Б.ДҮҮРЭНБАЯР: Хөвсгөл далай дээгүүр 130 км гулгаж, гэртээ ирсэн

Монголын теннисний холбооны өсвөрийн тамирчдын дасгалжуулагч, спортын мастер Б.Дүүрэнбаяртай талбайн теннис, тамирчны бие бялдар, сэтгэхүйг хэрхэн хөгжүүлдэг, спортын бусад төрлөөс ямар давуу талтай, хичээллэхээсээ өмнө юу мэдсэн байх хэрэгтэйг уншигчдад хүргэхээр ярилцлаа. Тэрбээр эх орондоо энэ спортыг хөгжүүлэхийн тулд 30 жил амрах завгүй шахам ажиллахдаа арвин туршлага хуримтлуулжээ. Шавийн эрдэм багшаас гэдэг. Өдгөө түүний удирдлагад хичээллэсэн өсвөрийн тамирчид тив, дэлхийн томоохон тэмцээнд амжилт гарган, Монголынхоо нэрийг дэлхийд таниулсаар байна. Талбайн теннисээр чадварлаг тамирчид бэлтгэж, дэлхийн тавцанд гаргах гэсэн буурал дасгалжуулагчийн мөрөөдөл, зорилго нь биелэхэд тун ойртжээ.

-Монголд талбайн теннисийг хөгжүүлэхийн төлөө олон жил уйгагүй хөдөлмөрлөснийг тань спортынхноос сонсож байлаа. Өнгөрсөн хугацаанд 1000 гаруй тамирчин бэлтгэснийг бодоход та тухалж амрахаа хойш тавьдаг байсан бололтой.

-Би талбайн теннистэй нөхөрлөөд 30 жил болж байна. 1985 онд ОХУ-ын Ленинград хот, одоогийн Санкт-Петербургийн цэргийн академид сурдаг байхад хөрш байрны залуу цохиураар жижиг ногоон бөмбөг хана руу цохиж өнжинө. Янз бүрийн зүйлд өөрийгөө сорих дуртай надад түүний хичээллэж буй спорт их таалагдсан. Тэр даруй бөмбөг, цохиур худалдан авч хичээллэв. Оролдох тусам сонирхол төрж, амьдарч буй хот, сурдаг сургуулийнхаа талбайн теннисний тэмцээнийг үздэг болсон. 1990 онд Монголд мэргэжлийн дасгалжуулагч нар ирж, сургалт зохион байгуулан, талбайн теннис хэрхэн тоглох талаар заалаа. Одоо бодоход тэдний заасан хичээл дэлхийн хэмжээний онол байж. Хожим теннисний алдартай дасгалжуулагчдын хэвлүүлсэн ном, сэтгүүлийг уншиж байхад тэдний заасан хичээлтэй яв цав таарсан. Тэр үед Японы ахмад дасгалжуулагчийн заасан бүхнийг толгойдоо компьютерийн хард шиг мартахааргүй хадгалж үлдсэн.

-Та тэшүүр, бөх, буудлага, шатрын спортоор хичээллэсэн гэдэг. Насны залууд олон зүйлд өөрийгөө сорьж, багагүй туршлага хуримтлуулснаа одоо ч харуулсаар яваа гэх юм билээ.

