Б.ГАНГААМАА: Дэлхийн таван том оргилын нэг Макалуд авирахаар бэлтгэж байна

Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа дэлхийн ноён оргилуудад авирна гэсэн олон жилийн хүсэл мөрөөдлөө 2011 оноос биелүүлсэн. Тэрбээр мөчит дөрвөн хөлтний мөр гараагүй, мөгөөрст нимгэн хоолойтны дуу хүрээгүй долоон өндөр оргилд гарсан 149 дэх уулчин, дэлхийн шилдэг 20 эмэгтэй тамирчны нэг юм. 8000 метрээс дээш өндөртэй 14, түүний дотроос топ таван оргилд (Эверест, К2, Канчинжунга, Лхоце, Макалу) авирч мөрөө үлдээхийг хүсдэггүй уулчин ховор. Тэгвэл цаст ууланд зориг гарган хөл тавьсан жаахан охин өдгөө дэлхийн спорт авиралтын хаан уул гэгдэх К2-ыг эзэлсэн анхны монгол хүн болсон билээ. Энэ оргил авирахад хамгийн хүнд 10 уулын нэгдүгээрт ордог. Түүний хоёр дахь оролдлого амжилттай болж, элэг нэгтнүүдээ огшоон, магнайг нь тэнийлгэсэн. Тийм ээ, тэрбээр уулын охин. Уулчнаа уул үргэлж хардаг шиг түүнийг дахин нэг оргил хүлээж буй.

-Амжилт, алдар нэр, амьдралыг тань одоо уулгүйгээр төсөөлшгүй болжээ.

-Тийм ээ, би уулын охин. Уул миний амьдрал, ажил минь. Жилийн 360 хоногийн талыг нь ууланд амьдарсаар 30 жил болжээ. Өнгөрсөн он жилүүдийн дурсамж саяхныг мэт санагдаж байна. Уйгагүй зүтгэсэн зорилго минь амжилтад хүргэсэн. Энэ амжилт зөвхөн Гангаамаагийнх биш, олон хүний сэтгэлийн дэм, итгэл юм. Амжилт бодож би оргилд авираагүй. Алдар нэр битгий хэл цастай уул байдгийг ч мэдэхгүй жаахан охин Отгонтэнгэр хайрханд анх авирч байв. Авирах тусам л өөрийгөө хурдны морь шиг сойсоор ирлээ. Эхний 10 жил уултай танилцах, сүүлийн 10 жилд зорилго өвөртөлж авирсан. Хөдөлмөрлөснийхөө хүчинд одоо уулчин гэж хэлүүлэхээр болжээ. Би микробиологич мэргэжилтэй. Анагаах ухааны коллеж дүүргэж, мэргэжлээрээ Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт есөн жил ажилласан. Эзэмшсэн мэргэжил, хийж байсан ажлаа орхиж, уул руу зүглэсэн. Намайг олон зүйлээс татгалзуулж, хүсэл сонирхлоосоо буцах аргагүй болтол хүчтэй татсан юм, уул. Түүнээс хойш аялал жуулчлалын салбарт хөл тавьж, ажиллахынхаа хажуугаар уулын спортоор дагнаж хичээллэсэн. Миний хоёр дахь мэргэжил бол багш дасгалжуулагч, МУБИС-ийг дүүргэсэн.

-Танд уул боломж олгож, зорилго тань амжилт руу хөтөлсөн байх. Уулын хэлийг та мэддэг, уул таны сэтгэлийн үгийг сонсдог ч юм бил үү.

-Отгонтэнгэр, Очирваань хайрхан намайг хүн, Алтай Таван богд уулчин, тамирчин болгосон. Гавьяат цол хүртчихээд би Баян-Өлгий аймаг руу онгоцоор ниссэн. Олон жилийн турш надад багш болсон ууландаа хүндэтгэл үзүүлж, “Баярлалаа” гэж шивнэн баярын нулимстай сэтгэлийнхээ үгийг дайж билээ. Тэнд ажиллаж, амьдардаг хүмүүстэй баяраа түрүүлж хуваалцсан. Уултай хуваалцсан олон дурсамж миний амьдралд мартагдахааргүй үлджээ. Спортод зөв менежменттэй ажиллаж, зорилго нэгтэй баг бүрдүүлэх, өөрийг нь дэмждэг хүрээлэл бий болгох хамгийн чухал.

