Б.Индра: Зуун айл орчмын 1.6 км замыг ирэх долоо хоногт нээнэ

зуун айлын зам

Зуун айл орчмын 1.6 км замыг шинэчлэх ажил өнгөрсөн сарын 1-нээс эхэлсэн. Уг ажил төдийлөн урагшлахгүй байгаа тул төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахгүй нь гэж иргэд шүүмжилж байгаа юм. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас энэ замыг хэзээ ашиглалтад оруулахыг тодрууллаа.

-Зуун айл орчмын замыг хугацаанд нь ашиглалтад оруулж чадах уу?

-32-ын тойргоос Зуун айлын уулзвар хүртэлх 1.6 км замыг шинэчилж байна. Замын зорчих хэсэг нь 12 метр өргөн, дөрвөн урсгалтай байх юм. Хажуугаар нь ногоон байгууламж, дугуйн болон явган хүний зам барьж буй. Мөн таван байршилд авто зогсоол байгуулж шийдэж байна. Ингэснээр Зуун айл орчмын авто замын ачаалал буурна. Авто зогсоолд ца хилгаан машины цэнэглэгч байрлуулсан. 1.6 км урт энэ замыг шинэчлэхдээ эхний ээлжид 32-ын тойргоос “Хангай” хотхон хүртэлх хэсгийг нь хаасан.

Ажлыг богино хугацаанд дуусгах үүднээс төгсгөл хэсгийг бүрэн хааж, асфальтаар хучиж байна. Энэ зун олон өдөр дараалсан усархаг бороо орсноос ажил түр зогсож, хугацаа алдсан. Гэхдээ алдсан хугацаагаа нөхөж, шахаж ажиллаж байна. Бороо орохгүй бол энэ долоо хоногт замын зорчих хэсгийг нээхээр төлөвлөсөн. Түр саатвал ирэх долоо хоногт багтааж ашиглалтад оруулна. Тохижилтын бусад ажлыг ирэх сарын сүүлч гэхэд дуусгахаар ажиллаж байгаа.

-Замын зорчих хэсгийг өргөтгөнө гэсэн ч өргөтгөөгүй, уг ажил замын хашлага солих төдийхнөөр хязгаарлагдсан гэх шүүмжлэл байна.

-Тус зам урд нь гурван эгнээтэй байсан. Харин одоо дөрвөн эгнээ болгож буй. Зуун айлын замыг 1950-иад оны үед тавьсан. Түүнээс хойш огт шинэчлээгүй. 60, 70 жил болсон замын хашлагыг солихоос өөр аргагүй. Түүнчлэн тус зам дагуух аж ахуйн нэгж, байгууллагынхан хүнд даацын автомашинаараа замын хашлагыг эвдэх тохиолдол цөөнгүй. Энэ мэт шалтгаанаар хашлагыг солихоос өөр аргагүй болсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)