орчим төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Түүнээс таван үйлчилгээ ийм стандарттай болсон хэрэг.

-Үүнийг нэвтрүүлснээр танай үйлчилгээнд ямар дэвшил гарах бол?

-Стандарт гэдэг бол үйл явц болохоос хэн нэгэн даргад үзүүлдэг батламж биш. Үйлчилгээндээ олон улсын жишигт нийцсэн цогц үйл ажиллагаа нэвтрүүлснээр бидний ажил харилцагчдад илүү нээлттэй, ойлгомжтой, чанартай хүрэх юм. Төрийн бус байгууллагуудаас манайх анхдагч болж уг стандартыг нэвтрүүллээ.

-МҮХАҮТ хамгийн сүүлд Монгол, Индонезийн анхны бизнес форумыг зохион байгуулсан. Энэ талаараа тодруулна уу.

-Гадаад харилцааны яам болон МҮХАҮТ-ын нэг үүрэг бол бизнес эрхлэгчдээ дэмжих, тэдний бараа, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гарахад зуучлах юм шүү дээ. Манайх энэ жил гадаад харилцагчдынхаа тоог нэмэгдүүлж, 100 гаруй орны 130 орчим байгууллагатай хамтран ажиллахаар болсон. 

Энэ хүрээнд Монгол, Индонезийн бизнес форумыг зохион байгууллаа. Одоогоор хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ жилд 30 сая ам.доллар байна. Үүнийг нэмэх, тус улсын уул уурхайн салбарын хөгжил, зэсийн баяжмал боловсруулах туршлагыг судлахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Манайх Индонезээс эм, дал модны тос, саван зэргийг импортолдог бол металл хийц, тунгаасан зэс, хайлш экспортолдог. Бид экспорт, импортын хэмжээг өсгөх талаар ч харилцан зөвшилцсөн.

...Татварын систем бол товчхон хэлэхэд хэн нэгнээс хүссэн, хүсээгүй мөнгө авах тогтолцоо шүү дээ. Иргэний үүргийг албадан хэрэгжүүлэгч ч гэж ойлгож болно. Харин хуримтлуулсан хөрөнгийг нийгмийн сайн сайхан болон бусад шаардлагатай салбарт зүй зохистой зарцуулах, үргүй зардал гаргахаас сэргийлэх нь хамгийн чухал. МҮХАҮТ, Сангийн яам, МУИС-ийн багш нартай хоёр жилийн турш хамтран ажиллаж байна. Бид математик загварчлалын онолын тусламжтай нийтийн санхүүгийн зарцуулалтад хяналт тавих программ боловсруулж, түүнийгээ татварын системд нэвтрүүлж байгаа...

-Гадаад худалдааны бараа эргэлтийг өсгөх талаар бизнес эрхлэгч болон холбогдох байгууллагуудын зүгээс юу хийх ёстой вэ?

-Хятадаас бусад бүх улстай хийж буй манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн харьцаа хасах буюу импорт, экспортоос давж байдаг. Тэр хэрээр гадаад худалдааны тэнцэл ашиггүй гардаг гэсэн үг. Эрдэс бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь хамгийн өндөр тул урд хөрштэй л уг тэнцэл харилцан ашигтай байна.

Бид уул уурхайн бүтээгдэхүүний экспортдоо дулдуйдахгүй хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараа дэмжих нь чухал. МҮХАҮТ-ын зүгээс ч энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, хөрөнгө оруулалт татахад нь туслах талаар эрчимтэй ажилладаг.

Энэ оны нэгдүгээр улиралд 30 гаруй аж ахуйн нэгжийг гадаад зах зээлд гарахад нь тодорхой тусламж үзүүлжээ. Дээрх салбаруудын өсөлтөд хамгийн гол нь хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл, сайн менежмент шаардлагатай тул МҮХАҮТ-аар дамжуулан аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах, дэвшилт технологи нэвтрүүлэхэд нь ихээхэн анхаардаг.

-Төсвийн орлогын 80-90 хувийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Манай татварын орчин бизнес эрхлэгч, татвар төлөгчдөд хэр ээлтэй вэ?

-Манай улсад 17 төрлийн татвар бий. Тэдгээрийн уялдаа мөн татварын орчин иргэний эрхийг хангасан болон эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эсэхээс нийгэмд хэр ээлтэй вэ гэдэг нь харагддаг. Дэлхийн жишигт татварын систем нь хувь хүнд суурилж, зарим оронд орлогынх нь 40 гаруй хувийг татварт хураадаг. 

Манай улсын хувьд аж ахуйн нэгжид суурилсан төдийгүй татварын хэмжээ багатай орны тоонд орно. Гэхдээ жижиг эдийн засагтай, иргэд, аж ахуйн нэгжүүд цалин, орлого багатай нь татвар төлөхөөс зайлсхийх хандлага, их мөнгө төлж

буй мэт бухимдлыг нийгэмд төрүүлдэг байх. Гэхдээ цаашид аль болох олон хүн, аж ахуйн нэгжийн орлогыг ил болгон, зохих татварыг хурааж, татвар төлөх суурийг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, цөөн эх үүсвэрээс ихийг бус, нийт зах зээлээс бага татвар авах зарчимд суурилна гэсэн үг. 

