Б.Жалбаа: 78 насандаа дутуугаа гүйцээж яагаад чадахгүй гэж

“Греноблийн олимпод оролцсоноосоо хойш олон улсын тэмцээнд өрсөлдөөгүй байсан. 51 жилийн дараа, 77 насандаа дэлхийн шилдгүүдтэй хурд сориход үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байлаа. Улам хичээх урам авч, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх нөөцтэйгөө мэдэрсэн” гэж Бүжийн Жалбаа гуай хэлэв.

Залуудаа Монголын тэшүүрийн спортын өнгийг тодорхойлолцож, олимпод хоёр, ДАШТ-д нэг удаа оролцсон тэрбээр саяхан Японд болсон ахмадын олон улсын тэмцээнд түрүүлэхдээ улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн юм. Тэшүүрээс гадна үндэсний сур, шагайн харваагаар хичээллэдэг нь түүний онцлог. 

Үндэсний сурын ахмадын УАШТ-ий дөрвөн түрүүтэй Б.Жалбаа Монгол Улсын хүндэт мэргэн цолтой. Шагайн харвааны харьшгүй мэргэн цолтой тэрбээр улсын хоёр удаагийн аварга. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат түүнтэй ярилцлаа.

-1968 онд өвлийн олимпод хоёр дахь удаагаа өрсөлдсөнөөсөө хойш 51 жилийн дараа олон улсын тэмцээнд оролцоход юу бодогдож байв?

-Үнэхээр сайхан байлаа. Олимпод өрсөлдөж явсан үе минь бодогдон, их догдлов. 77 насандаа олон улсын тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Би 1970-аад оны эхэнд тэшүүрээс ялимгүй хөндийрч, дасгалжуулагч болсон. Гэхдээ бэлтгэлээ тогтмол хийсээр байв. 1973 онд Хөвсгөл аймагт зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-д оролцоод хүрэл медаль авсан.

Улсынхаа шилдгүүдтэй сүүлчийн удаа өрсөлдсөн минь тэр. Ер нь 1975 оноос дасгалжуулагчийн албанд бүрэн шилжлээ. Тухайн үед Монголд ахмадын ангиллын тэмцээн болдоггүй байсан тул өрсөлдөх боломж байгаагүй. Тэгж байтал 2006 онд ахмадын УАШТ анх удаа болсон ч Хөвсгөлөөс ирж оролцож чадаагүй. Эл тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тул 2008 онд оролцоод түрүүлсэн. 

Түүнээс хойш тасралтгүй хурд сорин, улсынхаа шилдэг болсоор өдий хүрлээ. Ер нь олон улсын тэмцээнд оролцох бодол хоёр жилийн өмнө төрсөн. Гэвч хөдөөнөөс ирж өрсөлдөхөд хүндрэлтэй байлаа. Энэ жил би Улаанбаатар хотод өвөлжиж байна. Нийслэлд амьдраад бэлтгэл хийн, тэмцээнд оролцоход хамаагүй амар, бас төсөр. Олон жил тээсэн хүсэл минь 2019 онд биелж, Японд анх удаа болсон тэмцээнд Монголоос зургуулаа оролцлоо. 

Тэмцээний өмнө тэд ахмадын УАШТ-ээ зохион байгуулж, шилдгүүдээ бидэнтэй өрсөлдүүлэв. Би 75-80 насны ангилалд хурд сориод түрүүллээ. Тэгэхдээ эхний өдөр 500 метрийн зайд нэг минут, хоёр секунд тэшин, өөрийнхөө эзэмшдэг Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн. Маргааш нь 59.6 секунд гүйн, түүнийгээ ахиуллаа.

-Бэлтгэлийн үеэр хэдэн секунд тэшиж байв. Тэмцээний үеэр түүнийгээ ахиулсан уу, эсвэл хараахан хүрч чадаагүй юу?

