Б.БАЯНБУЛАГ: Спортоор хичээллээгүй бол гэр, сургууль гэсэн ганцхан жимээр алхах байж

Тайваниас гаралтай модон бөмбөг Монголд нутагшихад олон залуу авьяас, чадвараа хөгжүүлэн, мэргэжлийн тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Дасгалжуулагч Ж.Загасын удирдлагад хичээллэдэг манай эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан чансаагаараа дэлхийд VI байрт жагсаж байгаа. Энэ спорттой нөхөрлөсөн цагаасаа өөрийгөө дайчилж, амжилтад хүрсэн шилдэг тамирчны нэг бол үндэсний шигшээ багийн гишүүн, ОУХМ Б.Баянбулаг. Тэрбээр УАШТ-ий холимог хосын төрөлд дөрвөн удаа аваргалж, 2016 онд Тайванийн Тайпей хотод болсон оюутны модон бөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медальтай эх орондоо ирж байв. Түүнийг “Залуус” буландаа урилаа.

-Та модон бөмбөгийн спортыг өнгөлж яваа цөөн тамирчны нэг. Сэтгэлийнхээ дуудлагаар, эсвэл хоббидоо хөтлөгдөж тамирчин болов уу?

-Модон бөмбөгийн спорт гэж юу байдгийг мэдэхгүй, цохиур, бөмбөг анх бариад Ж.Загас багшаараа заалгаж билээ. Тухайн үед хаалга руу бөмбөг цохиж оруулбал болох юм байна гэж боддог байж. Тэмцээнд оролцох тусам тоглолтын дүрэм мэддэг болж, гадаад, дотоодын тамирчдаас туршлага чамлахааргүй хуримтлуулсан. Эх орондоо энэ спортыг хөгжүүлэхийн тулд одоо холбоондоо ажиллаж, олонд зориулсан сургалт зохион байгуулж байна.

-Энэ спортыг хөгжихөд нь хичээллээд, хамт урагшилж яваагаа хичээл зүтгэлээрээ харуулсан. Бөмбөг, цохиуртай нөхөрлөсөн үеэс өдөр бүр мэдэрдэг зүйл тань юу байв?

-Талбайд бөмбөг, цохиур бариад тоглоход сэтгэл өөрийн эрхгүй сэргэдэг. Дуртай зүйлээ сурчихаад шинэ тамирчдад зааж өгөх нь надад хамгийн сайхан санагддаг. Спорт өндөр босготой. Тэр хэрээрээ өрсөлдөөн, тэмцэл ихтэй. Тэмцээний үед өрсөлдөгчтэйгөө оноо тэнцэж, шийдвэрлэх цохилт хийх нь бишгүй. Бэрхшээлтэй нүүр тулсан үед аль болох шантрахгүй, өөрийгөө дайчилсаар амжилтад хүрлээ.

-Тамирчин хүн амжилтад хүрэхийн тулд алдаа, оноотой урагшилдаг. Та ч бас адармаатай зам туулсан байх.

-Өглөө хичээлдээ явж, өдөр нь бэлтгэл хийн, тэмцээнд оролцох гээд оюутан цагийн амьдрал минь завгүй өнгөрсөн. Тэмцээнтэй үед төлөвлөсөн ажлуудаа зохицуулах гэж хэрэндээ л хичээдэг байлаа. Модон бөмбөг намайг өөрчилсөн. Найз нөхөд, танилын өргөн хүрээтэй болголоо. Спортоор хичээллэхийн ач тус олон зүйл дээр харагдсан. Би одоо хэн нэгний магтаал, шүүмжлэлд авах, гээхийн ухаанаар ханддаг боллоо. Сэтгэл зүйн хувьд ч өөрийгөө ялж, ямар ч их ажилтай байсан ачаалал дааж сурсан. Хэрвээ спортоор хичээллээгүй бол залуу нас минь дэндүү уйтгартай өнгөрөх байлаа. Хичээлээ давтсан жирийн нэг хөвгүүн, гэр, сургууль гэсэн ганцхан жимээр алхах байж. Намайг нийгэмшүүлж, олонтой харилцахад нээлттэй болгосон энэ спортод баярладаг. Хүн хичээвэл ямар ч саадыг давж, амжилтад хүрч болдгийг би мэдэрсэн. Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн 2014 онд Малайзын Перлис хотод болоход эрэгтэйчүүд багаараа IV байрт шалгарч, 2016 оны тэмцээнээс заавал медаль хүртэнэ гээд амлалт өгч байлаа. Хоёр жилийн хугацаанд бэлтгэлээ маш сайн хийсний үр дүнд багаараа хүрэл, би хосын төрөлд мөнгөн медаль зүүсэн.

