Б.БАТ-ӨЛЗИЙ: Бөх болох хүсэл минь намайг Зэрэгт тогтоогоогүй

Ховд аймаг цуут бөхчүүдээрээ алдартай. Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж, жил жилийн улсын наадамд түрүүлж, үзүүрлэнэ хэмээн үнэлэгддэг олон бөх бий. Тэдний нэг бол Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий. 

2016 онд олон шилдгийг өвдөг шороодуулан, аймгийн арслангаас шууд улсын харцага цол хүртсэн амжилт түүнийх. Том цолтнуудтай эн тэнцүү өрсөлдөж, түрүү булаалддаг залуу хүчтэнүүдийн төлөөлөл тэр яах аргагүй мөн. Өнгөрсөн жил л гэхэд Цагаан сарын барилдаанд түрүүлж, чансаагаараа бусад бөхийг тэргүүлсэн нь үүний илрэл.

Б.Бат-Өлзий харцагатай ярилцсанаа уншигчдадаа сонирхуулъя.

-Өнгөрөгч долоо хоногт болсон “Алдар” спорт хороонд харьяалагддаг бөхчүүдийн аварга шалгаруулах барилдааныг улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй цөөнгүй хүчтэн өнжсөн. Та зодоглох уу?

-Барилдана аа. Жил бүр болдог барилдаанд анх удаа өрсөлдөх гэж байна.

-Өмнө нь яагаад барилддаггүй байсан юм бэ?

-Мэдээж хорооныхоо бөхчүүдийг хүндэтгээд барилдахыг бодолгүй яах вэ. Яалт ч үгүй ажил гараад амжаагүй.

-Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва нар АНУ-д очин Н.Төгсцогтыг дэмжсэн. Та “King Tug”-ийн тоглолтыг үзсэн үү?

-Үзэлгүй яах вэ. Би өөрөө тамирчин болохоор спортын цөөнгүй төрлийг сонирхдог. Ёстой үзүүштэй тулаан боллоо. Их омогшсон. Монгол хүн мэргэжлийн боксын спортоор дэлхийн аварга болно гэдэг яах аргагүй бахдам амжилт. Н.Төгсцогтоор олон хүн бахархаж байгаа нь мэдээж.

-Тоглолтынх нь үр дүнг хэрхэн таамаглав?

-Мэргэжлийн боксын нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй болохоор яг тэгж, ингэх байх гэж таамаглаагүй. Гэхдээ Н.Төгсцогтыг ялна гэдэгт итгэлтэй байсан.

-Үндэсний бөхийн спортод хөл тавихад юу нөлөөлсөн бэ?

-Би багаасаа бөх болохыг мөрөөдсөн. Аав, ээж хоёр ч намайг барилдуулна гэдэг байв. Хөдөө малын дэргэд дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн. Багадаа ер нь бүтэн хувцастай явж үзээгүй шүү. Хүүхдүүдтэй байнга л барилдана, тэгээд л хувцсаа урчихна. 

Эхээс дөрвүүлээ, ууган нь. Айлын том болохоор багаасаа хар бор ажилд нухлагдсан. Хонь хариулах, хадлан бэлтгэхээс авхуулаад хамаг ажлаа нугалж, аав, ээждээ дэм болдог байв. Тэр бүхэнд бие хаа задарч, өлчир чийрэг өсөхөд их нөлөөлсөн. Одоо их хэрэг болж байна.

Хөдөөний ажил мундах биш. Дөрвөн цагийн эргэлтэд борви бохисхийх чөлөөгүй хөдөлмөрлөдөг малчин хүний жаргал, зовлонг сайн мэднэ.

-Та 2009 онд Ховд аймгийн Чандмань сумын наадамд түрүүлж, сумын заан болсон. Тухайн үед үндэсний бөхийн бэлтгэл эрчимтэй хийж эхэлсэн байв уу?

-Үгүй ээ. Хонь хариулж байгаад л сумын заан болсон. Тэр жил сумынхаа наадамд зодоглоод дөрвийн даваанд өвдөг шороодлоо.

Уг нь наадмаас өмнө Зэрэг сумд болсон таван ч өдөрлөгт түрүүлсэн, сумын заан болно гэдэгтээ их итгэлтэй байсан юм. Гэртээ урвайчихсан сууж байтал “Чандмань сумын наадам маргааш болно” гэх сураг дуулав. Шууд л тэр орой нь цемент, шохой ачсан “Пургон”-д дайгдаад Чандманийг зорьсон. Ёстой нөгөө “явдаг цемент” гэж хэлүүлмээр амьтан тэнд очоод түрүүлж билээ. Түүндээ их урамшсан. 

