Б.Ганчимэг: Намайг томилсон уу, төөрүүлсэн үү, ямартай ч энд байгаадаа үнэхээр талархдаг

“Хүн хаана ч байсан, тэндээсээ гэрэлтэх ёстой” гэсэн ханийнхаа үгэнд орж, хөдөөдөө амьдарсаар, тэндээсээ гэрэлтсээр буй нэгэн уран бүтээлчийг ярилцлагад урилаа. 

Нэгэн цагт орон нутгийн театрын авьяаслаг жүжигчин гэгдэж явсан Баахүүгийн Ганчимэг өдгөө Баянхонгор аймгийн нэрийг улсад, олон улсад дуудуулсан хүүхдийн “Тэмүүжин” театрын хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэсэн чадварлаг менежер болжээ. Түүнийг жүжигчнийхээ хувьд ч, менежерийнхээ хувьд ч урлагт өөрийн гэсэн хувь нэмэр оруулж, орон зайгаа бий болгосон нэгэн гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

-Та УБДС-ийг кино, драмын жүжигчний мэргэжлээр төгссөн юм байна. Жүжигчний мэргэжлийг сонгосон дурсамжаар ярилцлагаа эхлэе.

-Аав маань аймгийн даргаар ажиллаж байгаад Жинстийн нэгдлийн орлогчоор томилогдсон. Би Жинст сумын бага сургууль, Богдын найман жил, аймгийн төвийн арван жилийн сургуульд суралцаж төгссөн, хөдөөний хүүхэд. Сургуулийнхаа урлаг соёлын арга хэмжээнд бүжиглэдэг, сумын Улаан буланд ирсэн тоглолт бүрийг үздэг, урлаг, уран сайханд дуртай охин байлаа. Наймдугаар ангид байхад Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш ирж, шалгалт аваад намайг “Бүжгийн ангид орох нас нь хэтэрчихсэн байна” гэснээр бүжигчин болох мөрөөдөлдөө цэг тавьсан.

Аравдугаар анги төгсөх хавар сургуулийн хананд “УБДС-ийн кино драмын ангид хүүхэд шалгаж авна” гэсэн зар гарсан өдрийг тод санаж байна. Дөрөвдүгээр сарын 22 байсан. Маргааш өглөө нь Хөгжимт драмын театрт очиход 200 гаруй хүүхэд иржээ. Этюд үзүүл гэхэд нь “Этюд гэж юу юм бэ” гэж асууж байж шалгалтаа өгтөл тэнцчихсэн. Ингээд аймгаасаа Д.Сорорбарам (Төрийн соёрхолт), н.Эрдэнэхуяг, Ч.Энхцэцэг, бид дөрөв УБДС-ийн кино драмын ангид орж байлаа.

-Хөдөөний охин оюутан болонгуутаа кинонд тоглож “од” болсон гэл үү?

-Нэгдүгээр дамжаа төгсөх хавар “Газрын үнэр” киноны пробонд орж, Сувдаагийн дүрд сонгогдсон. 1979 он шүү дээ. Тухай үед үзэгчид киног маань сайхан хүлээж авч, над мэтийн “нусгай оюутан” тэрүүхэндээ “од” болсон. Тухайн үед кинонд тоглоно гэдэг хэрийн хүнд олддоггүй том ажил, нэр төрийн хэрэг байлаа. “Баахүү даргын охин мундаг жүжигчин болж. Кинонд тоглосон байна” гэсэн яриа нутаг усаар л нэг тарчихсан, чухам мундаг жүжигчин болсон аятай л байв даа. Цаг хугацаа мөн ч хурдан юм, 40 жил өнгөрчээ.

-Та төгсөөд шууд нутагтаа ирсэн юм билээ. Хотод үлдэж, том театрт ажиллах боломж байгаагүй юу?

-Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, Соёлын яамны боловсон хүчний хэлтсийн дарга Д.Жанчив гуай “Газрын үнэр” киноны хөгжмийг зохиосон юм. Кино бүтээх хугацаанд уран бүтээлчид сайхан нөхөрлөж, найз нөхөр, ах, эгч болдог. Кинонд тоглож байхад Д.Жанчив гуай “Авьяастай охин байна, төгсөөд хаана ажиллахаа хэлээрэй” гэсэн. Яамны боловсон хүчний хэлтэс гэдэг чинь сургуулиа төгсөж буй залуусыг хаана хуваарилахаа шийддэг том эрх мэдэлтэй газар. 

Төгсөөд томилолтоо авахаар очтол Д.Жанчив гуайн өрөөнөөс манай аймгийн Соёлын хэлтсийн дарга Доржсэмбэ гуай гарч таарав. Гэтэл “Төгссөн хүүхдүүдээ орон нутгийн театртаа заавал авна, тэр тусмаа Ганчимэгийг авна” гэж хэлчихээд гарч явсан юм байж. Уг нь Д.Сосорбарам, бид хоёрыг Драмын театр авна гэж байсан юм.

Манай ангийнхан бөөнөөрөө Дорнодын Хөгжимт драмын театрт илгээлтээр ажиллах санал гаргаж, Соёлын яам ч түүнийг нь зөвшөөрөн тийш нь хуваарилсан. Манай Соёлын хэлтсийн дарга Доржсэмбэ гуай ажлаа сайн мэддэг, жинтэй үг хэлдэг, мундаг мэргэжилтэн байсан болохоор яамныхан үгийг нь хүлээн авч, намайг Драмын театр, Дорнодын илгээлтээс сугалж, нутаг руу минь явуулсан. Тухайн үед би хотод үлдэх сонирхолтой байсан болохоор жаахан дурамжхан байсан ч үүнийгээ хэлэх зүрх байх биш. Ингээд нутгийнхээ театрт анхны дээд мэргэжилтэй жүжигчин болж ирсэн.

-Хотын театрт тоглох санал тавихад нь очоогүй гэж сонсож байсан?

-Манай ангийнхан эвлэлийн илгээлтээр явсан болохоор хоёр жилийн дараа буцаан татсан. Тэгээд “Эрхүүд болсон явдал” жүжгийг Э.Санчигдан найруулж, манайхан ангиараа тоглон, Драмын театрт тавьсан юм. Тэгэхэд багш намайг Баянхонгороос татахаар ярьсан л даа. 

Яг тэр үед надад “Мөнгөн буйл”-д тоглох санал ирчихсэн байсан болохоор би киногоо сонгосон. Өөр нэг шалтгаан нь, хань минь “Оросын нэг зураач хэчнээн алдартай болсон ч тосгоноосоо яваагүй. Тосгондоо зургаа зурсаар, хүмүүс түүнийг нь худалдаж авахын тулд тосгоныг нь зорьж очсоор, зураач, тосгон хоёул алдаршсан. Хүн хаана ч байсан тэндээсээ л гэрэлтэх хэрэгтэй” гэсэн нь их нөлөөлсөн. 

Манай нөхөр өөрөө их уншдаг, хүнд юмыг тун сайхнаар ойлгуулдаг хүн л дээ. Дэргэд ийм нөлөөтэй хүн байх сайхан. Хань маань Завханы хүн. Намайг дагаж ирсэн хол нутгийн хүн миний нутгаас явахгүй гэж байхад би яаж явах вэ. Хотод үлдээгүй, дараа нь нутгаа орхиогүй нь зөв шийдвэр байсан гэж бодог.

Намайг томилсон уу, төөрүүлсэн үү, энд байлгаж буйд би үнэхээр талархдаг. Энд би ямар сайхан монгол ахуй дотор байна гээч. Монголчуудын бусад үндэстнээс ялгарах язгуур өв соёл, зан заншлаа өвлөж авах, хадгалж үлдэх, уламжлан дамжуулах боломж бидэнд байна.

