Б.ГАНТӨМӨР: Аалз зулзагадаа идүүлж бус, хоолны дуршилгүй болж үхдэг

Хүн бүр өөр өөрийн сонирхсон зүйлийг хийж, түүнийгээ хөгжүүлдэг. Нэг хэсэг нь дуулах дуртай бол нөгөө нь химийн бодис найруулах, шавж, түүх судлах зэрэг сонирхолтой байдаг. Энэ бүгдэд өөрийн гэсэн онцлог мөн чанар, гайхамшиг оршин буй. Бид энэ удаа ургамал судлаач мэргэжилтэй, багаасаа аалз тэжээж, амьдралын онцлогийг нь 17 жил судалсан докторант Б.Гантөмөртэй ярилцлаа.

-Тавдугаар ангиасаа аалз тэжээж эхэлсэн гэсэн. Энэ хугацаанд хэдэн зүйлийг тэжээв?

-Аалз тэжээж үзээгүй хүн хэрэггүй амьтан гэж үл ойшоож, харсан үедээ алдаг. Би хүүхэд байхаасаа амьтан, ургамал сонирхож, тоглохын оронд аалзны амьдралын онцлогийг судлах болсон. Ууланд гарахдаа ундааны сав, хадаас, уут байнга авч явдаг байлаа. Хадаасаар ургамлын үндэс ухна. Гоё цэцэг харвал уутандаа хийж хашаандаа аваачиж тарина. Аалз харвал ундааны саванд хийгээд гэртээ авчирч тэжээнэ. Тавдугаар ангиас хойш 30 орчим зүйлийн аалз тэжээж үзжээ. Одоо Тарантула төрлийн гурван зүйлийн аалз тэжээж байна. Хамгийн том биетэй нь Curly hair tarantula, түүнийг “Вампир” гэж дууддаг. Энэ зүйлийн аалзны эр нь дөрөв, эм нь 9-10 хүртэл насалдаг.

-Аалзыг ингэж их сонирхоход тань юу нөлөөлсөн бол?

-Ямар ч амьтан өөрөөсөө илүү хүчтэйд бариулж идүүлдэг. Харин аалз эцсээ хүртэл тэмцэж байгаад үхдэг. Мөн амиа эрсдэлд оруулсан ч хамаагүй өөрөөсөө том амьтныг агнадаг. Ойролцоо газар байгаа амьтныг ангуучилна. Нэг талаараа зоригтой, дайчин. Нөгөө талаараа тууштай, ажилсаг, цэвэрч амьтан.

-Аалз биеийн урд хэсгээрээ задарч, гууждаг. Энэ үедээ их сул дорой болдог гэсэн. Ер нь хэдэн удаа гууждаг юм бэ?

-Аалз нь үе хөлтний бүлэгт хамаардаг. Үет хөлтөн ясгүй бөгөөд арьс нь тулгуур эрхтэний үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас өсөхийн тулд арьснаасаа гуужиж гараад томордог. Ямар ч үет хөлтний хувьд гуужих үедээ эмзэг болдог учраас гуужилтын дараа өөрөөсөө жижиг аалзанд бариулах тохиолдол ч бий. Учир нь энэ үед өөрийгөө хамгаалах чадваргүй, гулжганасан мах болдог. Том биетэй нь 2-3 хоногийн дараа биеждэг бол жижигхэн нь хэдэн цагийн дараа ан хийж эхэлнэ. “Вампир” нэг см орчим урттай байхдаа 14 хоноод гуужсан. Дараа нь 20 хоног, зургаан сар, нэг жил гээд томрох тусам гуужих хугацаа нь холддог юм билээ. Одоо биеийн хэмжээ нь 7.5, хөлтэйгөө 12.5 см орчим урттай.

-Гэрийн нөхцөлд тэжээхэд хоолонд нь яаж анхаардаг юм бол ?

-Аалз заавал амьд амьтан агнаж иддэг онцлогтой. Эл амьтныг гэрийн нөхцөлд тэжээхэд хоол олдодгүй. Багадаа аалзнуудаа хооллох амьтангүй учраас түүхий мах өгдөг байлаа. Өөрөөс нь жижигхэн үхрийн мах өгөхөд 4-5 цагийн дотор боловсруулж, цэлцэгнүүр шиг зөөлөн биет болгодог. Мөн хатсан ялаа, жижиг шавжийг усанд дэвтээх, эсвэл хөвөнд малын цус шингээж өгнө. Ингэхдээ өгөөшийг утсанд уяж нааш цааш хөдөлгөн аалзаа албаар уурлуулж, хазуулна. Хазсан үед өлсгөлөн аалз хоол гэдгийг мэдээд иддэг байв. Аалз бусад амьтнаас тэс ондоо буюу гадаад хоол боловсруулалттай амьтан. Барьсан олзондоо хоол боловсруулах фермент шахан задалж, шүүс хэлбэрийн шингэн биет болгоод сорж хооллодог. “Вампир”-ыг гурван долоо хоногт нэг удаа хооллодог. Заримдаа гурван сар хоол өгөхгүй байх тохиолдол ч бий. Нөгөө хоёр нь жижиг биетэй учраас долоо хоногт нэг удаа, заримдаа сар хооллодоггүй. Хооллоогүй үедээ сайн ус өгнө. Хүнээр бол мацаг бариулж байна гэсэн үг. 2011 оны зун МУИС-ийн биологийн ангийн хээрийн дадлагаас ирэхдээ хэд хэдэн эм тэмээн аалзыг зулзагатай нь хамт авчран жил гаруй хугацаанд тэжээсэн. Ингэхдээ хэзээ хооллосон, хэр хугацаанд гуужсан, ямар шинж чанар ажиглагдсан, үүнд нь хоол, тэжээл нь хэрхэн нөлөөлсөн зэргийг тэмдэглэдэг байв. Хангалттай хооллож байсан аалз 7-8 сарын дотор зургаан удаа гуужиж, бие гүйцээд, хөгширч үхсэн. Харин бага хооллож байсан аалз найман удаа гуужиж, илүү томорч, урт насалсан.

