Б.ГАЛДАА: Сэтгүүлч болно хэмээн сагсалзаж явсан ч хувь заяа минь прокурор луу залсан

Прокурорыг шүүмжлэхээр өр нь өмөрч, тэднийгээ сайн явахад омогшиж, сэтгэл нь уужирдаг нэгэн эрхэмтэй уулзлаа. Нэг насны амьдралаа прокурорын байгууллагад элээсэн түүний  яриаг яаж ч эргүүлсэн, тойрч явсаар прокурор гэсэн сэдэв рүү хазайх аж. Ахмад прокурор Б.Галдаатай ярилцлаа.

-Таны бага нас, нутаг усны талаар яриагаа эхлүүлье.  

-Би Ховд аймгийн Булган сумын уугуул, торгууд хүн. Аав, ээж минь нэгдлийн гишүүн, цөөнгүй мал малладаг байлаа. Багадаа малын захад өсөж, сургуульд ортлоо хурга, ишиг хариулсан. Эхээсээ наймуул, би гурав дахь нь. Олуулаа учраас эрхэлнэ гэдгийг мэдэхгүй өссөн. Зундаа ааруул, ээзгийгээр голдуу болгоно. Өвлийг ч хэр чинээгээрээ өнгөрүүлнэ. Малын буянд болоод л байсан санагдана. Ийм цаг үеийн хүн дээ. 1956 онд естэйдөө нэгдүгээр ангид элссэн.

-Хуульч болъё гэж багаасаа мөрөөдөж байв уу?

-Хуульч болоход хэн нэгэн нөлөөлөөгүй. Би сэтгүүлч болохыг мөрөөддөг байлаа. Уран зохиолд дуртай, унших, бичихдээ гайгүй. Бичих мөрөөдлөө өвгөн болсон хойноо л биелүүлж сууна. Өөрөөсөө болоод сэтгүүлчийн хуваариас мултарсан юм.

-Яг юу болсон юм бэ?

-Би багын жаахан шогломтгой. 10 дугаар ангидаа энэ зангаасаа болж багш нарын хурлаар орсон. Манай ангид Д гэдэг туранхай, бор царайтай, дүрсгүй хүүхэд байлаа. Түүнийг бид “борц” гэж хочилдог. Сургуулийн дотуур байранд хамт амьдардаг түүний математикийн дэвтрийн хавтасны дотор талд

“Арван таван жил хатаагдсан борц

Амталж байхад таатай борц

Хээр хаяад хөгцөрсөн борц

Хэмэлж суухад зүгээр борц

гэсэн дөрвөн мөрт бичсэнийг минь багш үзчихээд өөрийг нь доромжилсон хэмээн гомдол гарган бөөн асуудал үүсгэв. Бичсэн эзнийг тогтоох юм боллоо. Бичгийн хэлбэрээ өөрчилж бичсэн тул намайг мэдэлгүй өнгөрсөн. Харамсалтай нь, багшийг доромжлоогүй ч сурагчийн дүрэм зөрчсөн хэрэгт “борц”-ыг шийтгэх болов. Хүн хэлмэгдүүлэхгүйн тулд арга буюу өөрийгөө илчилсэн. Ингээд төгсөхийн даваан дээр багш нарын хурлаар орж, сануулах арга хэмжээ авхуулав. Бүр их, дээд сургуулийн хуваарьт нөлөөлж, би гэдэг хүн сургуульгүй хоцорлоо. Тэр үед конкурс болдоггүй байж. Ингээд 10 дугаар анги төгсөхдөө сурлага сайтай ч хуваарьгүй хоцорсон хүн чинь илгээлтийн эзэн болж, Эрдэнэт рүү явав. Орхон аймгийн хайгуулын ангид хуваарилагдаж, чехүүдтэй ажилласан. Орхоны савд орших зэс молибдены хүдрийн баялаг бүхий Овоо уулыг анх ухалцаж, дээжийг нь авч түүхэн үйлд явдалд оролцсон доо. 

-Хожим нь конкурс өгч болоогүй юм уу?

