Б.БАТГЭРЭЛ: Жүдо намайг хүмүүжүүлж, хүн болгосон

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин асан, ОУХМ Б.Батгэрэл 2013 онд Ташкент, Улаанбаатарт болсон гран при тэмцээнээс мөнгө, 2013 онд АНУ-ын Майами, 2014 онд Гүржийн Тбилист зохион байгуулсан гран пригээс хүрэл, 2015, 2016 онд насанд хүрэгчдийн УАШТ-д аман хүзүүдэж, тус бүрээс нь мөнгөн медаль өвөртөлж байв. 2017 оноос тэрбээр Гавьяат тамирчин М.Бундмаагийн хамтаар Хонконгийн жүдо бөхийн шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байгаад өнгөрсөн жилийн есдүгээр сард эх орондоо ирсэн билээ. Монголын жүдо бөхийн шигшээ багийн удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа ахлах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Болдбаатар томилогдоход Б.Батгэрэл хамтран ажиллаж буй. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

. -Энэ сард “Paris grand slam-2020”, Дьюселдорфын “Их дуулга”, Европын хоёр ч нээлтэй тэмцээнтэй. “Токио-2020” олимпын эрхийн оноо олгох чухал тэмцээнд манай тамирчид бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

-Насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөсний дараахан “Их дуулга” тэмцээн эхэлдэг. Жүдогийн тамирчид Парист энэ сарын 8-9-нд болох “Их дуулга”-д оролцож, дараа нь Австрид зохион байгуулах Европын нээлттэй тэмцээнд өрсөлдөнө. Үргэлжлүүлээд Дьюселдорфын “Их дуулга”, Польшид болох Европын нээлттэй тэмцээнд хүч сорих юм. Дөрвөн том тэмцээнд зодоглочихоод, гуравдугаар сард эх орондоо ирнэ. “Их дуулга”-ын тэмцээнд дэлхийн шилгүүд хүч үздэг. Олимпын эрхийн оноо олгох тул бид тамирчдаа амжилттай оролцуулахаар зорьж байгаа. “Их дуулга”-д түрүүлсэн тамирчин 1000 оноо авдаг юм. Тиймээс УАШТ-д алтан медаль хүртсэн тамирчид олимпын эрхийн оноо олгох тэмцээнд оролцоно. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчид олимпын долоон жинд өрсөлдөх эрх авсан. Тухайлбал, 60 кг-д гурав, 66 кг-д хоёр, 73 кг-д хоёр, 81, 90 кг-д тус бүр нэг, +100 кг-д хоёр тамирчин оролцох юм. Эмэгтэйчүүдээс 48, 52, 63 кг-д эрх авсан бол 70, 78, +78 кг-ын жинд хараахан авч амжаагүй. Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Катарын Доха хотод тавдугаар сард болно. Энэ хугацаанд дөрвөн “Их дуулга”, дөрвөн гран при, Азийн АШТ, дэлхийн шилдэг 16 мастерын тэмцээнтэй. Тэгэхээр манай тамирчид эдгээр 10 тэмцээнд амжилттай оролцож, өндөр оноо авбал олимпын эрх өвөртлөх боломжтой.

-Дэлхийн жүдо бөхийн холбооноос жил бүрийн нэгдүгээр сард шүүгч, дасгалжуулагчдын сургалт зохион байгуулдаг. Тэр сургалтад та хамрагдаад ирсэн. Барилдааны дүрэмд өөрчлөлт оров уу. Сургалтын талаар тамирчдадаа танилцуулсан биз дээ.

-Катарын Дохад болсон олон улсын зэрэглэлтэй шүүгч, дасгалжуулагчдын гурван өдрийн сургалтад шүүгчдээс Т.Энхцэцэг, М.Бөхбат, С.Баясгалан, Г.Нямцогт, дасгалжуулагчдаас би оролцлоо. Сургалтын үеэр барилдааны дүрэмд зарим нэг өөрчлөлт орсныг тамирчдадаа өчигдөр танилцуулсан.