-Залуу насны сониуч зангаар олон спорт сонирхсон. Хамгийн анх хичээллэсэн спорт бол тэшүүр, дараа нь бөх, шатар. Үндэсний бөхөөр армийн идэрчүүдийн аварга болж, самбогоор мөнгөн медаль зүүж байлаа. Жин багатай байсан тул бөхөөр дорвитой амжилт гаргахгүй нь гэж бодоод шатар сонирхсон. Цэргийн байгууллагад ажилладаг тул бөхөөр хичээллэх зав бага гардаг байв. Дуртай юм хойно яах вэ дээ, хэд хоног бэлтгэл хийгээд тэмцээнд оролцоно. Чөлөөт бөхийн дасгалжуулагч Ж.Дамдинсүрэн, Ч.Өвгөнхүү багш нар “Энэ хүү бөхөөр тууштай хичээллэвэл амжилт гаргах магадлалтай” гэж дэмждэг байлаа. Зав багатай ажлынхаа онцлогоос болоод барилдалгүй орхисон. Харин шатраа хаяагүй шүү. УИХ-ын даргын нэрэмжит шатрын тэмцээн Төрийн ордонд зохион байгуулахад дөрвөн жил дараалан оролцож, тусгай байрт шалгарсан. Би Хөвсгөлийн Ханх сумын харьяат. Хүүхэд байхдаа нуурын мөсөн дээр өдөржин тэшүүрээр гулгана. Аравдугаар ангийн сурагч байхдаа Мөрөнд болсон шатрын тэмцээнд оролцоод иртэл сурагчдын амралт эхэлж, хүүхдүүд харихаар явсан байлаа. Тэмцээнд оролцсон хоёр нөхөртэйгөө хамт тэшүүрээ углаж аваад 130 км зам туулж, гулгасаар гэртээ ирж билээ. Бас болоогүй ээ, буудлагын спортоор хичээллэх гэж үзсэн. Нэг өдөр гадуур явж байтал Их дэлгүүрийн ойролцоох байрны хонгилд хүмүүс буудлагын бэлтгэл хийж байхыг харлаа. Хэд хоног сургуулилалж байгаад Дотоодын цэргийн 50 жилийн ойн баярын тэмцээнд оролцохоор нэрээ бүртгүүлчихэв. Тэмцээний шүүгч “Та сайн буудаж байна, II байрт шалгарлаа” гэв. Цэргийн байгууллагынхан автомат бууны хэвтээ, босоо, суугаа байрлалд тэмцээн зохион байгуулдаг юм. 10 сумаар нэг ч алдалгүй оноход шүүгчид “Энэ ёстой дэлхийн хэмжээний амжилт байна” гэж урам хайрлахад зарим нь “Өө, нэг ч сум алдахгүй ононо гэдэг худлаа. Хажуу талынх нь оролцогч алдаж буудсан байх” гэж байна. Тэгэхээр нь “Оролцогч болгон 10 сумаар буудсан. Хүнийхтэй нийлбэл 11 сум болохгүй яасан юм” гээд маргаж билээ.

-Хүмүүс Эрээнээс гахай үүрч, ганзагын наймаанд явдаг байхад Монголд спортын салбар хөгжих, эсэх нь тун эргэлзээтэй байсан. Спортод сэтгэлтэй нь бууриа сахисан тэр үед та дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн гэдэг.

-Тийм ээ, надад ч гэсэн тэдэн шиг урагшаа, хойшоо явж, наймаа хийдэг юм уу гэх бодол төрөхөд гэрийнхэн минь хүлээж аваагүй. Тэгтэл ЭМЯ-нд софт теннис хөгжүүлэх дасгалжуулагч хэрэгтэй байна, чи тийшээ очиж ажилла” гэсэн санал ирлээ. Тэр үед манайх Таван шарын байранд амьдардаг байв. Өглөө таван цагт босож, гурван хүүхдээ дагуулан очоод заалыг нь цэвэрлэж, бэлтгэл сургуулилалт хийлгэнэ. Манай хоёр хүү софт теннисээр хичээллэн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. 1999 онд Тайванийн Тайпэй хотод болсон тэмцээнээс хүү Баярцогт, 2007 онд БНСУ-ын Ансан хотод зохион байгуулсан тэмцээнд Эрдэнэбаяр минь өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн. Айлын хүүхдүүд спортын нэг төрлөөр хичээллэх нь амар байдаг. Манай хүүхдүүд спортод дуртай. Эрхэмбаяр хүү минь шатраар хичээллэдэг, Олон улсын шатрын холбооны мастер цолтой. Филиппинд болсон Азийн оюутны АШТ-д оролцож, аварга болсон. Дэлхийн шатрын олимпиадад гурван удаа өрсөлдсөн. Охин минь софт теннисээр олон улсын тэмцээнд өрсөлдөж, өндөр амжилт гаргалаа. 13 настайдаа улсын аварга болж, бүсийн тэмцээнээс мөнгөн медаль өвөртөлж байв. Миний зургаан хүүхдээс дөрөв нь спортоор хичээллэдэг.

БАЙРНЫХАА ГАДНАХ ТЕННИСНИЙ ТАЛБАЙГ “ТАВАН ШАР КЛУБ” ГЭЖ НЭРЛЭСЭН

-Та уригдаж ажилласан сургууль бүртээ теннисний талбай байгуулсан юм билээ.

