Б.ГАН-ЭРДЭНЭ: Монголчууд сагсан бөмбөгийн ДАШТ-д түрүүлнэ гэдэг мөрөөдөл байсан

Сагсан бөмбөгийн, 17 хүртэлх насны ур чадварын ДАШТ-д түрүүлсэн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ур чадварын ДАШТ-ийг энэ жил анх удаа цахимаар зохион байгууллаа. Ямар онцлогтой болов?

-Энэ жилийн тэмцээнд цахимаар бичлэгээ явуулж өрсөлдсөнөөрөө онцлог байлаа. Дүрмийн хувьд, дамжуулалт, бөмбөг залалт, цацалт, хоёр болон гурван онооны шидэлт гэсэн сагсан бөмбөгийн үндсэн элементээр өрсөлдсөн. Тус бүр нь оноотой. Шигшээ багийн арын албаныхан бидний бичлэгийг хийж, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны цахим шууданд илгээсэн. Тэд шүүж, дүгнэх зарчмаар тэмцээнийг явуулсан.

-Ур чадварын ДАШТ-д түрүүлсэн нь Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх онцгой амжилтад тооцогдох нь лавтай. Тэмцээний дүнгээ хараад хэр их баярлав?

-Цагийн зөрүүнээс шалтгаалаад аль баг хожсоныг 03.00 цагт мэдэх боломжтой байлаа. Бид маргааш өглөө нь эрт тоглолттой байж магадгүй гээд өмнөх тоглолтуудынхаа дүн мэдээг хардаггүй, амардаг байсан. Харин финалын тоглолтын дүнг шөнө унталгүй хүлээсэн. Дэлхийн аварга болсноо гэр бүлийнхэндээ хэлэхэд тэд эхэндээ итгээгүй. Үнэндээ бид өөрсдөө ч итгээгүй. Монголчууд сагсан бөмбөгийн ДАШТ-д түрүүлнэ гэдэг мөрөөдөл байсан. 17 хүртэлх насны ур чадварын ДАШТ-д манай шигшээ багийнхан түрүүлснээр 5х5 төрлийн Монголын сагсан бөмбөгийн тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрх нээлттэй болсон. Өмнө нь хоёр холбооны маргаанаас үүдэж монгол тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь зургаан жилээр хасаад байсан юм.

-“Ковид-19” цар тахлын улмаас орон даяар спортын уралдаан тэмцээнийг хориглоод байсан. Бэлтгэлээ хэрхэн хийв?

-Хандгайт дахь спорт танхимд долоо хоног бэлтгэл хийсэн. Тэндээс ирээд тэмцээн болсон “Мон-Алтиус” сургуульд таван өдөр бэлтгэл хангалаа. Цахим тэмцээнд багийн ажиллагаа маш чухал. Нэг тамирчин алдаа гаргавал бусад нь сэтгэлээр уначихдаг. Тиймээс бүгд хичээх ёстой болсон.

-Сагсан бөмбөгөөр хэчнээн жил хичээллэж байна вэ?

-Би сагсан бөмбөгөөр хичээллээд долоон жил болж байна. Холбогчийн байрлалд тоглодог. “Ирээдүй” цогцолбор сургуулийн арванхоёрдугаар ангид сурдаг. Төгсөөд эдийн засагч болно гэж төлөвлөөд хичээлүүдээ сонгон үзэж байгаа.

-Ойрын зорилго тань юу вэ?

-NBA-д тоглох мөрөөдөлтэй. Тэр тусмаа “Лос- Анжелес лейкэрс” багт тоглохыг хүсдэг. Ойрын зорилго маань дотоодын болоод олон улсын тэмцээнд амжилттай оролцох.

...Бид маргааш өглөө нь эрт тоглолттой байж магадгүй гээд өмнөх тоглолтуудынхаа дүн мэдээг хардаггүй, амардаг байсан. Харин финалын тоглолтын дүнг шөнө унталгүй хүлээсэн...

ӨӨРИЙГӨӨ САЙН БОЛОВСРУУЛАХ НЬ ЧУХАЛ

-ДАШТ-ий үеэрх онцлох тоглолтынхоо талаар хуучлаач?

-ДАШТ-ий хасагдах шатанд Порта Рико улсын шигшээ багтай таарсан. Сагсан бөмбөг өндөр хөгжсөн улс учраас тоглолтын өмнө эмээж байлаа. Багийнхан маань бүгд хичээж, хариуцлагатай тоглосон учраас бид хожсон. Харин Ираны шигшээ багт хожигдоно гэж таамаглаагүй. Энэ тоглолт том сануулга боллоо.

-Ираны шигшээ багт хожигдоход юу нөлөөлөв?

