Б.ГАНТУЛГА: Дэлхийд 15 зүйл тогоруу байдгийн зургаа нь манайд бий

“Өнгө хөхөвтөр, хүзүү, хөл урт, сүүл шувтан, хос хосоор явах олон зүйл шувууг тогоруу гэнэ” гэж монгол хэлний их тайлбар тольд бичжээ. Дэлхий дахинаа дөрвөн төрөлд хамаарах 15 зүйл тогоруу байдгийн зургаа нь манай оронд бий. Алтай-Соёны болон Амар мөрний эко бүс нутагт байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Оросын холбооны улс дахь Амар мөрний салбарын санаачилгаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран дэлхийд тоо толгой нь ховордох болсон тогорууг хамгаалах, иргэд олон нийтэд таниулах зорилгоор “2020-тогорууны жил” аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд хийж буй зарим ажлууд болон манай орны зургаан зүйл тогорууны талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүйлийн мэргэжилтэн Б.Гантулгатай ярилцлаа.

 -Тогорууг төстэй харагдах дэглий шувуутай андуурах тохиолдол гардаг гэсэн. Тогорууны онцлог шинж нь юу вэ?

-Дэлхийн хэмжээнд 15 зүйлийн тогоруу байдаг бөгөөд Монгол орны гол нуур, ус намгархаг газар, тал хээрт нүүдэллэн ирж, өндөглөн зусдаг хархираа, өвөгт, хар, цагаан, цэн, алаг тогоруу гэх 6 зүйл тогоруу бий. Монгол оронд хамгийн түгээмэл тархсан нь өвөгт тогоруу. Ихэнх тогоруу Амар мөрний сав газар нутагладаг. Ер нь энэ мөрөн тогоруунд маш чухал нэг гол бүс нутаг. Дээр дурдсан дэглий болон тогорууг нисэх үед нь ялгах гол шинж нь нь хүзүүгээ “эвхдэггүй”, шулуун байдаг.

-Сүүлийн жилүүдэд тогорууны тоо толгой цөөрөх болсон. Шалтгаан нь юу юм бол?

-Цэн тогоруу, хархираа тогоруу нь Монгол улсын Улаан номонд орсон ховор зүйлүүд. Цагаан болон хар тогоруу нэн ховор, хархираа нь ховор зүйлд багтдаг. Бусад нь элбэг гэсэн үг. Олон улсын байгаль хамгаалах сан (IUCN)-ын ангиллаар цагаан тогоруу нь “устаж байгаа”, алаг тогоруу нь “устаж болзошгүй”, цэн болон хар тогоруу нь “эмзэг” ангилалд хамаардаг. Тогоруу нь ус, намгархаг газрын экосистемд чухал нөлөөтэй зүйл бөгөөд хүний үйл ажиллагаа, уур амьсгалын хүчин зүйлээс үүдэлтэй аливаа өөрчлөлтөд эмзэг. Далан барих, нуур, гол мөрний ус бохирдох, алтны шороон ордны ашиглалт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хотжилт тэлэхтэй холбоотой ус намгархаг газрын орчинг өөрчлөн, тариалангийн талбай болгож хувиргах нь тухайн бүс нутагт амьдардаг тогоруу болон бусад амьтдад ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн түүнчлэн ус намгархаг газарт хэт ойр зусаж байгаа айлын болон тэнэмэл ноход тогорууны үржлийн үед нь өндөг сүйтгэх, дэгдээхийг барих, эдгээр айлын бог малууд тогорууны үржлийн үед ус намгархаг газарт байнга байршиж, тогорууг өндгөө дарах боломжийг багасгах зэргээр үржлийн амжилтыг эрс бууруулдаг. Нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг, зусдаг гол, нуурын усны түвшин багасаж, зарим нь хатаж, ширгэснээс тогорууны тоо толгой мөн ховордох болсон.

-Улаан дансанд бүртгэгдсэн тогорууг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч байсан юм бол?

-Цагаан тогорууг 1995 оноос агнахыг хуулиар хориглон дархалж, Амьтны тухай хуулинд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Мөн Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн I, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн I, II, Монгол орны “Улаан ном”, Азийн “Улаан ном-д оруулсан байдаг. Хархираа тогорууг Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын хавсралтад заасны дагуу ховор амьтнаар бүртгэж, зусах, нүүдлийн үедээ олноороо цуглардаг ихэнх нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

- Хамгаалахын тулд цаашид юу хийх шаардлагатай вэ?

