Б.БАТХҮҮ: Утга санаа агуулаагүй бол бүтээл биш

Залуус сүүлийн үед гар урлалыг ихэд сонирхох болсон. Тэдний төлөөлөл, “Бэх” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батхүүтэй ярилцлаа. Тэрбээр өдгөө 22 настай бөгөөд зургаан жилийн өмнөөс гар урлалын чиглэлээр ажиллаж эхэлжээ.

Гоёл, чимэглэлийн гол онцлог нь ашиглаж буй материал юм шиг. Бүтээлээ ямар материалаар хийдэг вэ?

-Хуванцар хиймэл чулуугаар гоёл чимэглэл хийдэг. Энэ материал нь ястай адил нягтшилтай. Хүний биед сөрөг нөлөөгүй. Гадаадын улс орнууд ихэвчлэн нүүрний баг, бэлэг дурсгалын зүйлс хийхэд ашигладаг. Миний бүтээлүүдийг буталж, материалыг нь дахин ашиглах боломжтой гэдгээрээ байгальд хог хаягдал үүсгэхгүй давуу талтай. Гэхдээ хэврэг эд гэж ойлгож болохгүй. Зориулалтын багажаар бутлаагүй тохиолдолд хагарч, хугарахгүй. Туршилт хийж, 13 давхар барилгаас бүтээлээ шидэхэд эвдрээгүй. Анх ипокси (тунгалаг давирхай)-гоор хийдэг байсан. Энэ нь удаан хатдаг учраас 24 цагт нэг бүтээл л хийх боломжтой. Иймээс богино хугацаанд олныг хийхийн тулд хиймэл чулуу сонгосон.

-Та Монголд гоёл, чимэглэл хийхдээ уг материалыг ашигладаг ганц хүн нь гэж сонссон.

-Тийм. Ер нь гадаадад ч ховор. Уран бүтээлчид ихэвчлэн ипокси болон полимер шавраар бүтээл хийдэг. Би аль алинаар нь хийж байсан. Полимер шавар бүтээлийг арай зөөлөн болгодог.

-Чулуун гоёл, чимэглэлийг хүний энергитэй холбож тайлбарлах нь элбэг. Таны бүтээл энергитэй хэрхэн холбогдох вэ?

-Би чулууны тухай мэдлэг олж авахын тулд үнэт эдлэл, бугуйн цаг урладаг “Wonder jewelry” брэндэд дагалдан ажилтан хийдэг байсан. Чулуу нь тухайн хүний төрсөн орд, амьдралын хэв маяг, түүх намтартай холбогддог. Харин миний бүтээл материалын хувьд бус, утга агуулгаараа энергитэй холбогддог. Хийсэн гоёл, чимэглэлийг маань бөө нар хамгаалалт болгох зорилгоор ихэвчлэн авдаг. Мөн хүссэн загвараараа захиалж хийлгэх боломжтой.

-Бүтээлээ урлахад орчин нөхцөл чухал байх. Ажлаа эхлэхийн өмнө өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?

-Орчин бүрдүүлэх нь их чухал. Би бүтээлээ ганцаараа сууж хийдэг. Хэн нэгэн дэргэд яривал анхаарал төвлөрөхгүй, бухимддаг л даа. Мөн захиалгын хугацаа тулсан ч сэдэл төрөхгүй бол хийдэггүй. Энэ зангаасаа болж алдсан нь олон. Түүнчлэн хөгжим чухал нөлөөтэй санагддаг.

-Бүтээлийнхээ санааг хэрхэн олдог вэ?

-Бугын гавал, хохимой толгой гэх мэт анатомийн дүр нь бодит зүйл учраас бодож олоход хэцүү биш. Харин бүтээлээрээ ямар нэгэн утга санаа илэрхийлэхийн тулд удаан боддог. Нүднээс нь могой гарч ирж буй хохимой толгой бүхий таяг үүний нэг жишээ. Эл таягийг хийхдээ нүд, ам, хамрын нүхний алинаар нь могойг гаргах вэ гэж удаан бодсон. Эцэст нь, нүгэл нь нүдээрээ гарах гэсэн санааг илэрхийлж нүдийг сонгосон. Зүүдэндээ үзсэн бүтээлээ урласан тохиолдол хэд хэд бий. Ямар нэгэн утга санаа агуулаагүй, зүгээр л гоё зүйл хийхийг хүсдэггүй. Тэгвэл уран бүтээл гэж нэрлэх ч шаардлагагүй.

-Аль ч салбарт нэгнийхээ санааг хулгайлах асуудал мэр сэр гардаг. Ийм зүйл тохиолдож байв уу?

-Бараг байхгүй. Гар урлалд тухайн уран бүтээлчийн онцлог их чухал. Нэгэнт л дуурайлгаж хийж байгаа бол яг ижилхэн болгох хэрэгтэй. Энэ нь шинэ загвар гаргахаас ч төвөгтэй учраас хүмүүс дуурайлгаж хийе гэж бодох ч үгүй. Гэхдээ сургалтын маань төгсөгч миний бүтээлийг дуурайлгаж хийгээд, зарсан тохиолдол бий.

-Цар тахлаас үүдэн бизнес эрхлэгчид их хохирол амссан. Танд “Ковид-19” хэрхэн нөлөөлсөн бэ?

-Хөл хорио тогтоосон эхний хоёр сард дэлгүүрээ хааж, учраа олохгүй хэцүү байсан. Харин хүргэлтийн үйлчилгээтэй болж, бүтээлүүддээ хямдрал, урамшуулал зарласнаар төдийлөн хямралд өртсөнгүй.

-Цаашид “Бэх” брэндээ хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Миний хэтийн зорилго бол “Бэх” нэрийн дор хувцас загвар, гоёл, чимэглэл, арьсан урлал гэсэн салбар брэнд үүсгэх юм. Би гар урлал гэх үндсэн тодотголд хамаарах бүх зүйлийг хийж, Монголдоо дэлгэрүүлэхийг хүсдэг. Энэ хүслээ биелүүлэхийн тулд их зүйл сурч байгаа. Мөн гар урлалд суралцангаа кофе ууж суудаг тав тухтай газар байгуулах зорилготой. Түүнчлэн цаашид илүү олон төрлийн бүтээл гаргахаар ажиллаж байна. Дэвтэр болон бэлэг дурсгалын зүйл, ханын чимэглэл түлхүү хийнэ.

Бэлтгэсэн: Б.Намуун


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)