-Сурагч байхдаа байнга уншдаг, сонины тасархай байсан ч сонирхож харна. Яагаад ч юм сэтгүүлч болох л хүсэлтэй. Уран зохиолын хичээлд дуртай. Сонгодог зохиолууд болон тэр үеийн яруу найрагч, зохиолчдын номыг хэвлэлтээс гарангуут нь авч шимтэн уншина. Мөрөөдөлдөө хөтлөгдөж, хөглөгдөхөөрөө уран зохиолын багш нарын сайхан ярианаас эшлэл авч, уншсанаа баяжуулан бусдад ярьж өгнө.  Товчхондоо, сэтгүүлч болно хэмээн сагсалзаж явлаа. 1973 онд конкурс өгөх боломж нээгдсэн. Цэргээс халагдаж, аймгийнхаа Цаг уурын станцад цаг уурч болж, нэг хэсэг  манаргасан. Гэхдээ сэтгүүлч болох мөрөөдлөө орхиогүй. Аймгийн сонинд ганц нэг шүлэг, мэдээ бичиж хэвлүүлнэ. Хэдэн төгрөг авах нь хүртэл урам. “Залуучуудын үнэн”, “Улаан-Од” сонинд нийтлэлээ хэвлүүлдэг идэвхтэн бичигч боллоо. Заримдаа шилдэг бичлэгийн шагнал ч авна. Тэр хавар сэтгүүлчийн ангийн хуваарь ирээгүй. Тэгвэл уран зохиолын багш болъё гэлээ. Аймгийн захиргаанаас “Өөр багш өрсөлдөнө” гээд халгаасангүй. Тэгээд “Танд хуулийн ангид л элсэх боломж байна. Гэхдээ энэ хуваарь дээр хоёр хүн бүртгүүлсэн. Тэдэнтэй өрсөлд” гэв ээ. Би хуулийн “А” ч үгүй. Сурахын хүслэн байсан учраас юунд ч хамаагүй шалгуулах болов. Ингээд хуулийн сургуульд конкурс өгөөд мэргэжлийнх нь байгууллагад ажилладаг хоёроос дөмөгхөн оноо авлаа. МУИС-ийн Хуулийн ангид таван жил суралцаж, төгссөн. Алдаагүй гэж боддог. Залуухан байхдаа ажлынхаа зав чөлөөгөөр шүлэг бичих гэж бодлогоширдог байсан. Миний хувийн архивт надтай цуг өтөлсөн 30 гаруй “шүлэг” бий. Хааяа нэг ажлын хамт олон, ангийнхантайгаа баяр тэмдэглэж, халамцсан үедээ зарим нэгийг ил болгочихдгоос бусдаар хэн ч мэдэхгүй.

-Анхны ажлын гараагаа хаанаас эхлүүлэв?

-Прокурорын байгууллагаас хаашаа зайлах вэ, би. Орсон, шилжсэн, томилогдсон бүх газар прокурор. Хөдөлмөрийн дэвтэр дээр бүгд тодорхой бичээтэй байгаа. Хуулийн анги төгсөөд Ховд аймгийн прокурорын орлогчоор томилогдлоо. Уг нь хотод хуваарилсан. Гэтэл МУИС-ийн Хуулийн ангид элсэлтийн шалгалт өгөхийн тулд аймгийн прокурорын орлогчоор тодорхойлолт бичүүлсэн нь хөшүүрэг болж, хөдөө ажиллуулахаар томилсон нь тэр. Өөрөөр хэлбэл, УЕПГ-аас намайг “Энэ манай хүн” гэж өмчилсөн. Үүнийг тодруулахын тулд бяцхан түүх сөхөх гээд байна.

- Тэг л дээ?