-Гадаадад болох тэмцээнүүд сар шинийн баяртай давхцах нь. Монголын тамирчид шинэ оныг ямар улсад угтах вэ?

-Хоёрдугаар сард “Их дуулга” эхэлдэг тул жүдогийн баг тамирчид Европт сар шинийг угтдаг. Гадаад руу тэмцээнд явахдаа тамирчид тавгийн боов, чихэртэй явдаг. Шинийн нэгний өглөө идээгээ засаад, дасгалжуулагч багш, өөрөөсөө ахмад тамирчидтайгаа золгодог юм. Энэ жил ч гэсэн өмнөх жилүүдийнхээ уламжлалыг дагана. Германд болох Дьюселдорфын “Их дуулга”-ын үеэр сар шинийн баяр болох юм билээ. Би тамирчин байхдаа” Их дуулга”-д оролцож, багш, багийнхаа тамирчидтай Цагаан сараа гадаадад угтсан удаа олон. Хүний нутагт Цагаан сараа тэмдэглэх эхэндээ сонин санагддаг байв. Тэмцээнд оролцож, амжилт гаргана гэсэн зорилго тавиад тамирчидтайгаа хамт явдаг байсан болохоор сар шинийн баярыг нэг их үгүйлдэггүй байж. Харин Хонконгод гурван жил дасгалжуулагчаар ажиллахдаа Цагаан сараар гэртээ харимаар санагддаг байлаа. Тэнд энэ баярыг монголчууд шиг өргөн тэмдэглэдэггүй тул ганцаардаж, гэрийнхнийгээ их санана. Ойр дотнын хүмүүс үндэснийхээ дээлээр гоёод аав, ээж, ах дүүстэйгээ золгож буй зургаа нүүр номдоо тавьсныг нь хараад сэтгэл догдолдог байсан даа.

ХААНА Ч ОЧИЖ АМЬДАРСАН ЭХ ОРОН ШИГ МИНЬ ҮНЭ ЦЭНТЭЙ ЗҮЙЛ ҮГҮЙ

-Хонконгод ажиллах гэрээний тань хугацаа дуусаагүй байхад ажлаа хүлээлгэж өгөөд Монголдоо ирсэн. Ингэхэд та жүдогоос арай л эрт зодог тайлж, дасгалжуулагчаар ажиллах шийдвэр гаргасан шиг санагддаг.

-Миний хувьд шигшээ багийн тамирчин байж дэвжээнд олон жил барилдахдаа гадаад, дотоодын тэмцээнүүдэд оролцож, медаль ч цөөнгүй хүртсэн. Тиймээс өөрийнхөө хэмжээ хязгаар хаана хүрээд зогсохыг мэдэрч байв. 2017 оны УАШТ-ий өмнөхөн Хонконгийн шигшээ багийн удирдлага “Манай дасгалжуулагчаар ирж ажиллаач” гэж санал тавьсан. Шигшээ багийн дасгалжуулагч нь олон улсын шүүгчээр ажилладаг байлаа. Гадаадад болдог тэмцээнд тамирчидтайгаа ирж оролцдог байсан тул би ч танина. Олон жилийн өмнөөс нэгнээ мэддэг болж, энд тэнд тааралдахаараа мэнд устай явдаг байв. Тэр үед надад “Өөрийнхөө зогсох ёстой газар зогсъя. Ийм боломжийн санал ирж байхад алдах хэрэггүй, орчноо солиод үзье, соёлтой оронд очиж, өөрийгөө хөгжүүлэн, хэл суръя” гэж бодоод шийдвэр гаргаж байлаа. Насанд хүрэгчдийн УАШТ-д оролцчихоод, шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан О.Балжинням багшид энэ тухай хэлтэл “Чи дахиад хэдэн жил барилдахгүй юм уу” гэсэн. Ингээд л Гавьяат тамирчин М.Бундмаа эгч бид хоёр 2017 оны хоёрдугаар сарын 7-нд Хонконгийн жүдо бөхийн шигшээ багийг дасгалжуулахаар явсан.

