Б.ГЭРЭЛГУА: Өргөтгөлийн барилгын орц, гарцыг хааснаас болж 600 гаруй хүүхэд хохирч байна

2019.09.09. Нийслэлийн 56 дугаар сургуулийн өргөтгөл хэд хэдэн шалтгааны улмаас зогсжээ

БСШУСЯ-ны “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн өргөтгөлийг ирэх сард ашиглалтад оруулах байсан ч хэд хэдэн шалтгаанаар барилгын ажил нь зогсжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Гэрэлгуагаас тодрууллаа.

-Баянгол дүүргийн V хорооны нутаг, X хороололд байрлах нийслэлийн 56 дугаар сургууль буюу “Эрдмийн өргөө” цогцолборын өргөтгөлийн барилгын ажил юунаас болж саатав?

-640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, гурван давхар өргөтгөлийн барилгыг гүйцэтгэгч “Солид констракшн” дулааны шугам сүлжээ татах зөвшөөрлөө магадлуулаагүй удсанаас хугацаа алджээ. Хоёрдугаарт, барилгын зураг төслийг боловсруулахдаа алдаа гаргасан байна. Биеийн тамирын танхимыг хэт жижиг төлөвлөснийг томруулж, зураг, төслийг шинэчилсэн. Үүнд шаардлагатай төсвийг БСШУСЯ шийднэ гэсэн. Үүнээс гадна өргөтгөлийн барилга руу хүнд даацын автомашин орж, гардаг замыг хааж, авто угаалгын газар барьчихсан. Эргэн тойронд нь битүү гарааш. Эдгээр шалтгаанаас болж өнгөрсөн сарын эхээр барилгын ажлыг зогсоосон. Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьж, суурилуулсан гараашуудыг буулгаж, нүүлгэх асуудлыг дүүргээс шийдэх ёстой ч одоо болтол арга хэмжээ аваагүй байна.

-Өргөтгөлийн барилгын орц, гарцыг хааж, авто угаалгын газар барьсан компанийг шүүхэд өгсөн гэж сонссон. Энэ хэрэг ямар шатандаа явна вэ?

-Эхний шатны шүүх хуралд гомдол гаргасан тал буюу сургуулийн удирдлага ялагдсан. Эцсийн шатны шүүх хурлыг одоогоор товлоогүй, хойшлуулсаар байна. Энэ байдлаараа ажил нь урагшлахгүй хүйтэрчихвэл барилгын ажлыг ирэх хавраас үргэлжлүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Барилгын ажил нь өдгөө 50 хувьд ч хүрээгүй. Уг нь ахлах ангийнхан ирэх сараас тэнд хичээллэх байсан. Тус сургуулийн VII, VIII ангийн 600 гаруй сурагч далан давж, гуу жалгаар бэдчин 78 дугаар сургуульд хичээллэж байна. Сар гаруйн хугацаанд өөр сургуульд яваад, шинэ байрандаа орох байлаа.

-Бага сургуулийнх нь барилгад тулгаад Баянгол дүүргийн ЗДТГ-ынхан шинэ байр бариулж байгаа гэлээ. Сургуулийн удирдлага арга ядахдаа хөлбөмбөгийн талбайгаа хуулж, өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн гэж гомдоллосон. Сургуулийн газрыг ингэж булааж болдог юм уу?

-Бага сургуультай нь залгаа тэр барилгаас болж зарим өрөө, танхим нар үзэхээ больсон. Сургуулийн газрыг дүүргээс авч болдог, үгүйг хэлж мэдэхгүй. Өргөтгөлийн барилга барих газаргүй болж, сургуулийн хөлбөмбөгийн талбайг сүйтгэсэн. Газар нь хэт хавчигдмал, биеийн тамирын танхимын хэмжээг томруулснаар өргөтгөлийн барилгыг барьж дуусгахад бага сургуультайгаа бөөрөөрөө нийлэхэд хүрээд байна. Хаалга гаргах ч зай талбай үгүй. Хүүхдүүд бага сургуулийнхаа зүүн хаалгаар орж, гардаг байсныг ЗДТГ-ынхан барилга бариад хаачихсан. Сургууль тойроод дүүрэн барилга, гарааш л байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)