-Өмнө нь ийм богино хугацаанд тэшиж байгаагүй. Хамгийн багадаа л минут, 10 секундэд гүйсэн. Энэ удаа ийм амжилт гаргахад цаг агаарын нөхцөл, тэмцээн болсон газрын мөс их нөлөөллөө. Цаашид улам хичээх урам авч, дэлхийд өрсөлдөх нөөцтэйгөө мэдэрсэн. Сэтгэл их өөдрөг байна.

-Улаанбаатарт бэлтгэлийн зориулалтын талбай нүдний гэм. Та тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн хийв?

-Тэмцээнд оролцохоос хэдхэн хоногийн өмнө Хандгайтад мөсөн талбай барьсан. Тэнд дөрөвхөн хоног бэлтгэл хийгээд Японыг зорилоо. Би одоо бэлтгэлээ долоо хоногт 4-5 удаа базааж байна. Хандгайт хол болохоор очиж, ирэх гэсээр байтал хамаг цаг өнгөрчихдөг. Хотын төвөөс автобус дамжин явсаар байтал үд дунд болчихно. Бэлтгэлээ нэг цаг хийгээд наашлахгүй бол оройтчихдог. Замын түгжрэл гэж айхтар зүйл байх юм.

-Олимпод оролцсон Монголын анхны тамирчдын нэг нь та. Тэшүүрийн спортод хэрхэн хөл тавьж байв?

-Би Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумд төрж, өссөн. Манай аймаг өвлийн спортын өлгий нутаг. Тэр тусмаа Цагаан-Үүр сум бүр ч онцгой. Дээхнэ үеэс цаначин, тэшүүрчдээрээ алдартай. Ийм сайхан нутагт төрсөн нь тэшүүрчин болоход их нөлөөлсөн. Хөрөөний төмрөөр урласан тэшүүрээр гулгаж суран, 1954 онд эл спортод хөл тавьж билээ.

Хичээллэж эхэлснээсээ хойш гурван жилийн дараа Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон, амжилтын амтыг мэдэрч эхэлсэн юм. Дараа нь аймгийнхаа аварга болж, улсынхаа шилдгүүдтэй өрсөлдөв. Тухайн жилүүдэд медалиас мултраагүй. Тэгж явсаар 1962 онд улсын шигшээ багийн тамирчин болж, хоёр жилийн дараа спортын мастер цолны болзол хангасан.

Тэр жил Монгол Улс олимпод анх удаа оролцоход тамирчдын бүрэлдэхүүнд нь багтсан азтай хүн. Австри улсын Инсбрук хотод болсон ес дэх удаагийн олимпод хурд сорин, анхдагч болсноороо бахардаг.

-“Инсбрук-1964”-т хурд сорих болзлыг та хэрхэн хангасан бэ?

-Тухайн үед Монголын тэшүүрийн шигшээ баг 12 тамирчинтай байв. 1964 оны нэгдүгээр сард бид Казахстанд хамтарсан бэлтгэл сар гаруй хийсэн. Бэлтгэлийн үеэр бидний дунд гурван удаа сорилт хийн, амжилтаараа тэргүүлсэн таван тамирчныг сонгоход нь би багтсан юм. 

Тэгж 22 насандаа “Инсбрук-1964”-т оролцох болзол ханган, Гавьяат тамирчин Л.Цэнд, Л.Дашням, Ц.Лхамжав, олон улсын хэмжээний мастер Ц.Гүржав нарын хамт Австрийг зорьж билээ. Олимпод анх оролцож байгаа биднийг гадаадынхан их сонирхсон. Үнэнийг хэлэхэд тухайн үед гадаадынхан Монгол Улсын тухай төдийлөн мэддэггүй байв. Биднээс “Япон хүн үү, хятад уу” гэж асууна. Монгол хүн гэхээр “Тийм улс байдаг юм уу” гэж гайхна.

Тэр ч бүү хэл оросууд ч биднийг мэддэггүй байсан шүү дээ. Монгол Улсын тугийг олимп болсон цэнгэлдэхийн гадна залах ёслолын өмнө хэчнээн их сандарч, догдолсон гэж санана. Улсын минь туг хэчнээн сайхан харагдах бол гэж их догдолсноос ч тэр үү, нойр хүрээгүй. Арайхийж үүр цайлгаад босов. Тэгээд л туг өргөх ёслол эхэллээ. 