-К2 таны авирсан оргилуудаас хамгийн эрсдэлтэй нь. Өмнө нь тэндээс сэтгэл гонсгор ирж байсныг тань мэдэх юм.

-Эверестэд авирсныхаа дараа К2-т гарах зорилго тавьсан. 2011 оноос хойш дэлхийн дозорилгынхоо төлөө тууштай зүтгэж 2016 онд Монголын анхны “Seven summiteer” боллоо. Үүнээс хойш цаг нь болсон гэж үзээд, хоёр дахь авиралтаараа оргилд нь Төрийнхөө далбааг мандуулсан. Дэлхийн олон орны уулчдаас 337 хүн энэ оргилд хүрсэн ч 80 гаруй нь бууж амжилгүй эндсэн байдаг. Тэднээс оргилд гарсан эмэгтэй 17 уулчин байдгаас зургаа нь хорвоог орхисон юм. Сүүлийн жилүүдэд энэ оргилыг зорих уулчид нэмэгдсээр байгаа. 2012 онд 28 уулчин гарч байсан бол бид 31-үүлээ авирсан. Сүүлийн 64 жилийн түүхэнд нэг өдөр ингэж олуулаа энэ оргилд гарсан тохиолдол байдаггүй юм билээ. Хамгийн олон уулчин амь эндсэн уулсын нэг тул К2-ыг “алуурчин”, “үхлийн” гэж нэрлэдэг ч миний хувьд ингэж хэлэх дургүй. Энэ оргилд хүрсэн анхны уулчин Италийн тамирчин Ачиле Компаньони, Лино Лачеделли нар. 1954 оны долдугаар сарын 31-нд энэ оргил тэргүүн дээрээ анх удаа хүн гаргасан түүхтэй. Уул хүнийг эндүүлнэ гэж байдаггүй юм. Уулчин алдаа гаргаснаас л эрсддэг. Хэдийгээр хэцүү оргил ч уулчдыг ивээсэн нь цөөнгүй.

-Миний хувьд таныг мөрөөдлөө биелүүлчихсэн гэж боддог. Үүнтэй санал нийлэх үү

-Би олон жилийн мөрөөдлөө биелүүлсэн. Монголчуудын хүсэл ч биелэв. Оргилд гарчихаад Төрийнхөө далбааг хараад өөрийн эрхгүй огшсон. 2008 онд хамгийн том эрсдэл дагуулсан осол болж, 18 уулчин гэмтэж бэртсэнээс 11 нь тэнд мөнх нойрссон гэдэг. Яг тэр жил би К2-т авирах гэж байгаад санхүүгийн бололцоогүйгээс больсон. Авирна гээд хэвлэлийн хурал ч хийж байлаа. Мөнгө олдохгүй байх ч бас зарим нэг зүйлд учиртай юм шиг ээ. Тэр жил авирсан бол өнөөдөр ингээд тантай яриад сууж байх ч бил үү, үгүй ч бил үү. (инээв) Дэлхийн их найман мянгатуудын гурав дахь оргилд ирэх хавар авирах төлөвлөгөөтэй, бэлтгэлдээ гарсан. Макалу 8463 метр өндөртэй, дэлхийн топ тав дахь оргил. Монголын уулын спорт төрөл төрлөөрөө хөгжих гэж үзээд л байна. Амжилт гаргахад тамирчны бэлтгэл сургуулилалтаас гадна олон хүчин зүйл нөлөөлдөг. Хөрөнгө санхүү, бэлтгэлийн бааз, багш дасгалжуулагч, хувь хүн, байгууллага, төр, засаг гээд олон хүний хөдөлмөр, сэтгэл шингэж байж амжилт олддог юм шүү дээ. Би Монголынхоо Хүйтний оргилд 64 удаа оролдлого хийж, 49 удаа оргилд нь гарсан. Ирэх жил 50 дахиа авирна.Тэр үеэр Таван богд уулын хормойд Баян өлгий аймгийн Цэнгэл, Улаан хус сумын иргэд болон оролцогчдын дунд уулын цэвэрлэгээ, спортын болоод хүмүүнлэгийн ажил хийнэ. Миний хувьд 50 дахь авиралтын арга хэмжээний хүрээнд хийж буй нийгэм, байгаль руу хандсан ажлын нэг юм.