Бэлтгэл хиймээр санагдаад болдоггүй. Үнэндээ бөх болох хүсэл минь намайг Зэрэгт тогтоогоогүй. Тэгээд л дараа жил нь Улаанбаатар хотод ирж, “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элссэн юм. Би сургуулиа 2013 онд төгссөн.

-Нутагтаа үлдээд малчин болох сонголт танд байсан. Үндэсний бөхөөр амжилт гаргах баталгаагүй болохоор хэр эргэлзсэн бэ?

-Нэг их эргэлзэж, элдэв юм бодоогүй. Зорилгоо биелүүлэхийн төлөө үзээд алдъя л гэж бодсон. Аавын хүүхдүүд амжилт гаргаад байхад би яагаад чадахгүй гэж өөрийгөө хурцалсан юм. Хүн бүхэнд зорилго, мөдөөдөл байдаг. 

Ямар нэгэн шийдэмгий алхам хийхгүй, зүгээр суугаад байвал түүндээ хэзээ ч хүрэхгүй. Би тухайн үед зоригтой шийдвэр гаргаагүй бол өдийд малчин болчихсон яваа байх.

-Малын захад исгэрч явсан хүүхэд их хөлийн газар ирээд дасахад хамгийн хэцүү нь юу байв?

-Юм юм л хэцүү байсан. Анхандаа хөдөө нутгаа, гэрээ, малаа их санасан. Гэдэс өлсөхөөр бүр ч их. Гүйгээд л оччихмоор санагдана. Аав, ээжийнхээ хайранд өлгийдүүлж, малынхаа захад тарвалзаж явсан хүн чинь хотод ирээд ёстой юм юм үзсэн дээ. 

Би аймгийнхаа төв рүү ч хуруу дарам ордог байсан. Хааяа нэг орохоороо гадуур гарахгүй. Төөрчихнө гэж хаширласандаа тэр. Тийм л хүүхэд хотод ирж билээ. Улаанбаатарт ирээд нэг хэсэг автобусанд ер суугаагүй. Очих газраа хүнээр сайн заалгаад л алхчихна. Тэр нь ч амар, баримжаатай л даа. 

Хоёр сар гаруй гэр, сургууль руугаа тэгж алхсан. Хотод ирээд олон газар байсаан. Ахындаа, эгчийндээ, найзуудтайгаа байр түрээслээд л. Сурч, бэлтгэл хийхийн зэрэгцээ ажил хийдэг байлаа. 

Хотод амьдрах өртөг хэчнээн өндөр билээ. Аль болох аав, ээжээсээ авалгүй өөрөө зохицуулчих гээд л зүтгэсэн.

-Ихэвчлэн ямар ажил хийсэн бэ?

-Ажил голохгүй ээ, олдсоныг нь хийнэ шүү дээ. Ихэвчлэн хамгаалалтын ажил олдоно. Бөх болох мөрөөдөлтэй олон хүүхэд бэлтгэл хийхээр орон нутгаас Улаанбаатарт ирдэг. Тэдний олонх нь хөдөөнийх. Би ч бас тэдний нэг нь. 

“Шонхор” сургуульд сурч байхад үндэсний бөхийн бэлтгэлийг аймгийн начин Батбаатар, чөлөөт бөхийнхийг Гавьяат тамирчин Б.Болд багшаар заалгасан. Аймгийн заан Энхзаяа манай ангийн багш байлаа. Монгол түмний бахархал болсон Х.Баянмөнх аваргын үүсгэн байгуулсан сургуулийг төгссөндөө бэлгэшээж явдаг. 

Анхандаа “Шонхор”-ын аварга шалгаруулах болон сумын заан цолтнуудын барилдааны нэг, хоёрын даваанд унадаг байв. Бэлтгэл хийхийн хэрээр амжилт ахин, гурав, дөрөв давдаг болсон. Тэгж байтал сумын зааны барилдаанд ганц нэг түрүүлэв. 

Аймгийн арслан болж, улсын цолтнуудтай өгөө аваатай барилдаад ирэхээр урамшин, улам хичээдэг юм билээ. Амжилт гаргахад хамгийн чухал нь бэлтгэл, тухайн хүний хичээл зүтгэл. Тийм болохоор би аль болох бусдын зөвлөгөөг сайн сонсож, бэлтгэлээ шаргуу хийхийг хичээдэг.

-Та нэлээд тэнхээтэй бөхчүүдийн нэг. Бэлтгэл дээр ойролцоогоор хэдэн кг өргөдөг бол?

