Б.ДАВААЖАВ: Мөнгө угаасан 9.6 их наяд төгрөгийн хохиролтой 139 хэрэг илрүүлэн шалгаад байна

Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-ны дарга, хурандаа Б.Даваажавтай ярилцлаа. Хуучнаар ЭЦГ, өнөөгийн ЭЦА-ны дарга нар сүүлийн 10-аад жил хэвлэлд ярилцлага өгөөгүй юм.

-ЭЦА шинэ бүтцээр ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Тус албаны бүтэц өөрчлөгдсөнөөр 85 жилийн түүхтэй байгууллага үндсэн чиг үүргээ үргэлжлүүлсээр байгаа биз дээ?

-Ардын хувьсгал ялсны дараах жилүүдэд гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор 1934 онд Цагдан сэргийлэх байгууллагыг Дотоодыг хамгаалах газарт шууд харьяалуулан, Гүйцэтгэх ажлын тасаг байгуулж гэмт хэрэгтэй тэмцэх ажилд гүйцэтгэх ажил эрхлэх болсноор Эрүүгийн цагдаагийн алба байгуулагдах үндэс суурийг тавьсан гэж үздэг. Энэ түүхэн цаг үеэс эхлэн улс орны хөгжил дэвшлийг дагаад нийгэм, эдийн засаг, гэмт хэргийн нөхцөл байдалтай уялдуулан ард иргэдийн амар тайван амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагын үндсэн дээр тус албыг тухайн үеийн төр, засаг, яам, агентлагийн дарга нарын тушаал шийдвэрээр бүтэц, орон тоо, хүн хүч, техник хэрэгслээр бэхжүүлж, хууль эрх зүйн болон ажиллах орчин нөхцөлийг өөрчлөн зохион байгуулж өргөжүүлж ирсэн.

ЭЦА нь цагдаагийн байгууллагад хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. “Монгол Улсын цагдан сэргийлэх байгууллагын бүх л түүх нь эх орон, ард түмэндээ үнэнч зүтгэхийн үлгэр жишээ мөн” гэж Монгол Улсын баатар, маршал Ю.Цэдэнбал агсан хэлсэн байдаг. Энэ бол цагдаагийн байгууллага байгуулагдсан цагаасаа түүхийн бүх л цаг үед төр, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн, цаашид ч биелүүлсээр байхын илэрхийлэл гэж ойлгодог. ЭЦА байгуулагдсаны түүхт 85 жилийн ой энэ онд тохиож, бид байгууллагынхаа түүхэн уламжлал, үйл ажиллагааг сурталчлах, бүтээлч ажил өрнүүлэх, хамт олны сахилга ёс зүй, ажлын идэвх санаачилгыг эрчимжүүлэх чиглэлээр олон ажил төлөвлөн хэрэгжүүлж, олон нийтэд сурталчлан таниулж ажилласныг онцлон хэлмээр байна.

-Эрүүгийн мөрдөгч бусад мөрдөгч албан тушаалтнаас юугаараа ялгаатай вэ?

-УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай багц хуулийг 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан нэршлийн хувьд төлөөлөгчийг эрүүгийн мөрдөгч, мөрдөн байцаагчийг мөрдөгч хэмээн өөрчилсөн. Дээрх багц хууль хэрэгжиж эхэлснээр эрүүгийн мөрдөгч нар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах болж, түдгэлзүүлсэн бүх хэргийг сэргээн шалгаж эхэлснээр ажлын ачаалал эрс нэмэгдэн, дүүргүүд дэх Цагдаагийн газар, хэлтэст ажиллаж буй эрүүгийн нэг мөрдөгч сард дунджаар гэмт хэргийн шинжтэй 10-15 гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлтийн 80-120 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ цагдаагийн байгууллагад хуулиар харьяалуулсан эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, эрэн сурвалжилж байгаа, гэмт хэрэгт сэрдэгдсэн болон оргодол этгээд, шүүхээс даалгасан хүнийг эрэн сурвалжилж олж тогтоох чиглэлээр мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулдгаараа бусад мөрдөгч нараас ялгаатай.

Эрүүгийн нэг мөрдөгчид ногдох ажлын ачаалал маш их, үүнийг багасгах, тэнцвэржүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ үе шаттай авч хэрэгжүүлж байна. ЭЦА-ны даргын хувьд эрүүгийн мөрдөгч нараа хараад ОХУ-ын КГБ-ын тагнуулын газрын дарга, хошууч генерал Юрий Дроздовын хэлсэн “Амьдралын энэ хатуу хэрчмийг зориглон сонгож авсан одонтой, одонгүй өөрийнхөө тухай илэн далангүй ярих боломжгүй бүх юмаараа хязгаарлагдмал, хүнд хэцүү амьдралтай энэ хүмүүст би хайртай” гэсэн үг санаанд орж ирдэг. Эрүүгийн тагнуулын ажилтнуудыг үүгээр бүрэн илэрхийлэх боломжтой гэж бодож байна.

