Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Мэдээллийн технологийн салбарыг эрх чөлөөтэй байлгавал хөгжинө, дэлхийд танигдана

Монгол Улсыг хөгжүүлэх “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон холбогдох баримт бичгүүдэд цахим шилжилт хийх тухай тусгасан. Үүний эхлэл болгон төрийн байгууллагуудын 181 үйлчилгээг цахимаар үзүүлэх “Е-Mongolia” нэгдсэн системийг аравдугаар сарын эхээр нээсэн билээ. Уг систем болон Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын цаашдын хөгжлийн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ)-ын дарга Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр Оксфордын их сургуулийн багтай хамтран “Билл, Мелинда Гейтс” сангийн дэмжлэгтэйгээр манай улс цахим шилжилтэд бэлэн, эсэхийг үнэлэх судалгааг өнгөрсөн жил хийсэн юм.

-“E-Mongolia” системийг саяхан нээлээ. Уг системийн талаар иргэд санал, шүүмж ирүүлж байна уу?

-Үе үеийн Засгийн газар цахим шилжилтийг тодорхой хэмжээнд хийж ирсэн. Янз бүрийн шалтгааны улмаас хангалттай хэрэгжүүлж чадаагүй юм билээ. Үндэсний дата төвийг 2009 онд байгуулж, төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг 2018 онд нэвтрүүлсэн нь цахим шилжилтийн суурийг маш сайн тавьсан хэрэг. Үүнд тулгуурлан “E-Mongolia” системийг хөгжүүлж байна. Энэ нь Монгол Улсад цахим шилжилт хийх нэг алхам бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд хялбар хүргэх ажил гэж ойлгож болно. Цаашид “E-Mongolia” хөтөлбөрийн хүрээнд манай улсыг цахимжуулах олон ажил хийх ёстой. Одоогоор уг системд хамгийн эрэлттэй буй төрийн 181 үйлчилгээг нэвтрүүлсэн. Эдгээр үйлчилгээг цахимаар үзүүлэхэд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй ямар ч хууль тогтоомжийг зөрчихгүй. Тухайлбал, иргэний үнэмлэх, гадаад паспортоо захиалах гэх мэт үйлчилгээ бий. Нөгөөтээгүүр, төр, иргэд ч компьютер, мэдээллийн технологийн салбарт онцгой анхаарч, ач холбогдол өгч эхэлсэн үед ийн цахим үйлчилгээ нэвтрүүллээ гэж харж байгаа. “Е-Mongolia” систем одоогоор 50 мянга орчим хэрэглэгчтэй болсон. Төрийн үйлчилгээг авах давтамжаас ажиглахад харилцан адилгүй байдаг. Зарим хүнд жилд ганцхан удаа төрийн үйлчилгээ үзүүлдэг бол нэг хэсэг нь сард 2-3 удаа авч байна. Цахим шилжилт хийх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхгүйгээр энэ ажил урагшлахгүй. Тиймээс Төрийн цахим харилцааны, Өгөгдөл хамгаалах, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн боловсруулж байгаа. Өмнө нь боловсруулсан хуулийн төслүүдэд дүн шинжилгээ хийж, илүү сайжруулах шаардлагатай гэж үзсэн.

-Уг системийг бий болгох, хөгжүүлэхэд хэчнээн хүн ажиллаж байна вэ. Хүндрэлтэй зүйл тулгарч байгаа юу?

-Иргэд “E-Mongolia” системээр төр гэсэн нэг л институцтэй харилцаж байгаа. Бидний хийсэн судалгаагаар “Тэр төрийн байгууллагад таньдаг хүн байна уу” гэх зар фэйсбүүкт хамгийн түгээмэл юм билээ. Тиймээс төрийн байгууллагуудын ажлын “зураг авалт” хийж эхэлсэн. Тодруулбал, иргэний нэг хүсэлтийг шийдэхийн тулд албан бичиг нь хэчнээн ажилтанд цохогддогийг тооцож буй. Тухайн үйл явцыг цахимжуулснаар хурдан шийдэх боломжтой. Түүнчлэн мэргэжилтэн, газар, хэлтсийн дарга, байгууллагын удирдлага гэх мэт олон шат дамжин нэг хүсэлтийг долоон хоногийн дотор шийддэг байсан бол одоо аль болох цөөн ажилтнаар хийлгэж, хугацааг нь багасгах боломжийг эрэлхийлж байна. Бид цахимжуулах ажлыг хийх үүрэгтэй ч төрийн байгууллагуудын өөрсдөө шийдэх зүйл бас бий. Тиймээс ХХМТГ-ын зүгээс төрийн бүх байгууллагад хүсэлт тавьсан. Дээрх системийг хөгжүүлэхэд манай агентлаг, Үндэсний дата төвийн 50 орчим хүн болон хувийн компанийн төлөөллүүд ажиллаж байна.