Хүндэт харуулууд Монгол Улсын тугийг олимпын тэнгэрт залсан мөч үнэхээр сайхан. Хэчнээн сайхан харагдсан гэж санана, улсын минь туг (уйлав). Уучлаарай, энэ тухай ярихаар сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй уйлчихдаг юм.

-Та бүхэн Төрийнхөө далбааг мандуулан алхсаар олимпын нээлтэд оролцож, хурд сорьсноор хөрш орныхон нь ч мэддэггүй байсан Монгол Улс дэлхийд танигдсан уу?

-Тэгсэн. Олимпын нээлтэд манай улсын тугийг Гавьяат тамирчин Л.Цэнд мандуулан, орчуулагч Болийн хамт тэргүүн эгнээнд алхсан. Өвдгөө татсан урт үстэй Боль монгол дээл өмссөн нь хүмүүсийн анхаарлыг их татаж билээ. Нээлтэд алхаж явснаа өчигдөр болсон мэт тод санаж байна.

Ер нь гадаадынхны анхаарлыг бид хамгийн их татсан. Монгол гэж тусгаар тогтносон ийм улс оршдогийг дэлхийд тэгж мэдрүүлж билээ. Үнэндээ бидэнд медаль хүртэх тухай бодол огт байгаагүй. Юу юунаас илүү эх орноо дэлхийд сурталчлах, туршлагажих л чухал байв. Олимпод анх оролцохдоо хэддүгээр байрт шалгарснаа мартчихжээ. 

Бид тавын хоёр нь бурхан болсон. Л.Цэндтэй утсаар үргэлж холбоо барьдаг. Ц.Лхамжав Багануурт амьдардаг. Бие нь жаахан чилээрхүү байгаа дуулдсан.

-1968 онд хоёр дахь олимпдоо хурд сориход медаль санаанд тань багтсан уу. Та ямар зорилготой өрсөлдсөн бэ?

-Үнэндээ тийм бодол байгаагүй. Тэр жил тэшүүрийн төрөлд Л.Цэнд, Л.Дашням бид гурав оролцов. Л.Дашням бид хоёр 500, 1000, Л.Цэнд 5000, 10 000 метрийн уралдаанд хурд сорьсон юм. 

Өмнөх олимпод гаргасан амжилтаа ахиулах, улсынхаа рекордыг шинэчлэх л зорилготой байсан. Түүнээс биш медаль авахын төлөө өрсөлдсөн гэвэл худал ярьсан болно. Өнөөгийн тамирчид ч олимпоос медаль горьдох болоогүй ээ, хаа ч байсан юм бэ.

-Б.Жалбаа гуай ойрын зайд улсдаа шилдэг байсан тэшүүрчин. Улсынхаа хэдэн удаагийн аварга билээ?

-Нэг удаа улсын аварга болсон. Бүх ард түмний спартакиадад нэг түрүүлсэн. Ойрын дөрвөн зайн ангилалд жигд амжилт гаргадаг байсан би улсынхаа дээд амжилтыг дөрвөн удаа шинэчилсэн.

-Та УАШТ-д 500, 1000 метрт л гэхэд олон удаа түрүүлсэн шүү дээ. Тэгсэн мөртлөө яагаад ганцхан удаа улсын аварга болсон гэж.

-Тийм ээ, би ойрын зайд олон жил улсдаа түрүүлж, урдаа тэшүүрчин гаргаж үзээгүй. Гэхдээ би дөрвөн зайн нийлбэрээр ганцхан удаа тэргүүлсэн. Тийм учраас ингэж хэлсэн юм. Улсын аваргын төлөөх гол өрсөлдөөн Л.Цэнд, Л.Дашням бид гурвын дунд өрнөдөг байлаа. Би 500, 1000, 1500 метрийн зайд түрүүлдэг ч холын зайд Л.Цэндийг гүйцдэггүй байв.

-Өнөөгийн тэшүүрчид нэг зайд түрүүлснийгээ улсын аварга боллоо гэдэг шүү дээ. Тэгэх нь амжилтаа дөвийлгөж байгаа хэрэг үү?

-Харин тэгээд л байх юм, би гайхдаг. Миний үеийн тамирчид дөрвөн зайд гаргасан амжилтынхаа нийлбэрээр бусдыгаа тэргүүлж чадахгүй бол улсын аварга болсон гэж тооцдоггүй байв. Одоо даанч тэгэхээ больжээ.

-Греноблийн олимпод хурд сорин, амжилт ид гаргаж явахдаа тэшүүрээс хөндийрсөнд тань спортын хүрээнийхэн өдгөө ч гайхдаг. Тэмцээнд оролцохоо больж, дасгалжуулагчийн албанд шилжихэд юу нөлөөлөв?

-Олимпод дахин оролцох боломж надад байсан. Тухайн үед миний амжилт огт буураагүй. Харин ч эсрэгээрээ ахисаар байв. Гэтэл тэшүүрээр тууштай хичээллэн, хүний дайтай амьдрах итгэл багасан, сурахаар шийдсэн. 

Өөрийн хүсэлтээр хоёрдугаар шигшээ багийн тамирчин болж, Анагаах ухааны дээд сургуульд эмчилгээний ангид элсэв, 1968 онд. Боловсролдоо анхаарахын сацуу залуу тамирчдад боломж олгох, дэмжихийн тулд тэгсэн хэрэг. Нэгдүгээр дамжаанд сурсныхаа дараа цэргийн албанд татагдсан.

-Тийм хожим уу?

-Тийм ээ, 26 насандаа. Тэгж явсаар тэшүүрээс хөндийрч, уралдахаа аажмаар больсон. Гэхдээ өнөөг хүртэл бэлтгэлээ огт цалгардуулаагүй нь өдий насандаа гулгахад их дэм болж байна.

-Л.Цэнд тэргүүтэй дөрвөн монгол тамирчин 1972 онд Саппорогийн олимпод оролцсон. Хэрвээ тууштай зүтгэсэн бол гурав дахь олимпдоо өрсөлдөх байсан гээд харамссан уу?

-Ёстой тэгж бодож, харамсаагүй. Цэргээс халагдсаныхаа дараа “Хөдөлмөр” нийгэмлэгт дасгалжуулагчаар гурван жил ажилласан. Тэшүүрийн уран чадварыг дээшлүүлэх сургуулийг Хөвсгөл аймагт 1975 онд байгуулж, багшаар ажиллах санал надад тавьсан юм. Тэгж нутагтаа буцаж очив. 

Тэнд ажиллангаа аймгийнхаа Биеийн тамир, спортын газарт үндэсний сурын дасгалжуулагч хийсэн. Тухайн үед улсын мэргэн Жүгдэрхүү, Шарав тэргүүтэй олон шилдэг харваач байв. Тэд дасгалжуулахынхаа хажуугаар харвахыг надад зөвлөсөн юм. Тэгээд л үндэсний сурын спортод хөл тавьсан хүн дээ, би. Төрийн наадамд 10 гаруй жил харвалаа. Монгол Улсын хүндэт мэргэн цолтой, спортын мастер.

Ахмадын УАШТ-д дөрөв түрүүлж, долоон удаа шөвгөрсөн. Монголын үндэсний сурын холбооны шилдэг ахмад харваачийн шагналыг 2018 онд хүртлээ. Одоо ОБЕГ-ын “Эрч” спорт хороонд үндэсний сурын дасгалжуулагчаар ажиллаж байна. Сүүлийн хоёр жил Монголын үндэсний сурын холбооны шилдгийн шилдэг дасгалжуулагч болсон.

-Ер нь хэдэн шавьтай вэ?

-Өө, ёстой олоон. Үндэсний сур, шагайн харваа, тэшүүрээр бэлтгэдэг шавийнхаа тоог нь барагцаалахад ч бэрх. 2018 онд л гэхэд үндэсний сураар хичээллэдэг 12 шавь минь спортын мастер боллоо.