Гэрээний хугацаа дуусаагүй байтал Х.Болдбаатар багш ”Би ийм хүмүүстэй хамтарч ажиллахаар баг бүрдүүлж байна. Та хоёр ажиллах уу“ гэж санал тавьсан. Багшийн саналыг сонсчихоод хэдэнтээ эргэлзлээ. Дахин холбогдоход нь “Уучлаарай багш аа, бид очихгүй, энд дасгалжуулагчаар ажиллахаар шийдлээ” гээд татгалзав. Гэтэл бодол минь маргааш нь өөрчлөгдөж, “Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах мөрөөдөл минь байсан шүү дээ. Тэгээд ч итгэл хүлээлгэж, хариуцлагатай ажил даалгах гэж байна” гэж бодсон. Тэр даруй “Багш аа, бид таны саналыг хүлээж авлаа. Монгол руу очихоор боллоо” гэж хэлсэн. Тэндээс ирсэн даруйдаа ажилдаа орсон. Токиогийн олимпын өдөр хоногууд ойртож байгаа тул дасгалжуулагч, тамирчдын хувьд амрах зав тун бага гарч байна. Хоёр жил болохдоо тэндхийн тамирчдад их дасжээ. Биднийг буцах болсныг сонсоод хүүхдүүд “Багш аа, биднийг битгий орхиоч, энд үлдээч” гэж их гуйсан. Холбооныхоо даргад Монгол руу явах болсноо уламжлахад эхэндээ зөвшөөрсөнгүй. Дараа нь “2020 онд Токиогийн олимп болно, тиймээс та хоёр тамирчдын минь бэлтгэл сургуулилалтад хэрэг болно. Гэхдээ явахыг хүсэж байгаа бол явж болно, үлдэхийг хүсвэл үлдэж болно. Бидний хүсэл бол та хоёрыг үлдээсэй гэж байгаа. Та хоёрт баярлалаа. Манай хүүхдүүдийн бэлтгэл сургуулилалт өмнөхөөсөө сайжирсан” гэж хэлээд үдэж билээ. Бидний гэрээний хугацаа энэ жилийн гуравдугаар сард дуусах байсан юм. Хаана ч очиж амьдарсан эх орон шиг минь үнэ цэнтэй зүйл үгүй шүү дээ.

-Та хоёрыг Хонконгод дасгалжуулагчаар ажиллаж байхад багш тань очиж, шигшээ багийн тамирчдыг хэрхэн бэлтгэл хийлгэж байгааг харсан гэл үү?