-Төвийн теарт шинэ жүжигчин өмнөх үеийнхэндээ, үзэгчдэдээ хүлээн зөвшөөрөгдөх, өөрийгөө харуулах, гол дүр авдаг болох гээд олон даваа давдаг. Орон нутгийн театрт анхны мэргэжлийн жүжигчин болсон болохоор залуу жүжигчний туулдаг бэрхшээлийг харьцангуй бага мэдэрсэн болов уу?

-Хүн байгаа, тэр тусмаа өсөж хөгжих хөдөлгөөн явж буй газар өрсөлдөөн байх нь зүйн хэрэг. Орон нутгийн театрууд дундаа манай аймгийн театр томд ордог. Ид үедээ 120 гаруй орон тоотой, мэргэжлийн 10-аад жүжигчинтэй байсан. Жил бүр 2-3 төлөвлөгөөт уран бүтээл, жүжигчдийн хувийн уран бүтээл гээд ажил оволзсон газар байв.

Мэргэжлийн жүжигчин гэдэг орон нутгийн театрт асар том хөрөнгө оруулалт гэж их итгэл найдвар хүлээлгэж буй болохоор нэрээ хичээхээс аргагүй. Сургуульд заалгасан онолынхоо дагуу ажиллах гэж үзнэ. Дүрийн судалгаа хийнэ гэхээр хууччууд “Түүнтэй түүнгүй болдог юм. Дээд сургууль төгссөн юмнууд хэнхэглээд” гэх аястай хандана. Тэгэхээр нь хор шар хөдлөөд улам шаргуу ажиллана. Орон нутгийн театр төвийн театраас дутахгүй уран бүтээл хийдэг үед сайхан ажилласан.

-Таныг “Мөнгөн буйл” киноноос гадна “Гаргүй хүүхэн” жүжгээр дунд үеийнхэн сайн мэддэг. Харин залуус энэ жүжгийг сайн мэдэхгүй байж магадгүй?

-Тэр үеийнхэн ном их уншдаг байлаа. Нэг зун амралтаараа нутагтаа очтол сумынхан жижигхэн номыг гар дамжуулан уншиж байсан нь “Гаргүй хүүхэн” хэмээх үлгэр байв. Түүнийг унштал жүжгийн зохиол болгочихмоор санагдсан тул нөгөө номыг “Алга болсон” гэж хэлээд, эзэнд нь өгөхгүй хав дарчихлаа. Догдолсоор ажилдаа ортол найруулагчийн амралт дуусаагүй гээд ирэхгүй хэд хонов.

Шинэ уран бүтээлийн санаа олж, түүнийгээ сэтгэлдээ ургуулаад төсөөлчихсөн, нойр хүрэхгүй шүү дээ. Номоо найруулагчид үзүүлж, санаагаа хэлмээр санагдаад, хүлээгээд байлаа. Найруулагч ажилдаа орж, би өрөөнд нь гүйхээрээ хүрч “Энийг унш даа, багш аа” гээд номоо урд нь тавьтал “Хар өглөөгүүр мэнд ус ч үгүй юу болов” гэж гайхаж билээ.

Ингээд яруу найрагч Д.Халзан багш үлгэрийг жүжгийн зохиол болгож, бид дараа (1986) оных нь гуравдугаар сард тавьсан. Зохиолыг нь олж, идэвх санаачилга гаргасан хүн гол дүр авалгүй яах вэ. Жүжиг олны таашаал хүртэж, тухайн үедээ шуугиулсан. Өдөрт гурван удаа тоглоход суудал пиг дүүрэн. Хүмүүс дахин дахин үзнэ.