-Цэргийн байгууллага, боловсролын салбарт тус бүр 20 жил ажиллалаа. “Ирээдүй” цогцолбор сургуульд багшаар анх ажиллаж, сурагчдад талбайн теннис заахдаа теннисний хоёр ч талбай байгуулсан. Дараа нь “Эрэл” сургуульд биеийн тамирын багшаар уригдаж, Б.Эрдэнэбат захиралд теннисний талбайтай болох санал тавьсан юм. Тэрбээр сургуулиа теннис, гимнастик, сагсан бөмбөг, волейболын талбай, заалтай болгосон. Би хаана шинэ заал ашиглалтад орно, тэнд теннисний талбай байгуулж болох, эсэхийг танадаж явдаг хүн шүү дээ. “Ирээдүй” цогцолбор сургуульд ажилладаг байхдаа шороон талбай байгуулах аргыг сурсан. Талбайн теннисний томоохон тэмцээнүүд шороо, зүлэг, зориулалтын хатуу талбайд болдог юм. Шороон талбай байгуулахад нэгт өртөг бага, хоёрт тамирчид бэртэж гэмтэхгүй давуу талтай. Багшлахын зэрэгцээ дасгалжуулагчаар ажилласан. Хэдэн сургуулийг теннисний талбайтай болгочихлоо гээд зүгээр суугаагүй. Гавьяаныхаа амралтад гарсан ч оршин суудаг байрынхаа гадна теннисний талбай байгуулсан. Талбай байгуулахын тулд зөвшөөрөл авах гэж олон байгууллагын хаалга татаж, удирдлагатай нь уулзсан. Нийслэлийн газрын албаныхантай уулзтал “Нийтийн эзэмшлийн газар манайд хамаарахгүй, Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлийнхөнтэй уулз” гэв. Тэдэнтэй уулзахад зөвшөөрч “Бидний хийх гэж буй ажлыг та хийхээр зорьж байгаа юм байна. Байрныхаа оршин суугчдаар гарын үсэг зуруулаад, зөвшөөрвөл талбай бариулж болно” гэлээ. Хөөцөлдсөн ажил минь санаснаар болж, талбай байгуулж, тохижуулаад “Таван шар клуб” гэж нэрлэсэн.

-Монголд теннисний талбай байгуулахад орчин, нөхцөл нь хэр тохиромжтой байдаг вэ. Ажиглахад гаднах талбайг хүмүүс тэр бүр ашиглах нь бага харагдах юм.

-Талбайн теннис гадаа тоглоход тохиромжтой. Монголын орчин, нөхцөлд шороон талбай байгуулахад хүндрэлтэй. Учир нь хавар, намарт хуурайшилт ихтэй болохоор шороогоор шуурч, бэлтгэл хийхэд тухгүй. Тиймээс резин, эсвэл хиймэл зүлэгтэй байх нь хамгийн тохиромжтой. Европын орнууд чийглэг уур амьсгалтай тул шороон талбай олон байдаг. Миний хувьд манайд битүү заалтай байх нь илүү дээр гэж боддог. Өчнөөн хөрөнгө зарж байгуулсан сагсан бөмбөг, хөлбөмбөгийн гаднах талбайг өвөл ашиглах боломжгүй. Урин дулаан орсон ч зуны амралт эхлэхээр хүмүүс аялж, амардаг тул бага тоглодог. Теннисний спортоор амжилт гаргах зорилготой тамирчид цаг хугацааг ашиглаж, зун бэлтгэл хийдэг юм. Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Ц.Ганхүү намайг дэмжиж, зааландаа үнэ төлбөргүй сургалт явуулахыг зөвшөөрснөөр дүүргийн багш нараас теннисний дасгалжуулагч бэлтгэх сургалт хийсэн. Гэр хорооллын хүүхдүүдээс тамирчин бэлтгэхээр анхан шатны сургалт хийж байтал коронавирусийн халдвар гарсны улмаас хойшлуулсан. Монголд талбайн теннисний тамирчид орон нутаг, гэр хорооллоос төрөх магадлал их бий. Амьдралын ухаан, сэтгэхүйн тооцоолол, төлөвлөх нарийн мэдрэмж нь сайн хөгжсөн байдаг. Монголын жүдо бөх, теннисний холбоо сүүлийн үед орон нутгаас тамирчид бэлтгэх бодлого баримталж байгаа. Өнгөрсөн жил холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батжаргалтай хамт Орхон аймагт очиж нэг хүүхэд шалгаруулж авсан. Түүний ахыг Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч бэлтгэл хийлгэж үзээд тамирчин болгохоор сонгосон. Би дэлхийн олон улсад хөл тавьж үзлээ. Гадаадынхан спортыг ойлгож хүлээх авах хандлага, амьдралын хэв маяг өөр. Тэд ажлаа тараад дуртай спортоороо хичээллэн, стрессээ тайлж, эрч хүч авах жишээтэй. Гэтэл монголчууд гэртээ ирэхээрээ нөхөр нь зурагт үзнэ, эхнэр нь оройн хоолоо зэхнэ. Товчхон хэлбэл, ахуйн хүрээний асуудлаас хэтэрдэггүй.

