Б.ЗОРИГОО: Зам, тээврийн ослоор амиа алдсан гурван хүний нэг нь явган зорчигч

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Б.Зоригоогоос цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.

-Автомашиныхаа цонхон дээр бага насны хүүхэд суулгачихаад хөдөлгөөнд оролцсон талаарх зураг цахим орчинд шуугиан тарьсан. Тухайн жолоочид арга хэмжээ тооцсон гэл үү?

-ТЦА-наас “Иргэн бүр цагдаа” уриатай “Цахим цагдаа” гэх фэйсбүүк хуудас ажиллуулж байгаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг иргэд гар утсандаа зураг, бичлэг хэлбэрээр баримтжуулан он, сартай нь дээрх хуудсанд байршуулдаг. Бид зөрчлийг нягтлан шалгаж, арга хэмжээ тооцоод, эргэж мэдээлдэг юм. Өнгөрсөн бямба гарагт Баянзүрх дүүргийн V хорооны нутагт “Тоёота приус” маркийн автомашины арын суудлын цонхоор бага насны хүүхдийг гаргаж, суулгасан зөрчил илэрсэн. Тухайн жолоочоос тайлбар авахад “Би таксинд явж байсан. Зорчигч өөрөө хүүхдээ цонхоор гаргасан” гэсэн. Тухайн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 50 000 төгрөгөөр торгосон. Аюулгүй байдлаа хангах шаардлагыг жолооч үйлчлүүлэгчид тавих үүрэгтэй. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хүүхэд өртсөн зам, тээврийн осол 200 бүртгэгдсэн. Ослын улмаас 29 хүүхэд эндсэн байна. 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгана, 140 см-ээс дээш өндөртэй хүүхдэд бүс богиносгогч хэрэглэх ёстой. Харин таксинд эцэг, эхчүүд бага насны хүүхдээ арын суудалд тэвэрч явах үүрэгтэй.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан зам, тээврийн ослын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манай албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам, тээврийн ослын 368 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Ослын улмаас зургаан хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алдсан. Хоёрхон хоногийн дотор зургаан явган зорчигч гэмтэж, эндлээ. Тодруулбал, энэ сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн IX хороо, Баянхошууны замд явган зорчигч 60 настай эрэгтэй О-г автобусны жолооч мөргөж, амийг нь хохироосон. Энэ сарын 23-нд Сүхбаатар дүүргийн XII хороо, “Сансар-32” худалдааны төвийн баруун талын замд согтуу жолооч гэр бүлийн хоёр хүнийг мөргөсний улмаас нөхөр нь амиа алдлаа. Түүнчлэн Баянзүрх дүүргийн XII хороо, “Тэнгэр” худалдааны төвийн урд замд “Тоёота приус” маркийн машины жолооч Г хоёр явган зорчигчийг мөргөж, нэгийнх нь аминд хүрэв. Энэ оны эхний хагас жилд зам, тээврийн ослоор 180 хүн амиа алдсаны 63 нь явган зорчигч. Өөрөөр хэлбэл, нас барсан хүний гуравны нэг нь явган зорчигч байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)