Б.БАТ-ОТГОН: Дартфиш программыг Монголд нутагшуулахаар зорьж байна

Б.Бат-Отгон багшийг нутагтаа ирснийг дуулаад уулзахаар цаг товлов. ӨМӨЗО-ы “Хөлөнбуйр” их сургуульд зочин профессороор ажиллаж буй тэрбээр амралтаараа ирээд байгаа юм. Чехословакийн Коменскийн их сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэн МУБИС-д гимнастикийн багшаар ажилласан үеэсээ спортын биомеханик чиглэлийн судалгаа хийх болжээ. Түүнийгээ үргэлжлүүлэн судалсаар эрдэм шинжилгээний ажил туурвиж байгаа гэсэн. Өдгөө Уран сайхны гимнастикийн холбооны Техникийн хорооны даргаар ажилладаг тэрбээр Монголд спортын биомеханикийн судалгааны лаборатори байгуулж, Биеийн тамир, спортын газрынхантай хамтарч төсөл хэрэгжүүлэн дартфиш программыг эх орондоо нутагшуулахаар зорьж буй аж. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, (Ph.D) дэд профессор түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж ярилцлаа.

-Та ӨМӨЗО-ы “Хөлөнбуйр” их сургуульд зочин профессороор ажилладаг юм байна. Тэнд ажиллахын хажуугаар спортын судалгаа, шинжилгээ хийж байгаа тухай сонслоо. Судалгааныхаа тухай сонирхуулахгүй юу?

-Монголд амралтаараа ирээд буцах гэтэл “Ковид-19” вирус дэгдсэний улмаас явж чадсангүй. Миний хувьд тус сургуулийн багш нарт спортын судалгааны арга зүйн хичээл заадаг. Би 1994 онд Чехословакийн Коменскийн их сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн. МУБИС-д гимнастикийн багшаар ажиллан, докторын зэрэг хамгаалж, спортын биомеханик чиглэлээр судалгаа хийх болсон юм. Энэ чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж байгаа. Судалгааны лаборатори байгуулахад өндөр өртөгтэй. Биеийн тамир, спортын газрынхантай хамтарч бид хоёр төсөл хэрэгжүүлж байна. Нэг нь дартфиш программыг эх орондоо нутагшуулах. Дартфиш нь спортын техникийг тамирчдын хөдөлгөөн дээр дүрслэн дүгнэлт хийж, олон өнцгөөс нарийвчлалтай гаргахад зориулсан программ. Үүнийг Европын орнууд өргөн ашигладаг. Лабораторио шинэ хичээлийн жилтэй зэрэгцэж ашиглалтад оруулахаар зорьж буй. Нөгөө нь Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбаттай хамтран Азийн хөгжлийн сангаас спортын судалгаанд ашиглах багаж төхөөрөмжийн төсөл хэрэгжүүлэхээр авсан. Багажуудаа гадаадаас авчирч оюутан, тамирчдаас судалгаа авч, ажиллуулахад бэлэн болоод байна.

-Монголдоо дартфишийн программыг нэвтрүүлэх нь тун зөв санагдлаа. Монголын үндэсний шигшээ багаас хамтран ажиллах санал тавьж байна уу?

-Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч нар санал тавьж, олимпод оролцох тамирчдадаа судалгаа хийлгэсэн. Спортын төрөл болгон өөрийн гэсэн техниктэй байдаг. Дасгалын техникүүдийг өнцгийн хэмжээтэй тус программаар нарийвчлан гаргаж тухайн тамирчны гүйцэтгэлийн алдааг тодруулдаг юм. Энэ программаар туршлагатай тамирчдын техникийг авч үлддэг бол амжилт тааруухан тамирчдын алдааг нь засаж болдог. “Дартфиш” компанийн Ойрхи Дорнод, Азийн бүсийн бизнесийн хөгжил хариуцсан захирал Мун Сэк Чун өнгөрсөн жил БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар нийлж “Спортын сургалт, дасгалжуулалтад дартфишийн системийг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн багш нарын хамт зохион байгуулсан.

-Та Коменскийн их сургуулийг төгсөж ирээд л багш, дасгалжуулагчаар ажиллав уу?