-Конкурст өрсөлдөх болсноо дээр дурдсан. Тэр үед хуулийн чиглэлээр конкурс өгөхийн тулд салбарынхнаас нь “виз” авчрах ёстой байв. Шүүх, прокурор, цагдаагийнхан дотооддоо ажиллаж буй хүнээ сургана гээд халгаасангүй. Би цаг уурч тул хуулийнханд гаднын хүн. Арга ядаад Ховдын прокурорын орлогчоос гуйлаа. Тэр хүн аймгийн ерөнхий прокурорыг эзгүй хойгуур “Прокурорын байгууллагын нэр дээр конкурс өгөхийг зөвшөөрнө” гэсэн бичиг хийж өгч надад том буян болсон. Маргааш нь конкурстэй байхад өмнөх өдөр нь яаран сандран бичгээ аваачиж өгсөн. Улмаар дээд оноог нь авч, хуулийнхны өмнө гишгэсний дараа халгаахгүй байсан аймгийн ерөнхий прокурор намайг дуудаж, сургууль төгсөөд нутагтаа ажиллах гэрээ хийсэн юм. Харин МУИС төгсөх үед МҮЭХ-ноос намайг судалчихсан. Ажилд авахаар тохирчихсон байв. Ингээд хотод ажиллах урилгатай атал манай аймгийн ерөнхий прокурор УЕПГ-ын Боловсон хүчний хэлтсийн даргаар томилогдчихсон “Манайх хүнээ авна” гээд даналздаг байгаа. Ингээд Ховд руу залагдсан түүхтэй. Тэр үед манай гэр бүлийн хүн  Улсын дээд шүүхэд хуваарилагдсан байв. Гэрлээд удаагүй, сургууль төгсөнгүүтээ хоёр талд амьдарч боломгүй санагдсан. Тиймээс эхнэр хуваариа орхиж, хоёулаа Ховд руу явсан.

-Оюутан байхдаа гэргийтэйгээ учирсан юм байна. Одоо сэдвээ өөрчлөөд анхны хайрынхаа тухай ярьж болох уу, дурсамжтай шүү дээ.

-Эхнэр бид оюутан ахуйдаа гэр бүл болсон. Хөдөөнөөс ирээд хуулийн ангид бүртгүүлэхээр МУИС-ийн гадна зогсож байлаа. Тэгсэн нэг шоволзсон бор охин нүдэнд тусаад болдоггүй. Тэр охин тээр хойноос “Чи аль аймаг вэ”, “10 жилээ аль сумд дүүргэсэн бэ” хэмээн оюутнуудыг шалгаасаар хүрээд ирлээ. Надаас “Чи аль анги вэ” гэж асууснаа “Өө бид нэг анги юм байна” гээд урдуур орчихов. Би хот хүрээ орж үзээгүй, хөдөөгийн борог амьтан. “Ямар аймар охин бэ” гэж бодсон ч үг хэл эвлэсэнгүй, чимээгүй л урдуураа оруулсан. Нэг цэргийн дарга дагуулчихсан явсан. Тэгээд хичээл эхлэхээс өмнө намрын ажилд явлаа. Өнөө шовгор борыгоо  бодох маягтай. Гэтэл ургац хураалтынхны дунд тэр ер харагдсангүй. Тэр жил ургац ихтэй байсан тул хичээл мөд ордоггүй. Октябрийн баярын дараа арай гэж сургуульдаа ирлээ. Нөгөө шоволзсон бор охин чинь ангид ороод ирлээ. Нүдэлж, бодож явсан охинтойгоо хоёр дахиа уулзсан нь тэр. Тэгээд гуравдугаар курст ороод үерхэж, төгсөх жилдээ бид гэрлэсэн. Одоо дөрвөн хүүхдийн ээж, аав, бас өвөө, эмээ болжээ.  

-Дагаж явсан цэргийн дарга нь яасан юм бол?

-Ах нь байсан юм.

-Тэр үед та хоёрын амьдралд ямар нэг бэрхшээл гарч байв уу?

