Б.Бат-Эрдэнэ: Хөрөнгө, орлого нь огцом өссөн гэх УИХ-ын гурван гишүүн тайлбараа ирүүлсэнгүй

Өнөөдөр УИХ-ын Ёсзүйн дэд хороо хуралдав. Хурлын дараа Б.Бат-Эрдэнэ гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Ёсзүйн дэд хороо хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн есдүгээр сард чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Шадар сайд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин болон Засгийн газрын гишүүд картаа сугалж, дэг зөрчих үед УИХ-ын дарга Ёс зүйн дэд хороонд үүрэг өгсөн. Үүний дагуу уг асуудлыг оруулж ирсэн. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар байнгын хорооны хуралдааныг тасалдуулсан Л.Пүрэвсүрэн гишүүний асуудлыг хэлэлцэхийг хүссэн албан бичиг явуулсныг хүлээн авсан. Эхнийх нь дээрх хоёр гишүүний асуудлыг хэлэлцэх, нөгөөх нь "Бид уучлахгүй" ТББ-аас УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг гишүүний хөрөнгө орлого огцом нэмэгдсэн асуудлыг шалгахыг шаардсан юм. Үүний дагуу Ёс зүйн дэд хороо дээрх гурван гишүүнд тайлбар ирүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Ийм хоёр асуудлыг хэлэлцэх ёстой байсан. 

Юун түрүүнд хХуралдааны дэг зөрчсөн гишүүдийн асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, тус хоёр гишүүнийг өөрсдийг нь биечлэн оролцуулж, тайлбар мэдээллийг нь авч байж асуудалд хандах ёстой гэсэн саналыг дэд хорооны гишүүд тавьсан учир асуудлыг хойшлуулсан.

Дараа нь хөрөнгө орлогын асуудлаар гурван гишүүний асуудлыг хэлэлцэх гэсэн боловч хоёр нь гадаадад томилолттой яваа юм билээ. Дээрээс нь гурвуулаа тайлбараа ирүүлээгүй. Гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх үед өөрсдийг нь заавал байлгах ёстой гэсэн дүрэм бий. Тэд өөрсдөө асуудлаа тайлбарлах ёстой. Иймд Ёсзүйн дэд хорооны гишүүд дараагийн хурлаар эцэслэн шийдвэрлэе гэсэн байр суурьтайгаар өнөөдрийн хурлыг өндөрлөлөө.

Хөрөнгө, орлого нь огцом өссөн гэх гурван гишүүнээс зөвхөн М.Оюунчимэг гишүүн л өөрийн хүсэлтээ ХОМ-ээ шалгуулах хүсэлтийг АТГ-т өгсөн гэсэн" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)