Б.Бямбадаш: Бөөрний өвчлөл нэмэгдэж байгаа нь иргэд уул уурхай, барилга зэрэг хортой нөхцөлд ажиллаж байгаатай холбоотой

Сүүлийн үед манай улсад бөөрний өвчлөл их болсон. Гурван хүн тутмын нэг нь бөөрний ямар нэгэн эмгэгтэй байдаг гэсэн судалгаа ч бий. Үүний гол шалтгаан нь юу байна вэ? Энэ талаар Монголын бөөрний эмч нарын холбооны тэргүүн, УНТЭ-ийн бөөрний тасгийн дарга Б.Бямбадаштай ярилцлаа.


-Ойрын үед бөөрний тасаг хэр зэрэг ачаалалтай байна вэ?

-Энэ жилийн хувьд манай бөөрний тасаг ачаалал ихтэй байна. Сүүлийн таван жилд монголчуудын дунд зонхилж байгаа өвчнүүдийн эхний тавт бөөр шээсний өвчлөл багтаж байна. Ханиад томуу ихтэй жилүүдэд хүний биеийн дархлаа суларч хуучин байсан эмгэгүүд нь сэдрэх, шинээр өвчлөх эрсдэл их байдаг.

-Дунджаар хэд орчим насны хүмүүс бөөрний өвчнөөр өвчлөх нь их байна вэ?

-Монголчуудын дунд элбэг тохиолддог 20 гаруй эмгэг бий. Энэ нь хүмүүсийн нас хүйснээс хамаараад өөр өөр байдаг. Бөөрний үрэвслээр 18-35 насны эрэгтэй хүмүүс өвчлөх нь их. Харин 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд давсагны үрэвсэл буюу цистит их байдаг. 60 наснаас дээш бол түрүү булчирхай томордог. Иймд нас хүйснээс хамаараад бөөрний эмгэг нь харилцан адилгүй байдаг юм.

-Эдгээр эмгэгээс гадна бөөрний дутагдал гэж байдаг шүү дээ. Үүний гол шалтгаан нь юу байдаг вэ?

-Бөөрний дутагдлыг хоёр янзаар ойлгож болно. Бөөрний хурц дутагдал, архаг дутагдал гэж хоёр ангилдаг. Бөөрний архаг дутагдал гэдэг нь олон жил бөөрний өвчнөөр өвчилж байгаад эцэст нь ямар ч ажиллагаагүй болсныг хэлнэ. Харин хурц дутагдал гэдэг нь гэнэтийн тохиолдлоор бөөр нь ажиллагаагүй болсныг хэлнэ. Монголд бөөрний архаг дутагдалд ордог үндсэн хэд хэдэн шалтгаан бий. Үүний нэг нь бөөрний түүдгэнцэр юм. Энэ өвчин нь бөөр үрэвссэнийхээ дараа жижгэрээд улмаар эргэж сэргэхгүй болохыг хэлдэг. Үүнээс улбаалж хоёр бөөр ямар ч ажиллагаагүй болж, улмаар бөөр орлуулах эмчилгээ хийх шаардлага гардаг. Орчин үед дэлхий нийтэд хөгжиж байгаа нэг эмчилгээ бол бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ. Энэ нь донорын тухай хуулиар зохицуулагдаад явагддаг.

-Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийхэд донорын олдоц хэр их байдаг вэ?

-Манай улсад донорын хүрэлцээ муу. Одоогийн байдлаар 400 гаруй хүн бөөрний дутагдалтай гэсэн оношоор эмчлүүлж байна. Эдгээр хүмүүс бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх сонирхолтой байдаг боловч  донор олддоггүй. Бөөрний донорыг хоёр эх сурвалжаас авдаг. Нэгдүгээрт, амьд донор. Энэ нь ах дүү, төрөл садангийн хүмүүс нь байх боломжтой. Гэхдээ үүнийг хийлгэхийн тулд цусны бүлэг тохирч байх шаардлагатай. Хэрэв цусны бүлэг нь тохирохгүй бол хагалгааны дараа бөөр ховхорч унах эрсдэлтэй.

Хоёрдох нь зохицлын донор. Энэ нь осолд орсон, эсвэл тархинд нь цус харвасан, тархиндаа гэмтэл авсан гэх мэт тархи нь ажиллагаагүй болсон, бусад эрхтэн нь хэвийн бол донор болгон ашигладаг. Нас барсан хүн болгоныг донор болгодоггүй. Ихэнх хүмүүс нас барсан хүнээс эрхтэн шилжүүлэн суулгадаг гэж буруу ойлгодог.

Хэрэв ямар нэг хүнийг донор болгох шаардлагатай болбол заавал ар гэрийнхнээс нь хуулийн дагуу зөвшөөрөл авах ёстой. Зарим хүмүүсийн дунд нууцаар эрхтэнг нь авдаг гэсэн дам яриа их байдаг. Бүх зүйл хууль журмын дагуу явагдах ёстой. Олон улсын практикт бол нэг донор долоогоос найман хүний амь насыг аврах боломжтой байдаг.  