-2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл юу байна вэ?

-Шинэчлэн найруулсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлэхэд тодорхой хүндрэл, бэрхшээл тухайн үед үүссэн. Тухайлбал, хуулийг практикт нэг мөр хэрэгжүүлэх ойлголт муу, ойлголтын зөрүүгээс болж хуулиа буруу хэрэглэх явдал гарч байлаа. Тухайн хуулиудыг хэрэглэх мэдлэг чадварыг дээшлүүлэхэд бид анхаарч ажилласан.

Одоо ч эдгээр хуульд өөрчлөхөөр зохицуулалтууд бий. Тухайлбал, гомдол мэдээллийг тав хоногийн хугацаанд шалгаж, шийдвэр гаргах хуулийн заалттай. Гэтэл орон нутагт ажиллаж буй хэсгийн төлөөлөгч тухайн хугацаанд гомдол, мэдээллийг шалгаж амжихгүй тохиолдол гарна. Жишээ нь, гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлт тав хоногийн дотор багтаж гардаггүй, сум, аймгийн хооронд олон удаа явж, мөрдөн шалгах ажиллагаа хийдэг. Мөн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг эрүүгийн мөрдөгч шалгаж байгаа нь ажлын ачааллыг эрс нэмэгдүүлсэн. Энэ мэт хүндрэл бэрхшээл нэлээд байгаа ч бид батлагдсан хуулийг шүүмжлэх биш, хэрэгжүүлэхийн төлөө ажилласаар байна.

Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсэг ХЗДХЯ-нд байгуулан ажиллаж байгаа, бид тэдэнд саналаа уламжилсан.

-Гадаад харилцаагаа хэрхэн өргөжүүлж байгаа вэ. Интерпол гэх зэрэг олон улсын цагдаагийн байгууллагынхантай үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулахгүй юу?

-Цагдаагийн төв байгууллагаас алба хаагчдаа гадаад улсад зохион байгуулж буй олон улсын хурал, зөвлөгөөн, урт болон богино хугацааны сургалтад хамруулж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, туршлага судлуулах, шинжлэх ухаан, техникийн орчин үеийн ололт, дэвшилтэт технологийг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ашиглах, тэр дундаа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Манай улс Интерполын гишүүнээр 1991 онд элссэн бөгөөд гишүүн улс орнуудын эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомжийн онцлог, түүнчлэн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн чиг хандлага, шинээр илэрч бүртгэгдсэн үйлдлийн арга, тухайн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэлхийн бусад улс орны цагдаа, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн шилдэг туршлага, техник технологийн талаарх мэдлэг, мэдээллийг харилцан солилцож ажиллахын зэрэгцээ олон улсад эрэн сурвалжилж байгаа оргодол этгээдүүдийг олж тогтоох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Саяхан л гэхэд бид Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан БНХАУ, ОХУ-ын тус бүр нэг иргэн манай улсад орогнож байгааг тогтоон, дайчлан баривчилж, тухайн улсад нь шилжүүлэн өгөх ажлыг зохион байгууллаа.

-Манай улсын кибер орон зай хэр хамгаалагдсан бол. Сая өмнөд хөршөөс 800 гаруй хятад хүн ирж, цахим гэмт хэрэг үйлдэх гэж байгааг тагнуулын байгууллагатай хамтран танай ажилтнууд шуурхай илрүүлсэн шүү дээ. Үүнээс үүдэн манай кибер орон зайн хамгаалалтын талаар иргэд янз бүрээр байр сууриа илэрхийлж байна л даа.

-Кибер орон зайн аюулгүй байдлыг эрх зүйн болон техникийн түвшинд бэхжиж яваа гэж хэлж болно. Цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийг Засгийн газрын 2010 оны 141 дүгээр тогтоолоор баталсан “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд байгуулсан. Ер нь кибер орон зайн аюулгүй байдлын талаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан, харин түүнийг хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд тодорхой хугацаанд шинэчлэгдээд явдаг. Өнөөдөр кибер аюулгүй байдлыг хангахад энэ чиглэлийн боловсон хүчний хүрэлцээ дутмаг байгаа нь тулгамдаж буй асуудлын нэг. Энэ чиглэлд боловсон хүчнээ дотооддоо бэлтгэж буй байдал хангалтгүй, гадаадад бэлтгэсэн хүмүүс цалин хөлс, ажиллах орчин зэргээс шалтгаалан тогтвор суурьшилтай ажиллахгүй байх хүндрэл бий.