-Гэрийн нөхцөлд аалзыг ямар орчинд тэжээдэг вэ?

-Шилэн терариум буюу үүр бэлдэх хэрэгтэй. Түүндээ хар шороо юм уу, хүлэрт хөрс хийвэл илүү тохиромжтой. Хөрсийг цэвэр байлгахгүй бол амьтандаа сөрөг нөлөөтэй. Ер нь үүрийг 3-4 сард нэг удаа цэвэрлэх хэрэгтэй. Зарим хүн хөрсийг чийгтэй байлгах нь зөв гэдэг. Гэтэл чийгтэй хөрсөнд аалзны идэлгүй үлдээсэн шавжийн үлдэгдэл хөгцөрч, элдэв нян үржих аюултай. Тийм учраас хөрсийг нь чийгтэй байлгахаас илүү аяганд ус хийж өгдөг. Аалз дээшээ авирч гарах гээд байдаг учир үүрийг нь таглах хэрэгтэй. Ингэхдээ агаар орох боломжтой байлгах ёстой.

-Аалзны амьдралын онцлог юу вэ?

-Хүний нөлөөгүй орчинд аалз догшин, дайчин шинж чанартай болдог. Шилэн терариумд байгаа аалзыг хүнтэй газар байлгавал бухимдаад хоолоо иддэггүй. Тиймээс хүний нүднээс хол байлгаж, догшин араншинг нь хөдөлгөж байгаад хоол өгвөл иднэ. Хүмүүс аалзыг таарсан амьтнаа барьж иддэг, ховдог гэдэг. Үнэн чанартаа энэ амьтан эмзэг, дорой юм. Цатгалан үедээ идэш амьтнаасаа дөлж, зугтаадаг. Аалз соёогоороо нүх ухаж, үүрээ засдаг. Идсэн хоолны хаягдал нь үүрнээс нь 10 см орчим зайд байдаг. Үүрэнд нь хог хийвэл гаргаад хаячихдаг.

Айх үедээ хэвлий хэсгийн үсээ агаарт цацаж, тэр нь арьс, хамар загатнуулдаг. Энэ бол аалзны байгалиас заяасан анхаарал сарниулах чадвар. Мөн ус дутагдсан үед хөл нь бага зэрэг нарийсаад, хэвлий хэсэгтээ хонхойдог. Энэ үед хооллож буй амьтан дээр нь ус дусаах, эсвэл саванд цэвэр ус хийж өгдөг. Аалз залуу байхдаа хурдан хөдөлгөөнтэй, идэмхий. Бие нь томорч, нас ахих тусам хөдөлгөөн нь удааширч, хоолны дуршилгүй, номхон болдог. Эм аалзны хэвлий өндөглөхийн өмнө бондгор байдаг. Өндөглөсний дараа жижигхэн болдог. Нэг л удаа зулзагалах боломжтой. Аалзны хөл тасарсан ч эргээд ургадаг гэж олон судлаач тэмдэглэсэн байдаг. Үүнийг туршиж, ажиглахад аалзны хөл тасраад эргээд ургахдаа богино болсон нь анзаарагдсан. Харин 2-3 удаа гуужсаны дараа анхных шигээ бүтэн ургасан байв. Мөн аалз хоорондоо тулалдаж байгаад хөлөө хазуулбал биеэр нь хор тарахаас өмнө гэмтсэн хөлөө тасдаж хаядаг.

