Б.ГАНТУЛГА: Энэ Засгийн газар, эрх баригчдын түүхэнд дурсагдан үлдэх гавьяа нь тэтгэврийн шинэчлэл байх болно

Эдийн засагч, “Ард Лайф” компанийн гүй­цэтгэх захирал Б.Гантулгатай ярилц­лаа.

-Бид иргэн баян бол улс баян гэж тун­хаглаж, чөлөөт эдийн засаг, ардчилсан ний­­гэмд шилжээд 30 жи­лийг үд­лээ. Энэ хуга­цаанд иргэн баян бол­сон уу?

-Төр, засаг иргэдээ баян, хөрөнгөтэй бол­гох, баялгийг тэгш хуваарилах гэж бэлэн мөнгө, хувьцаа, хи­шиг тарааж үзлээ. Гэвч эргээд харахад энэ бү­хэн оновчтой байсангүй. Нэг дор бэлэн мөн­гө тараахаар долоо хоног хүргэхгүй үрээд дуус­гадаг, тогтмол бэлэн мөнгө өгөхөөр ажил хий­хээ больчихдог.

Хувьцаа тараахад иргэд хувь­­цааг зардаг, бэлэн мөнгө болгодог. Бэлэн мөнгө тарааснаас өөрцгүй үр дүн дагуулдаг. Хувьцаа тараасан түүхийг бид 1990 онд ч туулсан. Нэг нийгмээс нөгөө рүү шилжих үед их хувьчлал хийгдсэн. Со­циализмаар замнасан 70 жилд бий болгосон үндэсний баялаг, хөрөнгөө иргэн бүрд хувьч­лахдаа цэнхэр, ягаан тасалбар тараасан. Ха­рин тэр тасалбаруудын үнэ цэнийг мэдэрч, ойл­гож, хадгалж, цуглуулсан нь тун цөөн. Иргэдийн бараг 95 хувь нь тухайн үед тасалбаруудаа зарсан байдаг. Мэдлэгтэй, мэдээлэлд ойр, сэргэлэн таван хувь нь тухайн үед үнэ мөнгийг нь төлөөд цуглуулж, хадгалсан байдаг. Харин одоо 30 жилийн дараа хувьчлал шударга бус явагдсан, ард иргэдээ хуурсан гэх мэтчилэн ярьдгийг та сонссон л байх. Хэдэн жилийн өмнө 1072 хувьцаа иргэдэд тараасан. Гэвч арилжаа нь эхэлж, нээлттэй компани болоогүй байхад л иргэд хувьцаагаа зарах гэж энэ тэрүүгээр боломж хайн явж байгаа. 1990 онд тараасан хувьцааг 95 хувь нь зарсан бол энэ удаад 60 хувь нь зарах бодолтой байна гэсэн судалгаа байна. Яах вэ, 30 жилийн хугацаанд хувьцааны үнэ цэнийг ойлгодог иргэдийн тоо нэмэгдсэн байна, зарах сонирхолтой хүний тоо буурсан нь сайн. Гэхдээ энэ хувь үүнээс доош буухгүй. Энэ нь хүүхэд бүрийг математикийн хичээлд дуртай болгож, хүн бүрийг эдийн засагч болгоно гэснээс ялгаагүй, утгагүй зүйл болно. Магадгүй нийт иргэний 40 хувь нь санхүүгийн мэдлэг, боловсролтой байж болох юм.

-Боловсролгүйн улмаас бо­лом­жоо хэдхэн төгрөгөөр худалдаж байгаа, санхүүгийн мэдлэг хяз­гаар­лагдмал иргэдэд тэгээд хэрхэн хувьцаа, хуримтлалын үр шимийг ойлгуулах вэ?

-Хүн бүрд тэгш бололцоо олгодог тогтолцоог нь л бүрдүүлчих. Жишээ нь, хувьцаа өгөхөөр маргааш нь зарчихдаггүй, тэр зарах боломжийг нь хязгаарласан, бэлэн мөнгө тараангуут идэж, уугаад дуусгачихдаг бус, түүгээрээ хөрөнгө оруулалт хийж, хуримтлал үүсгэх боломж бүрдүүлэх ёстой.