-Тийм ээ. Багш тэнд ажлаар ирэхдээ бидний яаж ажиллаж байгааг харсан. Багшийг ирэхэд нь хүүхдүүдэд жүдогийн тамирчин ямар байх ёстой, хэрхэн бэлтгэл хийж, амжилтад хүрдэг талаар зөвлөгөө өгүүлж, нэг өдөр бэлтгэл хамт хийлгүүлсэн юм. Явахдаа “Та хоёрыг сайн ажиллаж байгааг хараад багш нь баярлаж байна” гэсэн. Ингэж Х.Болдбаатар багшаас сайн байна гэсэн анхны үнэлгээгээ сонсож билээ. Би одоо ч гэсэн Хонконгийн шигшээ багийн тамирчидтайгаа холбоотой байдаг. Тэдэнтэй завтай үедээ холбогдож, мэдээлэл солилцож, санал бодлыг нь сонсож, зөвлөгөө өгдөг юм. Удахгүй Парист болох “Их дуулга”-ын үеэр тэдэнтэйгээ тааралдах байх. Хонконгод очоод би олон зүйл сурсан. Хэлний мэдлэг өмнөхөөсөө сайжирсан. Хэнтэй ч ярилцсан ойлголцож чадахаар боллоо. Тэндхийн хүмүүс ямар ч хүнийг хүндэлж, соёлтой харилцдаг. Юманд дэс дараалалтай, хүлээцтэй тайван ханддаг юм билээ. Энэ зангаас нь суралцсандаа баярладаг. Манайхан дэлгүүр, банканд соёлтой үйлчлүүлж сураагүй шүү дээ. Жаахан удвал хүлээж чадахгүй, наагуур цаагуур гүйгээд л нэгнийхээ урдуур орж, уур бухимдлыг нь төрүүлдэг. Гэтэл тэнд та хаана зогсоно тэр дарааллаараа үйлчлүүлдэг. Би очоод удаагүй байхдаа аливаа юманд Монголд байсан шигээ хандах гэдэг байлаа. Сүүлдээ өөрөөсөө их ичсэн. Хүн хаана ч явсан бусдын давуу талаас суралцах нь зөв гэдгийг тэр үед мэдэрсэн. Би Хонконгод ажилладаг байхдаа Гуанжоу хотын жүдогийн шигшээ багийг давхар дасгалжуулдаг байв. Тэндхийн шигшээ багийнхан намайг урьснаар 2019 оны дөрөвдүгээр сараас эхэлж ажилласан. Хонконгийн шигшээ багийн удирдлагатай ярилцаад “Танай шигшээ багийг дасгалжуулж буй монгол дасгалжуулагчаар баг тамирчдаа удирдуулж, бэлтгэл хийлгүүлье” гэж санал тавьсан юм билээ. Хонконгтой Гуанжоу хот ойрхон. Тэндхийн шигшээ багийн тамирчидтай зургаан сар хамтарч ажилласан.

-Спортоор хичээллэсэн тамирчдын түүх их сонирхолтой байдаг юм билээ. Та ч бас жүдогийн ертөнцөд санаандгүй тохиолдлоор хөл тавьж байсан юм биш биз дээ.

-Жүдо намайг хүмүүжүүлж, жинхэнэ хүн болгосон. Би их хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байсан. Хичээлдээ анхаарал хандуулахгүй, энд тэнд дүрсгүйтэж, гадуур хэсдэг нэгэн боллоо. Том толгой гаргаад байхаар ээж намайг Сэлэнгэ аймагт амьдардаг том ах руугаа явуулсан. Намайг очингуут нагац ах минь Сэлэнгэ аймгийн нэгдүгээр арван жилийн сургуульд оруулав. Сургуулийн хажууханд Спортын төв ордон байрладаг юм. Тэгсэн нэг өдөр нагац ах “Энэ сахилгагүй нөхрийг дэмий тэнэж, дүрсгүйтэх завгүй болгох хэрэгтэй. Чамайг бөхөөр хичээллүүлнэ” гээд жүдогийн секц хичээллүүлдэг багштай уулзаад бэлтгэл хийлгэхээр оруулсан. Аймгийн төвийн дэлгүүрээс таеквондогийн битүү энгэртэй өмсгөл худалдаж аваад, энгэрийг нь засаж янзлаад секцэнд очиж байв. Сэлэнгэ аймагт наймдугаар ангиа дүүргээд, есдүгээр ангид орох жилээ Улаанбаатарт ирж, Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуульд үргэлжлүүлэн сурсан. Гэртээ иртэл Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа манай ар талын гудамжинд амьдардаг ахтай гэрлэсэн байв. Удалгүй түүнтэй танилцахад “Чи Сэлэнгэ аймагт жүдогоор хичээллэж байсан юм бол үргэлжлүүл, “Женко” клубт ор” гэж зөвлөсөн. Ш.Цэвэлмаа эгч тэр үед тус клубийн багш дасгалжуулагч байлаа.

-Төрөл арилжсан мэт өөрчлөгдсөнийг тань хараад олон хүн гайхсан байх даа?