-Намайг ирэхэд Монгол Улс зах зээлд шилжчихсэн, спортын салбарт дасгалжуулагчаар ажиллах ажлын байр ховор байлаа. Тиймээс МУБИС-ийн биеийн тамирын ангид гимнастикийн багшаар ажилласан. Бүх зүйл хувийн хэвшилд шилжсэн 1990-ээд оны хүнд үед уран сайхны гимнастик гал алдчихгүй урагшилсан. Дасгалжуулагч Х.Үржинсүрэн, Л.Туяа нар энэ спортыг хөгжүүлэхийн төлөө уйгагүй зүтгэсэн дээ. Л.Туяа Орос руу сурахаар явахад Х.Үржинсүрэн хүүхдүүдийг бие даан хариуцаж ажилласан юм. 2010 онд Монголын гимнастикийн холбооноос надад “Монголд шигшээ баг байгуулж, гимнастикийн төрлүүд дээр өмнөхөөсөө өөр системээр ажиллахыг зорьж байна, бидэнтэй хамтарч ажиллаач” гэж санал тавьсан. Шигшээ багт авьяастай, ур чадвартай хүүхдүүдээс таван охин сонгон авч дасгалжуулагчаар ажиллалаа. Тэднийг аав, ээж нь маш сайн дэмждэг байв. Охидын амжилт жилээс жилд ахисаар гурван жилийн хугацаанд дөрөв нь спортын мастер, нэг нь ОУХМ цол хүртсэн. ОУХМ Б.Эрдэнэзаяа одоо дасгалжуулагч, олон улсын шүүгчээр ажиллаж байна. Олон улсын II зэрэгтэй шүүгч, Азийн АШТ-ийг шүүх эрхтэй. Монголын гимнастикийн тамирчид гадагшаа тэмцээнд баг бүрдүүлж оролцдог боллоо. Өмнө нь дасгалжуулагч нь тамирчинтайгаа тэмцээнд оролцох зардлаа өөрөөсөө гаргаж явдаг байсан бол одоо харьяалагдах холбоо, дэмжих байгууллагатай болсон нь амжилт гаргахад нөлөөлж байна.

БИД БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАСАН БОЛОХООР ТОМ ЗОРИЛГО ТАВИАГҮЙ

-Уран сайхны гимнастикаар олон жил хичээллэсэн ч танд бие дааж тамирчин бэлтгэх цаг хугацаа хомс байсан бололтой.

-Би дасгалжуулагчаар бус, багшаар олон жил ажилласан. Гэхдээ шигшээ баг байгуулж дасгалжуулагчаар ажиллахдаа хүүхдүүдийн дасгалын техникт түлхүү анхаарсан юм. Спортын хамгийн гол зүйл нь техник. Хэрвээ дасгалын техник буруу бол амжилт гаргахгүй. Техникийг нь хагас дутуу заавал хүүхдүүд дасгалжуулагч болоод шавь нартаа мөн л дутуу заана шүү дээ. Бид богино хугацаанд ажилласан болохоор учиргүй том зорилго тавиагүй. Казахстаны Астана хотод зохион байгуулсан Азийн АШТ-д хүүхдүүдтэйгээ оролцохдоо шүүгчээр ажилласан юм. Гадаадын тамирчид тэмцээнд сэтгэлзүйч, шүүгч, дасгалжуулагч, бариа засалч, спортын эмч гээд олон хүний бүрэлдэхүүнтэй ирдэг. Миний хувьд хүүхдүүдийнхээ дасгалжуулагч, шүүгч, сэтгэлзүйч нь болж, бүх зүйлийг хариуцаж явсан. Товчхон хэлбэл, таван хүний хийх ажлыг ганцаараа амжуулж байлаа. Дасгалжуулагч багш хүүхдүүдтэйгээ ажиллахдаа хэн нь тэмцээнд оролцохдоо юунаас эмээдэг, юунд өөрийгөө зоригжуулж, дайчилдаг болохыг сэтгэлзүйгээс нь мэдэрдэг болдог.

-Шигшээ багаа хүлээлгэж өгөөд одоо Уран сайхны гимнастикийн холбооны Техникийн хорооны даргаар ажиллаж байгаа гэл үү?

-Тийм ээ. Монголын гимнастикийн тамирчдад хамгийн их тулгамдаж буй асуудал бол бэлтгэлийн танхимгүй байгаа нь. Гимнастикийн холбоо ганц заалтай. Спортын гимнастик, уран сайхны гимнастикийн тамирчид хамт бэлтгэл хийдэг. Спортын гимнастикийн хэрэглэл суурин байдаг болохоор талбайн ихэнх зайг эзэлдэг. Уран гимнастикчид чөлөөт хөдөлгөөн, дасгал хийдэг тул зай нь багаддаг.