-Тусгай хамгаалалттай газар, олон улсын бусад конвенц, жагсаалтад орсон газар нутгуудын хамгааллын менежментийг сайжруулах, тоо толгойг нарийвчлан тогтоох, гол газруудыг тогорууны үржлийн хугацаанд нь мал, нохойноос чөлөөлөх, хамгаалах арга хэмжээний талаар нутгийн иргэдэд сурталчлах хэрэгтэй юм.  

 -Танай байгууллага “2020-тогорууны жил” аяны хүрээнд ямар ажлууд хийж байгаа вэ?

-Хэдхэн хүн хамгаалахаас илүүтэйгээр тогорууны ач холбогдлыг олон хүнд таниулах нь чухал. Хүн аливаа зүйлийн талаар сайн мэдлэгтэй болсон цагт устгаж, сүйтгэх нь бага байдаг. Тиймээс ард иргэдийг тогорууны талаар үнэн зөв мэдээллээр хангах нь маш чухал. Олон нийтэд таниулахын тулд богино хэмжээний цуврал бичлэг хийж, нутгийн иргэдэд тогорууны ач холбогдлын талаар мэдээлэл хүргэж байна. Мөн “Тогоруу энхтайван амар амгалангийн шувуу” сэдэвт олон улсын хүүхдийн гар зургийн уралдааныг өнгөрсөн сард зарласан. Одоо ч бүтээлүүдийг нь хүлээн авсаар байгаа. Түүнчлэн тогоруу олноор үрждэг голын сав газрууд, ус намгархаг зарим газруудын эхийг хаших зэрэг олон төрлийн ажлыг хийхээр төлөвлөж байна.

ЦЭН ТОГОРУУ

120-153 см урт, цайвар, хөх саарал зүстэй, толгой, шил цагаан, цээж бараандуу, далавчны үзүүр хар. Цэн тогорууны дух, шанаа улаан, хошуу нь бор шаргал байдаг. Залуу тогорууны зулай, шилэн хүзүү нь улбар шар өдтэй. БНХАУ-ын зүүн хойд хэсэг, ОХУ-ын Чита мужийн баруун хязгаар, Амар мөрний хөндийгөөр цөөхөн тохиодог бол Монгол орны Онон, Хэрлэн, Улз, Халх, Нөмрөг, Хараа гол, Буйр нуур тэдгээрийн сав, Туул, Харвахын голын адаг, Булганы Айхан, Ховдын Хар ус нуурт тааралддаг. Солонгос, БНХАУ, Япон Улсын нутагт өвөлждөг бөгөөд зэгстэй нуур, голын дагуу өндөглөн зусдаг аж.
3-4 настайдаа үржилд орж, дов сондуулын дунд хагдарсан өвсөөр 50-80 см өргөн үүрээ засаж, 4-5 дугаар сард улбардуу хоёр өндөг гаргадаг. Өндгөө ихэвчлэн эм нь 30 гаруй хоног дарж, дэгдээхэй болгоно. Дэгдээхэй шавж, хорхой, ургамлын үндэс, нахиагаар хооллон наймдугаар сарын дундуур нисэж эхэлнэ.

ӨВӨГТ ТОГОРУУ

105-135 см урт, толгой, хүзүү хар, нүдний араас багц цагаан өд доош унжсан эл шувууг өвөгт тогоруу гэнэ. Бусад тогоруутай харьцуулбал жижиг биетэй, толгойн орой саарал, нүд улаан, хүзүүг нь дагаж цээж хүрсэн хар өдтэй нь зогдор мэт харагддаг. Хүзүүний доогуур голлосон хар судалтайгаараа хархираа тогоруунаас ялгардаг аж. Залуу шувууны биеийн зүс бүхэлдээ саарал ч нуруу, далавч, сүүлэнд бор шаргал толбо бий. Монгол оронд хаа сайгүй тохиолддог. Шавж, авгалдай, нялцгай биетэн, ихэвчлэн ургамлын үр, үндсээр хооллодог. Хавар тариалангийн талбайд сүрэг сүргээрээ цуглардаг өвөгт тогоруу нь өт, цох хорхойн авгалдай зэрэг тариалангийн хортон шавжийн тоо толгойг үлэмж хэмжээгээр хорогдуулдаг.

