Б.БОЛДСАЙХАН: Төгсөгчдөд зориулсан сайтад элсэлтийн шалгалттай холбоотой бүх мэдээлэл бий

Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс арванхоёрдугаар ангийнханд зориулсан help.eec.mn сайт нээж, энэ долоо хоногоос ажиллуулж эхэлжээ. Тус төвийн элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-help.eec.mn сайтад ямар мэдээлэл, хичээлүүд байршуулсан бэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой бүх мэдээллийг нэг дор оруулж байна. Тухайлбал, арванхоёрдугаар ангийнхны теле болон ЭЕШ-д зориулсан хичээлүүдийг байршуулсан. Мөн шалгалтад хэрхэн бүртгүүлэх, даалгаврын бүтэц, хэлбэр ямар байх, хариултын хуудсыг яаж ашиглах тухай зөвлөмжөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн шалгалтад хамрагдахыг дүрс бичлэгээр тайлбарлан хүргэж байна. Хамгийн том давуу тал нь цахим хичээлийг ажлын өдөр бүр 11.00, 15.00 цагт зааж эхэлсэн. Цаг үеийн мэдээллүүдийг ч байрлуулдаг. Манай лавлах утсанд өдөрт 300 орчим сурагч холбогдож, зөвлөгөө авч буй. Тиймээс түгээмэл асуултуудын хариултыг сайтдаа оруулсан. Хэрэв тэдгээрээс өөр зүйл асуух бол манай сайтын онлайн туслахад хандаж болно. Онлайн туслах хариуцсан мэргэжилтэн ажлын цагаар сурагчдын асуултад хариулна.

-Арванхоёрдугаар ангийханд сайтын талаар мэдээлэл хүргэсэн үү?

-Одоогоор сайтын хандалтын тоог гаргаагүй. Багш нараар дамжуулан арванхоёрдугаар ангийнханд мэдээлэл хүргэсэн. Мөн цаашид сайтад дата шаардахгүй нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Төгсөгчид цахим хичээлд оролцож, ойлгоогүй зүйлээ тухай бүрт нь багшаас асуун, тайлбарлуулах боломжтой. Энэ сайтаа цаашид тогтмол ажиллуулж, шалгалтын дүн, мэдээг ч хүргэнэ.

-Шалгалтын талаар мэдээлэл авч, хичээлд хамрагдаж чадахгүй байгаа төгсөгчид бий юү?

-Хилийн цэргийн ангиудад ойролцоогоор 2500 хүүхэд байна. Тэднээс 75 нь арванхоёрдугаар анги төгсөнө. Бид хичээлүүдийг хэвлэн, Хил хамгаалах ерөнхий газрынхантай хамтран тусгай үүргийн шуудангаар тэдэнд хүргэж буй. Мөн төмөр замын зарим өртөө, зөрлөгт байгаа хүүхдүүдийг үүнд хамруулахаар ажиллаж байгаа. Теле, цахим хичээлийг тогтмол хүргэж буй ч орон нутгийн, захын дүүргийн хүүхдүүд хамрагдаж буй, эсэх нь эргэлзээтэй. Тиймээс дараагийн ээлжид шалгалтад бүртгүүлсэн хүүхдүүдийг танхимын сургалтад хамруулах талаар судалж байна. Нэг танхимд 10-аас цөөн хүүхэд суулгаж, хичээллүүлж болох юм. Монгол хэл, бичгийн шалгалт анх гуравдугаар сарын 20, дараа нь энэ сарын 25-нд товлосон ч хойшлуулсан. Шалгалтын дараагийн товыг Засгийн газрын шийдвэрийг харгалзан, зарлана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)