-Үүнийг яаж хийх ёстой гэж?

-Тэтгэврийн тогтолцоогоор дамжуулан хийнэ. Хувьцаа өгөх, мөнгө тараах бол тэтгэврийн дансанд нь хий. Сингапур улсад төв хуримтлалын сан бай­даг. Иргэд нь албан журмаар сар бүрийн орлогын 20 хүртэл хувийг тус санд хуримтлуулдаг. Ингээд хөрөнгийн бирж дээр хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийж, удаан хугацаанд хуримтлуулснаар үнэ цэн, үлдэгдлийг нь нэмэгдүүлээд явдаг. Иргэн бүр тухайн хуримтлалыг авч болох ажил­ласан жил болон насны босгыг зааж өгсөн учраас төв хуримтлалын санг тухайн улсын тэтгэврийн тогтолцоо мөн гэж ойлгож болно. Бид ч гэсэн төв хуримтлалын сан гэх мэт шинэ нэр томъёо гаргаж ирж, ард иргэдийн толгойг нь эргүүлж байхаар шууд хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоо, шинэчлэл гэж ярьж, хэрэгжүүлсэн нь дээр. Гол агуулга нь хуваарилалтын тогтолцооноос ху­римтлалынх руу, даатгал суурь­тай тог­толцооноос хуримт­лалын сан суурьтай тогтолцоо руу явах ёстой гэсэн үг.

-Даатгал суурьтай тогтолцооноос тат­гал­зана гэдэг нь “тэтгэврийн даатгал” гэх нэршлээс нь авхуулаад өөрчлөх ёстой гэсэн үг үү. “Даат­гал” гэдэг үг энд яагаад илүүдээд бай­гааг тайлбарлахгүй юу?

-Шинэчлэл, реформыг агуулгын хувьд хийх шаардлагатай. Тэтгэврийн даатгалын бү­тээг­дэхүүн анх 18 дугаар зууны үед үүссэн байдаг. Тэр үед үйлдвэрчний эвлэл байгаагүй, нэг хүний өдөрт ажиллах цагийг наймаар хяз­гаарлаагүй, хоёр өдөр амардаггүй байсан.

Үндсэндээ үхэн үхтлээ ажиллаж байж л өдрийн хоол, цалинтай залгадаг байсан үе. Гэхдээ хэн ч үхэн үхтлээ ажиллаж чаддаггүй байсан нь харамсалтай. Өндөр настай, хүч чадалгүй болоод ирэхээр ажлаа хийж чадалгүй өлбөрч үхдэг байсан. Германы улс төрийн нэрт зүтгэлтэн Отто фон Бисмарк эндээс даатгалын бүтээгдэхүүнийг анх бий болгосон гэдэг.

Хурд, хүч чадал шаарддаг, өнөөдөр хийж байгаа ажлаа тав, арван жилийн дараа хийж чадахгүйгээ мэдэж байгаа иргэдэд зориулан 70 наснаас эхлэн үхэн үхтлээ даатгалаас тэтгэмж, тэтгэвэр авах боломжтой бүтээгдэхүүнийг иргэддээ санал болгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үе, нийгэмд өндөр наслах нь өөрөө эрсдэл байсан. Тухайн үед даатгуулсан 10 хүний нэг, хоёр нь л амьд үлдэж, нөхөн төлбөр, тэтгэмжээ авч байсан учраас энэхүү тогтолцоо нь улс орон, энэ үйлчилгээг үзүүлж буй даатгалын компаниудад ашигтай байж. Тиймээс ч их дэлгэрсэн бүтээгдэхүүн болсон. Энэ цаг үеэс хойш 200 гаруй жилийн хугацаанд тэтгэврийн шимтгэл төлдөг хугацаа нь урт болж, хэмжээ нь ч буурч, тэтгэврийн насыг залуу­жуулж, даатгал суурьтай бүтээгдэхүүн сай­жирсаар ирсэн.