-Таныг хэн дэмжиж, амжилт руу хөтлөв?

-Оюутан байхад хичээлээсээ чөлөө авах, тэмцээний дараа нөхөх, бэлтгэл хийх цагаа зохицуулах нь хамгийн бэрхшээлтэй байсан. Намайг шантрах үед ах минь “Оюутан хүн хичээлээс гадна ямар нэгэн спортоор хичээллэх нь зөв, чамд энэ спорт яг тохирно, одоо бэлтгэлдээ яв” гэж шаардан, бэлтгэл хийх цагийг маань хүртэл өдөр бүр хянаж, бүртгэдэг байв. Би ч ахынхаа зөвлөснөөр хичээсэн. Дасгалжуулагч, ангийн багш, гэр бүлийнхэн минь дэмжиж, урам зориг өгч байсны хүчинд амжилт гаргасан гэж боддог.

-Тамирчин бүр шилдэг нь байхыг хүсдэг. Авьяас, ур чадвараараа хэрхэн тоогдож, шигшээ багт хөл тавив?

-2012 онд олон улсын тэмцээнд анх оролцож, гурван медаль хүртэн шигшээ багт багтсан. Тэр жилээ Монгол туургатны их наадамд өрсөлдөж, багийн төрөлд хүрэл медаль зүүсэн юм. Үүнээс хойш шигшээ багийн ахлагчаар ажиллаж байна.

АВАРГЫН ТӨЛӨӨ ДОГДОЛЖ ТОГЛООД АЛТААС АТГААД Л АЛДЧИХСАН

-ХААИС-ийн харьяа Монголын модон бөмбөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг Азийн АШТ, ДАШТ-д амжилттай өрсөлддөг боллоо. Энэ нь Ж.Загас багшийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой нь мэдээж.

-Ж.Загас багш 2011 онд ХААИС-ийн харьяа модон бөмбөгийн багийг найман тамирчинтай бүрдүүлсэн. Тэгвэл одоо 60 гаруй гишүүнтэй клуб болж өргөжлөө. Багш биднийг удирдаж, нэгдсэн бэлтгэл хийлгэн, хоол хүнсийг маань хариуцан тэмцээнд оролцуулдаг. Багаа богино хугацаанд амжилтад хөтөлж, Азийн орнуудын тамирчидтай эн тэнцүү өрсөлддөг болгосон нь багшийн минь хөдөлмөртэй салшгүй холбоотой. Тэрбээр шавь нарынхаа авьяас, ур чадварыг хөгжүүлэн, мэргэжлийн тамирчин болгож чадсан. Монголын модон бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан чансаагаараа дэлхийд VI байрт жагслаа. Бидний чансаа жил ирэх тусам ахиж, оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртдэг болсон. Манай “Залуу од” клубийн тамирчдаас 2013 онд ОУХМ Б.Оюунтуяа, 2015 онд Ж.Наранчимэг, дараа жил нь Э.Энх-Алдар нар дэлхийн шилдэг 30 тамирчны нэгээр шалгарч байв.

-Спортын гурван төрөлд тамирчдыг дасгалжуулдаг багшаасаа юуг нь илүү сурч байна вэ?

-Тамирчин хүн ямар байх ёстойг багшийнхаа удирдлагад хичээллэсэн цагаасаа мэдэрсэн. Спортын ертөнцөд олон жил амьдарсан болоод ч тэр үү багш бидэнд урам хайрлаж, бас зоригжуулан урагшлуулдаг. Тэрбээр “Та нар мэргэжлийн тамирчин тул хэзээ ч шантарч болохгүй, эхэлсэн зүйлийнхээ эцэст нь хүрч, амжилт гаргах ёстой” гэдэг юм.

-2016 онд Тайванийн Тайпей хотод оюутны модон бөмбөгийн ДАШТ болоход Монголын тамирчид шагналын хуртай ирсэн. Тэр тэмцээнээс манайхан багийн болоод ганцаарчилсан төрөлд хүрэл, харин та холимог хосынход мөнгөн медаль зүүсэн санагдана.