-Энэ 800 хятад иргэнийг оруулж ирсэн аж ахуйн нэгжүүдэд хэн хяналт тавих ёстой вэ. ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө тэдний байрлаж байсан зочид буудлын эзэд, үүрэн холбооны оператор компанийнханд хариуцлага тооцох ёстой талаар хэлж байсан. Тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн орчин бий юү?

-Үүрэн холбооны оператор компаниуд гар утасны дугаарыг тухайн иргэний биеийн байцаалтыг үндэслэн гэрээ байгуулж олгодог. Өөрөөр хэлбэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийг заавал регистрийн дугаараар бүртгэж, дугаар олгох журам бий. Гэтэл зарим тохиолдолд дугаарыг бүртгэлгүй борлуулснаас бусдыг гүтгэх болон өөр гэмт хэрэг үйлдэхэд ашигласныг үгүйсгэхгүй.

Аялал жуулчлал, зочид буудалд тавигдах стандартын шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгодог. Тухайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж нь үйлчлүүлэгчдийн талаар бүртгэл хөтөлсөн байх ёстой. Гэтэл ашиг олж байвал хэн буудалд буух, юу хийж байх нь огт хамаагүй болсон нь саяны жишээгээр нотлогдож байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд иргэн, аж ахуйн нэгжийн хүлээх үүргийг хуульчилсан байдаг, тэр ч утгаараа хууль бус үйл ажиллагаа явуулж буй сэжиг илэрвэл зохих байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Тэгэхээр ажил, үйлчилгээ эрхлэх асуудлын хүрээнд дагаж мөрдвөл зохих дүрэм, журмыг биелүүлээгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл хариуцлага тооцох боломжтой гэсэн үг.

-Цахим гэмт хэрэг, тэр дундаа залилангийн золиос болж хүмүүс хохирох явдал гарсаар байна. Ялангуяа насанд хүрээгүй иргэд энэ төрлийн хэрэгт хохирохоос гадна холбогдоод байна. Үүнтэй танай Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хэрхэн тэмцэж байгаа вэ. Бас гадаадын иргэд манайхныг залилж хохирол учруулсан хэрэгт иргэдийн хохирлыг барагдуулах боломж хэр байдаг бол?

-Нийгмийн харилцаа цахим орчинд үе шаттай шилжиж байгаатай холбоотойгоор тодорхой төрлийн гэмт хэргүүд цахим орчинд үйлдэгдэх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Энэ нь дан ганц манай улсад гарч байгаа өөрчлөлт бус, дэлхийн улс орнуудад тулгамдаж буй асуудлын нэг. Учир нь цахим орчин гэдэг нь өөрөө бодит бус, энэ орчинд гэмт этгээд өөрийн дүр зураг, мэдээллийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой, үүний тод жишээ бол сүүлийн хоёр жилийн хугацаанд иргэдийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, бүртгэлтэй найз, нөхдөөс нь мөнгө залилж авах гэмт хэрэг түгээмэл гарах болсон. Энэ төрлийн хэрэгт насанд хүрээгүй цөөн тооны иргэд холбогдсон нь үнэн. Манай албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгж болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас тухайн төрлийн гэмт хэрэг үйлддэг хэд хэдэн бүлгийг илрүүлэн шалгасан. Холбогдогч нар эрхэлсэн ажилгүй, цахим тоглоомын газруудад хоноглон гэмт хэрэг үйлддэг, үйлдсэн хэрэгтээ цагдан хоригддог боловч саатуулсан хугацаа дууссаны дараа дахин гэмт хэрэг үйлдэх, өөр бусад хүнийг хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулах зэрэг сөрөг үр дагаврууд бий болгож байгаа. Иймд иргэд өөрийн цахим хэрэглээний аюулгүй байдлаа хангах, нөгөө талаас эцэг, эх, асран хамгаалагч нар үр хүүхдээ хаана, юу хийж, хэнтэй нийлж байгааг анхаарах шаардлагатай байна.