Гэтэл он цагийн эрхэнд нийгэм, хүний амьдрал өөрчлөгдөж, хүмүүсийн насжилт уртассан, үйлдвэрчний эвлэл үүсэж, ажиллах цаг хязгаартай, амрах өдрүүдтэй болж, ажилчид үхэн үхтлээ зүтгэх сонирхолгүй болж, тодорхой насанд хүрснээр гавьяаныхаа амралтад гарч, амрах, аялах сонирхолтой болсон.

Энэ үеэс эхлэн дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад хуучны, эрсдэл, даатгал суурьтай тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ажил эхэл­сэн. Тухайн үедээ нийгмийн хөрөнгөтэй, нэ­мэлт мөнгөн хуримтлал үүсгэдэг иргэдийн ашигладаг байсан хөрөнгө оруулалтын сан­гуудын үйл ажиллагаа нь урт хугацаандаа мөнгөн хөрөнгийн үнэ цэн, хэмжээг нэмэг­дүүлж байсан бөгөөд энэхүү загварт түлхүү шил­жиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сар болгон орлогоос нь албан журмаар авч байсан даат­галын шимтгэлийг больж, хуримтлал үүс­гэн, түү­­нийгээ хөрөнгө оруулалтын сан­гуудын зарч­маар удирдан ажиллуулах болсон.

Өдгөө дэлхийн улс, орнуудын 80 хувь нь хуваарилалтын тогтолцооноос хуримтлалынх руу шилжээд байна.

Бид шинэчлэлээ хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд манай даатгал суурьтай тэт­гэв­рийн тогтолцоо нь дампуурчихсан гэж хэлж болно. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа иргэ­дийн 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгөөс доош хэмжээгээр тэтгэвэр авч байна. Гэтэл өндөр настай иргэдэд энэ мөнгө амарч, аялах бит­гий хэл амьдрахад нь ч хүрэлцэхгүй. Тиймээс ч төр засагт тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлт үргэлж тавьдаг. Гэвч нэг жилийн хугацаанд 500 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа, түүнийгээ улсын төсвөөс нөхүүлж байгаа тэтгэврийн даатгалын сан тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх боломжгүй. Тиймээс л энэ тогтолцоог шинэчлэх ёстой. Иргэн нь ядуу, улс нь баян байж болохгүй шүү дээ. Иргэд нь баян улс л баян байдаг.

Нэг бодит жишээ хэлье. 1990 онд 10 мянган төгрөгийн цалинтай хүн сард цалингийн 20 хувь болох 2000 төгрөгийн шимтгэл төлж байлаа гэж бодъё. Даатгал суурьтай тэтгэврийн тогтолцоотой байснаар төлсөн 2000 төгрөг нь ямар ч эдийн засгийн хөшүүрэгт уягдаагүй, зүгээр л банкны харилцах дансан дээр байсан чигээрээ үлдсэн. Энэ хугацаанд мөнгө үнэ­гүй­дэж, өнөөдөр 2000 төгрөгөөр литр сүү ч авч хүрэхгүй. Гэтэл тэр мөнгө цагтаа тухайн хүний сарын орлогын 20 хувь байсан гээд бод доо. Тэгвэл тэр үед “Сүү” компанийн хувьцаа ширхэг нь нэг төгрөгтэй тэнцэж байсан. Тэр мөнгөөр 2000 ширхэг хувьцаа авчихсан бол өнөөдрийн үнэлгээ нь 400 сая төгрөг болчихсон байх нь. Хувьцаа урт хугацаандаа тэр хэмжээний үнэ цэнийг тээж, хадгалдаг байх нь.

Мөн хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл нь үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах явдал байдаг. 1990 онд дөрвөн сая төгрөгөөр хотын төвд хоёр өрөө байр авдаг байсан бол одоо 100 сая төгрөгөөс буухгүй. Энэ өсөлт биш гэж үү. Хэрэв бид хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоонд эртхэн шилжсэн бол одоо олон хүний амьдрал өөр байх байлаа.