-Би багийнхаа гишүүн, ОУХМ Г.Мягмарсүрэнтэй хосын төрөлд эхний тоглолтод гоц мөргөж, дараагийнхад Тайванийн тамирчдыг хожиж, аваргын төлөө Тайландын тамирчдад 6:5-аар хожигдон, мөнгөн медаль хүртсэн. Тэр үед зорилгоо биелүүлж чадсандаа баярладаг.

-Г.Мягмарсүрэн та хоёрын тоглолт олон үзэгчийн сэтгэлийг догдлуулсан ч тэргүүн байрын төлөө алтан медалиас атгаад алдчихсан. Ялагдал тань сургамж болж, дараагийн тэмцээнд ялах зорилго өвөртлүүлсэн байх.

-Тамирчид алдаанаасаа суралцдаг, би ч ялгаагүй. Тэр тэмцээнээс тоглолтдоо анхаарах зүйл юу байгааг олж харсан, бас ойлгосон. Одоо ч гэсэн алдаагаа давтахгүйн тулд маш их хичээдэг. Өөрөөсөө хүчтэй өрсөлдөгчдөө ялж, аварга болох амаргүй. Тайландын тамирчид дэлхийд нэгдүгээрт жагсдаг. Гэсэн ч бид эн тэнцүү тоглосон. Тэндхийн цаг агаар манайхаас өөр, тамирчид нь зориулалтын, стандарт хангасан талбайд бэлтгэлээ тасралтгүй базаадаг. Манайхан 2016 оны аравдугаар сард цас орсон үед бэлтгэл хийж байгаад тэмцээнд оролцсон. Бидний тоглолт, бие, сэтгэл зүйд гадаадын орнуудын уур амьсгал, орчин нөхцөл их нөлөөлдөг. Аваргын төлөө догдолж тоглоод сэтгэл хөөрлөө барьж чадалгүй алтаас атгаад л алдсан. Ялагдал маань сургамж болж, дараагийн ДАШТ-ээс медаль авах зорилго өвөртлүүлсэн шүү.

-ДАШТ-д шилдгүүд өрсөлддөг. Монголд түрүүлж аварга болох, гадаадын тэмцээнд өрсөлдөх хоёр их ялгаатайг мэдрүүлсэн биз?

-Тоглолтын орчин, цаг агаар, үзэгчдийн хөгжөөн дэмжих байдал эрс ялгаатай. Бид Монголд 5-9 дүгээр сард бэлтгэл хийдэг бол гадаадын тамирчид жилийн турш тоглож байна. Модон бөмбөгийн стандарт хангасан талбайгүй, энд тэнд очин, хөөгдөж туугдан бэлтгэл хийдэг минь ч амжилтад нөлөөлсөн. Манай тамирчид сүүлийн үед өөрийгөө олон зүйлд дасгаж, тоглолтын ур чадвараа сайжруулж байна. Тайланд, Индонезийн тамирчид хүчтэй өрсөлддөг. Тэд тоглолтдоо алдаа гаргадаггүй. Тэмцээнд сонирхолтой тоглолт үзүүлдэг. Бид 2015 онд Тайландын багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж, олон зүйл сурсан. Биднийг өөрсдийнх нь хүчтэй өрсөлдөгч болоход харин ч баяртай хүлээж авсан.

-Тамирчид туршлагатай өрсөлдөгчөөсөө суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг. Давуу, сул талыг нь хэр судалдаг вэ. Тэд ч гэсэн таныг судалж л байгаа.

-Би техник анх мэдэхгүй, өөрт эвтэйхэн байрлалаар цохиж сурсан. Жил бүр олон улсын тэмцээнд оролцож, гадаадын тамирчдаас суралцаж, ур чадвараа ахиулсан. Манай “Залуу од” клубийн дүү нар тоглолтын арга барил, техник сайтай боллоо. Тоглолтын явцад ажиглахаас гадна видео бичлэг хийж, тэмдэглэл хөтлөн гадаадын тамирчдын давуу талаас суралцдаг.

ӨРСӨЛДӨӨН ДУНД СУРАЛЦАЖ, ЖИНХЭНЭ ТАМИРЧИН БОЛДОГ

-Дасгалжуулагчдаа хэр зэмлүүлж, магтуулж байв?

