Б.Батзориг: Гурилын үнийг өсгөхгүй байх бодлого барьж байна

Ургац хураалтын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригоос тодрууллаа.

-Цаг агаар хүйтэрч байна. Ургац хураалтын явц ямар байна вэ?

-Энэ жил 497.6 мянган га талбайд тариалалт хийсэн. 450 мянган тонн улаан буудай, 151 мянган тонн төмс, 90 гаруй мянган тонн хүнсний ногоо хурааж авах зорилт тавьсан. Газар дээр нь очоод үзэхэд ургац хураалт 80 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар 360 гаруй мянган тонн улаан буудай хурааж авсан. 40 орчим мянган га талбайн улаан буудай цасанд дарагдсан. Үүнийг одоо хурааж байна. Төмсөө 100 хувь хурааж авсан. Үр тариа, улаан буудай, төмсний хувьд дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж тооцоолж байна. Харин хүнсний ногооны хувьд дотоодын хэрэгцээг 60 орчим хувийг хангах төлөвтэй. Ирэх сарын дундуур ургац хураалтын эцсийн дүн гарна.

-Улаан буудайн чанар хэр байна вэ?

-Сайн үр, техникээр тарьсан учраас чанар нь дажгүй байгаа. Харин саяхан цас орсон учраас бага зэрэг чийгтэй байна. Тиймээс халаалт ашиглан боломжийн чанартай улаан буудай хурааж авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Гурилын үнэд өөрчлөлт орох уу?

-Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллахдаа гурилын үйлдвэрийн төлөөлөлтэй уулзсан. Энэ жил валют, шатахууны үнэ өссөн учраас гурилын үнэд нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс гурилын үйлдвэрийнхэнтэй ярилцаж, үнэ өсгөхгүй байх бодлого барьж байна.

-Засгийн газраас тариалангийн бүс нутгийг хашаалж байна. Нэг км хашааг дөрвөн сая төгрөгөөр барих боломжтой байхад найман саяар босгож байна гэх шүүмжлэл гарлаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Гацсан ажлуудыг урагшлуулахын төлөө ажиллаж байна. Сайн, муу хэлүүлэхээс айх юм алга. Тариалангийн бүс нутгийг зарлана гэж олон жил ярьсан ч малчид гомдоод сонгуулиар санал өгөхгүй болов уу гэж болгоомжилдог байсан нь үнэн. Засгийн газраас тариалангийн бүс нутгаа зарласныг малчид, тариаланчид дэмжиж байгаа. Метр хашааны үнэ 8000 төгрөг юм билээ. Боломжийн үнэ гэж үзэж байгаа.


У.Наран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)