Б.БАТЖАРГАЛ: “Баян Монгол” чуулга муу тоглолоо

Хөгжим судлаач, урлаг судлалын магистр, соёл судлалын ухааны доктор Б.Батжаргалтай ярилцлаа. Монголын хөгжим судлалд өөрийн гэсэн дуу хоолойтой тэрбээр АНУ-д арав гаруй жил амьдраад эх орондоо суурин ажиллахаар иржээ. Дэлхийн болон улсынхаа хөгжмийн амьдралд болж буй сонин содон үйл явдал, сонгодгууд, Монголынхоо ч үе үеийн хөгжмийн зохиолчийн бүтээл туурвилуудын талаар олон нийтэд байнга мэдээлэл өгдөг түүнтэй уулзахаар очихдоо “Та алс холоос бидэнтэй байнга холбоотой байлаа. Бараг өдөр бүр цагийн хичээл заадаг юм шиг мэдээлэл түгээдэг” гэхэд “Багш болохоор тэр юм уу, нэг өдөр ч ам нээхгүй байж чаддаггүй” гэсэн юм. “Сити” дээд сургуульд үндсэн, Консерваторт цагийн багшаар ажилладаг түүнтэй энэ удаа хоёр л сэдвээр ярилцав.

-Урлагийн амьдрал сэргэж байна. Хөгжимд дуртай үзэгчдийн хүлээж байсан хоёр тоглолт боллоо. Улсын филармони уран бүтээлийн шинэ улирлаа нээж үзэгчдэд хүргэсэн “Баян Монгол” жааз найрлын “Ганган дагшаа” тоглолтыг үзээд та “Муу боллоо” гэсэн. Яагаад ийм дүн тавив?

-Нэгдүгээрт, би гадаадаас ирээд хагас жил л болж байгаа болохоор соргог байна л даа. Хоёрдугаарт, дэлхийн хөгжим сонсож, дунд нь олон жил амьдарч байгаад ирсэн тул жааз хөгжмийн хөгжлийн түвшнийг мэддэг. Уран бүтээлчид ажилдаа дүгнэлттэй, бүтээлч хандаасай гэдэг үүднээс ийм дүн тавьж байгаагаа хэлсэн юм. Сошиалд нэлээд бужигнах шиг боллоо. Зарим нь “Хэлэх хүнтэй байх сайхан” гэсэн. Ганц нэг нь дургүйцсэн байв уу даа. Бид үнэнийг хэлэхгүй бол хэн гэж тийм биз дээ.

-Хөгжимчид тааруухан байв уу, удирдаач уу?

-Хөгжимчдийн ч, удирдаачийн ч чадвар муу байна. Тоглолтын дараа бичлэгийг дахин сонслоо. Өнгө алдаж байна. Нарийн бүрээч гэхэд гурван удаа буруу өнгө дуугаргалаа шүү дээ. Дэлхийд хөгжмийн ноот буруу эгшиглүүлэх алдаа гаргахаа болиод 100 жил болж байна. Манай хөгжимчид болохоор хээвнэг ханддаг. Үзэгчдээ тоохгүй байна. Багахан амжилт гаргаж, түүндээ эрдсэн юм болов уу. “Баян Монгол” чуулга Төрийн шагналт гэгч чимэгтэй болж. Тоглолтдоо “Ганган дагшаа” гэдэг нэр өгчээ. Юу гэж байгаа юм, бүү мэд. Жааз хөгжим манай улсад анх орж ирэхэд ард олон “дагшаа” гэж нэрлэсэн гэх үү, тодотгож, ялгасан байдаг. Ямар утгатай үг юм, мэдэхгүй. Тус чуулга цоо шинэ хөгжмийн зэмсгүүдтэй болсон юм билээ. Өндөр үнээр авсан гэнэ. Монголын авто зам ямар билээ. Хамгийн сүүлийн үеийн унаа тэрэг хөлөглөн давхихад зам илт гологддог. Техникийн эрч хүч, аагийг үзмээр байдаг. Гэтэл үр дүн нь жолоочийн, бас хамт яваа хүмүүсийн үхлээр төгсөөд байвал юу болох вэ. Шинэ хөгжмийн зэмсэг эзэмшиж буй мэргэжилтнүүдэд тэдгээрийг сайн дуугаргах гол үүрэг ногдох учиртай. Гэтэл залуус хангалттай сайхан дуугаргахгүй байна. Хөг муу. Хөгжмийн ая, аялбар бүрийн гүйцэтгэл тун тааруу. Улсын филармонийн концертын танхим гэдэг нь 260 үзэгчийн суудалтай, сумын клуб маягтай. Тэр умгар орон зайд маш хүчтэй дуу өсгөх техник тавьжээ. Уг нь тус чуулга дуу өсгөх төхөөрөмжгүй дангаар тоглосон ч тэр умгар зааланд ахадна. Дууны инженерт мэргэжлийн баримжаа алга. Харин монгол жаазын нэгэн сонин ололтыг дуучин, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар “Лоолой” дуугаараа үзүүлэв. Тун сайхан олз. Удирдаач нь чуулгын дуугаралтын тэнцвэрийг олдоггүй юм байна. Гайгүй дуучин бол ганц, нэг байна аа.