-Монголд хэзээ анх бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байсан бэ?

-Бид нар 1996 онд Монголд анх удаа бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж байсан. Үүнээс хойш 200 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгасан. Уг хагалгааг амжилттай хийхийн тулд сайн баг хамт олон байх шаардлагатай байдаг.

-Бөөр шилжүүлэн суулгасны дараах үр дүнг нь яаж хянадаг вэ?

-Бөөр шилжүүлэн суулгахад хамгийн чухал зүйл бол эд эсийн тохироо юм. Донор болж байгаа хүний бөөр өвчтөнтэй сайн тохирч байх тусмаа үзүүлэх үр дүн нь сайн байдаг. Мөн суулгасан бөөр нь хэдэн жил тэр хүнд амьдрал бэлэглэж байна түүгээр нь үр дүнг нь мэдэж болдог. Харин бөөр суулгуулсан хүн маань дархлаа дэмжих эмийг насан туршдаа уух ёстой. Тус эмийг үнэ төлбөргүй олгодог.

-Танай төвд бөөр орлуулах хэчнээн аппарат байдаг вэ?

-Улсын хэмжээнд 80 гаруй бөөрний аппарат байдаг. Үүний 20 гаруй нь манай эмнэлэгт байна. Мөн аймаг тус бүрт бөөрний аппарат бий. 1990-ээд онд манай улс хоёрхон аппараттай байсан. Тухайн үед хүндрэл их гарч, нас барах тохиолдол их байж. Харин одоо аппарат нэмэгдсэнээр бөөрний дутагдлаас болж нас барах хүний тоо багасаж байна. Бид жилд 20 гаруй хүнд бөөрний хагалгаа хийх төлөвлөгөөтэйгөөр ажилладаг.

-Бөөрний дутагдалтай боллоо гэхэд ихэвчлэн ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Бөөрний архаг дутагдалд орсон хүнд хамгийн түрүүнд илэрдэг шинж тэмдэг бол шээсний хэмжээ багасдаг юм. Эрүүл хүн хоногтоо 4-6 удаа 2-2,5 литр шээдэг. Гэхдээ улирлаас хамаараад шээсний хэмжээ өөр байх тохиолдол бий. Гэтэл зарим хүн ойр ойрхон шээс алдаад байдаг. Энэ нь бөөр үрэвслийн хамгийн анхны шинж тэмдэг юм.

-Зарим хүн бөөр өвдөөд байна гээд эмийн сангаас дур мэдэн эм авч уудаг шүү дээ. Энэ зөв үү?

-Монголд тохиолдож байгаа ихэнх бөөрний эмгэгүүд нь бактери удамшлаас үүдэлтэй халдвар харшлын гаралтай байдаг. Үүнийг устгахын тулд заавал эм уудаг. Гэвч монголчууд дур мэдэж эм авч уух нь элбэг. Шаардлагагүй эм уувал гурван муу нөлөөтэй. Нэгдүгээрт, үнэтэй эм авч эдийн засгаар хохирох, хоёрдугаарт, дур мэдэн эм ууж өөрийгөө хордуулж байна. Гуравдугаарт, таарах таарахгүй эм ууж бактериийг улам тэсвэртэй болгодог.  Олон улсад иргэд нь ухамсраараа шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан эмчилгээ хийлгэж байна. Гэтэл монголчууд эмийн буруу хэрэглээнээс болж өөрсдийгөө хордуулж байдаг. Тиймээс эмчийн заавар зөвлөмжийг ямагт дагаж байх хэрэгтэй.

-Бөөрний архаг дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ?

-Бөөрний үрэвслийн гол шалтгаан бол хоолойны ангина, шүд хорхойтох өвчин. ЕБС-ийн сурагчдад урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд 70-80 хувь нь хоолойны ангина, шүдний хорхойтой байсан. Бактери амны хөндийд нуугдаж байгаад биеийн эсэргүүцэл сулрах, ханиад томуу хүрэх үед цус руу орж, бөөр үрэвсүүлдэг. Тиймээс бага наснаасаа хувийн ариун цэврээ сайн сахиж, хоолойны ангина, шүдний өвчнөө эмчлүүлэх хэрэгтэй. Мөн манайд бөөр, шээсний замын өвчин нэмэгдээд байгаа нь иргэд өвөл, зунгүй уул уурхай, барилга зэрэг хортой нөхцөлд ажиллаж байгаатай холбоотой. Түүнчлэн хоол хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоногт авах ёстой амин дэм, илчлэгээ авч чадахгүй байна гэх мэт олон шалтгаантай холбоотой. Өвчин сэдрэх шалтгаан нь дороосоо даарснаас болдог. Залуучууд малгайгүй, пүүз, жижиг куртиктэй өвөлжиж байна. Энэ нь бөөр, шээсний замын өвчнөөр өвдөх шалтгаан болдог. Иймд өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ()