Б.Батзаяа: Орлогосоод байх юу байх вэ, бусдын дэмээр амьдарч л байна


Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батзаяатай ярилцлаа.

- Таниар сонин сайхан юу байна даа?

- За юу байхав дээ. Өдөр тутмын амьдрал, хажуугаар нь бодож санасан зүйлээ нухсан шиг л сууж байна.

-Одоо чөлөөт уран бүтээлч статустай байна уу? Эсвэл...

- Тийм ээ. Бид чинь нэг ёсондоо чөлөөт уран бүтээлч нэрэн дор хагас тэтгэвэрийн маягтай сууж байна уу даа.

-Урлагийнхан бүгдээрээ л чөлөөт уран бүтээлч гэдэг статустай байх шиг ээ, тийм ээ. Энд, тэнд харъяалах байгууллага ховор байгаагаас тийм байх л даа.

- Тиймээ тийм. Бид 90-ээд онд хэдэн залуучуудыг цуглуулж, уран бүтээлчдийн хувийн секторуудыг байгуулсан. Тэгэхэд анх чөлөөт уран бүтээлчдийн холбоо гэдгийг байгуулсан юм. Уран бүтээл хийж байгаа чөлөөт секторын уран бүтээлчид түүнд хамрагдаж байсан юм. Тэрнээс хойш чөлөөт уран бүтээлч гэдэг статус бий болсон юм уу даа. Одоо тэгээд чөлөөтэй нь дээр ч юм шиг байна дөө.

-1990-2000 он хүртэлх хугацаанд, таны уран бүтээлийг үзэж, таныг ямар хүн бэ гэдгийг мэдэрчихсэн бүхэл бүтэн нэг үе бий. Тэр хүмүүсийн хүлээлт мэдээж өндөр байгаа. Б.Батзаяа том юм хийх ёстой гэдэг шаардлагыг танд тавьдаг л байх.

-Тийм ээ, миний уран бүтээлийг мэддэг улсууд шаардлага тавьдаг. Гэвч одоогийн нөхцөл байдал маань нэг тиймэрхүү. Хоёрдугаарт, чимээгүйхэн шиг баймаар ч санагддаг юм. Тэрнээс биш янз бүрийн уран бүтээл хийе гэсэн бодол байдаг л юм. Тэгээд ч өнөөдөр эдийн засгийн хөшүүрэгтэй хүн л юм хийж байна шүү дээ. Гэтэл тийм боломж нь байхгүй болохоор өнөө, маргаашийнхаа амьдрал ахуйг бодоод л явах юм даа. Бодсон санаа сэдлүүдээ бодолдоо хураагаад л эсвэл цаасан дээр буулгасан байдалтай байж байна. 90-ээд онд бол өөрийн гэсэн орон зайтай, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөтэй, хамт олонтой, тойрон хүрээлэгчтэй байлаа. Гэвч хүмүүсийн дунд тархсан хар пиараас болж би тухайн үед хохироод өнгөрсөн. Бодит үнэн бол энэ юм гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ би гомдоллодоггүй юм. Монголын төдийгүй дэлхийн түүхийн туршид хүмүүс үүнийг тулаад ирсэн болохоор тэрэнд эмзэглээд ч яах билээ.


-Онгод орно гэдэг шиг хуучны юм гэнэт бодогдоно биз. Доороос хатгаад л, чи хөдлөөч ээ гэж шаардаад л?

-Хүмүүсийн хэлж байгаа үг, шаардаж байгаа зүйлийг сонсоод сэтгэл үнэхээр их хөдөлдөг юм. Заримдаа гэртээ ганцаараа сууж байхад гэнэт ширээ рүүгээ давхиад оччихно. Тэгээд л дэмий балай юм сараачаад л, онгичоод л. Тэгж баахан зүйл сараачингуутаа, за байз энийг одоо яах уу, энийг нэг сайхан юм болгочих юмсан гээд л бодож гарна шүү дээ. Хаана хэн дээр очих вэ, хэн намайг дэмжих бол гэсэн дараагийн бодлууд хөвөрч эхэлнэ. Ингээд л хэцүү асуудлууд эхэлдэг жишээтэй. Сайхан сэтгэлтэй улсууд дэмжвэл надаас юм гарах байлгүй дээ, тиймээ.

-Одоо таны амьдралын үндсэн орлого тань ирж байгаа санал дээр тулгуурлаж байна уу эсвэл давхар юм хийж байна уу?

-Орлогосоод байх юм юу байх билээ. Бусдын дэмээр гэдэг юм уу, залуучуудын дэмжлэгээр ч гэдэг юм уу амьдарч л байна. Тиймээс байгууллага, хувь хүмүүс наашаа гэвэл уран бүтээлд нь оролцож, цаашаа гэвэл гэртээ суусан шигээ л байж байна даа.

-Одоо тэгээд, та тэтгэвэрт яаж гарах вэ? Өнөө цагийн урлагийнханд тулгарч буй том асуудал энэ боллоо шүү дээ. Харъяалагдаад ажилласан газар ховор, байлаа ч нөгөө газар нь татан буугдсан байх жишээтэй.