-Талбайн теннисээр хичээллэдэг тамирчид таны тухай ярих дуртай. “Хавай” спорт клубийн өсвөрийн тамирчид амжилт гаргаж, Монголыг дэлхийд таниулж байна. Таны удирдлагад бэлтгэл хийсэн хүүхдүүд гэсэн.

-Залуу тамирчид бэлтгэх зорилгоор олон сургуулиар орж, захиралтай нь уулзсан.Тэгтэл “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар хэдэн охин надаар дасгалжуулахаар дагуулж ирлээ. Түүнд энэ спортыг хөгжүүлж, сайн тамирчин бэлтгэх зорилготой байгаагаа уламжлахад саналыг минь хүлээж авсан. Түүний дэмжлэгээр талбайн теннисний залуу тамирчид бэлтгэж, бэлтгэл хийх тохьтой заалтай болсноор амжилт гаргаж эхэллээ. Ямар ч спорт эдийн засгийн дэмжлэгт тулгуурлаж хөгждөг. Тиймээс тодорхой хэмжээгээр хөрөнгө зарцуулж байж урагшилна. Залуу тамирчдыг бэлтгэхийн тулд тус групп чамгүй хөрөнгө зарцуулж, хүчин чармайлт гаргасан. Тууштай хичээллэж буй тамирчдыг шагнаж урамшуулах, дасгалжуулагч багш нарыг цалинжуулан, тэмцээнд оролцох зардлыг даах зэргээр харамгүй гар сунгадаг. Өнгөрсөн хоёрдугаар сард Индонезийн Жакарта хотод болсон 16 хүртэлх насныхны “Fed cup” багийн ДАШТ-ий Ази тивийн урьдчилсан шалгаруулалтад тоглосон гурван тамирчин Монголдоо ирж чадахгүй тэнд 40 хоног хорио цээрийн дэглэмд байсан. Охидын байрласан байр, хоол хүнс, ирэх, очих зардлыг “Макс” групп хариуцаж байлаа. Спортод дэмжлэгээс гадна сэтгэлтэй байх нь бас чухал.

ТАМИРЧИН БОЛОХ ХҮҮХДИЙН НҮД ГЯЛАЛЗАЖ БАЙДАГ

-“Хавай” спорт клубийн дасгалжуулагч Ан Жэ Сон таны шавь нарын авьяас, ур чадварыг их үнэлдэг гэж сонссон.

-Миний хувьд нас өндөр боллоо. Амжилт үзүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчдаа БНСУ-аас Монголд ирж дасгалжуулагчаар ажиллаж байгаа Ан Жэ Сонд даатгасан. Тэрбээр 2008 онд Катарын Дохад болсон талбайн теннисний Азийн наадмын аварга. Түүний дүү Ан Жэ Хён мөн дасгалжуулагч. Мэргэжлийн тамирчид зориулалтын бус зааланд бэлтгэл хийхээр амжилт төдийлөн гаргадаггүй. “Хавай” спорт клубийн заал олон улсын стандартад нийцсэн зориулалтын талбайтай. Ах, дүү дасгалжуулагчид Монголд энэ спортыг хөгжүүлэхийг зорьж, дэлхийн хэмжээний тамирчид төрөх авьяас, ур чадвар, боломж, нөөц байгааг олж харснаар аав нь тус спорт цогцолборыг барихад тусалж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэдэг. Азийн томоохон тэмцээнд Ч.Маралгоо, Ч.Марта, Б.Эрхбилгүүн, Г.Есүгэн, Х.Номин нар тэргүүлж байна. Би олон тэмцээнд улсын шүүгчээр ажилласан. Одоо дасгалжуулагчийн зөвлөхөөр ажилладаг. Шүүгчээс илүү дасгалжуулагчийнхаа ажилд дуртай.

-Талбайн теннисний тамирчдыг хэдэн наснаас нь сонгон авч хичээллүүлдэг юм бэ. Энэ спортоор хичээллэдэг тамирчид өсвөр насандаа амжилт илүү гаргасан байдаг юм билээ.