-Улсын дээд шүүхэд алба хаших байсан эхнэр минь ямар томилолтгүй аймагт ирсэн. Төгсөгчдөд дипломыг үзүүлчихээд буцаагаад хураадаг үе байсан. Тэгээд томилсон газар луу бичиг баримтыг нь шилжүүлнэ. Тухайн газартаа очихгүй бол нийгэмд тустай ажлаас зайлсхийсэн хэрэгт унана. Эхнэр үйлдвэрлэлийн дадлагаа Сайд нарын зөвлөлд хийж, гайгүй үнэлгээ авсан тулдаа аймгийн захиргаанд өргөдөл гомдол хариуцсан байцаагчаар ажилд орсон. Ингэж бидний амьдрал эхэлсэн. Ховдод бид 12 жил амьдарсан. Би прокурорын орлогчоор найм, ерөнхий прокуророор дөрвөн жил ажилласан. Уг нь УЕПГ-ын коллегийн хурлаар анх орохдоо хотод ажилламаар байгаагаа шууд хэлсэн. Гэтэл гурван жил ажиллачихаад өргөдлөө гаргаарай гэв. 1979 онд системийн аварга, 1980 онд УЕПГ-ын шилдэг прокурор болж хүндэт самбарт зургийг минь тавьсан. 1981 онд бас аварга боллоо. Яг гурван жил болоод өөрийгөө муугүй ажилласан гэж үзэн шилжих өргөдлөө өгсөн ч хүлээж аваагүй. Тэр үед хөдөө ямар ч мэдээлэлгүй, хөгжих боломж муу учраас хот руу тэмүүлээд байсан хэрэг.

-Хожуу гэрлэсэн юм байна шүү дээ?

-Урьд нь харж явсан эмэгтэй бий. Доод ангийн охиндоо дурлаж л явлаа. Намайг тоогоогүй юм. Цэрэгт байхдаа түүнд зориулж шүлгэн захиа илгээсэн ч хариу ирээгүй. Багадаа хэрдээ зовлон үзсэн би түүнээс хойш яаран гэр бүл зохиохоос өмнө өөрийгөө авч явах дайны мэдлэгтэй болъё гэж санасан хэрэг. Тиймээс хожуу гэрлэсэн. Ховдод очоод орох оронгүй хэсэг хэцүүдсэн. Нялх хүүхэдтэйн дээр эхнэр жирэмсэн. Айлын хажуу өрөөнд ганц цагаан ортой л толгой хоргодож байв. Тэгж байтал нэг танил маань хот руу шилжлээ. Танилдаа хэлээд байранд нь орсон. Тэгсэн улсын байранд  дураараа орсон хэргээр захиргаанд  дуудагдаад хэл ам боллоо. Аймгийн даргад шууд хэлсэн. Хоёр нялх хүүхэдтэй, айлын хажуу өрөөнд амьдрах ярвигтай байна гээд ч хүлээж аваагүй. Байраа суллаж өгчихөөд шаралхаад “Намайг хот руу хурдан шилжүүлж аль” гэв. Аймгийн дарга “Шинээр орон сууц барьж байгаа. Ашиглалтад орохоор нь байр өгнө” гэлээ. Тэгээд аймгийн орлогч даргын гэрийг барьж, найзынхаа хашаанд өвөлжсөн. Сайхан хүмүүсийн тусыг одоо ч санаж явдаг. Дараа жил нь байр ашиглалтад орсон ч би өргөдөл өгөөгүй, очиж ч уулзаагүй. Дарга амлалтаа биелүүлэх нь үү гэдгийг харсан. Тэгсэн удалгүй дуудаж “Гурван өрөө байр ав” гэлээ. Харин би хоёр өрөө байранд орсон. Хүний зовлон, жаргалыг ойлгоод хэлсэндээ хүрэх хэчнээн сайхан. Ер нь тэр үед хүний мөс чанар даанч сайхан байлаа.

-Амьдралд баяр, гуниг ээлжилдэг хойно доо.