-Би тийм ч айхтар өргөдөггүй. Бэлтгэлээ багш нарынхаа заавраар, зөв системээр хийхийг чухалчилдаг. Түүнээс биш хүчний бэлтгэл базааж байна гээд өдөр бүр 300 кг өргөвөл ямар ч үр дүнгүй. Тэгэх ч шаардлагагүй. 

Учир нь хэн ч 300 кг жинтэй бөхтэй барилдахгүй шүү дээ. Өрсөлдөгчөө давахад барилдах эв, мэх, бэлтгэлийн систем чухал гэж багш нар зөвлөдөг. Би ч тэдэнтэй санал нийлдэг.

-Золгооноос сайн барилддаг, хэр баргийн бөхөд бярдуулдаггүй нь таны давуу тал. Одоо болтол өөрийн болгож чадаагүй мэх бий юү?

-Зөндөө бий. Тэр болгон хийдэггүй мэхийг даалгах хэцүү. Сураагүй болохоор сэрвүү барьцнаас хөл авах надад эвгүй шүү дээ.

-Санаанаас тань гардаггүй, хамгийн дурсамжтай барилдаан аль нь вэ?

-Давсан, унасан бүх барилдаан сайхан. Аль алинаас нь суралцдаг болохоор бүгд дурсамжтай. Ер нь тэгээд үндэсний бөхөөр барилдсаны хэрэг юу билээ, улсын цол хүртээд баярлаж явсан үе хамгийн дурсамжтай нь.

Улсын цолтны гэр бүлд багтана гэдэг их хувь заяа.

-Та аймгийн арслангаас шууд улсын харцага цол хүртсэн хүчтэн. 2016 оны улсын наадамд тийм өндөр амжилт гаргана гэх багцаа танд байсан уу?

-Ер нь улсын цол авах зорилготой байсан. Түүнээс биш шууд л түрүүлнэ, том цол авна гэж бодоогүй. Би Төрийн наадамд 2015 онд анх барилдахдаа дөрвийн даваанд Ч.Санжаадамба аваргад унасан. 

Дараа жил нь хоёр дахиа зодоглохдоо улсын харцага цолны даваанд Д.Анартай хүч сорьсон юм. Тэрбээр өмнөх даваанд одоо улсын харцага болсон Ш.Мөнгөнбаатарыг аймгийн арслан цолтойд нь өвдөг шороодуулан, өөртөө тун ч итгэлтэй байв. Хоёулаа цолоо ахиулахын төлөө өрсөлдсөн болохоор алдаа гаргах эрх байгаагүй. 

Түүнийг өмнө нь хоёр бил үү, гурван удаа давчихсан байсан болохоор өөртөө итгэлтэй өрсөлдсөн. Улсын харцага цолны болзол хангачихаад, дэвж явахад сэтгэл уужраад сайхан болсон шүү.

-Улсын аварга Г.Эрхэмбаярыг даван, цолоо ахиулах боломж байсан нь мэдээж. Амжилтдаа ханасан тал бий юү?

-Амжилтдаа ханаж, тайвшраагүй. Харин ч эсрэгээрээ улам хянуур, өөртөө итгэлтэй барилдсан. Даваа ахих тусам өөртөө эргэлзэхээ больж, улам задгай өрсөлддөг юм билээ. 

Барилдахаасаа өмнө тийм, ийм мэх хийнэ гэж багштайгаа ярилцаж, төлөвлөж амжаагүй. Ер нь Г.Эрхэмбаяр аваргатай барилдана гэж бодоогүй. Мэхээ зоригтой хийж үзсээн, санаснаар болоогүй. Тэгээд л унасан.

-Өнгөрсөн жил Цагаан сарын барилдаанд түрүүлж, өнгөтэй байсан таныг цолоо ахиулах болов уу гэж бөхийн хорхойтнууд таамаглаж байсан. Н.Золбоод өвдөг шороодсон алдаагаа хэрхэн дүгнэв?

-Миний ч бас гол зорилго цолоо ахиулах, түрүүлэх байлаа. Улсын начин цолны болзол хангаад байсан, үеийн бөхөд унасан. 

Н.Золбоо цолоо ахиулж, улсын харцага болоход их баярласан шүү. Нэг нь давж, нөгөө нь унадаг болохоор харамсаагүй ээ. Даагаа нэхэх, цолоо ахиулах боломж дахиад гарах байх.

-Та 2018 онд гаргасан амжилтаараа бусад бөхийг өнгөлж, чансаагаараа тэргүүлсэн. Ер нь өнгөрсөн онд хэдэн барилдаанд түрүүлсэн билээ?