-Эргээд сургуульдаа ортол ангийн нөхөд “Хүүе, чи хүрээд ирэв үү. Хэзээ жүдогоор барилддаг болчихсон юм бэ, чамайг бөхийн спортоор хичээллэнэ гэж төсөөлсөнгүй” гэж билээ. Сэлэнгэ аймагт сурч байхдаа тав, зургаан тэмцээнд оролцож, медаль авснаа харуултал “Хөөх, медаль хүртэл авчихсан байна, баяр хүргэе. Чи өмнөхөөсөө танигдахын аргагүй өөрчлөгджээ” гээд л ярьцгаасан. Би Сэлэнгэ аймагт болсон жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, анх хүрэл медаль хүртэж байв. Хичээлдээ суухаасаа суухгүй нь их байсан. Тэмцээнд оролцохоор болбол сургуулийн захирал, ангийн багшаас чөлөө авна. Тэмцээнээс заавал медальтай ирнэ. Ангийн багш намайг ойлгоод дэмжинэ. Ангийн нөхөд ч хичээлийг минь хамт нөхөж бичдэг байлаа.

АМЖИЛТ ГАРГАХ БОЛГОНДОО АХ, ЭЭЖ ХОЁРТОО ТҮРҮҮЛЖ ДУУЛГАДАГ

-Нагац ах тань таны замыг зөв чиглүүлжээ. Жүдо хүндлэлийн спорт. Алдаа дутагдлаа спортоор засаж болдгийн жишээг танаас харж болохоор байна.

-Жүдогийн тамирчин болсноор өөрийгөө өөрчилж чадсан. Хэрвээ спортоор хичээллээгүй бол өдийд ямар яваагаа төсөөлж чадахгүй. Жүдод дурлах тусам Спортын төв ордонд бэлтгэл хийх гэж өдөр бүр яарч ирдэг байлаа. Аравдугаар анги төгсөх жил нагац ах надад “Одоо жүдо бөхөөр хичээллэхээ болиод их, дээд сургуульд элсэж, мэргэжил эзэмш. Би чамайг Төмөр замын дээд сургуулийн машинчийн ангид оруулъя” гэлээ. Ах машинч, ээж галт тэрэгний үйлчлэгч болохоор намайг хоёр талаас ятгалаа. Тэгэхээр нь “Би төмөр замын машинч бус, жүдогийн тамирчин болно” гэж зүтгэсээр байгаад спортын зам сонгосон. Аравдугаар анги төгсөөд хоёр жил жүдогоор хичээллэж байгаад Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд элсэн орж, худалдааны менежмент мэргэжлээр суралцаж төгссөн. Жүдогийн тамирчдаас Д.Төмөрхүлэг бид хоёр нэг ангид сурсан.

-Гэрийнхэн тань таныг одоо хэр ойлгож дэмждэг вэ?

-Ээж сүүлдээ намайг ойлгож “Хүү минь зөв гэж бодож байгаа зүйлээ сонго доо” гэж хэлсэн. Хэдэн жилийн дараа нагац ахдаа “Би жүдогийн шигшээ багийн тамирчин боллоо” гэхэд “Миний дүү мундаг байна, улам сайн хичээгээрэй” гэж урам хайрласан. Би амжилт гаргах болгондоо баяраа хуваалцаж, ах, ээж хоёртоо түрүүлж дуулгадаг. Хонконг руу дасгалжуулагчаар явахаасаа өмнө мөн л ахдаа хэлтэл “Баяр хүргэе, дүүдээ. Сайн дасгалжуулагч болж, олон тамирчин төрүүлээрэй” гэв. Миний амжилт ахих тусам ээж минь их баярладаг. Би айлын ганц хүү. Ээжийн минь дүү ихэр хүүтэй. Бид нэг айлын хүүхдүүд шиг ойр дотно өссөн. Хоёр дүүгээ жүдогоор хичээллэх гоё гэж хэлээд уруу татаж, бэлтгэл хийлгэлээ. Тэд дөрвөн жил дэвжээнд бэлтгэл хийсэн. Нагац ах минь надад тавьж байсан саналаа нөгөө хоёрт хэлэхэд би нэг их дургүйцээгүй. Тэдэнд “Ахыг ингэж хэлэхэд би зөвшөөрөөгүй тамирчин болсон. Одоо та хоёр саналыг нь хүлээж аваарай” гэж зөвлөсөн. Тэд ахын шийдвэрийг дагаж, Төмөр замын дээд сургуулийн машинчийн ангид суралцсан. Оюутан болсон хоёр дүүд минь бэлтгэл хийх зав гарахгүй болж, жүдог орхисон. Тэд сургуулиа төгсөөд л “Улаанбаатар төмөр зам”-д машинчаар ажилласан. Манай гэрийнхэн бөхийн спортын талаар ойлголтгүй болохоор намайг тэмцээнд оролцож байгааг зурагтаар хараад баяр хүргэдэг байв. Харин хоёр дүү минь намайг дэмжээд тэмцээнд оролцож байвал ирж үздэг.

