Б.Бат-Оргил: Зураг бүхэн баримт, бас урлаг

гэрэл зураг зурагчин

Гэрэл зурагчин Б.Бат-Оргил “Metro-Metropolis-Metrosexual” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгээ өнгөрсөн сард олны хүртээл болгосон юм. “Cosmopolitan”, “National geographic”, “Mongolica”, “Insider” зэрэг сэтгүүлд гэрэл зурагчнаар ажиллаж байсан тэрбээр цуврал болгон гаргаж буй “Metro-Metropolis-Metrosexual” үзэсгэлэнгээрээ дэлхийн метрополис хотуудыг сурвалжилж, баримтжуулан үлдээх, хойч үедээ гэрэл зургийн архив үүсгэх зорилготой.

-Та Metro-Metropolis-Metrosexual” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгээ цувралаар олны хүртээл болгож буй. Сүүлийн үзэсгэ лэнд ямар онцлогтой бүтээлүүд дэлгэв?

-Миний бие даасан гурав дахь үзэсгэлэн юм. 2017 онд Москвад байхдаа авсан зургуудаараа үзэсгэлэн гаргасан. Харин энэ удаа БНХАУ-ын та ван хотоор аялж, сурвалжилснаа дэлгэлээ.

-Тэгвэл дараа нь аль хотод аялахаар төлөвлөсөн бол?

-Японы хотуудаар аялж, зураг авах төлөвлөгөөтэй. 2020 онд Токиод олимп болно. Баримтат зургуудаас гадна маш их ажиллагаатай зургууд дэлгэх санаатай. Цаашлаад Берлин, Нью-Йорк, Сөүл, Истанбул, Лондон хотод ажиллаж, тухайн хотын үндэсний уламжлалд туссан гэрэл, сүүдэр, хөгжлийн ялгаа, хүмүүсийн амьдралын хэмнэл, оюун санааны эрх чөлөө, техник, технологийн хөгжлийг баримтжуулах зорилготой.

-Та инженер мэргэжилтэй гэсэн үү?

-ОХУ-д онгоцны хөдөлгүүр ашиглалтын инженерээр сурсан.

-Энэ мэргэжлээрээ ажиллаагүй юм уу. Хэзээнээс гэрэл зураг сонирхох болов?

-Би 2010 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгссөн. Оюутан байхдаа л гэрэл зураг сонирхож эхэлсэн. 2007 он хавьцаа, эхэндээ дижитал камераар зураг дардаг байлаа. Төгсөөд мэргэжлээрээ биш, сонирхолдоо хөтлөгдөн гэрэл зурагчнаар ажиллаж эхэлсэн.

-Ингэхэд зураг авах сэдэл юунаас улбаатай вэ?

-2002 онд зургадугаар анги төгсөөд зуны амралтаараа дэлгүүрт худалдагчаар ажиллаад цалингаараа зургийн аппарат авсан юм. Тэр аппаратаар 10-аад хальс зураг авсан санагдана. Ихэнхдээ гэр бүлийнхнийхээ, байгалийн зураг авдаг байсан юм.

-Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-“Студи 11” гэж байлаа. Тэнд анх ажилласан. Удалгүй “Ирмүүн” агентлагт орсон. Одоо бол чө лөөт уран бүтээлч.

-Ямар зураг таны сонирхлыг илүү татдаг бол?

-Хамгийн гол нь илэрхийлэл. Аль болох хүмүүст хэлэх гэсэн санаатай, өгүүлэмжтэй зураг авах нь чухал. Өнгөрсөн оны аравдугаар сард Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч, үзэсгэлэн гаргасан. Эмнэлгийн орчин, өвчтөнүүдийн нөхцөл бай дал гээд олон зүйлийг тус үзэсгэлэнгээс харж болохоор.

-Тэнд сэтгэл шимширмээр төрх олныг харсан байх.

-Тэнд хэвтэн эмчлүүлж буй хүнийг өвчтөн биш, үйлчлүүлэгч гэдэг юм билээ. Эрүүл хүнээс гарахааргүй сайхан сэтгэл, эсрэгээрээ этгээд авирыг ч харсан. Хамгийн эмзэглэмээр хэрнээ сонирхолтой санагдсан нь хүмүүсийн харц.

