Б.Болдбаатар: Залуу эрдэмтдийг улсдаа тогтоож үлдээхэд хэцүү байна

Шинжлэх ухааны ажилтан эрдэмтэн Б.Болдбаатар

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал энэ сарын 26, 27-нд болно. Эл өдрийг угтан ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, доктор Б.Болдбаатартай ярилцлаа. Тэрбээр 2009 онд Японд галзуу өвчний молекул түвшний оношилгоо сэдвээр докторын зэрэг хамгаалжээ.

-Лабораторийнхоо талаар товч танилцуулахгүй юу?

-Мал эмнэлгийн хүрээлэнг 1961 онд байгуулсан. ХААИС-ийн харьяа гурван хүрээлэнгийн нэг. Манай хүрээлэн 98 ажилтантай. Үүнээс 76 нь эрдэм шинжилгээний ажилтан. Тэдний 40 нь докторын зэрэгтэй. Бид 11 лабораторид хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна хэд хэдэн гарааны компанитай. Мал эмнэлгийн хүрээлэн олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг юм. Шинэ нээлтийн тоогоор улсдаа дээгүүр байр эзэлнэ. Монгол Улсад хийсэн долоон нээлтийн дөрвийг манайх эзэмшдэг. Хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн тоогоороо ч манайхан илүүрхэнэ. Жилд шинжлэх ухаан, технологийн болон олон улсын судалгааны 10 гаруй төсөл хэрэгжүүлж байна. Мөн олон улсад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сэтгүүлд манай эрдэмтдийн бүтээл цөөнгүй гардаг.

-Гарааны хэд хэдэн компанитай гэлээ. Юу юу үйлдвэрлэдэг юм бэ?

-Энэ жил Мал эмнэлгийн ерөнхий газрын захиалгаар улсад 65 сая орчим төгрөгийн 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнээс гадна хонины цэцэг, бог малын мялзангийн зэрэг 10 гаруй төрлийн халдварт өвчин илрүүлэх оношлуур бүтээж, туршлаа. Эдгээр нь эмийн санд зардаг жирийн бүтээгдэхүүн биш. Тиймээс үүнд тодорхой дэмжлэг шаардлагатай байгаа. Улсаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, урамшлууллын систем ажиллуулан, тендер зарлаж, захиалгад оруулбал энэ чиглэлийн үйлдвэрлэл хөгжинө. Халдварт өвчний оношлуурыг хэрэглэгч нь мэргэжлийн хүн байдаг. Өөрөөр хэлбэл, төсвийн байгууллагын ажилтнууд. Тиймээс хувиараа мал эмнэлгийн бүтээгдэхүүн авч дийлэхгүй, байгууллага нь ч авах чадамжгүй байдаг. Зах зээл уг нь бий. Байнга үйлдвэрлэх боломж ч нээлттэй. Гол нь эргэлтэд оруулах механизм алга.

-Төсвийн байгууллага гарааны компанитай байх нь амаргүй даваа мэт санагдлаа.

-Гарааны компанийг эхний гурван жил татвараас чөлөөлөх гэх мэт хөнгөлөлт үзүүлдэг. Хамгийн гол нь гарааны компанийг эрдэм шинжилгээний ажилтан санхүүжүүлэхэд хүндрэлтэй. Яагаад гэвэл үүнийг хуульчилж журамласан зүйл байхгүй. Хувийн компаниудаас санхүүжилт босгох уу, улсыг хараад суух уу гэдэг нь асуудал. Үүнд гаргалгаа хэрэгтэй. Улсаас зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, буцаад төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олговол гарааны компани хөл дээрээ босоход илүү хялбар болно. Санхүүжилтээс болж бидний ажил байнга гацдаг. Бүрэн хэмжээнд үйлдвэрлэл явуулъя гэхээр багаж, тоног төхөөрөмж худалдаж авахаас эхлээд олон бэрхшээл тулгардаг. Түүнээс биш эрдэмтдийн судалгаа амжилттай, бүтээл чанартай, зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн төсөл олон бий.

-Малын халдварт өвчнөөс болж манай улсад байсхийгээд л хөл хорио тогтоодог. Мал, амьтны гаралтай хэчнээн төрлийн өвчин дэгдээд байна аа?

-Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад Монгол Улс элссэн. Үүний дагуу улсдаа гарсан өвчнийг мэдээлэх үүрэг хүлээдэг юм. Мэдээлэх шаардлагатай зургаан гоц халдварт өвчний дөрөв нь манайд дэгдсэн. Шүлхий, цэцэг, бог малын мялзан, гахайн сонгомол мялзан Монголд бүртгэгдсэнийг иргэд санаж буй байх.

-Энэ өвчлөл хаанаас гардаг вэ?

-Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж чаддаггүйгээс малын өвчин газар авдаг. Нүүдэлчин улс чинь заавал отор хийж малдаа тарга тэвээрэг авхуулдаг шүү дээ. Мөн хил дамжсан худалдаанаас халдвар тархдаг. Зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн ч нөлөөлж байна. Бид өвчний үүсгэгчийг генийн түвшинд нь тодорхойлж, хаанаас гарсныг тогтоодог. Ихэнх нь урд хөршөөс орж ирсэн байдаг юм. Шүлхий ч урд хөршөөс халдварласан. Бог малын мялзан Африк, Энэтхэгээр дамжиж явсаар 2007 онд Хятадад бүртгэгдсэн. Монголд 2016 онд гарсан бог малын мялзан өвчин 2014 онд Хятадад гарсантай адил үүсгэгчтэй байх жишээтэй.

-Эл өвчлөлийг нам дарах вакцин Монголд үйлдвэрлэх боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Гэхдээ вакцины үйлдвэр барих хөрөнгө манайд алга. Өвчний үүсгэгч нь био аюулгүйн III зэрэглэлийнх. Энэ түвшний лаборатори улсад ганц л бий. Гэхдээ зөвхөн оношилгоо хийдэг. Шувууны томуу, цэцэг, бог малын мялзанг оношилдог жижиг лаборатори. Уг лабораторид халдварт өвчний сорьц авчраад, түүнээс үүсгэгчээ ялгаж, оношлоход л хэрэглэнэ. Үйлдвэр барихын тулд био аюулгүйн III түвшний шинэ лаборатори хэрэгтэй. Лаборатори байгуулахад асар их хөрөнгө шаардлагатай байгаа. Нэг ам метр талбайн өртөг дунджаар 100 мянган ам.доллар. Олон мал, амьтан тарихад хүрэлцэхүйц амьд вирус өсгөхөд багагүй хөрөнгө орно. Дараа нь үйлдвэрлэсэн вакциныг турших зардал шаардлагатай болно. Гэтэл манайд үйлдвэр битгий хэл лаборатори барих ч төсөв байхгүй. Ийм лабораторийн өдөр тутмын хэрэглээний зардал ч өндөр. Наад зах нь манайх шиг хуурай уур амьсгалтай оронд агаар шүүгчээ бусад оронд хэрэглэдгээс богино хугацаанд солих шаардлагатай болно. Шүүлтүүр их үнэтэй. Бусад оронд үүнийг хоёр сар хэрэглээд сольдог. Монгол тоос ихтэй тул 14 хоноод солих шаардлага тулгарна.

-Докторын зэрэг хамгаалсан сэдвийнхээ талаар ярьж өгөөч.

-Галзуу өвчний молекул түвшний оношилгоо сэдвээр эрдмийн зэргээ ахиулсан. Галзуу өвчнийг оношлох үндсэн арга нь галзуурсан амьтны тархинаас авсан дардас дээр тусгай флуоресценцийн микроскоп ашиглан оношлох арга байдаг. Энэ микроскоп нэлээд үнэтэй, мөн тусгай чийдэн нь тодорхой хугацаатай. Жишээ нь, 200 цагийн дараа солино гэх мэт. Эдийн засгийн асуудлаас болоод галзуу өвчний оношилгоо явуулахад хүндрэл гардаг. Энэ төрлийн микроскоп манайд хэдхэн газарт бий. Тиймээс энгийн гэрлийн микроскоп ашиглаж, галзуу өвчнийг оношлох аргыг Монголд нэвтрүүлэхээр судалж, амжилттай болсон. Энэ нь өнгөний хувирлаар оношлох иммуногистохимийн зарчимд үндэслэсэн юм. Мөн галзуу амьтны тархины цийдмэгээс латекс наалдуулах аргаар илрүүлэх оношлуур үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эдгээрийн ашигтай загварын гэрчилгээ батлагдсан.

-Зөвхөн мал, амьтны өвчин судалдаг уу. Мал, амьтны вирусээс болж хүмүүс өвчлөх, эндэх нь байдаг шүү дээ.

-Бид зөвхөн мал, амьтны төдийгүй малаас хүнд халддаг зооноз өвчнийг ч судалдаг. 2017 онд Булган, Дархан-Уул, Орхон аймагт дөрвөн хүн хачигт халдварт өвчнөөр нас барсныг санаж байна уу. Жил бүр л хүн хачигт хазуулж өвчилдөг. Бид мал, амьтны хачигт энцефалит өвчнийг оношлох оношлуур бүтээсэн. Түүнийгээ дахин сайжруулж, хүний ийлдэс шинжилж үзэхэд сайн үр дүн гарсан. Хүн биологийн төрөл зүйлийн хувьд хөхтөн амьтан учраас бидний хийсэн оношлуураар хачигт энцефалит өвчнийг илрүүлэх бүрэн боломжтой.

-Хүн, малын аливаа халдвар дэгдэхэд танайх ямар үүрэгтэй оролцдог вэ?

- Малын халдварт өвчин гарахад манайхаас ХХААХҮЯ-ны ажлын хэсэгт орж, мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Халдварт өвчний давтамж ойртож байгаа нь дээр хэлсэнчлэн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой. Үүнийг яагаад ч хязгаарлаж чадахгүй байгаа. Нүүрсний машин өдөрт хэдэн зуугаараа хил гардаг. Сүүлийн жилүүдэд Дорнод аймаг шүлхийгээс салахаа больсон. Дорнодод үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна дачин Тамсаг” компанийнхан өдөр шөнөгүй газрын тос зөөж байна. Эргэж ирэхдээ халдварт өвчний вирус тээж орж ирдэг. Бид хил дээрээ ариутгалын функт барихад энэ асуудлыг шийдэх боломжтой. Ачааны машиныг утах маягаар ариутгавал эл өвчнөөс сэргийлж болно. Гэхдээ хуулиар хилээс дотогш тодорхой зайд барилга байгууламж барьж болдоггүй. Шүлхий өвчний вирус хувцсанд наалдсан байхад л аюул дагуулна. Машины дугуй руу бодис цацаад нэмэргүй. Сэжигтэй бүсээс орж ирсэн машин, жолоочийн хувцас гээд бүгдийг нь ариутгах ёстой. Үүнд зарцуулах хөрөнгө бас л хомс. БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсээгүй учраас шүлхийгээ бусад орон шиг мэдээлэх үүрэг хүлээдэггүй. Тиймээс Монголд тус улсаас халдвар тархах нь хурдан байдаг.

-Танай хүрээлэнгийнхний Монгол Улсад байгуулсан гавьяа олон байх даа.

-Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораториос 1989 онд Төрийн соёрхлыг таван хүн тус тусын бүтээлээр хүртсэн байдаг. Монголын малыг эрүүлжүүлэх гавьяа байгуулсан учраас энэ шагналыг авсан юм. Тэдний залгамж халааг авч, үйлсийг нь үргэлжлүүлэхээр бид чадан ядан ажиллаж байна. Манай лабораториос хоёр ажилтан 2018 онд олон улсын “Натур” сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн. Энэ сэтгүүлд бүтээл, судалгааны ажлаа хэвлүүлнэ гэдэг тамирчнаар бол олимпын аварга болсонтой ижил амжилт юм.

-Судалгааны ажлын зардлыг хаанаас гаргадаг вэ. Улсын дэмжлэгээс гадна гадаадын байгууллагын тусламжаар судалгаагаа хийж байна уу?

-Гадаадад гаргасан патент эзэмшдэг ажилтнууд манай хүрээлэнд бий. Эрдэм шинжилгээний ажилд биет бүтээл гэхээсээ илүүтэй судалгааны үр дүн их чухал байдаг. Эрдэм шинжилгээний салбарын судалгааны санхүүжилт маш бага. Манайх ДНБ-ий 0.1 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг төсөлд зарцуулдаг. Энэ нь олон улсын жишгээр бол үзэгдлийн шинж чанартай. Дунджаар ДНБ-ий нэг хувийг зарцуулж байж шинжлэх ухааны салбарт бодит хөрөнгө оруулалт болж чадна. Өндөр хөгжилтэй орнуудад ДНБ-ий 3-4 хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг. Манайхан бүтээлийн тоогоороо дэлхийд эхний 20-д жагслаа гэж ярих дуртай. Энэ бол ташаа мэдээлэл. Монгол 1996-2018 оны хооронд хэвлүүлсэн бүтээлийн тоо, чансаагаараа дэлхийн 239 орноос 117-д байгаа. Энэ нь иргэний дайнтай Африкийн орнуудын хэмжээнд яваа гэсэн үг. 1990 он хүртэл шинжлэх ухааны салбар хөгжиж байсан. Зарцуулсан хөрөнгө нь ДНБ-ий нэг хувьтай тэнцэж байв. Үүний дараа шилжилтийн үе эхэлж, шинжлэх ухааны салбар хаягдсаныг уншигчид мэдэж байгаа.

-Шинжлэх ухааны салбарт тулгамдсан ямар асуудал байна вэ?

-1990 онд ид ажиллаж байсан хүмүүс бүгд шахуу салбараа орхисон. Одоо манай салбарт тэдний үеийн төлөөлөл бараг байхгүй. Хүний нөөцийн хувьд том ангал үүссэн. Үүнийг нөхөх хүндрэлтэй. Хүний нөөц шинжлэх ухаанд маш их хэрэгтэй. Нэг доктор шинжлэх ухааны тодорхой чиглэлээс гарахад тэр хүний удирдаж байсан төсөл, хөтөлбөр, судалгаа бүх зүйл зогсонги болдог. Засгийн газраас хэчнээн хөрөнгө оруулаад ч ажиллах мэргэжилтэнгүй бол хөрөнгө дэмий үрсэн явдал болно. Зарим залуу эрдэмтэн гадаад улсад гараад тэндээ шингэдэг. Монголд ирсэн ч хэл усаа ашиглаад төсөл дээр л ажилладаг. Судалгааны салбарт үлдэж хоцрох нь цөөн. Докторуудын цалин улсын дундаж болох 1.2 сая төгрөгөөс бага байна. Тиймээс залуу ажилтнуудыг авч үлдэх хэцүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)