-Тэгэхээр та өнөө цагийн жааз хөгжимчдөд сэтгэл хангалуун бус байгаа юм байна.

-Би “Баян Монгол” чуулгын энэ удаагийн тоглолтын тухай л ярьж байна. Намайг арав гаруй жил гадаадад байхад хэр тоглосныг мэдэхгүй. Хэрвээ сайн байсан бол түвшин ахина уу гэхээс муудмааргүй юм. Ярьж байгаа бүхэн Филармонийн шинээр томилогдсон дарга, эсвэл дөнгөж байгуулаад буй Соёлын яамтай хамаагүй. Асуудал тогтолцооны гажиг, ужигт байна. Тэр үдшийн маргааш нь би “Хүн” гэдэг театрт “Улаанбаатар наадам” (UB fes¬tival orchestra) хэмээх шинэхэн оркестрын тоглолтыг үзлээ. Хөгжим сонссон гэж ярих нь зөв л дөө. Тэгэхэд юу болсон гэхээр залуусын тоглохыг сонсож, маэстро Б.Лхагвасүрэнгийн удирдахыг харахад нүдэнд баярын нулимс цийлэлзээд байлаа. Хөгжим тоглох, тоглуулах гэж юу байдгийг тэд харууллаа, сонсголоо. Энэ оркестрыг санаачилж байгуулсан хөгжимчин Т.Хуяг, мэргэжлийн ур чадвараа дайчлан нэгдэж, тоглолтыг удирдсан маэстрод талархал илэрхийлж байна. Тэд цаашид ч хамтарч ажиллах байх. Түрүүнд би тогтолцооны гажиг уран бүтээлд нөлөөлж байна гэж хэлсэн шүү дээ.Хоногийн зайтай болсон хоёр тоглолтоос юу харагдаж байна вэ гэхээр нэгдүгээрт, сэтгэлийн, хоёрдугаарт, өмчийн ялгаа байна. Сэтгэлийн гэдэг нь хөгжимчид уран бүтээлдээ сэтгэл хэр гаргасан бэ гэдгийг хэлж байгаа юм. Хоёрдугаарт, өмчийн гэдгийг тодотгоё. Улсын байгууллагад тогтмол цалин авч ажилладаг уран бүтээлчдэд сайн тоглох, муу тоглох бараг адилхан. Яагаад гэхээр ажлыг нь дүгнэж цэгнэх систем байхгүй. Мэдээж уран бүтээлчид болохоор хичээнэ л дээ. Гэхдээ их л бол бие биедээ баяр хүргээд тардаг. Чанарыг олон түвшнээр үнэлж, тохирох урамшуулал, цалингийн нэмэгдэл олгодог, эсвэл муу тогловол ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаггүй болохоор ажил таслахгүй л бол болдог, тийм хөгжил, хөдөлгөөнгүй системийн муу үр дагавар үүгээр илэрч байна. Гэтэл “Улаанбаатар наадам” оркестрт нэгдсэн хөгжимчид яаж тоглож байна. Ялангуяа суут хөгжмийн зохиолч Р.Вагнерын “Риенци” удиртгалыг дэлхийд ч энэ түвшинд цөөн удаа тоглосон болов уу. Удирдаач Б.Лхагвасүрэнгийн ур чадварыг онцолмоор байна. Тэр үнэхээр дэлхийн удирдаач болжээ. Хүнд сайн байгааг нь цаг тухайд нь хэлж байх ёстой юм. Мөн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурт зориулсан концертыг гайхамшигтай тоглолоо. Өрнийн, Дорнын энэ хоёр бүтээлийг хэрхэн хөгжимдсөнөөр уран бүтээлчдийн сэтгэлийн болоод мэргэжлийн ялгааг хэмжиж болно.

-Манай улсад өмнө нь оркестрыг энэ хэрд дуугаргаж байгаагүй гэж хэлэхгүй биз дээ?

-Олон жилийн өмнө Ардын жүжигчин Ц.Намсрайжавын удирдлагаар “Говь гурван сайхан” симфони зураглалыг тоглож байхад ийм мэдрэмж төрж байлаа. Мөн Ардын жүжигчин Ж.Чулуун суут хөгжмийн зохиолч Ф.Листийн төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан ля мажорын концертыг удирдан тоглуулах үед хөгжим гэж ийм байдаг юм байна гэсэн бодол, мэдрэмж төрсөн. Түүнээс хойш Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр багш зохиолуудыг сайн удирдан тоглуулсныг санаж байна. Гэхдээ яг одоо нэрлэж мэдэхгүй нь.