-Тэмцээнд явахад тамирчдад хэлний бэрхшээл бишгүй тохиолдоно. Малайзад болсон тэмцээний үеэр манай хоёр эмэгтэй тамирчны нэр ижил байв. Тоглолт эхлэхийн өмнө мандатаа шалгуулахад овог нь солигдсон байлаа. Багш надад “Чи наад зүйлээ орчуул. Залуу хүн байж хэл сурахгүй юу хийж байсан юм бэ” гэж зэмлэлээ. Би ийм асуудалтай анх удаа тулгарсан. Багшийн зэмлэлээс сургамж авснаар дараагийн тэмцээнд оролцохдоо ойр зуурын үгтэй болж, хариуцсан баг, тамирчдаа тэмцээнд амжилттай оролцуулаад ирдэг болсон доо.

-Спортод найз ч байсан ял гэсэн дүрэм үйлчилдэг. Тоглолтын талбарт өрсөлдөгч болоод андтайгаа ана мана үзэлцсэн удаа олон байдаг уу?

-Бий бий. Буриадад болсон олон улсын тэмцээнд багийн гишүүнтэйгээ халз тоглосон. Тэмцээний дүрэм хатуу болохоор бид хоорондоо дуугарахгүй өрсөлдөж, тоглолт дууссаны дараа нэгнийхээ өөдөөс хараад инээж билээ. Спорт шударга байх ёстой. Өрсөлдөөн дунд суралцаж, жинхэнэ тамирчин болдог.

-БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод Азийн наадамд ирэх жилийн дөрөвдүгээр сард болно. Монголын тамирчид бэлтгэл хэр базааж байна вэ?

-Бид ирэх жилийн дөрөвдүгээр сард Азийн элсний наадамд оролцохоор бэлтгэж байна. Өнгөрсөн сард болсон УАШТ-ээс шигшээ багаа бүрдүүллээ. Манай тамирчид цаг агаарын ямар ч нөхцөлд бэлтгэл хийж тэмцээнд оролцдог. Шинэ багт туршлагатай тамирчид нэгдсэн.

-Та “Залуу од” спорт клубийн нарийн бичгийн дарга, Оюутны спортын холбооны сонгуульт ажилтай, Монголын модон бөмбөгийн холбооны менежер. Завгүй гүйх заримдаа амаргүй санагддаг уу?

-Би модон бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, өөрөө тоглодог. Завгүй ажиллаж, дуртай зүйлээ хийх хэцүү биш. Тухайн үед амаргүй санагддаг ч их ажлын дараа урт амьсгаа аваад тайвширч суух сайхан. Хийсэн зүйлээсээ урам авч, дараагийн ажил руугаа ханцуй шамлан ордог.

-Өнгөрсөн хавар сургуулиа төгсөхдөө “Модон бөмбөгийн спортыг хөгжүүлэх боломж, үр дүн” сэдвээр магистрын зэрэг хамгаалж, тамирчдаасаа түрүүлж, судалгааны ажил хийсэн. Эл спортыг хойшид хөгжүүлэхэд нөлөөлөх шинэлэг зүйлүүдийг хэр мэдэж авав?

-Судалгаа хийсний үр дүнд энэ спортыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан. Тамирчид амжилт гаргахад ямар хүчин зүйл нөлөөлдөг, тэдэнд юу дутагдалтай талаар олон зүйл мэдэж авлаа. Үүнийгээ шат дараатай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай холбоо ирэх жилээс тамирчдаа бэлтгэл хийлгэх тоглолтын талбайтай болохоор төлөвлөсөн. Талбайтай болчихвол бидэнд дэлхийд тэргүүлэх нөөц, боломж бий.

-Үеийнхээ залууст спортоор хичээллэхийн давуу тал болоод тамирчин болж үлдэхэд юу хамгийн их нөлөөлдгийг өөрийнхөө туршлагаас хуваалцаач?

-Бэлтгэлтэй үед хамгийн түрүүнд цаг барих хэрэгтэй. Энэ нь ажил, амьдралд ч хэрэг болохоос гадна багаар ажиллах туршлагад сургадаг. Модон бөмбөг эко спорт. Тамирчид гадаа бэлтгэл хийдэг тул эрүүл мэндэд тустай. Цэвэр агаарт алхахад алжаал тайлагдаж, сайхан амралт болдог юм. Спортын баг тамирчид бие даасан клубтэй байхад олон хүнтэй нээлттэй харилцаж, зөв хандлагатай болдог.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)