Баянхонгор аймгийн театрынхан ийм сайхан жүжиг тавьсан гэж улс орон даяар яригдаж, миний тухай сонин хэвлэлд бичиж, их дуулиан болж байлаа. Сонинд гарснаас хойш цэргүүд, залуус, эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд янз бүрийн хүнээс захидал ирсэн. “Гаргүй хүүхэн” жүжгийг бараг бүх аймагт, их олон суманд тоглосон. Иргэдэд соёлыг түгээнэ гээд л 45 хоногийн бригадаар явж өгнө шүү дээ. 

Аймгийн төвд тасалбар дуусаад, үзэж чадаагүй хүн дараагийн тоглох сум руу ирж үзсэн тухайгаа ч бичиж байв. Жүжигчин байх, үзэгчдийн таашаал хүртсэн уран бүтээл туурвихын сайхныг энэ жүжиг надад хангалттай мэдрүүлсэн. Жүжгийн зохиолын санааг олж, жүжигт амжилттай тоглосон гээд тухайн оныхоо аймгийн аварга соёлын ажилтнаар шалгарсан. Аймгийн аварга гэдэг мөн том шагнал байв даа.

Хаана гаргүй хүн байна гэж сураглаж, ийш тийш захидал бичих, гаргүй хүнтэй хамт өдөржин байж, үйл хөдлөлийг нь харах, Оросын жүжигчдийн тоглолтыг олж үзэх гээд боломжтой бүх л судалгаа хийсний дүнд дүр маань сайн болсон. Би ч уран бүтээлчийнхээ хувьд бусдаасаа тодорч, босож ирсэн. Уран бүтээлч ингэж өөрийгөө харуулж, бяр суучихаараа дараагийн хүндээ боломж олгох, гол дүр өгөх сэтгэл төрөхөө больчихдог юм билээ.

-Танд тийм үе байв уу?

-“Гол дүр л бол би” гэдэг өвчин тусчихаад, түүнээ мэдэхгүй явсан үе бий. Найруулагч “Зохиол унш” гээд өгөхөд гол дүрийг нь өөрөө гэж бодоод уншиж байх жишээтэй. “Би” өвчин тусчихаараа хүний гоё сайхныг ч харах чадваргүй болж сохордгийг биеэрээ үзсэн. Дараагийн үеийн сайхан охид төгсөж ирээд л байдаг. Би гол дүр болгоныг аваад л байдаг. Залуучууд бас гол дүр авмаар, өөрийгөө харуулмаар байлгүй яах вэ. 

“Тулах цэг” гэдэг шинэ жүжиг тавих болоход би “Ольгагийн дүрийг би авна” гээд авчихлаа. Тэгээд тайзны бэлтгэл хийж байтал шалны мод нисэж ирээд хажууд унадаг юм байна. Найруулагч “Юу болов, яав ийв, хэн үймүүлээд ажил хийлгэхгүй байна” гэтэл нэг залуу жүжигчин “Яахаараа ганц хүн бүх жүжгийн гол дүрийг авдаг юм бэ” гээд бөөн юм боллоо. Өөрчлөлт, шинэчлэл, ардчилал, хүний эрх гэж ид ярьж байсан болохоор эсэргүүцлээ ингэж илэрхийлж болно гэж бодсон шиг байгаа юм.

Хүмүүсийг ингэтэл бухимдуулж, бүх гол дүрийг авч явснаа тэгэхэд л анзаарсан. Түүнээс өмнө түүнийгээ ерөөсөө анзаардаггүй, хийх ажлаа л хийж байна, би л хийх ёстой гэж бодоод явсан хэрэг. Тэр явдал миний зүрхэнд хадагдсан. Хүн хүчтэй, иртэй байх нь буруу зүйл биш ч түүнийгээ эргэж харах ухаантай байх хэрэгтэй гэж би залууст хэлдэг юм.

-Өөрчлөлт, шинэчлэл гэснээс, таныг Баянхонгорт ардчиллын салхийг сэвэлзүүлсэн хүмүүсийн нэг гэх юм билээ?