-Хүний амьдрал эрээнтэй бараантай. Би сурагчийн дотуур байранд 10 жил амьдарсан. Барагтай бол гэртээ очихгүй. Зургадугаар ангид байхдаа хаврын амралтаар хөдөө гэртээ очлоо. Аав, ээж, хаваржаа руугаа дөхөхөөр бэлтгэж байв. Айлд хэдэн хургатай хонь тавьснаа авхуулахаар намайг явууллаа. Тэр хэдийгээ туугаад хаваржааны наахнатай айлын хуучин бууцан дээр шууд очоорой, тэнд уулзъя гэж захисан юм. Би 20 км давхиад уул давж, тэр айлдаа очоод маргааш нь хонио туугаад хаваржаа руугаа явсан. Өглөө гарахад тэнгэр харанхуйлж, цас бударч эхлэв. Хонь тавьсан айлын ах “Миний хүү зөрчих юм биш биз. Цас жаахан лавсах янзтай” гэв. Нэгэнт тохирсон тул бууц руугаа хөдөллөө. Ер нь би багын зөрүүд, гүргэр хүүхэд байж. Бууцан дээрээ тохирсон ёсоор очиж, нар жаргатал гэрийнхнийгээ хүлээлээ, байдаггүй. Арга бараад хэдэн хонь, ямаагаа холбож, эзгүй бууцны цаахнатайх саравч шиг юмны мухар луу орууллаа. Мориныхоо эмээлийг авч, хажуудаа нөмөр болгож тушчихаад хонины дунд орж зогслоо. Эзэнгүй уулын энгэрт, хээр шөнөжин чичирч, дагжиж зогсоогоороо хонож билээ. Үүр цайтал цурам хийгээгүй. Маргааш нь боллоо, гэрийнхэн ирдэггүй. Цаашаа хөдөлж, 20 гаруй км яваад хаваржаандаа очлоо, бас байгаагүй. Хонь, ямаагаа айлын хоньтой нийлүүлээд гэр лүүгээ буцлаа. Гэртээ шөнө дунд очсон. Манайхан нүүгээгүй, цас, бороо орохоор хүүгээ буцаад эргэчих байх гэж санасан хэмээж билээ. Ээж рүүгээ жаал өмөлзөж, эрхэлж уйлсан. Айж, бээрч хоносон тэр шөнө санаанаас ер гардаггүй юм.

-Ховдын прокурорын орлогч болоод очиход нөхцөл байдал ямар байв?

-Одоогийнхтой харьцуулбал ажиллах нөхцөл өдөр, шөнө шиг ялгаатай. 1978 оны долдугаар сарын 5-нд ажилд орсон. Үнэндээ  ямар ч дадлага, туршлагагүй, оюутны ширээнээс ирсэн түүхий амьтан очсон. Хэрэг мөрдөж, хянаж үзээгүй. Хамгийн залуу нь ч байв. Ховдын ерөнхий прокурор өмнө НПГ-т олон жил болсон хашир туршлагатай, нэлээд зангарагтай Даваажав гэж хүн байв. Тэндээ өдрөөр сургууль төгссөн хүн нь үндсэндээ ганц би. Намайг сонжих гэсэн үү, нэг туслах прокурор, ганц мөрдөн байцаагчтай үлдээгээд аймгийн прокурорынхон бүрэлдэхүүнээрээ амарсан. Бас болоогүй ээ, баахан даалгавар өгсөн. Нэг даалгавар нь Улсын дээд шүүхээс хоёр удаа буцаасан ноцтой хэргийн ээдрээг гаргах. Аймгийн ерөнхий прокурор “Намайг ирэхэд энэ хэрэгтэй танилцаад, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болго” гэлээ. Бусад хэргийг ч нягталж, ажил хэвийн явуулах үүрэг өглөө. Би уншсан номынхоо хүрээнд л мэдлэгтэй. Гэтэл аймгийн дарга байн байн дуудаж ажил шалгаж сандаргана. Намын дарга нар ч дуудна. Би хүн танихгүй будилж л явлаа. Олон жил ажилласан туслах прокурор С.Дүгэржав гуай тэр үед надад түшиг болж байсан. Ерөнхий прокурорын эзгүй сар гаруйн хугацаанд хичээж ажиллалаа. Даалгасан том хэргийг гурав, дөрөв уншлаа. Нэгбүрчлэн түүвэр хийв. Аймгийн ерөнхий прокурорыг ирэхэд даалгасан ажлыг нь бүгдийг нь хийчихсэн гэж бодоод додигор угтлаа. Ерөнхийг ирэхэд нь мөрдөн байцаагч, бусад туслахыг дуудаж ажлаа танилцууллаа. Ингэхдээ нэг зүйл дээр алдсан. Энэ бол тийм хэрэг, Эрүүгийн хуулийн төдөд зааснаар ийм ял өгөх юм байна гээд тоочиж гарлаа. Ерөнхий прокурор “Чи юу яриад байна, наад зүйл ангиа өгнө гэж яаж мэдэж байгаа юм” гэв ээ. Хэдэрлэх маягтай “Хуульд юу гэж заасныг ярьж байна” гэж сөргөв өө. Тэгтэл “Ингэж ярьдаггүй юм аа хө. Хууль чинь хаана байна” гэлээ. Гай нь таараад номоо өрөөндөө орхичихсон байв. Хуулиа цээжилчихсэн тул өөртөө итгэсэн. Гэтэл намайг хуулийн ном авчир гээд хөөгөөд гаргачихлаа. Эргээд ирлээ. Хуулийн заалт аргагүй таарав. Гэтэл “За маш сайн бэлтгэжээ. Энэ хэрэгтээ өөрөө хяналт тавь” гэж хэлсэн. Ингэхдээ “Номоо биедээ авч яваагүй нь чиний алдаа. Прокурор хүн ямар ч үед, хууль мэддэг байлаа ч номоо бариад ярих ёстой” гэж билээ. Тархинд дан хийтэл буусан даа, тэр зөвлөгөө. Насаараа уг зөвлөмжийг мөрдлөгө болгосон. Хожим ч удирдлагад ажиллаж буй залууст номоо байнга авч яваарай гэж захидаг. Аймгийн прокурорын зан араншинг хуулж авсан хүн дээ, би.  

