Б.БАЯНБИЛЭГ: “Гайхамшигт Монгол” тоглоом 500 асуулттай

 Монгол өв соёл, түүхийг багтаасан “Гайхамшигт Монгол” хөлөгт тоглоомын зохион бүтээгч Б.Баянбилэгтэй ярилцлаа.

-Та тоглоомынхоо санааг анх хэрхэн олов?

-Хоёр жилийн өмнө “Миний Монголын мянган гайхамшиг” ном бичсэн юм. Монгол орны газар зүй, түүх, ёс заншилтай холбоотой тус бүр 100 чухал баримтыг номоосоо авч “Гайхамшигт Монгол” хөлөгт тоглоом зохион бүтээж, хүүхдүүдтэйгээ хамт тоглох болсон. Би 2-6 насны гурван хүүхэдтэй. Яваандаа хөрш айлын хүүхдүүд “Ахаа тоглоомоо өгөөч” гэж гуйдаг болсон. Ингээд л хөлөгт тоглоомоо олонд хүртээлтэй болгож, худалдаанд гаргахаар шийдсэн юм.

-Монгол өв соёлыг шингээсэн гэдгээрээ манайд байгаа хөлөгт тоглоомуудаас онцлогтой юм билээ.

-Одоогоор “Саятан”, “Тэрбумтан”, “Та битгий уурлаарай” зэрэг ижил төрлийн хөлөгт тоглоом байна. Эдгээр нь хөгжөөнтэй хэдий ч танин мэдэхүйн ач холбогдол бага. Харин “Гайхамшигт Монгол” хөлөгт тоглоом 500 асуулттай, 2-10 хүртэл хүн тоглох боломжтой. Асуултын 250 нь насанд хүрэгчдэд, үлдсэн нь хүүхдэд зориулсан. Тус бүртээ ан амьтан, өв соёл, түүх, газар зүй, танин мэдэхүй, ардын уламжлал, ёс заншил, сонин хачин гэх мэт 10 төрөлд хуваагдана. Шоо шидэж, тоо нь ямар өнгө зааж байгаагаас шалтгаалан дээрх төрлүүдээс асуулт сугалж, хариулах юм. Аравт, зуут, мянгатын жанжин болж, үе давж явсаар хаан болсон нь хожно. Мөн шагнал, шийтгэл гэж бий. Жишээлбэл, орхисон шоо нь шагналын картын дугаартай таарч байвал амттан авхуулж болно. Харин шийтгэл тасалбарыг сонговол авьяасаа үзүүлэх жишээтэй. Энэ мэтчилэн асуултаас гадна өөр олон зүйл сурч мэдэх боломжтой танин мэдэхүйн ач холбогдолтой.

-500 асуулттай тоглоомыг удаан тоглосон хүмүүс сайн мэддэг болох байх. Олон удаа тоглоод ирэхээр асуултаас залхах нь гарцаагүй. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?

-Улирал бүр шинэ асуулттай карт худалдаанд гаргахаар судалгаа хийж байна. Хөлөгт тоглоомыг бүхэлд нь бус, 500 ширхэг шинэ асуулттай карт худалдаж авах боломжтой гэсэн үг.