-Тэмцээнд шүүгчээр ажиллахдаа өөрийн дасгалжуулсан тамирчдын ур чадвар ямар түвшинд явааг гадаадынхантай харьцуулж хардаг байх.

-Би 2010 онд уран сайхны, 2011 онд аэробикийн гимнастикийн олон улсын шүүгч болсон. Түүнээс хойш хэдэн том тэмцээн шүүсэн юм. Хамгийн сүүлд 2013 онд Казахстаны Астанад зохион байгуулсан Азийн АШТ-д Монгол Улсаа төлөөлж шүүгчээр ажилласан. Тэр жилийнхээ арваннэгдүгээр сард БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Зүүн Азийн наадмын тэмцээнийг Л.Туяа багштай хамт шүүж байлаа. Олон улсын гимнастикийн холбооны дүрмийн дагуу олимпын цикл болгонд шүүгчийн сургалтад сууж, баталгаажуулах ёстой байдаг. Ажлын шаардлагаас болоод шүүгчийн сургалтад дахин сууж амжаагүй л явна. Миний хувьд Лондон-2012, Рио-2016 олимп хүртэл шүүгчээр ажилласан. Манай хүүхдүүд олон улсын тэмцээнд амжилттай өрсөлдсөн удаа бий. Тухайлбал, ОХУ-ын Эрхүүд болсон тэмцээнд Б.Болормаа багш бид хоёр хүүхдүүдээ оролцуулахад I, II байр эзэлж байлаа. Азийн тамирчидтай харьцуулахад манайхан ур чадвар ойролцоо. Хамгийн гол нь бид тамирчдаа бэлтгэл сайн хийлгэвэл эн тэнцүү өрсөлдөнө. Монголын гимнастикийн тамирчид ОХУ-ын Москвад өнгөрсөн намар болсон өсвөр насныхны ДАШТ-д багаараа оролцлоо. Манайхан анх удаа тэмцээнд олон хүний бүрэлдэхүүнтэй явсан нь тэр. Уран сайхны гимнастикт өндөр биетэй, урт хөлтэй охид гоё харагддаг. Сүүлийн үед Европын тамирчдын бие бялдарт Азийнхан дөхөж очиж байна. Европын тамирчид оролцсон тэмцээн болгондоо амжилт гаргадгийн учир нь Оросын дасгалжуулагчид олон оронд уригдаж, тамирчин бэлтгэж байгаатай холбоотой. Манай дасгалжуулагчид гадаадынхнаас ур чадвар, туршлагаараа дутахгүй. Харин бидэнд тамирчдаа бэлтгэл сургуулилалт хийлгэх, аюулгүй байдлыг нь хангасан танхим юун түрүүнд хэрэгтэй байгаа.

СПОРТ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРЭГТЭЙГ ОХИДДОО БАГААС НЬ ОЙЛГУУЛСАН

-Гимнастик өсвөр үеийнхний хичээллэдэг спорт. Энэ спортын тамирчид хүүхэд насандаа амжилт гаргаж байгаа харагддаг.

-Уран сайхны гимнастикийн тамирчин 16- 22 насандаа амжилт гаргадаг. Энэ наснаас эхэлж олимп, ДАШТ-д оролцох боломжтой. Гимнастикийн төрлүүдээс уран сайхны гимнастик өвөрмөц онцлогтой. Би энэ спортоор найман настайгаасаа хичээллэсэн. Тэр үед Д.Сүхбаатарын нэрэмжит Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд сурдаг байлаа. Нэг өдөр хичээлдээ иртэл уран сайхны гимнастикийн спортын мастер Х.Гиймаа, Ш.Оюунчимэг нар ангийн сурагчдаас шалгаж, намайг сонгосон. Тамирчин болох гараа минь ингэж эхэлж билээ. Монголд уран сайхны гимнастикийг хөгжүүлсэн хүний нэг бол Ц.Марта багш. Гимнастикийн тамирчдыг бэлтгэж, жил бүр улсын наадмын хөтөлбөрт гимнастикийн үзүүлбэр оруулдаг байв. Багш минь биднийг гурван жил дасгалжуулаад 1980 онд Москвагийн олимпод оролцох тамирчдыг бэлтгэхээр болж М.Булган багшийн удирдлагад шилжүүлсэн. Тэрбээр гадаадаас сургуулиа төгсөж ирээд л биднийг хүлээж авсан юм. Шигшээ багийн тамирчин болсноосоо хойш Д.Хишгээ багшийн шавь болж, тэмцээнд оролцон 1985 онд спортын мастер, 1987 онд ОУХМ цолын болзол биелүүлж байв. Тэр үед уран сайхны гимнастикаар ОУХМ цолын болзол хангасан анхны гурван тамирчны нэг нь болж байлаа. Хүүхэд байхдаа тэмцээнд амжилттай оролцох ёстой гэж боддог байснаас биш, багш нарынхаа магтаал, шүүмжлэлийг нэг их анзаардаггүй байж.