-Нарийн тоолж байгаагүй болохоор тодорхой хэлж чадахгүй нь. Ерөнхийдөө Цагаан сарынхтай нийлээд 4-5 барилдаанд түрүүлсэн байх. Өнгөрсөн жил болсон бараг бүх барилдаанд түрүүлж, үзүүрлэн, их шөвөгт шалгарсан.

Сүүлийн үед бөхчүүд сайн үйлсийн аянд идэвхтэй нэгдэх болсон. Би ч бас аль болох тэгэхийг хүсдэг. Цаашид сайн үйлсийн олон ажил хийхээр төлөвлөсөн.

-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулна уу?

-Би эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Эхнэр минь Завхан нутгийн харьяат бүсгүй бий. Хүүг минь Өсөх-Ирээдүй гэдэг, таван настай. Бөхөд их хорхойтой. Зурагтаар үргэлж барилдаан үзнэ. Бөхчүүдийн нэр, нутгийг нь андахгүй.

-Том болохоор нь бөх барилдуулж, өөрийнхөө үргэлжлэл болгох бодол бий юү?

-Хүсэл, сонирхлыг нь л дагна. Түүнээс биш заавал барилдуулж, бөх болгоно гэж шахахгүй.

-Ер нь та хэр халамжтай хань, сайн аав бэ?

-Үнэнийг хэлэхэд гэрээсээ өглөө гараад бэлтгэл гэж явсаар орой харьдаг. Ид барилдаж яваа тул амжилтын төлөө бүхнээ зориулахыг хүсдэг. 

Спорт залуу насны ажил болохоор хөгширчихвөл хэчнээн зүтгээд ч нэмэргүй. Тэглээ гээд гэр бүлээ хоёрдугаарт тавьж болохгүй. Хань, хүү хоёртоо аль болох цаг гаргахыг хичээдэг ч тэр бүр санаснаар болдоггүй нь гачлантай. 

Заримдаа өөрийгөө зэмлэдэг. Өнөөгийн амжилт миний мундгийнх биш. Сайн хань, сайн багш нар гээд маш олон хүний ач, гавьяа юм шүү. Ганцаараа зүтгэсэн бол өнөөгийн амжилтад хүрээ ч үү, үгүй ч үү.

-Хань нь “Бэлтгэл, тэмцээн гээд гэртээ байхаасаа байхгүй нь их юм” гэж гомдоллодог уу?

-Анхандаа үл ойлголцол гардаг байсан. Одоо тэгэхээ больсон. Тэмцээн, бэлтгэл гээд бүхий л зүйл дээр намайг эрвийх дэрвийхээрээ дэмждэг.

-Б.Бат-Өлзийгийн харьяалагддаг байгууллагын цалин, бөхийн бай шагнал амьдралд тань хангалттай хүрдэг үү?

-Хүрдэг шүү. Бөхийн буян үнэхээр их. Бид бөхийн буянаар л амьдарч, амжилтад хүрч яваа. Үнэн хүчийг үзэн, сарвайтлаа барилдаад ганц давах хэчнээн сайхан гэж санана. Давааныхаа мөнгийг өвөртлөх үнэ цэнтэй, амттай. 

Монголчууд үндэсний бөхийн спортод, бөхчүүддээ их хайртай, үнэхээр хүндэлдэг. Олны хайр, хүндлэлийг сэвтээлгүй, цолдоо эзэн болж явахыг эрхэмлэдэг.

-Та өнгөрсөн жил Цагаан сарын барилдаанд түрүүлсэн. Энэ жил барилдах уу?

-Барилдана аа. Бөхчүүд төдийгүй Монголын ард түмэн Цагаан сарын барилдааныг их хүндэлдэг. Би ч бас энэ барилдаанд зодоглож, хийморио сэргээх дуртай.

Ард түмнээ хүндэлж барилдангаа айсуй улсын наадмын өнгөө шинждэг. Ер нь Цагаан сарын барилдаанд өнгөтэй барилдсан бөх тухайн жилийн наадамд цол ахиж, чимэг нэмдэг гэдэгт би итгэж, бэлгэшээдэг.

Энэ үеэр улсын харцага Т.Өсөх-Ирээдүй түүнтэй утсаар холбогдон, барилдаан эхлэхэд бэлэн болсны зэрэгцээ зодог шуудгаа өмсөхийг сануулав. Ингэснээр бид хоёрын ярилцлага өндөрлөлөө.

“Алдар”-ын аварга шалгаруулах барилдаанд улсын харцага Б.Одгэрэл, Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй 64 хүчтэн зодоглосноос Б.Бат-Өлзий харцага босоо байж, анх удаа түрүүлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)