-Ажиллаж байх үед дарамт ирж байсан уу?

-Байлгүй яах вэ. Би их зөрүүд, заримдаа араншин муутай. Тиймээс Галдаад юм хэлээд хэрэггүй гэж боддог юм уу, тэр бүр над руу халдахгүй. Хүнээр тойруулж хэлүүлэх нь элбэг. Прокурорын дэргэдэх МБА-ны дарга байхад нэг өвгөн баадантай цагаан идээ, сүү барьчихсан өрөөнд ирлээ. Тэрбээр шууд л хэргийн тухай ярьж эхэллээ. Яриаг нь таслаад “Та үүнийгээ аваад гар, хэргийг шийддэгээрээ л шийднэ” гээд хөөв. Өвгөн нэгэнт аваад ирсэн цагаан идээг ав, муу санаж ирээгүй гээд байлаа. Тэгсэн тэр хөгшин аавын садан байсан юм билээ. Сүүлд нь надад “Чи их муу хүн. Би хүүхдээ ялаас чөлөөлөөд өг гэж гуйсан биш дээ” гэж хэлсэн. Тэр үед хүүхэд нь ямар хэрэгт холбогдсоныг л мэдэх гэж ирсэн байж. Намайг өлгийтэй байхад аавыг минь хасгууд хөнөөсөн гэдэг. Хоёр ахыг минь хамаатнуудад өргүүлж, хөхнөөсөө гараагүй намайг ээж авч үлджээ. Тиймээс авга талаа сайн мэдэхгүй өссөн. Өмнө нь ч Ховдод байхад нэг хүн баадантай юм бариад орж ирэхэд нь халгаахгүй гаргаж байсан. Мөн нийслэлийн Прокурорын газарт ажиллаж байхад Ерөнхий прокурорын орлогч дуудаад манай хяналтад байсан нэгэн албан тушаалтанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болго гэв. Миний хянаснаар бол хэрэгсэхгүй болгох хэрэг биш байсан тул шууд л “Чадахгүй” гэдгээ хэлээд гарсан. Хааяа иймэрхүү тохиолдол гардаг. Миний жанжин шугам бол хэргийг зүй ёсоор нь, хуулийн дагуу шийдэх зарчим. Тэгэх юм бол нийгэмд шударга ёс тогтоно. Зүй зохистой явбал яаж ч шороо цацсан алзахгүй.