-“Гаргүй хүүхэн” жүжгээ орон нутагт тоглохоор бригадаар явах гэж байтал “МҮЭХ-ны их хурал болно. Үүний өмнө болох аймгийн Үйлдвэрчний эвлэлийн бүгд хуралд чамайг төлөөлөгчөөр сонгосон. Тэнд үг хэл” гээд аваад үлдлээ. Үйлдвэрчний эвлэлийн бүгд хурал гэдэг сүрдмээр том арга хэмжээ, бүхэл бүтэн соёл урлагийн салбарыг төлөөлж бүгд хуралд үг хэлнэ гэдэг асар том хариуцлага. 

Юу гэж хэлэх вэ гэдгээ гэр бүлийн хүнтэйгээ зөвлөлөө. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг Баянхонгорт ажиллаж байсан юм. Тэр манай хүнтэй сайхан нөхөрлөдөг, манайхаар орж гардаг. Бид хоёрыг ярилцаж суутал Чинзориг орж ирээд, “Энгийн амьдралаа л ярь. Баянхонгор аймаг арай дэндүү байна. Ийм олон сайхан уран бүтээлчтэй байж Гавьяат цолтон алга. Доной, Дарьсүрэн эгч, Лхагвасүрэн, Сүхбат ахыг хар, соёлын тэргүүн ч үгүй явна. 

Чи жүжигчин, нөхөр чинь зураач. Танайх ганц өрөө байранд амьдардаг. Хүүхдүүдээ унтуулж амраахын тулд нөхөр чинь гал тогооны өрөөнд, хоол, цайны ууранд зургаа зурж, чи угаалгын өрөөнд үгээ цээжилдэг биз дээ. Өндөр хөгжилтэй оронд уран бүтээлчдийг ингэж амьдруулдаггүй. Энэ байдлаа л хэл” гэв. Болж бүтэхгүй байдлыг урлагийнхан түрүүлж мэдэрдэг учраас нийгмийн оюун санааг түүчээлж явдаг. Ийм түүчээ болсон, арай өөрөөр сэтгэдэг хүнтэй ойр байх сайхан шүү. Нээрэн ч иймэрхүү зүйл ярьчихмаар санагдаад, үг бэлэн болчихлоо.

Хурал ч боллоо, үгээ хэллээ. Төлөөлөгчид нижгэнэтэл алга ташаад, жигтэйхэн. 1987 он гэдэг чинь өөрчлөлт шинэчлэл гэж ярьж, ардчиллын салхи сэвэлзэж байсан үе. Манай аймгийн хувьд иймэрхүү томоохон хурлын үеэр төлөөлөгчид цэмцийж, номхон сууж байгаад тардаг байдлыг эвдсэн, танхим дүүрэн хүн инээлдэж, нийгмээ шүүмжилсэн үгийг дэмжиж алга ташиж болдог гэдгийг харуулсан анхны хурал нь тэр болов уу.

1989 онд Залуу уран бүтээлчдын зөвлөгөөнд театраас хүн явуулалгүй, зураачдийг явуулсан. Тэгэхэд “Уран бүтээлчдийн зөвлөгөөнд яагаад театрынхныг биш, зураачдыг явуулсан юм бол” гэж бодоод өнгөрснөөс, Үйлдвэрчний эвлэлийн хуралд үг хэлж, амыг нь татаж, хазаарлахгүй бол болохгүй нөхдийн тоонд орсноо мэдэхгүй л тууж явлаа.

Гэтэл яг тэр үеэр миний бие өвдөж, бас манай ангийн Сүххуяг Алтангадас одонгийн цайллагандаа ангийнхаа урьсан тул ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар явсан юм. Тэгтэл манай удирдлага намайг ардчиллынхны жагсаал цуглаанд оролцохоор явчихлаа гэж их хардсан гэнэ билээ. Энэ ер нь болохгүй нөхөр гэж бүртгэгдэж, анхаарлын төвд орсны л шинж шүү дээ. Хотод Д.Сосорбарам маань жагсаал цуглаанд үг хэлж, ардчилсан хөдөлгөөний гол хүмүүсийн нэг болоод байсан болохоор ангийнх нь нөхдийг хардахаас ч аргагүй байх. Бид ч жагсаал цуглаанд нь оролцсон л доо.