-Та хоёр ч удаа гэрээслэл үлдээсэн. Ирчихээд дугтуйг нь задалж суух мөчид ямар бодол төрж байв?

-Уулын холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх ахад явахынхаа өмнө, онгоцны буудалд дугтуй өгөх гэтэл царай нь хачин болоод “Энэ юу юм бэ” гэж асуухад нь инээмсэглээд л гарт нь бариулсан. Намайг ирэхэд хамгийн түрүүнд угтаж “За ашгүй дээ амжилттай авираад, эсэн мэнд ирсэнд баяр хүргэе. Өнөөдрөөс санаа амарч, бүтэн нойртой хонох нь” гээд инээж билээ. Өмнө нь Эверестэд авирахдаа Зохион байгуулах хорооны дарга Д.Сүрэнхорлоо гуайд өгч байв. Эверестийн оргилд гарсныг сонсоод дугтуйг задалж “Ням гараг”, “Таван цагариг” сонинд зурагтай минь хамт бүрэн эхээр нь нийтлүүлж, уншигчдыг баахан шуугиулсан. А.Батсүх ах дугтуйг буцааж өгчихөөд “Сутайн бор” клубийн нүүр номд “Бор дугтуй” гэж гарчиглаад миний тухай бичсэн байв. Саяхан уулын холбооныхонтойгоо уулзаж байтал “Би дахиж дугтуй авахгүй шүү” гэсэн. Манай гэрийнхэн санаа зовсон нь царайнаас нь илэрхий байдаг юм. Би ууланд авирахдаа гэрийнхнийгээ боддоггүй. Зөвхөн оргилын тухай, чадах уу, үгүй юү гэж боддог. Ивээн тэтгэгчид нүдний өмнүүр жирэлзээд эвгүй шүү.(инээв) Яг авирахын өмнөх шөнө зүүдэнд ээж минь өөдөөс хараад сууж байгаагаар орж ирсэн. Намайг ирэхэд ах тосож аваад “За дүү минь аав, ээж хоёр тэнгэрээс чамайг харж, чамтай хамт байсан шүү” гэж хэлсэн.

УУЛЧИН ХҮНД ҮХЭЛ, АМЖИЛТ НЭГ ШУГАМД БАЙДАГ

-Оргилд авирч байхад эрсдэлийн тухай хамгийн түрүүнд бодогддог уу?

-Миний хувьд үхэл, эрсдэлийн тухай бус зорилгоо бодож авирдаг. Шийдвэрлэх авиралтын сүүлийн шөнө аюулгүй байдал, эсэн мэнд буух тухай л бодож байв. Өгсөж, уруудах замд гарч болзошгүй осол, өртөж магадгүй эрсдэлийг зайлшгүй тооцоолдог. Гэхдээ төлөвлөсөн зүйл заримдаа бодсоноос өөр байх нь бий. К2-т хамгийн их осол гардаг хэсэг “Лонхны хүзүү”. Авиралтын энэ хэсэг уулчнаас маш их туршлага тэвчээр, авхаалж самбаа шаарддаг. Японы нэг уулчин яг энэ хэсэгт амиа алдсан. Уулчин хүн айдасаа давж байж оргилд авирдаг юм. Учир нь үхэл, амжилтын нэг шугам дэргэд нь байдаг.

-Зорьсондоо хүрчихлээ. Гэрлэх тухай бодож байгаа байлгүй дээ?