ХАРХИРАА ТОГОРУУ

Биеийн урт 125 см, хөх саарал зүстэй, хүзүүний ар хажуу цагаан, зулайн ар тал, дагз өдгүй, улаан, хоолойн урд хэсэг хар, хошуу ногоовтор, далавч нь 54-66, дэлгээ урт 245 см эл тогорууг хархираа гэдэг. Африкийн хойд нутаг, Иран, Өмнөд Азийн нутгууд, Энэтхэг, Хятадын нутагт өвөлжин, Их нууруудын хотгорын Дөргөн, Хар, Хар ус, Айраг, Хяргас, Увс нуурын ойролцоох чийглэг нуга, Хангай, Хэнтий, Дорнод Монголын томоохон голын хөндий, намгархаг нууруудад зусдаг. Хүрэхэд хэцүү, өргөн уудам намгархаг газар, чийглэг нуга, нуурын ойр орчмоор амьдарна. Зэгс шагшуургатай намгархаг нутагт хэсэгхэн хуурай газар олж, үүрээ засан, ихэвчлэн хоёр өндөг гаргадаг. Залуу шувуу 70 хоногийн дараа бие даан нисэж сурдаг гэнэ.

ХАР ТОГОРУУ

Жижиг биетэй, өвөг тогоруунаас харьцангуй том, толгой, хүзүү цагаан, бие нь хар, хар саарал зүстэй. Хар тогорууны зулай улаан, хөл хар, залуу бодгалийн толгой, хүзүү бараан байдаг. Якут, Примор, Хабаровскийн хязгаарын зарим нутагт өндөглөдөг. Солонгос, Япон, Хятадын нутагт өвөлжин, Сибирийн шилмүүст тайгын намаг, нуур, голын хөвөө, тариалангийн талбай бараадан нутагладаг. Монголд нүүдлийн болон зусах байдлаар тааралдана. Хэрлэн, Улз голд хэдэн зуугаараа үзэгдэнэ. Мөн Архангайн Цагаан сүмийн аманд зусдаг. Тайгын намагт есдүгээр сарын сүүлчээр үүрээ засаж, хоёр өндөг гаргадаг аж.

ЦАГААН ТОГОРУУ

Дун цагаан зүстэй, далавчны үзүүр хар, нүүр, хошуу, хөл улаан, эр нь эмээсээ арай том, залуу тогоруу улаан туяатай, цагаан өдтэй, биеийн урт нь 120-140 см цагаан тогоруу Якутын зүүн хойд нутагт өндөглөн, зусдаг. Мөн дорно зүгт зусаж, Хятадын Хөх мөрний адагт өвөлжинө. Монгол оронд 1981, 1988 оны зун Улз голын сав, 1994 онд Өгий нуурт зусаж байжээ. Сүүлийн таван жилд 8-10 толгойгоор зун ирэх болсон гэнэ. Эргээрээ зэгстэй, намгархаг нуур болон голын хөндийн өтгөн өвстэй чийглэг нугад тохиох нь элбэг.

АЛАГ ТОГОРУУ

Эл тогорууны талаарх мэдээлэл тун дутмаг. Нас бие гүйцсэн бодгаль цагаан өнгийн зүстэй, толгой дээрээ улаан судалтай. Хүзүү хар, дух зулай өдгүй улаан арьсаар бүрхмэл. Далавчны үзүүр хар, их бие цагаан, 140-160 см урттай. Намаг доторх хуурай довцог дээр зэгсээр үүрээ засаж голдуу хоёр өндөг гаргах боловч голдуу нэг нь л эсэн мэнд бойждог. Жижиг биет хорхой шавж, намаг цөөрмийн ургамлаар хооллодог. Намар орой болохоор Солонгос, Хятад, Тайвань, Японд өвөлжихөөр буцдаг. Ихэвчлэн ургамлын гаралтай тэжээл, шавж, зөөлөн биетэн, хоёр нутагтан зэрэг сээр нууруугүй амьтдаар хооллодог.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)