Гадаад орноос манай улс руу чиглэх залилан мэхлэх гэмт хэргийн тухайд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага хохирч байна. Хувь хүн ихэвчлэн гадаадын иргэдтэй цахим орчинд танилцаж, сугалаанд хожих, их хэмжээний өв хөрөнгө өвлөж авах гэх зэрэг хууран мэхлэх үйлдэлд нь итгэж урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлдэг. Харин гадаад худалдаа эрхлэгч компаниуд гэмт этгээдийн илгээсэн хуурамч дансны мэдээллийг нягтлалгүйгээр төлбөрөө шилжүүлэх, мөн ransomware төрлийн хортой кодын халдлагад өртөж мэдээллийн баазаа шифрлүүлэн, ашиглах боломжгүй болж гэмт этгээдээс тайлах түлхүүр худалдан авах шаардлагатай болох зэргээр хохирдог. Үндэстэн дамнасан энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын ажиллагаа чухал. 

Энэ нь цаг хугацаа маш их зарцуулдаг юм. Яагаад гэхээр мөнгө “А” улсаас “Б” рүү шилжлээ, “А” улс олон улсын гэрээ, эсхүл хамтын ажиллагааны хүрээнд “Б” улс руу хүсэлт тавихад тухайн мөнгө “В” цаашлаад “Г” улс руу дамжсан байдаг. Тэгэхээр энэ нь хууль сахиулах байгууллагынханд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүндрэл учруулдаг. Хэдий тийм боловч бид Интерполын шугамаар мэдээ, мэдээллээ солилцож, тухайн хэргийг аль болох шуурхай шалган шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна. Хохирогч нар гэмт хэрэгт өртсөн талаараа цагдаагийн байгууллагад шуурхай хандах хэрэгтэй. Боломжтой тохиолдолд бид мөнгийг гэмт этгээдийн дансанд ороогүй байхад нь царцаах, цаашлаад буцаан татах ажиллагаа хийж болдог.

-ФАТФ-аас Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог хяналтад байх ёстой гэж дүгнэн саарал жагсаалтад оруулаад байгаа. Танай Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан уг нь мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр эрчимтэй ажиллаж, олон хэрэг илрүүлсэн байдаг. Шүүхээс эцэслэн шийдвэрлээгүйгээс болж саарал жагсаалтад орчихов уу. ЭЦА энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа нь дэлхий нийтийг түгшээж, улс орнуудад сөргөөр нөлөөлөн, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, нийгэмд шударга ёс тогтооход тээг болж байдаг сөрөг үр дагавартай. Манай улс ч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн орчноо сайжруулах, үр дүнтэй тэмцэх чиглэлээр нэлээд ажлыг хийж байна. Саарал жагсаалтад ороход хэд хэдэн дутагдал заагдсаны нэг нь мөнгө угаахтай холбоотой, өндөр эрсдэлтэй авлига, хүрээлэн буй орчны эсрэг, цахим гэмт хэрэгт мөнгө угаах зүйл ангиар шүүхээс ял ногдуулах шаардлагатай гэсэн байдаг. Мөнгө угаах гэмт хэрэгт манай албанаас мөрдөн шалгах ажиллагаа урьд нь хийж байсан, одоо ч явуулж байна. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хэрэгжүүлэхэд зөвхөн цагдаагийн байгууллагаас гадна авлигатай тэмцэх, тагнуул, прокурор, шүүхийн хамтын ажиллагаа, хүчин чармайлт чухал.

Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-аас 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д орсон болохыг зарлаж, цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд дутагдалтай байгаа асуудлаа сайжруулах талаар зөвлөмж ирүүлсэн. ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу хэрэгжилтийн үр дүнтэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ЦЕГ-ын даргаар энэ оны аравдугаар сарын 25-нд батлуулан, үүний дагуу цаашид мөнгө угаах болон түүнтэй холбогдох өндөр эрсдэлтэй гэмт хэргүүдийг үр дүнтэй мөрдөн шалгах, ялангуяа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүдийг мөнгө угаах зүйл ангиар давхар зүйлчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар зохион байгуулалтын арга хэмжээ аваад байна. Мөн хууль сахиулах болон прокурорын байгууллагатай хамтран мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, одоо шалгаж буй энэ төрлийн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Олон нийтийн дунд Монгол Улс мөнгө угаах зүйл ангиар шүүхээс хэрэг шийдвэрлээгүй гэсэн буруу ойлголт байгаа. Үүнийг залруулж хэлэх ёстой. Цагдаагийн байгууллага 2017-2019 онд мөнгө угаахтай холбоотой 9.6 их наяд төгрөгийн хохиролтой, 165 холбогдогчтой 139 хэрэг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 45 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэн, шүүхээс 44 хэрэгт мөнгө угаах зүйл ангиар ял оноож эцэслэн шийдвэрлэсэн. Гэхдээ ФАТФ-ын зөвлөмжид шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагуудын чиг үүрэгт шууд хамаарах “Мөнгө угаах болон түүнтэй холбогдох өндөр эрсдэлтэйд тооцогддог авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, цахим гэмт хэргүүдийг үр дүнтэй мөрдөн шалгаж, гэмт этгээдүүдэд хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй байхад чиглэсэн ял шийтгэл ногдуулах” шаардлагатайг зөвлөсөн. Дээр дурдсан, шүүхээс ял оноосон 44 хэргийн дийлэнх нь залилах, хулгайлах төрлийн хэрэгт гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, мөнгийг авч ашигласан этгээдүүдэд давхар мөнгө угаах зүйлээр ял ногдуулсан байгаа.