-Аймгийн театр бүү хэл улсын төв театрууд үүдээ барих шахаж байсан хүнд үеийг орон нутгийн уран бүтээлчид хэрхэн давсан бол?

-Манай аймгийн театр бараг тарсан. Жүжигчид ажлаас гарч, ганзагын наймаанд явах нь явж, хот хүрээ рүү шилжих нь шилжээд, хэдхэн хүн үлдсэний нэг нь би. Хамтран зүтгэж байсан найз нөхөд байхгүй, хийх ч ажилгүй тэнд байх тун гунигтай байсан.

-“Тэмүүжин” театртай хэрхэн холбогдов?

-1992 онд “Тэмүүжин” театрт драмын багш, найруулагчаар орсон. Тэгэхэд юун театр гэж хэлүүлэхтэй манатай, уран бүтээлчид нь зах зээлийн шуурганд “туугдаад” тарчихсан, даргаас гадна хөгжмийн ганц багштай, арай л амь тавьчихаагүй дугуйлан байв. Бид бүхнийг тэгээс эхлүүлсэн. 1986 онд Хүүхэд, залуучуудын соёлын төв нэртэйгээр үндэс суурь нь тавигдаж, үүнээс хойш Хүүхдийн төлөө төвийн дэргэдэх язгуур хөгжмийн чуулга гэх мэтийн статустай явж 1990-ээд онтой золгоод, 1992 онд хаяа хичээллэдэг дугуйлан төдий болсон. 

1994 онд нийслэлд Монгол туургатан хүүхдийн урлагийн их наадам зохион байгуулахад бид “Тэмүүжин” дуурь, “Галын амь” бүжгэн жүжиг, “Шалзат багахан шарга” гэсэн гурван бүтээлээр оролцож, эднийгээ Соёлын яаманд хүлээлгэж өгөн, Хүүхдийн театр гэсэн анхны гэрчилгээг авч байлаа.

Үүнээс хойш өдийг хүртэл явсан зам маань ч дардан байсангүй. Театрыг минь татан буулгах гэж дөрвөн ч удаа оролдсон.

-Яагаад татан буулгах гээд байдаг юм бэ?

-Эхнийх нь улс орны эдийн засаг хэцүү байсантай холбоотой байх. Идэх хоолоо яая гэж явахад Хүүхдийн театр дараа байсан биз. Дараагийн удаад нь “Статус нь тодорхой бус. Монголд Хүүхдийн театр ийм байна гэсэн юм байхгүй” гэж хэлж байсан. Монгол Улсын хэмжээнд бус, зөвхөн Баянхонгор аймагт байгаа, нэг дарга солигдоод л ямар ч шийдвэр гаргаж мэдэх улсын мэдлийн байгууллагыг авч яваа хүн зөвхөн дотоод ажлаа зохион байгуулж, уран бүтээлд анхаарлаа хандуулаад явах хангалттай биш, маш өргөн хүрээний мэдлэг, хэн ч хаанаас ч ирээд шалтаг хайхад хариулах үгтэй байх ёстой юм гэдгийг тэгэхэд ойлгосон.

Ингээд статусыг тодорхой болгохоор ажиллаж, олон хүнтэй уулзаж, уншиж, судалсны үр дүнд одоо ямар ч байсан “Хүүхдийн театр гэдэг статус байхгүй” гэдэг үг сонсохооргүй болсон. Засгийн газар солигдох тоолонд л нэг юм болдог. Нэг сонгуулийн дараа “Тэмүүжин” театрыг Хүүхдийн төлөө төвтэй нэгтгэх гэж үзсэн. Хүүхдүүдийг бодсон бус төсвийг нь нэгтгэж захирах гэсэн хүмүүсийн тулаан дунд хэсэг орсон.