-Хувийн амьдралаа хойш тавьсан нь үнэн. Гэхдээ бодож явахад болох байлгүй дээ. Уулын спортын амжилт арай л дуусаагүй байна. Намраас бэлтгэл сургуулилалтаа базааж эхэллээ. Надад төлөвлөсөн ажил их бий. Гэрийнхнийхээ болоод нөхдийнхөө зөвлөгөө, гомдлыг одоо бүр мартсан. Ирлээ, явлаа гээд завгүй гүйдэг болохоор тэд минь ч ойлгодог болоод удаж байна.

-Өндрийн өвчинд уулчид багагүй өртдөг гэсэн. Шинж тэмдэг нь мэдрэгддэг үү?

-Уулчид амь нас, эрүүл мэндээ бодож зориулалтын хоол хүнс, хувцас, багаж хэрэглэдэг. Өндрийн өвчинд өртөх магадлал их. Хүний биед хэт өндөр сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, амархан мартана, наснаасаа эрт бууралтана, цасанд байнга явсаар байгаад хараа муудна, өгсөх тусам хүчилтөрөгч багасаж, агаар дутагддаг тул цээж, уушгиар өвдөж ханиалгана. Үргэлж ачаалал өгч, хүнд юм үүрдэг, цас, мөсөн дээр амьдардаг учир нуруу, үе өвддөг болдог. Спортын төрөл болгон өөрийн гэсэн эрсдэлтэй. Зарим спортод алдсан алдаагаа засаад амжилт гаргаж болдог бол уулын спортод алдаа, оноо нь анхынх бөгөөд сүүлчийнх байдаг. Уулын спорт өндөр, нам шаардахгүй, нас, хүйс ялгадаггүйгээрээ онцлог. Гэхдээ энэ бүхнийг тэвчиж, зөв бэлтгэл, сайн зохион байгуулалттай, өөрийгөө зоригжуулж байж л урагшилдаг.

-Зарим үед танд эмэгтэй хүн гэдгээ мартаж, эрчүүдээс дутахгүй зүтгэх үе бишгүй л байсан болов уу?

-Уулчин эмэгтэйд гэрийн ажилтай зууралдах, хормогч зүүж хоол хийх, найз нөхөдтэйгөө ярьж суух, найр наадамд уригдах зав гардаггүй. К2-т авирсан эмэгтэй уулчид бүгд гэрлээгүй байсан. Тэд 14 оргилд гарах амжилтын төлөө зүтгэж байгаа юм билээ. Уул болгон өөрийн гэсэн онцлогтой. Авирах болгонд дурсамж үлдээдэг. 2015 онд Деналид (6194 метр) амжилттай авирсан. Гурван удаа оролдож, оройд нь гарсан болохоор энэ оргил надад их зүйл сургасан. Тэндээс ирэхэд намайг одоо “Seven summits” хийнэ биз дээ гэж олон хүн асуусан. Түүнээс хойш одоо чадахгүй юм бол хэзээ гэх бодол төрж авирахаар шийдсэн. Би хааяа уулаа зүүдэлдэг. Уул бид хоёр нэгнийхээ үгийг сонсдог.

-Таныг их хашир гэх юм билээ. Энэ зан тань хаана ч явсан хэрэг болдог биз.

-Оргилд авирахад тамирчны туршлага, хашир зан их хэрэг болдог. Өндөрт хүчилтөрөгчгүй, удаан байж болохгүй тул бушуухан буухыг бодно. К2-оос бууж явахдаа эндсэн уулчин олон байдаг болохоор миний хувьд яаралгүй буухаар шийдэж хаширласан.

-Оргилд авирах үед Монгол хоолоо санадаг уу?

-Уулчид хоолны дэглэм баримталдаггүй. Гэхдээ биед шим тэжээл, эрч хүч өгсөн хоол хүнс хэрэглэдэг. Би борц авч явах дуртай. Махассан үедээ иддэг юм. Намар хураасан шинэ ургац сайхан. Тэр дундаа ногоотой шөлөнд дуртай.

ОРГИЛД НАМИРЧ БУЙ ТӨРИЙН ДАЛБАА МОНГОЛЧУУДЫН ХИЙМОРИЙГ ТЭТГЭЖ БАЙГАА

-Шавь бэлдэж байна уу?