Б.ГАН-ЭРДЭНЭ: Монголчууд сагсан бөмбөгийн ДАШТ-д түрүүлнэ гэдэг мөрөөдөл байсан

-Бид туршлагагүй байлаа. Тоглолтын дараа бичлэгээ үзэж, дүн шинжилгээ хийж, багаараа ярилцсанаар эерэг үр дүнд хүрсэн.

-Дотоодын тэмцээнүүдэд ямар амжилт гаргаж байв?

-УАШТ-ээс хоёр алт, хоёр хүрэл медаль авч, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн.

-Олон улсын тэмцээнд хэрхэн оролцсон бэ?

-2014 онд АНУ-д зохиогдсон “Continental сup” тэмцээнд оролцоод VIII байрт орсон. Дараа нь 2016 онд Германд болсон “Berlin moabit games” тэмцээнээс мөнгөн медаль авсан, мөн тухайн жилээ Австрид болсон “United world games” тэмцээнд V байр эзэлсэн. Харин 2018 онд ОХУ-д зохион байгуулсан “Кес-Баскет” тэмцээнд IV байрт шалгарч байлаа.

-Сагсан бөмбөгийн өсвөрийн Үндэсний шигшээ багт багтахын тулд хэр их өрсөлдөөнтэй нүүр тулдаг вэ?

-Өрсөлдөөн ширүүн байдаг. УАШТ-д олон баг оролцоно, нэг багт гэхэд сайн ур чадвартай хоёроос гурван хүүхэд бий. Тэднээс шигшигдээд сонгогдоно гэдэг “алаан”. Ер нь л шигшээ багт дуудагдана гэдэг их хэцүү.

-Дараагийн оролцох тэмцээнийхээ талаар яриач?

-Өнөөдрөөс УАШТ эхэлнэ. Энэ тэмцээнээс 2021 онд болох 18 хүртэлх насны Азийн АШТ-д оролцох шигшээ багийг бүрдүүлэх учраас миний хувьд маш чухал.

-Лигийн багуудаас санал ирж байна уу?

-Одоогоор ирээгүй. Лигт тоглох арай л болоогүй байна. Өөрийгөө сайн бэлтгэх нь чухал. Жижиг лигүүдэд бол тоглож л байгаа. Гэхдээ мэргэжлийн түвшинд тоглох хараахан болоогүй.

-Монголын лигт тоглохыг хүсдэг баг бий юу?

-Бага байхдаа “Хасын хүлгүүд” багт тоглохыг мөрөөддөг байлаа. Харин одоо тэр багт л тоглох юм сан гэж аль нэгийг нь онцолдоггүй.

ХЭТ ХУВИЙН ТОГЛОЛТОД БАГИЙНХАН ДУРГҮЙЦДЭГ

-Таны дэмждэг сагсан бөмбөгч хэн бэ?

-Коби Брайнт. Түүнийг 2008 оноос дэмжиж байна. Тоглолтын арга барил, тууштай зан нь надад таалагдсан л даа.

- Леброн Жеймсийн талаарх бодлоо хуваалцаач?

-Дийлдэшгүй. Тэр бараг л бүх цаг үеийн шилдэгт тооцогдоно. Гэхдээ нөгөө талаараа сагсан бөмбөгийг утгагүй болгоод байх шиг санагддаг.

-Хувийн тоглолт хийхийг хэр эрмэлздэг вэ?

-Манай баг систем дээр тулгуурлаж, багаараа тоглодог учраас хувийн тоглолт хийх нь бага.

-Сагсан бөмбөгөөс өөр сонирхол бий юү?

-Байхгүй ээ. Сагсан бөмбөгөөр хичээллэхийнхээ өмнө дуулдаг байсан. Том болохын хэрээр хоолой бүдүүрээд, тэгээд ч сагсан бөмбөгөөрөө амжилттай явж байгаа болохоор дуулахаа больсон доо.

-Сагсан бөмбөг тоглоход хамгийн чухал зүйл нь юу байдаг бол?

-Багаараа сайн ажиллах нь чухал санагддаг. Багийн лидерийн үүрэг тоглолтын туршид хэрэгтэй. Хэт их хувийн тоглолт хийхээр багийнхан дургүйцнэ.

-Хамгийн үнэ цэнтэй шагнал тань юу вэ?

-Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг анх удаагаа Дэлхийн аварга боллоо. Тэр шагнал нь манай гэрийн хойморт байна. Медаль нь нэлээд том. Манай багийн тоглогч тус бүрт “Молтен” брендийн бөмбөг ирсэн. Өнгөрсөн жил БНХАУ-д болсон ДАШТ-ийн бөмбөг л дөө, ерөөсөө худалдаанд гараагүй байгаа. Мөн алдартай сагсан бөмбөгчин Дирк Новицки болон Женнис Грийн нарын гарын үсэгтэй зураг ирсэн.

Бэлтгэсэн: У.Чинзориг 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)