-Монголчууд аалзыг үрдээ өөрийгөө идүүлдэг болохоор энэрэнгүй, эхийгээ иддэг болохоор хамгийн харгис амьтан гэдэг. Мөн “Аалз харвал ал”, “Эрхий хуруугаараа аалз албал аз авчирна” гэх зэргээр ярьдаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Үнэндээ бүх аалз эхийгээ иддэггүй. Өндгөө гаргачихаад орхидог, биеэ даатал нь нуруун дээрээ үүрдэг, эсвэл өөрөө өөрийгөө идүүлдэг гэсэн гурван төрлийн аалз байдаг. Аалз насныхаа эцэст үр төлөө үлдээчихээд, хоолны дуршилгүй болж үхдэг жамтай. Жишээлбэл, тэмээн аалз зулзагануудаа нуруун дээрээ үүрч явдаг. Өндөглөсний дараа барьсан амьтнаа өөрөө идэлгүй зулзагануудаа хооллодог. 8-9 сарын дотор зулзаганууд нь хэсэг хэсгээрээ бууж тардаг. Өндгөө гаргасны дараа хоолны дуршилгүй болж үхдэг учраас зарим аалз үүрэн дотроо өөрийгөө хамт ороож үлддэг. Тиймээс зулзаганууд үүрнээсээ гарахдаа эхийгээ иддэг. Үүнийг хүмүүс эмзэг хүлээн авч, эл амьтныг үзэн яддаг байх. Өөрөөр хэлбэл, насныхаа эцэст зулзагалаад үхдэг жамтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс зарим аалз үрдээ өөрийгөө идүүлдэг биз.

-Үржлийнхээ дараа эм аалз, эрийгээ иддэг гэсэн үнэн үү. Тор ямар үүрэг гүйцэтгэдэг талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Эрэгчин нь эмэгчнээсээ жижигхэн биетэй. Зөвхөн үржилд орох л үүрэгтэй. Үржлийн дараа үүрэг нь дууссан тул ихэнх эмэгчин эрэгчнээ барьж иддэг. Эрэгчин нь идүүлэхгүйн тулд эмэгчнийхээ хөлийг тороор ороодог бол зарим нь шууд зугтдаг. Нэхсэн тороороо үүр барьж, урхи бэлдэхэд ашигладаг бол нөгөө нь явсан газраа тэмдэглэдэг. Зарим жижиг аалз салхины урсгалыг дагуулж, ямар нэг объектын дээр тороо шидэж, түүндээ зүүгдэж нисдэг. Аалз тор ашиглаж үүл рүү нисдэгийг харуулсан баримтат кино хүртэл бий. Мөн аалзны тор үнэрийг нь хадгалж байдаг. Эм аалзны үүрэнд нэг удаа эрэгчинг нь хийхэд торны үнэрээр мэдрээд, харагдахгүй байгаа эмэгчнээ хайж байсан.

Аалзны тамир тэнхээ, биеийн байдлыг нэхсэн тороор нь шинжилж болдог. Цатгалан, бие сайтай аалз тороо том, гоёмсог урладаг. Харин торны хэмжээ жижиг, цоорхой бол тэр аалз ядарсан байна гэсэн үг. Мөн хаана амьдардаг, ямар төрөл гэдгээсээ хамаарч тороо өөр өөр хэлбэрээр нэхнэ. Тухайлбал, тоонолжит бүлгийн аалз олон өнцөгт, тойрог хэлбэрийн гоёмсог тор урладаг. Мөн нүдэнд үл үзэгдэх байдлаар нэхдэг. Ямар нэг амьтан торон дээр нь буухад түүнийг ангуучилна.

-2016 онд “Эхийнхээ хэвлийг сэндийлж иддэг тэмээн аалз” нийтлэлийг тань цахимаас уншсан юм. Муу бүхний жишээнд аалзыг зүйрлэдэг нь буруу гэсэн санааг агуулж, аалзны тухай эерэг мэдээлэл түгээхийг эрмэлзсэн юм шиг санагдсан.

-Тухайн үед фэйсбүүкт “тэмээн аалз эхийнхээ хэвлийг идэж гарч ирдэг шиг уул уурхайн салбар ч эх дэлхийн хэвлийг сэндийлж байна” гэсэн утгатай мэдээлэл газар авсан. Уул уурхайг аалзтай жишсэнийг хүмүүс буруугаар ойлгож аалзыг “хэрэггүй амьтан, таарвал шууд устга” гэх сөрөг сэтгэгдэл олныг бичсэн байв. Би хүмүүсийн сэтгэгдэл доор тайлбар бичсэн ч сайн нөлөө үзүүлж чадаагүй. Тиймээс “Эхийнхээ хэвлийг сэндийлж иддэг тэмээн аалз” бичвэрээ өөрийн цахим хаягтаа нийтэлсэн. Эл нийтлэл багагүй хандалт авч, олон хүний буруу ойлголтыг залруулсан байх. Хортой, аюултай байсан ч хүн уурыг нь хүргэхгүй бол аалз амиа эрсдэлд оруулж, түрүүлж хазахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Байгальд хэрэггүй амьтан гэж нэг ч үгүй. Ямар ч амьтан өөрийн үүргийг гүйцэтгэдэг. Тухайн амьтан үгүй бол экологийн тэнцвэрт байдал алдагдана. Чоно өвсөн тэжээлт амьтны тоо толгойг хязгаарлаж байдаг, өвсөн тэжээлт амьтан хэрэггүй өвс ургамлыг хэт их ургахаас сэргийлдэг. Аалз бол шавжийн тоо толгойг хязгаарлах үүрэгтэй. Тэр байхгүй бол түүний хооллодог ялаа, цох зэрэг шавж ихсэж, тэнцвэрт байдал алдагдана.

Бэлтгэсэн: О.Алуунгуа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)