-Хэдэн онд хотод шилжиж ирэв, тэгээд?

-УЕПГ-т хяналтын прокуророор 1990 онд  ирсэн. Хэдэн жил ажиллаад өөрийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжсэн. Нийслэлд орон гэргүй тул дүүрэгт ажиллавал байртай болно гэж бодсон юм. Хотод ирсэн зунаа Хууль зүйн яамны зуслангийн байранд толгой хоргодож, гурван сарыг өнгөрүүлсэн. Намар нь Намын дээд сургуулийн ойролцоох танилынхаа галладаг жижиг байшинд өвөлжсөн. Дүүргийн ерөнхий прокуророор томилогдож очоод Хотын орлогч даргатай уулзаж, удалгүй байртай болсон. Тэр үед бага насны дөрвөн хүүхэдтэй байв. Нэлээд зүдэрч, хүүхдүүдээ дагуулж, жилд долоон удаа нааш цааш нүүж байж байртай болсон доо. Би хувьдаа арчаагүй, болхи хүн. Ажлаа л хийнэ. Бичиг цаастай зууралдаад хэргийг мухарлаж шийдэхийн төлөө явна уу гэхээс арын асуудалд оролцдоггүй. Одоо өтлөөд бодохдоо ажил ажил гэж хэтэрхий хэнхэг явжээ гэж санадаг л юм. Манай хүн намайг бодвол овсгоотой  тулдаа энэ айлын арын ажлыг зохицуулж ирсэн.

-Хан-Уул дүүргийн прокурорын байгууллагын товчоон номыг уншиж зөндөө инээсэн. Та их марзан хүн юм. Прокуроруудаа заримдаа “чимхээд” байдаг тал байна уу, үгүй юу?

-Хамт олныг бүрдүүлэхэд заримдаа наргианч байх нь чухал. Аливаа хамт олон зорилго нэгтэй байж ажил урагшилна. Чиний яриад байгаа, дурдатгалд бичсэн прокурор ажилдаа сайн ч жаахан зожиг хүн байв. Аливаа найр наадамд оролцохгүй. Салхинд гарахад ч юм амсахгүй, битүү хүн. Нэг удаа би наргиа болгож

Хашаа прокурорыг халаахгүй бол

Хундагатай архиа нууж нэг асгана, голж бас зайлуулна

Хашаа прокурор нэг халчихвал

Хундагаар бус хувингаар ууна гэж бичсэн юм. Сүүлдээ тэр прокурор хамт олондоо уусаад гайгүй болсон. Хан-Уул Богдхан уулаа түшсэн их сайхан дүүрэг. Сүүл мушгидаг байсан байгууллага маань хамт олны эвийн хүчээр нийслэлд тэргүүлж эхэлсэн. Тэндээсээ нийслэлийн прокурор руу томилогдож ажилласан. Хаа ч очсон сайхан хамт олонтой явсан хүн дээ би.

-Ойрмогхон хийж буй ажлаасаа хуучлахгүй юу?

-35 жил тасралтгүй прокурорт ажилласан. Одоо тэтгэвэрт гарчихаад “Улаанбаатар эрдэм” их сургуульд багшилж, ном бичиж, багын мөрөөдлөө биелүүлж явна. Долоо дахь жилдээ багшилж байна. Олон жил хуулийн гал тогоонд чанагдаж, хуримтлуулсан мэдлэг чадвараа бусадтай хуваалцах гэж хичээж явна.

-Тархиа амраагаад сайхан байгаа юм байна даа?