-Та уран сайхны гимнастикаар олон дасгалжуулагчийн удирдлагад хичээллэжээ. Багш нар тань тамирчид бэлтгэх туршлага, арга барилаараа өрсөлддөг байв уу?

-Багш нар минь биднийг хооронд нь их өрсөлдүүлдэг байлаа. Тэдний заах арга, зан чанар, шавь нартайгаа харилцах нь барил нь хүртэл өөр. Ц.Марта багш гимнастикийн хөдөлгөөнүүдийн дасгалын зохиомжийг тавихдаа гаргууд. Д.Хишгээ багш спортын гимнастикийн дасгалжуулагч. Тухайн үеийн төр, засгийн даалгавраар уран сайхны гимнастикийг хөгжүүлэхээр бидэнтэй ажилласан. Монголын уран сайхны гимнастикийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь төр үнэлж, Гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан. Тэрбээр ОХУ-ын мэргэжилтнүүдтэй ойр ажилладаг байсан тул Болгар, Чех рүү шавь нараа авч явдаг байв. Одоо ч гэсэн түүний шавь нар дасгалжуулагч болчихсон энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж явна. М.Булган багш ушугийн тамирчин, дасгалжуулагч байлаа. Их шаргуу, дайчин хүн. Түүнд мөн л уран гимнастикийг хөгжүүлэх даалгавар өгсөн гэдэг. Түүний анхны шавь нарын нэг нь би. Бид уран сайхны гимнастикаар хичээллэсэн гурав дахь үеийн тамирчин.

-Спорт хүнд ямар их хэрэгтэйг та хүүхэд байхаасаа ойлгосон. Одоо ч гэсэн хэдэн дасгал хийгээд ажилдаа ирдэг биз?

-Би гимнастикийн ойр зуурын дасгал хийж, алхах дуртай. Спорт хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Хатуужил, тэвчээрт сургахаас гадна зөв хүн болгож төлөвшүүлдэг. Өөрт байгаа дутагдаа спортоор засаж, аливаад эерэг ханддаг болно. Багш, дасгалжуулагч, хамт хичээллэдэг нөхдөө хүндэлж сурах гээд олон давуу талтай. Манайх гурван охинтой. Тэд дуртай спортоор сонирхож хичээллэдэг. Том охин талбайн теннис, дундах нь спорт бүжиг, усанд сэлэлт, сагсан бөмбөг сонирхож тоглоно. Аавтайгаа сагсан бөмбөгийн тэмцээн үзэж, NBA-ийн алдартай тамирчдын тоглолт, ур чадварын тухай ярилцах дуртай. Бага нь уран сайхны гимнастикаар хичээллэж байхдаа УАШТ-д оролцоод түрүүлж байв. Одоо волейболын секцэнд явдаг. Нөхөр бид хоёр залуудаа тамирчин байсан болохоор хүүхдүүдээ спортын замаар явуулаагүй. Охиддоо спорт эрүүл мэндэд хэрэгтэй, тиймээс дуртай спортоороо хичээллэж болно гэдгийг багаас нь ойлгуулсан. Манай охид өглөө болгон гүйдэг. Нөхөр минь ахмадын сагсан бөмбөгийн тэмцээнд байнга оролцдог юм. Бид оюутан байхдаа танилцсан. Коменскийн их сургуулийн биеийн тамирын факультетэд сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчаар суралцсан. Биднийг оюутны спортын орчин учруулсан. Нэг сургуульд сурдаг болохоор өдөр бүр тааралдана. Тэмцээнээс гадна сургуулиас зохион байгуулсан урлаг, соёлын арга хэмжээнд оролцож явсаар дотносож, гэр бүл болсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)