-Баримтат гэрэл зургаар дагнасан уран бүтээлч цөөхөн. Та яагаад энэ төрлийн зургаар дагнадаг юм бэ?

-Зураг бүхэн баримт мөн. Бас урлаг. Гэхдээ уран бүтээл мэдээж арай өөрөөр “төрнө”. Үүнийг ярихын тулд гаргаж буй “Metro-Metropolis-Metro¬sexual” цуврал үзэсгэлэнгүүдийнхээ зорилгын талаар ярих хэрэгтэй болно. Метрополис хотуудын хөгжил, оршин суугчдынх нь бие биенээ хүндлэх соёл, өвөрмөц онцлогийг харуулж, түгээх гэсэн оролдлого. 

Хүмүүс намайг сайхан аялаад л, зугаалаад явдаг гэж боддог юм билээ. Үнэндээ гутлын улаа эргэтэл алхаж, алийг, юуг үзүүлэх вэ гэж боддог, хайдаг. Нөгөө талаас, баримтат гэрэл зурагт хүнтэй ярилцаж, харилцаж байж агшнуудаа буулгадаг. Тэр нь сонирхолтой.

-Улаанбаатар хотынхоо тухай үзэсгэлэнг хэзээ гаргах бол?

-Хэлж мэдэхгүй юм. Гэхдээ анхны үзэсгэлэндээ Улаанбаатар хотын өнгө төрх, байдлыг харуулсан зургуудаа багтааж байсан. Улаанбаатарын хөгжлийн явцыг харуулахуйц зургийн архивтай болохыг хичээдэг.

-Очиж зураг авахыг хүсдэг газар бий юү?

-Москвад байхдаа би янз бүрийн үзэсгэлэн, урлагийн хүмүүсийн зургийг авах их дуртай бай лаа. Бээжинд ч “798” арт галерейг зорьж очсон. Очихыг хүсэж байгаа газар гээд нэрлэх гэхээр олон газар санаанд бууж байна. Юуны түрүүнд ОХУ-ын Калининград хотод очмоор байна. Миний зорьж буй ажил бол “Дэлхийн нүүдэлчид” нэртэй хөрөг зургийн төсөл. Монгол туургатан орнуудаар явж, тухайн улсын хамгийн олны танил эрхмүүдийг хөрөг зургийг буулгах юм.

-Гэрэл зурагчин хүнд техник, технологийн мэдлэг чухал уу, мэдрэмж илүү юү?

-Аль аль нь. Техникээ сайн эзэмшиж, боловсруулах технолгио мэдсэнээр чиг хандлагуудыг зурагт харуулж болно. Мэдрэмж бол илүү нандин.

-Байнга камер шагайгаад явдаггүй нь ойлгомжтой. Маш сонирхолтой агшинг хараад буулгаж чадаагүйдээ харамсдаг биз дээ?

-Байлгүй яах вэ. Тийм тохиолдолд “За, яах вэ. Дарах ёсгүй л байж” гэж боддог юм. Түүнээс илүү сонирхолтой агшин зөндөө таарна шүү дээ.

-Сүүлийн үед хөрөг зураг бас нэлээд авч байгаа юу?

-Илүү сонирхолтой, хариуцлагатай төрөл. Тухайн хүнийг хараад төрсөн мэдрэмжээрээ буулгахыг хүсдэг. Ажил мэргэжил, бусад зүйлээс нь илүү тухайн хүний дотоод ертөнцийг илэрхийлэхийг хичээдэг. Багадаа эмээгийнхээ зургийг их авдаг байлаа. Тэр ч нө лөөлсөн байх. Бас байгалийн гоё үзэгдлүүдийг авах дуртай. Хүн үзээд сэтгэл нь эмзэглэмээр, эсвэл бахархмаар зураг авах дуртай даа.

-Танд хөрөг зургийг нь авах юм сан гэж бодож явдаг хүн бий юү?