- Тиймээ, бидний хувьд одоо ийм болчихоод байна. 90-ээд оноос хойш хугацаанд нийгмийн даатгал, шимтгэл энэ тэрээ төлөх мэдэгдэхүүнгүй байж. Бидний хувьд бол өмнө нь байсан театр, байгууллагад ажилласан хугацаагаа нийгмийн даатгалаа төлсөн, нөхөж барьсантайгаа нэмэх замаар л тэтгэврээ тогтоолгож байна. Хөөрхий минь хорин хэдэн жил ажилласан дүнтэй гарах юм уу даа. Цэрэг мэрэгт байсныг оруулдаг ч юм уу, хасдаг ч юм уу бүү мэд. Ер нь бол насандаа сууж байгаа аль ч салбарын хүмүүсийн тэтгэврийн үнэлгээг нь гайгүй өгчихмөөр байгаа юм. Дунджаар 250.000-300.000 төгрөгийн тэтгэвэр өгч байгаа юм шиг байна. Уран бүтээлч хүн насаараа л ажилладаг юм байна. Би одоо тэтгэвэр яриад л сууж байхад тэтгэвэрт гарсан нь ажилласан хэвээр л байж байна. Дөрвөн мөч татчихгүй бол 80, 90-тэй сайхан буурайгийн дүр олдвол тоглоод л явах байх даа, тийм ээ. Уран бүтээлч хүний хувь тавилан ийм л юм. Эцэсгүй бөгөөд төгсгөлгүй.

-Уран бүтээл гэдэг чинь хүнийг соронз мэт татдаг бололтой эд юм, тиймээ. Улам л өөр лүүгээ дөхүүлж байдаг, тэгэх атлаа илүү шинэ санааг шаардаж байдаг.

- Тиймээ. Энэ уран бүтээлч хүн гэдэг бол золигийн л доо, их янзын. Бид нар чинь юманд сэтгэлээрээ хандах, сэтгэлээрээ хийх гэж оролддог улс. Мэргэжлийн л онцлог юм даа. Гэхдээ үүнээс өөрөөр мэдрэмж авдаг хүмүүс бас байдаг л даа. Миний хувьд бол авахаасаа өгөх нь гэдэг шиг хүмүүс уран бүтээлээс маань таашаал авбал тэр л миний сэтгэл ханамж болдог. Энэ нь миний амьдралд том дэм, урам болж байдаг.

- Ер нь жүжигчин Б.Батзаяа биш, иргэн Б.Батзаяагийн зүгээс Монголынхоо нийгэмд ямар үнэлгээ, дүгнэлт өгдөг вэ? Ямар болчихоосой гэж мөрөөддөг вэ?

-Тийм болчихоосой, ийм байгаасай гэж мөрөөдөж байсан л даа. Гэвч одоо нэгэнт тийм болоогүй болохоор гомдолтой л байгаа юм. 1990 онд ардчилал гарч ирэхэд бидний үеийнхэн зүрх сэтгэлээрээ, бие сэтгэлээрээ оролцсон. Би ч гэсэн бишгүй л оролцсон юмдаг. Гэтэл бидний төсөөлж байсан гэрэл гэгээтэй бодлууд маань биелсэнгүй. Хүсэл тэмүүлэл маань одоо байхгүй болчихож. Өнөөдөр эргээд харсан чинь өмнөх үеэсээ бүр ухарч, бүр феодолын маягийн үе рүүгээ орчихсон юм биш үү. Эрх чөлөөтэй, аз жаргалтай, баян чинээлэг амьдарна гэсэн нөгөө мөрөөдөл маань 90-ээд ондоо л дууссан юм шиг санагддаг юм.

-Бага байхдаа эх орны юунаас эхэлдэг талаар багш нар олон асуудаг байж. Одоо энэ асуултыг томчууд бие, биедээ тавьж баймаар санагддаг шүү. Арай өөрөөр ч тодорхойлох байх?

-Бид өөртөө хайртай юм бол эх орноо л хайрлах хэрэгтэй. Эх оронч үзэлтэй ч байх ёстой. Тиймээс миний эх орон хаанаас эхэлдэг вэ гэдэг асуулт бол мөнхийн ач холбогдолтой гэж боддог шүү. Миний хувьд эх орон ижийнхээ хэвлийд байхаас л эхэлсэн Тэгээд 1-р төрхөд төрж, Улаанбаатарынхаа унаган шороонд мөлхөж эхэлснээр миний эх орон үргэлжилсэн дээ. Эх орныг би энгийнээр ингэж л боддог. Үүндээ хайртай. Бид нар өөрсдийнхөө эх орныг хайрлаж чадвал өөрсдийнхөө юмыг хайрлаж л байна гэсэн үг. Гэтэл гоё ганан зүйл, худал хуурмаг мэдээлэлд хууртсаар байгаад эх оронд маань юу болоод байгааг одоо мэдэх аргагүй болж. Энэ бүхэн чинь л эгэл ард түмэн, жирийн уран бүтээлчид биднийг үнэхээр бухимдуулж байна шүү дээ. Төрийн төлөө оготно боож үхэж болохгүй гэдэг үг байдаг л даа. Өнөө цагт оготно байтугай бясаа хүртэл боож үхэхээр ийм цаг үе ирж дээ. Бурханлагтаа, шүтлэгтэйдээ ингэж хэлж байгаа юм биш л дээ.

-Та хэр их бухимдаж байна?

-Бухимдаж байна аа. Бухимдах юм гарахаар заримдаа их л бухимддаг юм. Сайхан хөдөө баймаар санагдах юм. Бухимдал гэдэг зүйлийг тэнд мэдрэхгүй сайхан шүү. Гэвч ажил төрөл маань төв бараадчихсан, насаараа хотод амьдарсан болохоор хөдөөд байнга байж чадахгүй юм даа.

-Яваандаа та тэгээд хотоос захдуу амьдарна биз дээ?

-Бодол байна. Нэг юм шомбойлгож аваад, галаа сайхан түлээд, гал дээрээ хоолоо хийж идээд л. Тайван амгалан байж, цэвэр агаарт эрүүл саруул амьдрахаас өөр зүйл хүнд хэрэггүй байх л гэж боддог.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)