Б.Бат-Эрдэнэ: Монголдоо төгөлдөр хуур тоглож сурсан гэхээр гайхаад байлаа

Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны гоцлол дууны төрлийн IV байрын шагналт Улсын Филармонийн дуучин Э.Анхбаяр, тус төрлийн шилдэг концертмейстерээр шалгарсан төгөлдөр хуурч, Монгол Улсын Консерваторын багш Б.Бат-Эрдэнэ нар өчигдөр өглөө эх орондоо ирлээ. 

Консерваторын захиргаа, мэргэжил нэгт багш нар нь төгөлдөр хуурчийг хүлээн авч, баяр хүргэх үеэр түүнээс баярын сэтгэгдлийг нь сонсож, товч ярицлага авсан юм.

-Чайковскийн нэрэмжит уралдааныг А зэрэглэлийн, чансаа өндөр гэдэг. Үнэхээр тийм юм уу?

-Орон орны хөгжимчид, дуучдыг дээдэлж, хүндэлсэн, бүхнийг хөгжмийн төлөө гэж зохион байгуулдаг үнэхээр сайхан арга хэмжээ байдаг юм байна. Онгоцноос буухад тосож авахаас эхлээд уран бүтээлчдийг гар дээрээ өргөх нь холгүй хүндлэх юм. Дуучин бүр бэлтгэл, сургуулилтаа чөлөөтэй хийх өрөөтэй. Өрөө гэхгүй ээ, Э.Анхбаяр бид хоёр Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Хөгжмийн академийн С.Прокофьевын танхимд бэлтгэл хийж байсан. 

Ер нь тэр сургуулийн нэгдүгээр давхрыг тэр чигт нь уралдаанд оролцогчдын мэдэлд өгсөн байлаа. Зочид буудал тохилог, ер нь тэр нь жаахан тиймхэн гэхээр юм алга. Зохион байгуулалтад ямар ч хий үгүй. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүн, шагнал урамшууллын хэмжээ, оролцогчдын ур чадвар гээд бүх юм Чайковскийн уралдааны чансааг илтгэнэ. Дэлхийн хамгийн шилдэг 60 дуучныг тайзнаа урихад манай улсаас зургаан дуучин багтсан нь Монголын дуулаачийн урлагийн хөгжил өндөрт гарсныг илтгэнэ. 

Хамтран тоглосон Э.Анхбаяр найзаараа бахархаж байна. Онгоцны агааржуулагчийн хүйтнээс болоод хоолой нь эвгүй болоод буусан ч, огт тийм зүйл болоогүй мэтээр сэтгэж, өөрийгөө чангалж дуулсаар төгсгөлийн шатанд тунаж, улмаар IV байр эзэлсэн нь гайхамшигтай.

-Та хоёрыг II шатанд тоглохыг сонсож байхдаа үзэгчид Э.Анхбаярын дуулахыг төдийгүй, Б.Бат-Эрдэнийн хөгжимдөхийг давхар шимтэн анхаарч байна даа гэж ярилцаж суулаа.

-Бид хоёр хэд хэдэн уралдаанд хамтарч ажилласан болохоор зүгээр хамтран зүтгэгчид гэхээс илүү найз. Тийм болохоор би түүнийг маш сайн ойлгодог болсон. Амьсгаагаа жаахан түрүүлээд авахыг нь хүртэл андахгүй, тохируулж хөгжимддөг. Ер нь бүх л концертмейстерүүд тэгж ажилладаг л даа. Гэхдээ харцаараа биесээ ойлголцох нөхөд нэгэн зорилгын төлөө ажиллахад амжилт гардаг юм байна.

-Энэ жил төгөлдөр хуурын төрөлд маш хүчтэй өрсөлдөгчид оролцлоо. Танд тэднээс суралцсан зүйл бий юү?

-Байлгүй яах вэ. Алхам тутамдаа, уулзаж, ярилцсан хүн бүрээс ямар нэг зүйл олж мэдэж, сурч байлаа. Чайковскийн уралдааны түүхэнд төгөлдөр хуурч суут хөгжмийн зохиолчийн, өөрөөр хэлбэл Чайковскийн төгөлдөр хуур, найрал хөгжмийн II концерт тоглож түрүүлэхийг харлаа. Тэргүүн байр эзэлж, гран при шагнал хүртсэн Францын төгөлдөр хуурч Александр Канторовын тухай ярьж байна л даа. Ийм чухал үед энэ концертыг тоглох шийдвэр гаргах төгөлдөр хуурч бараг байхгүй.

-Хүмүүс тоохоор бүтээлийг шинээр нээхтэй адил тоглож, улмаар нэрд гаргалаа гэж үү?

-Тийм. И.Брамсын II концерт яаж тоглохыг нь сонссон уу. Тийм уянгын, зөөлөн, мөн л сонгож тоглоно гэж тооцоолмооргүй бүтээл сонгосон байсан. Энэ мэт чанараараа Александр Канторов энэ цаг үеийн хамгийн шилдэг төгөлдөр хуурч мөн. Э.Анхбаяр бид хоёрыг уралдааны шүүгчдийн ахлагч АНУ-ын “Метрополитен” театрын уран сайхны удирдагч Сара Соломон дуудаж уулзсан юм. Баяр хүргэсэн. Таягтай, явахдаа тааруу эмэгтэй.

“Дуучин маш сайхан дуулж, хөгжимчин бас мундаг хөгжимдлөө. Та хоёр хаана ингэж сурсан бэ” гэж асуусан. Бид “Монголдоо” л гэлээ. “Ямар сайн сургалт вэ. Ийм залуу, бас ухаантай уран бүтээлчид байна” гэх зэргээр магтлаа. Би Италид Консерватор төгссөн гэдгээ хэлж, шаардлага гарсан учраас би италиар, бас англиар ярихад гайхаад, толгой сэгсрээд байсан. Монголчуудыг юу гэж бодож байсан юм бол доо.

-Театрт ажиллаач гэж уриагүй юу?

-Надад ажлын гурван санал ирсэн.

-Явах уу?

-Одоогоор юу ч бодоогүй. Ер нь Монголдоо ажиллаж, амьдрах дуртай.

-Өөр хэнтэй уулзаж, уулга алдуулав?

-Монгол дуучидтай ойр ажилладаг Улаан-Үдийн Дуурийн театрын Дарима Линховоин багш “Би 45 жил дуучин бэлтгэж байна. Тэгэхэд надад өгөөгүй шагнал шүү дээ. Чи сайн байна” гэсэн.

-Бараг л дааж яваарай гэж байна уу?

-Тэгж хэлээгүй л дээ. Гэхдээ би дотроо ихэд сүсэлж, мэргэжлээ илүү хайрлаж, улам хичээх болно гэж бодсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)