-Петр Павленский гэж ОХУ-ын уран бүтээлчийн зургийг авахыг хүсдэг.

-Үнэхээр сонирхолтой төрхтэй хүнтэй гудамжинд зөрөөд өнгөрөхөд “Зургийг нь авах юм сан” гэсэн бодол төрдөг үү?

-Тэгж “мэндэлсэн” бүтээл олон бий. Үнэхээр тийм сонирхолтой хүн таарвал шуудхан очоод л асуучихдаг. Дахиж таараа ч уу, үгүй ч үү. Цааргалдаг нь ч бий, зөвшөөрдөг нь ч бий. Өвөрмөц төрхтэй, онцгой хүмүүс л миний сонирхлыг татдаг юм.

-Хүмүүс таны бүтээлээс юу мэдрээсэй гэж хүсдэг вэ?

-Миний зургийг хараад өөрийнхөө дотоодыг сонсож, өөрийгөө илүү мэдрээсэй гэж хүсдэг. Гоё сайхан, үзэсгэлэнтэй зүйлийг буулгасан л бол сайн зураг гэсэн үг биш. Тухайн зургийг үзэж байхдаа өөрөөсөө асуулт асууж байвал тэр сайн зураг.

-Хүсээд ч гараас нь ажил гарахгүй, онгод орохгүй үе уран бүтээлчдэд байдаг шиг санагддаг. Танд тийм үе тохиодог уу?

-Байдаг шүү. Яагаад ч юм би дурлахаараа тийм хоосон болчихдог.

-Өнгө, гэрлээр “тоглодог” нэгэн байхад зөвхөн хар, цагаан зураг авдаг зурагчин бий. Харин та ямар аргаар бүтээлээ туурвиж байгаа вэ?

-Гэрлээр хэт “тоглож”, янз бүрийн эффект ашиглах тийм ч дуртай биш. Би зургаа бодит байл гахыг л хүсдэг. Хальсаар зураг авч байгаагийн шалтгаан нь энэ. Яаж ч засварлах боломжгүйгээр тухайн агшныг алдалгүй яг бодитоор буулгахыг эрмэлздэг юм.

-Зарим уран бүтээлч зүүдэндээ бүтээлийнхээ санаа, зохиомжийг харсан тухайгаа ярьдаг. Танд тэгж “төрсөн” бүтээл бий юү?

-Бие даасан хоёр дахь үзэсгэлэндээ би долоон цуврал зураг байрлуулсан. Тухайн цувралд багтсан нэг зургийн санааг зүүдэндээ олсон юм.Бусаны олон улсын кино наадмын шагналт найруулагч С.Бямба ах “Хэвтрийн хүн” кинондоо эл зургийг минь ашиглахаар болсон.

-Танд “Ийм зураг хэзээ ч авахгүй дээ” гэж эмээдэг төрөл байдаг уу?

-Байгаа. Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн тухай баримтат кино үзэж байгаад зураглаач болон бусад хүн нас барсан хүмүүсийн зураг, бичлэгийг шууд авч байгааг харсан юм. Харин би тийм тохиолдолд яагаад ч авч чадахгүй байх.

-Гэрэл зургийн үзэсгэлэнг зорьж очин үздэг хүн цөөн. Харамсалтай санагддаг уу?

-Сүүлийн үзэсгэлэнгээ дөрөвхөн хоног л гаргасан. Үнэхээр сонирхдог, мэддэг хүмүүс л зорьж ирсэн. Ялангуяа арилжааны бус, баримтат зургаар дагнасан болохоор аргагүй биз дээ.

-Дараагийн үзэсгэлэнгээ хэзээ толилуулахаар төлөвлөсөн бэ?

-Болж өгвөл жил бүр л Б.Бат-Оргил гэж хүнийг илэрхийлэх үзэсгэлэнгээ гаргамаар байх юм. Цаашид ч тэгэхээр зорьж байгаа. Гол нь янз бүрийн техник ашигламаар байна. Жишээ нь, төмөр бар дээр зургуудаа буулгах боломжтой. Цаашилбал, холимог техникийг ч ашиглаж үзмээр байна.




Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)