Иймээс ч анх батлуулснаас нь хойш татварын хуульдаа гурван удаа өөрчлөлт оруулжээ. Хамгийн сүүлд 2016 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль батлуулсан. Ингэснээр далд эдийн засгийг ил болгож улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг өсгөсөн.

-Татварын хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх, батлах асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй хойшлуулаад буй. Хувь хүний болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Татварын ерөнхий хуульд орох нэмэлт, өөрчлөлтүүд нийгэмд хэрхэн тусах бол. Хууль шинээр хэрэгжүүлснээр төсвийн орлогыг ямар хэмжээгээр нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгөөч.

-Хуульд өөрчлөлт оруулна гэдэг татварын системийг шинэчлэх, илүү боловсронгуй болгохоор ажиллаж буй хэлбэр. Шинэ хуулиар иргэд, аж ахуйн нэгжээс авах татварын хэмжээ өөрчлөгдөхгүй. Гэхдээ төсвийн орлогыг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх тооцоо бий. 

Энэ нь татвар төлөгчийн тоог нэмэгдүүлэх буюу НӨАТ-аар баталгаажсан орлого нэг бүрт суурилсан татварыг хураах тогтолцоо бүрдүүлэх юм. НӨАТ-ын тухай хууль нь шинээр батлуулах гурван хуулийн урьтал болж татварын бүртгэлийн системийг сайжруулсан. 

Одоо орлогын албан татвар болон ерөнхий хуульдаа “гар хүрснээр” манай татварын тогтолцоо илүү боловсронгуй, өргөн суурьтай болно. Үүнийг цаг алдалгүй хийхийг л хүлээж байна.

-НӨАТ-ын тухай хууль болон урьд өмнө шинэчлэн, батлуулсан татварын хуулиуд эдийн засагт үр өгөөжөө өгч, төсвийн орлогыг өсгөн, аж ахуйн нэгжүүдийг бүртгэлжүүлэхэд дөхөм болжээ. 

Гэхдээ одоо хүртэл НӨАТ-т 10 хувийг төлж, хоёр хувийг нь буцаан авч буйдаа гомдолтой хүмүүс байна. Ахиад хуулийн өөрчлөлт гэхээр хувь хүн болон бизнес эрхлэгчдийг татварын дарамтад оруулах нь гэж харж байгаа хэсэг ч бий шүү дээ.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2008, 2015 онд батлуулсан. Үүнд МҮХАҮТ болон холбогдох байгууллагууд чухал үүрэгтэй оролцсон. Ингэснээр 2016 оны байдлаар 33 000 аж ахуйн нэгж татварын өршөөлд хамрагдан 34 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ ил болж, ийм дүнтэй хөрөнгийг татварын сан руу оруулсан. 

Мөн НӨАТ-ын тухай хууль хэрэгжсэнээр 2017 оны эхэнд 1700 ширхэг кассын машин байсан нь энэ оны гуравдугаар улиралд 90 000 болж, НӨАТ-ын сангаас татварын орлогын 33 хувийг бүрдүүлэх болсон. Цаашид ч уг дүн нэмэгдэх боломжтой. 

Энэ нь иргэд болон аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн татвар дахин ногдуулсан хэрэг биш, бүртгэлийг баталгаажуулж, татварын хамрах хүрээг л нэмсэн хэрэг. Харин ч татварт төлсөн мөнгөний хоёр хувийг буцаан олгох, сугалаанд хамруулах боломжийг иргэдэд олгосноороо давуу талтай гэдгийг хэлэхэд илүүц биз. 

Шинээр өргөн барьсан хуулийн найруулгад татварын тогтолцоог илүү боловсронгуй болгох, өргөн хүрээг хамруулахаас гадна НӨАТ-ын буцаалтын хэмжээг нэмэх, бүсчилсэн байдлаар буюу орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс авах татварыг багасган, буцаан олголтын хувийг өсгөх тухай зүйл заалт бий.

-Татварт төвлөрсөн хөрөнгийн захиран зарцуулалтад иргэд сэтгэл дундуур байдаг. Төсвийн хөрөнгийг үргүй ашиглах нь аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг татвар төлөхөөс зайлсхийх хандлагыг төрүүлдэг. Ер нь нийтийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах тал дээр хэрхэн хяналт тавих вэ?

-Татварын систем бол товчхон хэлэхэд хэн нэгнээс хүссэн, хүсээгүй мөнгө авах тогтолцоо шүү дээ. Иргэний үүргийг албадан хэрэгжүүлэгч ч гэж ойлгож болно. Харин хуримтлуулсан хөрөнгийг нийгмийн сайн сайхан болон бусад шаардлагатай салбарт зүй зохистой зарцуулах, үргүй зардал гаргахаас сэргийлэх нь хамгийн чухал. 

МҮХАҮТ, Сангийн яам, МУИС-ийн багш нартай хоёр жилийн турш хамтран ажиллаж байна. Бид математик загварчлалын онолын тусламжтай нийтийн санхүүгийн зарцуулалтад хяналт тавих программ боловсруулж, түүнийгээ татварын системд нэвтрүүлж байгаа. 

Ирэх жилээс хяналтын тогтолцоо энгийн, ойлгомжтой болж, ямар ч аж ахуйн нэгж, иргэн төлсөн татварынхаа зарцуулалтыг хянах боломжтой болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)