-Филармонийн удирдаачид сайн байгаа гэдэг. Ялангуяа “ерөнхий” Д.Нямдашийг хөгжмөө маш сайн мэдэрч, зөв удирддаг гэх юм билээ.

-Тийм ээ, тийм. Бүхнийг үгүйсгэж болохгүй. Хөгжим тоглох, тоглуулах гэдэг амар юм биш. Д.Нямдаш маэстро ирэх сарын 10-нд Суут П.И.Чайковскийн бүтээлүүдийг тоглуулахаар бэлтгэж байна. Бид хамтарч ажиллана. “Баян Монгол” чуулга тааруу тоглолоо гэж хэлснээс үүдээд ийм яриа өрнөөд явчихлаа.

-Эднийх “Ганган дагшаа” тоглолтоо хүргэхдээ монгол ахуйг дүрслэх маягаар тайзаа зассан. Ямар санагдсан бэ?

-За даа, энэ бол шинэлэг шийдэл биш. Тэртээ 1930-аад онд улсын төв театр тоглохдоо ийм л тайзтай байсныг түүхээс мэддэг.

-Гэхдээ энэ үед шинэлэг, бас Өрнийн жаазыг монгол ахуй, орчин, соёлтой холбосон шийдлээр тайз засаад, чуулгынхны олон жилийн өмнө үзэгч, сонсогчдод хүргэсэн дуунуудыг өнөө цагийн дуучдаараа дуулуулах гэсэн санаа нь байж болохоор санагдсан.

-Мэдэхгүй ээ. Тайз засал яах вэ, хөгжмөө сайн тоглох л чухал. Товчхондоо, агуулга, хэлбэр аль аль нь тааруу тоглолт үзүүллээ. Ингэж болохгүй. Додомдолт гэдэг үг байдаг. Утга нь энэ. 

-Харьцуулах юм бий болохоор та итгэлтэй шүүмжилж байх шиг санагдлаа. 

-Тэгэлгүй яах вэ. “Баян Монгол” чуулгын тоглолтыг Б.Нямдорж удирдан тоглуулж байх үеийг аваад үзье. Ядаж л хөгтэй байв. Саксофонч Л.Сүхбаатар яаж тоглодог байлаа. Битүү амьсгаагаар хөгжимдөхийн гайхамшгийг үзүүлдэг байсан. Гэтэл одоо бол муухай байна. Нэг байгууллагын тоглолтыг гоочлоод, өөр хүмүүсийнхийг зориуд магтаад байгаа юм шиг болох вий дээ. Шинэ оркестрын тоглолт сайн болсонд бас учир бий. Өмнө нь манай Дуурийн театрынх ч тэр, Филармонийнх ч гэсэн оркестр үргэлж хөг дутуу байдаг байсан. Магадгүй одоо ч тийм байхыг үгүйсгэхгүй. Контрабас дөрөв байх ёстой байтал ердөө хоёроор дөнгөж байх жишээтэй. Ийм маягаар хөгжмийн зохиолчийн бичсэн партитурыг дандаа зөрчинө. Өөрөөр хэлбэл, авторын бичсэн хөгжмийг бүрэн гүйцэд дуугаргадаггүй гэсэн үг. Харин сая бол “Улаанбаатар наадам” оркетрынхон хөгийг аль болох бүрэн байлгахыг хичээжээ. Үүнээс гадна хөгжимчдийн сэтгэл гал халуун байлаа. Филармони, Дуурийн театрын хөгжимчид голдуу нэгдсэн байна. Гэхдээ ялгаа нь тэд сайн дурын үндсэн дээр, хөгжмийн төлөө, сэтгэлдээ хүрсэн сайхан дуугаралтын төлөө нэгдсэнд гол учир оршиж байгаа юм. Мөнгө, цалингийн төлөө хамтраагүй. Хөгжим ийм увдистай. Р.Вагнерын удиртгалыг тоглох үеийн деталиуд, хийлүүд болон модон үлээврүүдийн шилжилтүүд тансаг байлаа. Мөн дахин хэлэхэд удирдаач Б.Лхагвасүрэнгийн, хөгжмийг шинээр бүтээж буй дүр төрх бахархам юм.

-Тоглолтуудыг үзсэн мэт ойлголт авлаа. Хөгжимд шүүмж дутаж буй энэ цаг үед таны үг хэн хүнд хэрэгтэй болов уу. Таныг Консерваторт ажиллаж байгаа гэж бодсон юм.

-Би “Сити” их сургуульд үндсэн, харин Консерваторт цагийн багшаар ажиллаж байна. Ингэж ажиллахаар сонгосон. Яагаад гэвэл “Сити” их сургуулийн удирдлага Америкт ажиллаж байсантай адил хэмжээний цалин надад олгох гэрээ хийсэн. 

-Та ямар ямар хичээл зааж байна вэ?

-Хөгжмийн онол, гоо зүй, урлагийн философи, тэмдэг зүй, удирдах арга зүй, хөгжмийн зохиолын бүтэц гэх зэрэг 10 хичээл заадаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)