-Прокурор байхдаа хүмүүс дунд нээлттэй ярих боломжгүй явжээ. Одоо олон хүүхдийн сайхан энерги дунд тархи амраад ямар сайхан гээч. Багш нарын өрөөнд хааяа нэг юм задлаад суусан ч айх зүйлгүй. Чөлөөтэй ярьж, заримдаа хошигноод нэг л гэгээн. Эхэндээ өмнөх айдсаа тавьж чадахгүй эмзэг байсан. Одоо нөгөө сонин авираа гээгээд нийтийн дунд ороод алиалах маягтай, хүүхдүүд дунд шуугилдаад нэг л сайхан. Нэг талаас мөрөөдлөө биелүүлж, нөгөө талдаа мэргэжлийн мэддэг жаахан юмаа залууст хүргэх үүднээс 5-6 сурах бичиг, гарын авлага гаргалаа. Одоо ч оролдож л сууна. Сэтгүүлч болоогүй ч мэргэжлийн мөрөө үлдээе гэж бодож, тархиа гашилгаж байна.

-Нэг насны амьдралаа прокурорт зориулсан хүнээс энэ байгууллагын үүх түүхээс асуухгүй өнгөрвөл алдас болох биз?

-Наймдугаар сарын 14 бол прокурорын байгууллагын мэндэлсэн өдөр. 1930 оны энэ өдөр тогтоол гарч, дүрэм, журам нь батлагдаж, прокурор гэдэг айл улсын хэмжээнд бүрэлдэн тогтсон. Энэ байгууллагад босоо явсан сайхан, унаж байсан гашуун үе ч бий. Жишээ нь, үнэний төлөө явсан хүмүүс хэлмэгдэж амиа алдаж байлаа. Тодруулбал, 1932-1942 онд прокурорын байгууллагад ажиллаж байсан 5-6 хүн цаазаар авхуулсан. Гэхдээ үе үеийн прокурорууд нийгэмд гэрэл гэгээ түгээж ирсэн юм шүү. Прокурорын алба хатуу, хүнд. Өнөөгийн прокуроруудын ачаалал дэндүү их байна. Жилд  33 мянга шахам зөрчлийн хэрэг бүртгэдэг атал үүнд 88 прокурор хяналт тавьдаг. Мөн жилд 30 000 орчим эрүүгийн хэрэг гардаг. Олон зуун мөрдөгч ажиллаж байхад хяналт тавьдаг  прокурор нь даанч цөөн. Авлигын хэдэн мянган хэрэг шалгадаг. АТГ-ынхны орон тоог энэ онд нэмсэн. Гэтэл авлигын хэргийг 10-аад прокурор хянах жишээтэй.  Зарим хэрэг 250-451 хавтастай. Боосон хавтсаар нь тоолбол нэг хүний бүтэн жилийн хянах ёстой ажил л байхгүй юу. Гэтэл тэр нь хариуцсан ажлынх нь нэг л хэрэг гэдгийг төр, засгийн удирдлагад байгаа эрхмүүд  бодолцох ёстой, иргэд ч ойлгох нь чухал. Өнөөдөр нэг прокурорын хяналтад 200 хэрэг байна гээд бод доо. Энэ завсарт ганц нэг алдаа гардаг. Гэхдээ засаж болох багахан алдааг сошиал ертөнцөд дэвэргээд байдаг нь харамсалтай. Прокурорын байгууллагад сүүлийн үед ахиц дэвшил гарч буй. Тухайлбал, Монгол Улсын прокурорын байгууллагын олон улсын нэр хүнд дээшилж, түүний дотор олон улсын Прокуроруудын холбооны бүрэн эрхт гишүүний хувьд олон улсын эрх зүйн харилцаанд бие даасан идэвхтэй бодлого хэрэгжүүлж байна. Мөн үндсэн хяналтын чиг үүргийнхээ хажуугаар Монгол Улсын төр, засгаас дэлхийн бусад улс оронтой байгуулсан эрүү, иргэн, гэр бүлийн талаар болон гэмт хэрэгтнийг шилжүүлэх асуудлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Прокурорын байгууллагыг 90 жилийн хугацаанд 23 ерөнхий прокурор толгойлж, энэ том байгууллагын үүдийг нь нээж, өрхийг нь тэгшилж ирсэн юм билээ. Төгсгөлд нь ойн баярыг тохиолдуулан үе үеийн прокурорууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажил амьдралд нь амжилт хүсье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)