-Танай албаныхан АТГ-тай хамтарсан болон дангаараа ажлын хэсэг байгуулж олны анхаарал татсан цөөнгүй ноцтой хэрэг шалгасан ч шийдвэрлэлт тодорхойгүй байгаа. Тухайлбал, АСЕМ-ын хөрөнгө завшсан, Худалдаа хөгжлийн банкны удирдлагатай холбоотой, Туркийн иргэн Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан хүмүүс, Зам тээврийн сайд асан Д.Ганбатад холбогдох мөнгө угаасан, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат, хүүхдүүдээс цус авч туршилт хийж байж болзошгүй, Глобал сангийн ДОХ, Сүрьеэгийн эсрэг төслийн хөрөнгө завшсан гэх мэт олон хэрэг шалгаж эхэлсэн ч үр дүн нь тодорхойгүй байгаа нь танайхан хэтэрхий хаалттайг харуулаад байгаа юм биш үү?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/96 тушаалаар баталсан “Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-т тусгаснаар эрүүгийн хэргийн талаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд танилцуулахаар зохицуулсан байдаг учир мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүдийн талаар тэр бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээлэл хийгээд байх боломж хязгаарлагдмал. Үүнээс шалтгаалан иргэдэд хаалттай мэт харагдаж байгаа болов уу.

Таны дурдсан хэргүүдийн тухайд Худалдаа хөгжлийн банкны удирдлага, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг хууль бусаар авсан, АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгийг завшсан, Зам тээврийн сайд асан Д.Ганбат үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг олны анхаарал татсан хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, манай албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсэг байгуулан буруутай этгээдүүдийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байна.

Эдгээр хэргүүдийг удахгүй шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, үр дүн нь иргэдэд ойлгомжтой болно. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох болон зарим хэргийг шүүх хэлэлцэхээр товлоод байгаа шүү дээ. Бусад хэргийн хувьд хэрэг бүртгэлтийн шатанд мөрдөн шалгаж байна.

Нийгмийг цочроож, иргэдийн анхаарлыг татсан, учруулсан хохирол, оролцсон албан тушаалтан, үйлдлийн арга зэргээрээ олон нийт, сэтгүүлч та бүхний анхааралд өртсөн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл хийх боломжгүй ч манай алба хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй, шударгаар биелүүлж, шалгалтын ажиллагааг тасралтгүй явуулж байна.

-Зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа соёлын өв, эртний олдворыг хилээр хууль бусаар гаргасан, бусдад худалдсан, хулгайлсан гэмт хэргийг илрүүлэх чиглэлд сүүлийн үед анхаарал хандуулахгүй байгаа мэт санагдах боллоо. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр чухам ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Эрүүгийн хуульд шинээр бүлэг болгон тусгасан. Ингэснээр түүх соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах, завших, үрэгдүүлэх, хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцож, цагдаагийн байгууллага шалгахаар харьяалал тогтоосон юм. Цагдаагийн байгууллагад 2010 оноос хойш түүх соёлын дурсгалт зүйлсийн эсрэг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 365 бүртгэгдсэнээс 314 буюу 86 хувийг нь шалгаж шийдвэрлэжээ. Бид соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийх ажлыг тасралтгүй зохион байгуулж, хууль бус үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоож байгаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Булган сумын нутгаас 75-80 гаруй сая жилийн настай, өвсөн тэжээлт, Протоцератопсын ясыг хууль бусаар улсын хилээр гаргах зорилготой хадгалж байсан, Улаанбаатар хотод хөдөлмөрийн гэрээгээр барилгын компанид ажиллаж байсан БНХАУ-ын хоёр иргэн вааран савтай алтан шар бурхан, ембүү, эртний Мин улсын үеийн цаасан болон гуулин зоос, хятад ханзаар бичсэн гэрээслэл зэрэг эд зүйл өмнөд хөрш рүү гаргахаар бэлтгэж байсан зэрэг хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.