-Манай улсын хувьд тэтгэврийн шинэч­­­лэлийн ажил эхэлсэн гэж ойлгож бай­гаа. Өнгөрсөн парламентад хувийн тэт­гэв­рийн тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа.

Тийм ээ. Хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоотой болохоос гадна уг тог­толцоо маань олон тулгуурт байх учиртай. Өөрөөр хэлбэл, бид нэг биш олон санд ху­римт­лал үүсгэж, эргээд тэдгээрээс өгөөж авах тухай хэлээд байгаа юм. Эрсдэл талаасаа өндөгнүүдээ олон саванд тараан байршуулаад, тэдгээрээс өгөөжөө хүртэнэ гэсэн үг. Тиймээс тэтгэврийн тогтолцоог олон тулгууртай бол­гох ёстой. Олон тулгуурт тэтгэврийн тог­тол­цооны хамгийн чухал оролцогч бол хувийн тэтгэврийн сангууд. Эдгээр сан­ болон хөрөнгө оруу­лагч нарт тавигдах шаардлага, хөрөнгө оруулалтын бодлого, үйл ажиллагааны зохицуулалтыг нарийн гаргаж өгөх шаардлагатай. Энэхүү зохицуулалтыг тусгасан Хувийн тэт­гэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн барьсан.

-Олон тулгууртай тэтгэврийн тог­тол­цоо гэж юу болох, одоо манайд ямар байгаа талаар та тайлбарлаж өгвөл тун сайн байна.

-Дэлхийн банкны ангиллаар тэтгэврийн тог­толцоо үндсэндээ 0, 1, 2, 3, 4 гэсэн таван тул­гууртай. Монголд 0 болон 1 гэсэн хоёр тулгуур нь л байна гэж үздэг. 0 тулгуур буюу тэтгэврийн ямар ч хуримтлал үүсгээгүй, даатгал төлөөгүй өндөр настай иргэн харж хандах хүнгүй, орло­гогүй бол төр засгаас үнэ төлбөргүй асарч, халамжлах тогтолцоо манайд бий. Сан­хүү­жилт нь татварын орлогоос буюу улсын төсвөөс гардаг. Нэг, хоёр, гурав дахь тул­гуур буюу гурван тулгуурт тогтолцоо бий болчихвол дараагийнх нь, дөрөв дэх нь аян­даа үүсдэг. Гурван тулгуурт тогтолцооны эхнийх нь улсынх байдаг. Албан журмын буюу иргэн өөрийн цалин, орлогоос улсад төлдөг тэт­гэв­рийн хуримтлал гэсэн үг. Хоёр дахь тулгуур нь компанийнх байх ёстой гэж хэлээд байгаа юм. Манайд энэ нь байхгүй. Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн цалин, орлогын 8.5 хувьтай тэнцэх шимтгэлийг сар бүр компани, ажил олгогч нь таны буюу ажилтныхаа нэрийн өмнөөс улсад төлдөг. Улс заавал авдаг гэсэн үг. Таны нэрийн өмнөөс компанийн чинь төлж бай­гаа 8.5 хувийн шимтгэлийг шууд улсад бус, хувийн тэтгэврийн санд хуримтлуулах сонголт хийх боломжтой тогтолцоо бий болгоё гэж хэлээд байгаа юм. Ажил олгогч компанид сонголт үлдээх ёстой атал улс хүчээр авч байгаад хамаг учир байгаа хэрэг. Харин гурав дахь тулгуур нь сайн дурын үндсэн дээр буюу иргэн өөртөө зориулж хувийн тэтгэврийн санд хуримтлал бий болгодог. Өөрөөр хэл­бэл, та хожим илүү өндөр тэтгэвэр авъя гэвэл хувийн тэтгэврийн санд данс нээлгээд сар бүр орлогынхоо тодорхой хэсгийг ху­римт­луулна гэсэн үг. Дөрөв дэх нь бусдын төлөө буюу өөртөө хэдийн хуримтлалтай болчихсон хүмүүс өөр хэн нэгэнд зориулж хуримтлал үүсгэх хэлбэр юм. Жишээ нь, үр хүүхэдгүй хүмүүс хөрөнгөө асрамжийн газарт хандивлаж, түүнийг нь үйл ажиллагаа, чанарыг нь сайжруулахад зарцуулдаг.