-Монголд мэдээллийн технологийн салбарын боловсон хүчин дутагдалтай, ур чадвар нь ч төдийлөн сайн биш гэсэн. Чадвартай боловсон хүчнээр хангахын тулд яах ёстой юм бол?

-Бидний хийсэн судалгаагаар ойрын таван жилд цахим шилжилт хийж, мэдээллийн технологийн салбарт манлайлсан улс болохын тулд их, дээд сургууль төгсөгчдийн 10-аас багагүй хувь нь энэ чиглэлээр суралцсан байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар төгсөгчдийн дөнгөж 2.4 хувь нь мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэй байна. Түүнчлэн гадаад хэл эзэмшээгүйгээс тухайлбал, компьютер форматлах төдийхнийг хийдэг төгсөгч олон болжээ. Гэвч зарим нь дотоодын их сургууль төгссөн ч “Apple”, “Amazon” зэрэг дэлхийн том компанид ажиллаж байна. Мэдээллийн технологийн салбарын хувьд бие даан сурах бүрэн боломжтой. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд хүртэл код бичээд сурчихсан байна. Одоо дэлхий нийтэд энэ чиглэлээр дахин чадавхжуулах гэсэн жишиг нэвтэрч буй. Жишээлбэл, нэг байгууллага нягтлан бодох бүртгэлийн программ нэвтрүүлсэн бол нягтлан бодогч нь хийх ажилгүй болно. Харин тухайн ажилтнаа дахин сургаж, мэдээллийн технологийн мэдлэг эзэмшүүлж, тэр чиглэлээр ажиллуулах жишгийг олон улсын байгууллагууд, компаниуд хэрэгжүүлж байна. Манай улс ч үүнийг нэвтрүүлэх хэрэгтэй. Монгол Улсын аль ч салбарт хүний нөөц хангалтгүй гэх судалгаа гарчээ. Тиймээс бид аль болох төрийн албан хаагчдыг энэ чиглэлээр сургаж, чадавхжуулахаар төлөвлөсөн.

-Эстони улсын цахим шилжилтийн жишгийг манайд нэвтрүүлж байгаа. Яагаад тэр улсыг сонгосон юм бол. Манай улсыг цахимжуулахад 7-8 жил шаардлагатай гэсэн. Ийм хугацааны дараа дижитал орон болж чадах уу?

-Эстони бол цахим шилжилтийг бүрэн хийсэн анхны улсуудын нэг. Австрали, Британи, Сингапур, БНСУ-д Эстонийн цахим шилжилтийн системийн суурийг нэвтрүүлсэн байдаг. Мэдээллийн технологийн системийг байнга хөгжүүлж байх ёстой. Тиймээс БНСУ, Австралийн хувьд Эстонийн системийг улам хөгжүүлсэн байх жишээтэй. Манай улс өмнө нь социалист системтэй байсан, хүн ам цөөтэй, эрс тэс уур амьсгалтай гэх мэт Эстонитой ижил төстэй тал олон бий. Тус улсын системийн хамгийн гол онцлог нь төвлөрсөн бус, тус тусдаа байсан системүүдийг холбож (x-road), нэг цонхонд багтаасан. Энэ нь дижитал шилжилтийн хамгийн аюулгүй загвар гэж олон улсын байгууллагууд тодорхойлсон. Тиймээс Монгол Улсад нэвтрүүлж байгаа. Эстонийн мэргэжилтнүүд “E-Mongolia” хөтөлбөрийн зарим ажилд зөвлөхөөр оролцож байна. Бидний хамтарсан судалгаагаар манай улсад цахим шилжилт хийхэд 7-8 жил шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ монголчууд нэг хэрэглээд хэвшчихвэл дараагийн ажлууд нь хурдтай урагшлах болов уу гэсэн үүднээс арай бага хугацаанд хэрэгжүүлэхээр судалж байна.

-Энэ системийг нэвтрүүлснээр хэчнээн ажлын байрыг танах боломжтой, мөн төрийн албан хаагчдын ачааллыг хэдэн хувиар хөнгөлөх талаар судалж үзсэн үү?