-Надад олон хүн хүүхдээ шавь болгох санал тавьсан. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын цөөнгүй хүнд зааж сургалаа. Хэрвээ тэд намайг багшаа гэдэг бол би олон шавьтай байх. Одоогоор тамирчин тул бусдыг сургах зав бага. Гэхдээ жилд хоёр удаа сургалт зохион байгуулдаг. Энэ нь миний бусдад хийж байгаа нийгмийн хариуцлагатай ажил. Хүмүүст аль болох зааж, зөвлөнө. Тамирчны карьерээ дуусгаад дасгалжуулагчаар ажиллана. Уулын спорт эрсдэлтэй тул сайн туршлагажиж байж тамирчин бэлдэнэ. Оргил хийморь сэргээдэг. Оройд нь гарахад ухаан тэлж, уужим болдог. Монголчууд уул, устайгаа ойр өсдөгийн учир энэ. Өндөр цэг хамгийн ариун байдаг. Оргилд авирсан хүн аливаа зүйлд тэмүүлэлтэй, хэр баргийн зүйлд бүдрэхээргүй хатуужилтай болдог.

-Таны утсанд сонгодог хөгжим эгшиглэх юм, хааяа алжаал тайлж сонсдог уу?

-Би кэмпэд амарч байхдаа Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Чинзориг гуайн аяз, Бетховен, Шопены сонгодог хөгжим сонсдог. Уулчид майхандаа оройн хоол идэхдээ ээлжээр Dj хийж дуу, хөгжим сонсоно. Миний ээлж таарч, сонгодог хөгжим тавихаар тэд “Аая, өнөөдөр романтик орой боллоо” гэдэг.

-Таныг ивээн тэтгэсэн “Таван богд” группийнхэн сэтгэл их түгшсэн гэдэг.

-Намайг явсны дараа К2-ын тухай сонсоод “Ямар хэцүү уул руу явуулчихваа” гэж санаа нь их зовсон гэнэ лээ. Монголын төрийн далбааг оройд нь мандуулахад “Таван богд” группийн удирдлага, хамт олны сайхан сэтгэлийн тус дэм гол үүрэг гүйцэтгэсэн.Намайг сайхан угтан авч, урам зориг хайрласан. Монголын хамгийн том оргилын нэрээр нэрлэсэн энэ байгууллагынхантай хойшдоо ч хамтран ажиллах бодол бий. Мөн ХААН банк, “Говь”, “Улаанбаатар гурил” ХХК-ийнханд баярлаж талархсанаа илэрхийлье. Монголын ард түмнийг би азтай гэж боддог. Монгол төрийн далбаа бол монголчуудын хийморийн дарцаг шүү дээ. Оргилын оройд нь намирч байгаа Төрийн далбаа зөвхөн миний бус монголчуудын хийморийг тэтгэж байгаа.

-Маркт мөнхөрсөн хоёр дахь уулчин та болсон санагдах юм?

-Монголд өмнө нь спортын сэдэвтэй марк олон гарсан ч уулчдыг мөнхөлсөн нь ховор. Маркт дүрээ мөнхөлсөн хоёр дахь хүн нь би. Оргилд авираад ирсний дараахан санал тавьсан юм. Маркийн талаар сайн ойлголтгүй байсан болохоор эхэндээ ч ам нээхгүй явсаар 2017 оны наймдугаар сарын 22-нд зөвшөөрсөн. 2018 оны гуравдугаар сарын 19-нд шинэ маркийг олон нийтэд танилцуулж, худалдаанд гаргасан. Энэ жилийн “Бөртэ чоно-2019” наадамд “Сутайн бор” клуб Говь-Алтай аймгийн Тонхил сумд баригдсан олон улсын стандартын “Олимп” спорт авиралтын ханаар “Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо” номинацад нэр дэвшиж, цом авлаа. Миний хувьд бэлтгэлийн бааз бий болж байгаад ач холбогдол өгсөн. “Сутайн бор” клубийнхэнд болоод Уулын холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх ахад бид талархах ёстой.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)