-Тэтгэврийн ху­римт­­­лалаа хаана үүсгэх талаарх сонголтыг компаниудад бий болгосноор ямар үр дүн гарна гэсэн үг вэ?

-Өрсөлдөөн үүснэ. Төрийн болон хувийн тэтгэврийн сангууд нь ажил олгогч компанийн үүсгэж буй тэтгэврийн хуримтлалыг хэрхэн хөрөнгө оруулалт хийж өсгөх саналаа гаргана гэсэн үг. Мөнгийг чинь ингэж өсгөнө, ийм ийм үйлчилгээ дагалдана гэх мэтээр өрсөлдөнө шүү дээ. Өнөөдөр арилжааны банкнууд яаж өрсөлдөж буйг харж байгаа биз дээ. Хувийн тэтгэврийн сангууд тэгж л өрсөлдөнө. Улмаар төрийн үүсгэсэн тэтгэврийн сан ч өөрийн эрхгүй өрсөлдөөнд татагдан орохоос аргагүй болно. УИХ-д өргөн бариад буй хуу­лийн төсөлд дээд тал нь хувийн тэт­гэврийн таван сан байна гэж заасан. Энэ нь нөгөө талдаа хэт их өрсөлдөөнөөс болж тэтгэврийн санг эрсдэлд орохоос сэргийлж байгаа нэг хамгаалалт.

-Тогтолцооны өөрчлөлтийг дагаж ху­вийн тэтгэврийн сан ажиллуулах ком­па­ниуд гарч ирнэ гэсэн үг үү. Эсвэл хэ­дийн бий болчихоод тогтолцоогоо хү­лээ­гээд бай­на уу?

-Тогтолцоогоо дагаж бий болно. Жишээ нь, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас нэг нь ч өргөн баригдсан хуулийн төслийн шаардлагыг хангахгүй. Тий­мээс бэлдэх ёстой. Гэхдээ үйл ажиллагаа та­лаасаа туршлагатай компани байгаа юу гэвэл бий. Тухайлбал, “Ард Лайф”-ыг нэрлэж болно. Хамгийн гол нь тогтолцоогоо зөв бүрдүүлэх ёстой. Хэн нэгэн бизнесмен, улстөрчийн хувийн ашиг сонирхлын төлөө ажиллах зүйл хийж болохгүй.

-Санал нэг байна. Чонын амнаас гараад барын аманд орох гэдэг шиг арай гэж улс хурааж авдаг тогтолцооноос салгасан хөрөнгөө хэнд, хаана хуримт­луулах вэ гэдэг нь хамгийн чухал.

-Тийм ээ. Жишээ нь, хувийн тэтгэврийн санд хөрөнгө оруулагч нарт тавигдах шаард­лага дээр зөвхөн хуулийн этгээд хөрөнгө оруу­лалт хийхээр хуулийн төсөлд тусгасан бий. Хувь хүн хөрөнгө оруу­лахгүй гэсэн үг. Ингэхдээ хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй нэг хуулийн этгээд нэг тэтгэврийн сангаас дээд тал нь 10 хувь эзэмшинэ. Тиймээс тус сан дор хаяж 10 эзэн­тэй болно. Тэр олон хүний тэтгэврийн хуримт­лалыг нэг хүнд даатгаад, нөгөөх нь хөрөн­гийг нь эрсдэлтэй зүйлд зарцуулж, эцэст нь дампуурвал яах билээ. Нэг төсөлд бүх мөнгөө оруулаад дампуурсан нэг бус банк бий шүү дээ. Угтаа тухайн банкны эзний шийд­вэр л дампууралд хөтөлчихөж байгаа юм. Тиймээс нэг эзний хамаарал, тэндээс үүсэх эрс­дэлийг сааруулах ёстой. Тогтолцоогоо л зөв гаргачихвал компаниуд гажихгүй.