-Энэ талаар судалж эхэлж байна. “E-Mongolia” системийг хэрэглэснээр нэгдүгээрт, төрийн албан хаагчдын ажлын ачаалал буурах ёстой. Хоёрдугаарт, энэ нь урт хугацаанд ажиглагдах учиртай. Уг системээс олон шатлалт үйлчилгээ авч буй тохиолдолд түүний цаана тухайн байгууллагын ажилтнууд ажиллаж л байна гэсэн үг. Жишээлбэл, лиценз олгох ажлыг хариуцсан мэргэжилтэн нь судалж, мэдэгдлээ цахимаар явуулж байгаа. Тиймээс төрийн албан хаагчдын тоо ихээр багасна гэдэгтэй бид одоогоор санал нийлэхгүй. Олон улсын жишгээс харахад ирээдүйд албан хаагчдынх нь тоо 50, 60 хувиар багасна гэсэн судалгаа бий.

-Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь цахим шилжилтэд маш чухал асуудал. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь Тагнуулын ерөнхий газрын харьяалах асуудал. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль баталснаар орчин, нөхцөл нь бүрдэх учиртай. Мөн Мэдээллийн аюулгүй байдлын төв байгуулах шаардлагатай. Иргэдийн мэдээллийг олон улсад хамгаалахад одоогийн хүчин чадал харьцангуй сул нь үнэн. Үүнд тулгамдаж буй нэг асуудал нь боловсон хүчний дутагдал. Тиймээс энэ чиглэлээр залуусаа сургах, боловсрол эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй. Нөгөөтээгүүр, Үндэсний дата төв бол хамгаалагдсан объект. Системүүдийн хувьд ч өөрсдийнхөө түвшинд хамгийн сайнаар хамгаалалт хийж байгаа.

-492 үйлчилгээг “E-Mongolia”-д нэвтрүүлнэ гэсэн. Дээрх хуулийн төслүүдийг боловсруулж, батлуулсны дараа үүнийг хийх үү?

-Төрөөс үзүүлдэг үйлчилгээний тоог гаргана гэвэл маш их. Хүн амьдралдаа ганцхан удаа, эсвэл бүр авдаггүй ч үйлчилгээ байдаг. Иргэд таван жилд дунджаар нэг удаа авч магадгүй төрийн 492 үйлчилгээ бий. Үүнийг нэвтрүүлэхэд хууль, эрх зүйн орчин нь бүрдээгүй. Жишээлбэл, тоон гарын үсэг ашиглан гэрээгээ цахимаар хийх боломж хомс байна. Тиймээс Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж буй. Үүнээс гадна төрийн байгууллагууд болон салбар хоорондын цахимжсан байдал харилцан адилгүй. Зарим нь одоо л цахим шилжилт хийж эхэлж буй. Тиймээс яамд, агентлагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, үйлчилгээг нь цахимжуулахад технологи, техникийн талаас зөвлөн, чиглүүлж байна.

-“E-Mongolia” хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийнэ гэсэн. Тэдгээрээс дурдаж болох уу?

-Цахим шилжилт хийхэд хувийн хэвшлийнхэн манлайлах учиртай. Тиймээс “E-Mongolia” хөтөлбөрийн хүрээнд болоод цаашид олон улсад мэдээллийн технологийн хөгжлөөрөө манлайлах үүднээс хувийн хэвшлийнхэнтэй заавал хамтран ажиллах хэрэгтэй. Өнөөдөр өглөө (өнгөрсөн баасан гараг) гэхэд оператор болон мэдээллийн технологийн компанийн төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо. Компаниудын хувьд “E-Mongolia” хөтөлбөрийг маш өөдрөг хүлээн авч байгаа. Төрийн байгууллагуудын цахим шилжилт нь хувийн хэвшлийнхний хөгжилд түлхэц үзүүлэх учиртай. Тэгэхээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, энэ хөтөлбөрийг хувийн хэвшлийнхний оролцоотойгоор хийх ажлууд эхэлж байна.

-Зарим хүн заавал банканд очиж мөнгөө шилжүүлээд, баримтаа авна гэдэг. Тэгэхээр иргэд цахимаар үйлчилгээ авч хэвших болов уу?