Театрын хувь заяатай холбоотой асуудал яригдах бүрт “Хүүхэд, залуучуудын театр гэж байсан нь үгүй болсон. Одоо Монголд ганц байгаа Хүүхдийн театр нь энэ. Энэ бол Баянхонгорт төдийгүй улсад ганц юм. Үүнийг би хойч үедээ хүлээлгэж өгнө. Та нараар устгуулахгүй. Болохгүй байгаа бол намайг соль, өөр сайн хүн дарга болго. Театрыг татан буулгаж, өөр байгууллагад нийлүүлж болохгүй. Бие даасан хэвээр нь байлга” гээд л ширээ шаагаад үзэлцээд явдаг байлаа шүү дээ. Яасан ч зоримог байсан юм бэ. Өлсгөлөн зарлахдаа хүртэл тулсан удаатай. 

Ингэж явахдаа төсөв мөнгөгүйн улмаас хагас жил цалингүй байж үзсэн. Татан буулгана, цалин мөнгийг чинь өгч чадахгүй, наад хүмүүсээ тараа гээд байхад нь бид тоглолт хийгээд, хүүхдүүдэд хандсан янз бүрийн арга хэмжээ зохион байгуулаад л байсан. Шинэ жилийн тоглолтдоо аймгийн даргыг урьсан чинь ирж үзээд “Ёстой сайхан тоглолт үзлээ” гээд гарсан. Удалгүй бидний цалинг өгч, бид цөөн “баяжиж” билээ.

-Одоо бол “Тэмүүжин” “өнчин балчир хүү” биш, хэрийн “дайсан”-аас айхааргүй эр болсон уу?

-Манайх одоо мэргэжлийн 10 жүжигчинтэй. Тэд маань хүүхдүүдэд мэргэжлийн уран бүтээл хүргэнэ. 300-гаад хүүхдийг урлагийн боловсрол олгох сургалтад хамруулж, авьяасыг нь хөгжүүлэн, хүүхэд оролцооны уран бүтээл гаргадаг.

Монголд өмнө нь ийм байгууллага байгаагүй, үзэж харах судлагдхуун байхгүй болохоор бүх зүйлээ гардаж хийж, өөртөө зам засаж, тэр маань хүүхдийн театр нэг иймэрхүү байж болох нь, ингэж болохгүй нь гэсэн туршлага болж үлдэж байна даа. Бид саяхныг хүртэл Монголын цорын ганц Хүүхдийн театр гэж ярьдаг байсан бол одоо хүүхдийн анхны театр гэж хэлүүлэх болсон.

Бусад аймгууд манай туршлагаар хүүхдийн театр байгуулж, бид дүү дагуулан, өнөр өтгөн болж байна. Дундговийнхон Хүүхдийн төлөө төвийн дэргэд хүүхдийн театр байгуулна гээд манайхаас туршлага судлахаар ирэхэд нь би өнгөрсөн хугацаанд үзэж туулсан бүхнээ хэлж өгөөд, “Миний энэ хүртэл тулсныг битгий давт, үүнээс цааш хөгжүүл, нэгэнт хүүхдийн театр байгуулах гэж байгаа бол ямар нэг байгууллагын бөөрөнд биш, бие даа” гэсэн. 

Одоо бие даасан театр таван жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Өмнөговиос “Хүүхдийн театр байгуулмаар байна, туслаач” гэсэн захидал ирэхээр нь театрынхантайгаа очиж, өөрсдийнхөө явуулдаг сургалт, арга зүйг зааж өгөөд ирсэн. Монголын хүүхдийн театрын гал голомт ийнхүү өргөжин бадамлаж байгаад баяртай байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)