-Хуулийн төсөлд баригдалгүйгээр, та өөртөө төсөөлж буй, бий болгохыг зорьж буй тогтолцоо ямар онцлогтой байх бол?

-2-3 хувийн тэтгэврийн сантай, тэдгээрийн тус бүр 75 хүртэл хувийг Монголын үндэсний хамгийн том буюу хамгийн олон хүнд ажил олгосон найман компани нийлж эзэмшдэг байгаасай гэж хүсэж байна. Үлдсэн 25 хувь нь Монголын хөрөнгийн бирж дээр нээлт­тэй арилжаалагддаг байна. Тухайн компанийн ажилч­­дынх нь тэтгэврийн хуримтлалууд нь сан­гууд руу ордог, эзэд нь хянадаг байна. Үүнээс гадна сангийн хөрөнгө оруулалтын бод­логыг хуульчилж, хэн нэгэн гар хүр­хээргүй болгох ёстой. Жишээ нь, хөрөнгө оруулж байгаа сангийн нийт хөрөнгийн дээд тал нь 1-10 хувийг нэг компанид хөрөнгө оруулна. Нэг хувь гэдэг нь Норвегийн хөрөнгө оруу­лалтын сангийн бодлого юм. Сангийн нийт хөрөнгийн дээд тал нь нэг хувийг нэг ком­панид хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Тухайн сангийн нийт хөрөнгө 100 тэрбум төгрөг байлаа гэхэд нэг компани дээд тал нь нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой гээд бодлогоор хязгаарлачихаж байгаа юм. Дараа нь тухайн хөрөнгө оруулалт хийж байгаа компанийнхаа дээд тал нь 10 хувьд л хөрөнгө оруулна. Ийм хязгаарлалтад баригдалгүй, 70-80 хувьд нь хөрөнгө оруулчи­хаад аж ахуйн ажилд унаж болохгүй. Ком­панийнхаа 80 хувийг зарчихсан хүн хаяад явах нь ойлгомжтой биз дээ. Энэ мэтчилэн хуу­лийн хүрээнд хөрөнгө оруулалтын бодлого нь то­дорхой байж, хөрөнгө оруулалт нь эрсдэл бага, өгөөж өндөртэй байх болно.

-Энэ шинэчлэл, их ажлыг чухам хаа­наас эхэлж, ямар дэс дараатай хийх ёстой вэ?

- Гурван алхамтай хийх нь зүйтэй. Эхлээд хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчны зохицуулалтыг бий болгох ёстой. Энэ бол хамгийн том бөгөөд чухал алхам. Үүнийг маш сайн хийх шаардлагатай. Ингэхдээ хувийн тэтгэврийн сангийн эздэд тавих шаардлагыг өндөр болгож, хөрөнгө оруулалтын бодлого нь ч сайн байх ёстой талаар дээр дурдсан. Хоёрдугаарт, тэтгэврийн сангууд үүсэж, ху­римтлал бий болгоод эхлэнгүүт компанийн буюу хоёр дахь тулгуураа босгох ёстой. Ажил олгогчоос ажилтан бүрийнхээ өмнөөс улсад төлж байгаа 8.5 хувийн шимтгэлийг хувийн тэтгэврийн санд төвлөрүүлэх эрх, сон­голт бий болгох хэрэгтэй. Жишээ нь, том, жижиг гэлтгүй компаниудын эздэд нэг асуудал тулгарч эхэлсэн. Нэг компанид 20, 30 жил ажилласан хүмүүс тэтгэвэрт гарсан өдрөөс орлого нь 50 хувь буурдаг. Тиймээс ч компаниас маань “юм” өгөх юм болов уу гэж хардаг. Өөрийн амьдралыг зориулж, ямар нэг компани, салбар бий болгохын төлөө насаараа зүтгэчихээд гомдол тээж хоцордог. Зарим боломжтой нь тэтгэвэрт гарсан ажил­тандаа тав, 10 сая өгдөг. Тэр нь үлдсэн амьдралд нь хангалттай гэж үү. Энэ байдлаас эздийг аврах гарц нь нь тэтгэврийн тогтолцооны шинэчлэл. Гуравдугаарт, төрийн тэтгэврийн санг шинэчлэх ёстой. Төрд шууд шинэчлэл эхлүүлэхэд хөшүүн, хойрго, хүнд сурталтай, маш урт хугацаа шаардлагатай. Тиймээс энэ алхмыг эхний хоёр шинэчлэлийн дараа эхлүүлэх нь оновчтой. Төр ч тэтгэврийн сангаа хуримтлал суурьтай болгож, хөрөнгөжүүлж, хувийн сангуудаас хөрөнгө оруулалтын бод­логыг нь хуулж хэрэгжүүлбэл иргэддээ одоогийнх шиг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэвэр өгөхгүй. Тэтгэврийг нь хэд дахин нэмэгдүүлнэ.