-“Е-Mongolia” систем 50 мянган хэрэглэгчтэй болсон нь нэлээд өндөр тоо. Тэдний олонх нь мэдээж нийслэлийн оршин суугч. Бид ирэх (энэ) долоо хоногоос 21 аймагт ажиллаж, уг системийг танилцуулж, нөгөө талаас үүнийг ямар байдлаар шийдвэл хэрэглэхэд амар байх вэ гэдгийг иргэдээс асууж, судална. Иргэдийн санал, гомдолд суурилан “Е-Mongolia” системийг өдөр болгон хөгжүүлж, шинэчилж байгаа. Орон нутгийн хэрэглэгчдийн хувьд “фэйсбүүк”, “и-баримт” аппликэйшний хэрэглээ өндөр, ухаалаг утасны хүртээмж сайтай учир “E-Mongolia”-гаар үйлчлүүлэх боломжтой гэж харж байна. Мөн зааварчилгаа бүхий дүрс бичлэгүүд цацахаар бэлтгэж байгаа. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжиж ажиллаасай гэж хүсье.

-“E-Mongolia” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний төсөв тусгасан юм бол?

-2020 оны төсөвт тодотгол хийхэд “E-Mongolia” системийг хөгжүүлэхэд хоёр тэрбум төгрөг тусгасан. Бусад салбарыг цахимжуулахад олгож буй төсөвтэй харьцуулахад үүнийг маш бага зардлаар хийж байгаа. “E-Mongolia” бол салбаруудын системийг нэгтгэсэн цонх. Тэдгээр салбарыг цахимжуулахад зориулан ХХМТГ-аас тусдаа буюу тухайн байгууллагад нь төсөв олгодог. Харин яамд, агентлагуудаас зарлаж буй тендер болон гүйцэтгэгч компанийн ажилд нь технологийн хувьд шаардлага тавьж ажиллах саналыг манайхаас гаргаж, Засгийн газраар батлуулсан. Түүнээс өмнө Монгол Улс цахим шилжилтэд бэлэн, эсэхийг үнэлэх судалгааг миний бие Оксфордын их сургуулийнхантай хамтран “Билл, Мелинда Гейтс” сангийн санхүүжилтээр хийсэн. Өмнө нь мэдээллийн технологийн салбарт үүн шиг, улс орон хамарсан дижитал бэлэн байдлын судалгаа хийж байгаагүй юм билээ. Судалгаагаар мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд дутагдалтайг тогтоосон учир үүнийг бий болгохоор ажиллаж байна.

-Аудитын шалгалтыг цахим баримтад тулгуурлан хийх боломж бүрдэх үү?

-Дээрх хуулиудыг баталсны дараа үүнийг хийх боломжтой. Цахим гарын үсгийн тухай хуулийг 2011 онд баталсан ч хэрэгжилт нь муу байгаа. Үүнийг хэрэглэх бүрэн эрх нь бас нээгдээгүй. Тухайлбал, аливаа гэрээ нь тамга, гарын үсэгтэй бол хүчинтэй. Тиймээс цахим гарын үсгээр хийх боломж харьцангуй хомс байна. Иймэрхүү асуудлуудыг хууль баталсны дараа шийдэх юм.

-Бүх иргэнд цахим гарын үсэг олгох уу. Үүнийг хэрхэн ашигладаг вэ?

-Цахим гарын үсэг бол таныг төлөөлөх технологийн хамгийн хүчин төгөлдөр хэрэгсэл. Үүнийг бодит гарын үсэг шиг хүлээн зөвшөөрч байж цахим шилжилт хийх учиртай. Цахим гарын үсгийг ашиглахад нэг иргэн жилд багадаа 10-15 мянган төгрөг төлөх юм. Тэгэхээр энэ хөрөнгийг яаж шийдэх нь чухал байна.

-Монголын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг та хэрхэн дүгнэх вэ. Дэлхийн зах зээлд гаргах зорилго биелэхэд ойрхон уу?

-Мэдээллийн технологийн компаниуд хамтарч ажиллавал дэлхийн зах зээлд нэг сайн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Тус тусдаа ажиллах нь хүний нөөцийн дутагдал зэрэг олон хүчин зүйлээс хамаарч үр дүнд хүрэхгүй л болов уу. Хамтарч ажиллаад дэлхийн зах зээлд гарахад нь төрөөс дэмжлэг үзүүлье гэсэн байр суурьтай байгаа. Мөн бүх компани чанартай, сайн бүтээгдэхүүн гаргаж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, ERP системийг хөгжүүлж байгаа 50 гаруй компани бий. Тэд үнэхээр чанартай хийж байна уу гэдэг нь асуудалтай. Тэгэхээр мэдээллийн технологийн компаниудад тавих стандартаа сайжруулах шаардлагатай. Энэ салбар эрх чөлөөтэй байж гэмээнэ хөгжинө. Тэр ч утгаараа хөгжиж, дэлхийд гарах ёстой гэж үздэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)