-Тамирчин болох хүүхдийн нүдийг харахад андашгүй, гялалзаж байдаг. Дасгалжуулагч хүн спортын шинжлэх ухааныг сайн судалсан байх ёстой. Би эрдэмтэн судлаачидтай уулзаж, энэ талаар ярилцдаг. Спортоор хичээллэж буй хүүхдийн мэргэжлийн тамирчин болох суурь 4-12 насанд түлхүү хөгждөг. Тухайлбал, бие бялдар, сэтгэхүй, хөдөлгөөний тэнцвэр, эв дүй, авхаалж, самбаа, орон зайг мэдрэх мэдрэмж, аливаа зүйлийг ухамсарлан ойлгох чадвар сайн байдаг. Харин 12 наснаас хойш энэ давуу чанарууд нь удааширдаг. Миний хувьд онолын дагуу бага насны хүүхдүүдийг бэлтгэж, залуу дасгалжуулагчийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллүүлэхээр хүлээлгэж өгдөг. Хүүхдийн тамирчин болох суурийг багаас нь хөгжүүлбэл амжилт гаргахад дөхөм. Суурь нь сайн хөгжөөгүй тамирчнаас амжилт хүлээх амаргүй. Талбайн теннисний тамирчдыг таван наснаас нь эхэлж сонгодог. Ирээдүйд сайн тамирчин болоход юу хэрэгтэй вэ гэдгийг танихын тулд эцэг, эхийг нь судална. Тухайн хүүхдийн гэр бүлийнхний амьдралын хэв маяг, хандлага, мэдлэг боловсролын түвшин ямар байгааг мэдэх хэрэгтэй. Миний дасгалжуулсан өсвөрийн тамирчдаас Ч.Маралгоо, Ч.Марта нар амжилт гаргаж байгаа. Ээж нь Онцгой байдлын газарт ажилладаг байхдаа охидоо “Аврагч” спорт хороонд бэлтгэл хийлгэж, надад шавь болгохоор дагуулаад ирсэн. Тэр үед Л.Чогсомжав охидынхоо бэлтгэл хийхийг харж суудаг байв. Түүнд “Чи зүгээр харж суухаар надтай хамт бэлтгэл хий, тоглож сур” гээд бөмбөг, цохиур өгөхөд удалгүй сурсан. Сурагчдын зуны амралт эхлэнгүүт охидыг гэртээ байлгаж, өдөрт гурван удаа бэлтгэл хийлгэсэн. Тэдний амжилт маш хурдан ахисан шүү. Миний бэлтгэсэн тамирчдын тоглохыг хараад дасгалжуулагч Ан Жэ Сон магтдаг л юм. Тэрбээр “Надад сайн тамирчид бэлтгэж өгсөн танд баярлалаа” гэдэг.

-Спортын талбар бол тулаан шүү дээ. Тэмцээний өмнө шавь нартаа ямар тактикаар тоглохыг зөвлөдөг вэ?

-Тамирчин хүн өөрийнхөө хийж чадах зүйлийг төгс эзэмшсэн үедээ өөртөө итгэлтэй болдог. Талбайн теннис ухаан, ур чадвар, авьяас шалгасан спорт. Өрсөлдөгчөө үйлдэл хийхээс нь өмнө тооцоолдог тул яг шатартай адил. Тамирчдадаа “Хожил авах гэж яарч бүү цохь. Боломжтой бөмбөг ирэхэд алдахгүй оноо болго. Алдаа гаргаж мэдэх бөмбөг ирвэл шийдвэрлэх цохилт хийж болохгүй” гэдэг. Би цэргийн хүн байсан болохоор тоглолтод тактик хэрэглэхийг заадаг. Давших, хамгаалах, тулгарах тоглолт хийх талаар зөвлөдөг юм. Хүчтэй өрсөлдөгчтэй таарвал эхний үед хамгаалах тоглолт хий. Хожихын тулд давшиж тогло, бүр болмооргүй бол хамгаалалт хийн, сөрж довтол. Тоглож байхдаа салхины зүг, чигийг сайн тооцоолж, бөмбөгөө цохь” гэж хэлдэг. Энэ ташрамд, тамирчдыг минь тэмцээнд оролцоход дэмжиж тусалдаг Монголын теннисний холбоо, “Макс” групп, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хороо, “Эрин эверест интернэшнл” сургууль, “Тэнгэрийн хишиг”, “Алтан тариа” ХХК-ийн удирдлага, хамт олонд талархаж явдгаа уламжилъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)