-Ойролцоогоор хэд бол?

-Улсын мэргэн Пунсалдулам, Сосорням тэргүүтэй 1000 гаруй лав бий.

-Та бас шагайн харваагаар хичээллэдэг. Одоогоор ямар амжилт гаргаад байгаа вэ?

-УАШТ, Цомын аварга шалгаруулах тэмцээнд хоёр түрүүлж, дөрөв шөвгөрсөн. Харьшгүй мэргэн цолтой. Үндэсний сур, шагайн харваа, тэшүүрийн бэлтгэлээ жигд хийдэг. Аль нэгийг нь онцгойлдоггүй.

-Тэшүүрийн спортоор гаргасан таны амжилт нэлээд жин дарна. Гэтэл өнөөг хүртэл Гавьяат байтугай олон улсын хэмжээний мастер цол аваагүйд тань олон хүн гайхдаг юм билээ. Та яагаад ОУХМ болоогүй юм бэ?

-Үүнийг хүмүүс их гайхдаг. Хэвлэлийнхэн хүртэл ОУХМ цолтой гээд андуураад биччихдэг. Олимпод хоёр, ДАШТ-д нэг удаа өрсөлдсөн би тэшүүрийн спортоор 65 жил хичээллэж байна. Насанд хүрэгчдийн ангилалд УАШТ-ий нэжгээд, олон улсын тэмцээний 10-аад медальтай. ОУХМ цолны болзлыг залуудаа хангасаан.

-Энэ талаар та хөөцөлдсөн үү?

-Үгүй ээ, ОУХМ цолоо авъя гээд гүйлтэй биш. Би ер нь алдар нэр, гавьяа шагналын араас хөөцөлддөг хүмүүсийг ер ойлгодоггүй. Тэгэх ёстой дургүй.

-Ярилцлага авахаар ирэхийнхээ өмнө судлахад тоймтой ярилцлага, нийтлэл ер олдсонгүй.

-Аргагүй ээ, би 1975 оноос хойш өнгөрсөн жил хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн хотод амьдарсан. Нийслэлээс хол байсан болохоор сэтгүүлчид ярилцлага авахад хүндрэлтэй байсан болов уу. Түүнээс биш нэг их зугтаж, олноос нуугдсан юм байхгүй ээ.

-Гурван хүүхэдтэй гэсэн. Аавынхаа авьяасыг өвлөж, амжилтыг нь үргэлжлүүлж яваа хүүхэд бий юү?

-Хоёр хүү минь үндэсний сур, шагайн харваагаар хичээллэдэг. Хоёулаа аймгийн мэргэн цолтой.

-Энэ жил тэшүүрийн ахмадын ДАШТ-д оролцох уу?

-Оролцоно. Би ойрын зайд өрсөлдөхөөр төлөвлөсөн. Энэ жил ДАШТ хоёрдугаар сард Нидерландад болно. Эл улсад 1965 онд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д 23 настайдаа өрсөлдөж байлаа. Дэлхийн дэвжээнд анх өрсөлдсөн нутагтаа 54 жилийн дараа дахин очих гэж буйдаа их бэлгэшээж байна.

Үнэнийг хэлэхэд одоохондоо өрсөлдөгчдөө судалж амжаагүй явна. Канад, Норвег, ОХУ-ын тэшүүрчид бүх насны ангилалд дэлхийд ноёрхдог. Би дараа жил ахмадын олимпын наадамд хурд сорих бодолтой. Эл наадам Австрийн Инсбрук хотод болох юм билээ.

Олимпод анх өрсөлдсөн орондоо 78 насандаа мөрөө гаргана гэж бодохоор сайхан байна. Бэлтгэлээ сайн хийн, хичээж байгаад заавал оролцоно. Дутуугаа гүйцээж яагаад чадахгүй гэж. Залуудаа олимп, ДАШТ-д оролцож явсан дурсамж хөврөөд хэчнээн сайхан байх бол оо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)