Б.Болороо: Нөхрийнхөө амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр эцсээ хүртэл явна

Иргэн Б.Болороо нөхрийнхөө амиа алдсан хэргийн шалгалтын явцтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Болороо "Нөхөр минь амиа алдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд цагдаагийн байгууллага хэргийг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэл найдвар тээсээр өдийг хүрлээ.

Юуны түрүүнд миний нөхөр "Хишиг арвин" гэх компанид ажиллаж байх хугацаандаа ямар ч зөрчил гаргаж байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Тэр маань зургадугаар сарын 19-ний өглөө ажилдаа яваад эргэж ирээгүй бөгөөд тус компанийн эзэмшлийн байрны лифтний хонгилоос нас барсан байдалтайгаар долдугаар сарын 8-ны өдөр олдсон. 

Хэрэг явдалтай холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас нөхрийг минь ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэж дүгнэсэн. Задлан шинжилгээгээр согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон гэж гарсан. 

Нөхөр минь ямар байдалтайгаар нас барсан талаарх бичлэг СХД-ийн цагдаагийн газарт байсаар байхад тэд биднээс нууж байсан. Бид бичлэг байгааг бүтэн сарын дараа л мэдсэн. Яагаад энэ хугацаанд бичлэг байгаа гээд гаргаж өгч болоогүй вэ гэдэг нь эргэлзээтэй.

Компаниас ажилчдад станц өгдөг. Нөхөр маань алга болсноос хойш байгууллагаас нь өдөр бүр залгаж станц болон лифтний түлхүүр олж өг гэж байсан. Гэтэл станцаар дуудахад дохио дуугардаг юм байна. Тэрхүү станц нь нөхөрт маань байсаар байсан тул станцаар дуудахад дохио дуугарч, олох боломж байсан.

Хэвлэлийн хурал хийж буй гол шалтгаан нь надад хэдэн хүсэлт байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Тухайлбал, Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлдвэрлэлийн осол эсэхийг тогтоолгох, хамгийн сүүлд ярьсан Мядаг гэж эмэгтэйгээс байцаалт авч өгөхийг холбогдох хүмүүсээс хүсье. Нөхрийн минь амиа алдсан хэргийг Сонгинохайрхан дүүргээс татаж, нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлж, эхнээс шалгаж өгөөч гэж хүсмээр байна" гэлээ. 

Түүнийг мэдээлэл хийсний дараа Б.Болороогийн ээж Ө.Буянжаргал нууцаар цуглуулсан нотлох баримтуудыг сэтгүүлчдэд дэлгэн харууллаа. Үүнийхээ төлөө хүлээх ёстой шийтгэл байдаг бол түүнийгээ хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Тэрбээр "Би бүх амьдралаа охиныхоо төлөө зориулж, өсөхөөс өдийг хүртэл хүнд амьдрал туулсан. Тиймээс юунаас ч айхгүй. "Хишиг арвин" ХХК-ийн төлөөлөл бидэнтэй ирж уулзахдаа 2,000 ажилтантай, тэр олон хүнийг тэжээх хэцүү гэсэн. Гэвч үнэндээ бол "Хишиг арвин" ХХК 2,000 хүнийг тэжээгээд байгаа юм биш. Харин 2,000 хүн тэр компанийг өдийг зэрэгт хүргэсэн юм" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)