-Танай “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүй­цэтгэх захирал Ч.Ганхуяг төрийн тэт­­гэврийн санг хэрхэн үр дүнтэй ажил­луулах талаар байр сууриа идэвхтэй илэр­хийлдэг нэгэн. Та түүнтэй санал нэг байна уу?

-Тийм ээ, төрийн өмчит компаниудын хөрөнгийг нэгтгэвэл бараг 17 их наяд төгрөг болно. Иймд тэдний нэрийг өөрчлөөд тэт­гэврийн сан болгочих гэж Ч.Ганхуяг захирал хэл­сэн байдаг. Төрийн өмчит компани, төс­­лүү­дээс орж ирж байгаа орлогуудыг тэт­­­гэв­рийн данснуудад нь хуваарилаад, тэт­­гэврийн нас­ныхан нь шууд зарцуулах эрх­тэй­гээр үйл ажил­лагаагаа явуулна гэсэн үг. Төрийн өмчит компаниудын ажилчдын тэт­гэврийн хуримт­лал нь төрийн тэтгэврийн сан дээрээ байдаг, орлого нь тэтгэврийн сандаа очдог байна гэсэн үг.

-Асар олон үр дүн дагуулах шинэч­лэлийн талаар тантай ярилцлаа. Үүнийг хийж чадвал боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүр­тээмж ч сайжрах нь тодорхой байна. Ирэх дөрвөн жилд эрх барих нам МАН. Сон­гуулийн мөрийн хөтөлбөртөө энэ та­лаар тусгасан байсан уу?

-МАН, АН, МАХН, ХҮН-ын мөрийн хөтөл­бөрт тэтгэврийн шинэчлэл, реформ хийх талаар тусгасан байсан. 2050 он хүртэл ба­римт­лах “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт ч энэ талаар тусгаж, зорилт дэвшүүлсэн. МАН олонх болсон учраас энэ шинэч­лэлийг хийнэ гэдэгт итгэж байна. Энэ Засгийн газар, эрх баригчдын түүхэнд дур­саг­дан үлдэх гавьяа нь тэтгэврийн шинэчлэл байх болно. Боловсрол болон эрүүл мэндийн салбарт реформ хийж, гайхалтай гоё бүтэц бий болголоо ч тэрийг хүн л хүндээ хүргэнэ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд, боловсролын супер тог­тол­цоо бий болгочихоод түүнийг хүнд хүргэх нь эмч, багш нар. Гэтэл багшийн ирээдүйн баталгаа, цалин, хан­гамж муу бол ямар ч мундаг тогтолцоо бай­гуулаад амжилттай ажиллахгүй. Багш хүн тэтгэвэрт гарахдаа тэрбумтан болох нөхцөл бүр­дүүлсэн цагт л ажилдаа төвлөрч, чин сэт­гэлээсээ зүтгэнэ шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)