-Тамирчин байхдаа дэвжээнд ОХУ-ын бөх Якуб Шамиловтай олон таарч барилдсан санагдана. Түүнийг хэдэн удаа ялсан бэ?

-Би 66 кг-ын жинд хүч үздэг байхдаа түүнтэй олон таарсан. Тэрбээр одоо ч гэсэн барилддаг. Энэ жинд миний хамгийн хүчтэй өрсөлдөгч. Түүнд хоёр удаа хожигдож, нэг ялсан. Бид жүдогийн дэвжээнд өгөө аваатай л барилддаг байв. Миний жинд Монголын тамирчдаас ОУХМ Д.Төмөрхүлэг, Н.Хэрлэн нар барилддаг. Нэг жинд барилддаг байсан бөхчүүдээс Б.Хишигбаяр ах Казахстан улсын нэг клубт, А.Батсуурь БНХАУ-д өсвөрийн тамирчдын дасгалжуулагчаар ажиллаж байна. Самбо бөхийн дэлхийн аварга болсон Д.Алтансүх Орхон аймгийн “Хангарьд” спорт хороонд барилдахынхаа хажуугаар тамирчдаа дасгалжуулдаг. Би сүүлдээ жин өгсөж 73 кг-д хүч үздэг болсон шүү дээ. Намайг дасгалжуулагчаар ажиллах болсноос хойш найз нөхөд, танил хүмүүс “Хүүхдээ жүдогоор хичээллүүлж, чиний шавь болгоно” гэдэг болсон. Дасгалжуулагчаар ажиллах тамирчин байхаас амаргүй. Тамирчин байхдаа зөвхөн өөрийн бэлтгэл сургуулилалтад анхаарч, амжилт гаргах тухай боддог байж. 

Харин дасгалжуулагч болсноос хойш тамирчин болгонтой нэгбүрчлэн ажиллаж байна. Хүн бүрийн зан чанар, сэтгэл зүй, биеийн онцлог өөр тул нэг хүн шиг бэлтгэл хийлгэж болохгүй. Тэгэхээр тамирчдынхаа бэлтгэл хийж байгааг нэгбүрчлэн нарийн харна. Тухайлбал, барилдахдаа алдаа дутагдал гаргадаг бол аль болох алдаа гаргахгүй байх тал дээр нь анхаарч бэлтгэл хийлгэнэ. Өмнөх бэлтгэл хийж байсантай нь харьцуулж, үр дүн гарч байгаа, эсэхийг нь барилдаанаас нь харахаас өгсүүлээд дасгалжуулагчийн ажил хэцүү. Одоо миний хамгийн ойрын зорьж буй зүйл бол “Токио 2020” олимпын наадамд жүдогийн шигшээ багийн тамирчдаа амжилттай оролцуулахыг хичээж байна. Дасгалжуулагчаар ажилласан он жилүүдэд тамирчдаа хэрхэн бэлтгэл хийлгэсний анхны үр дүн минь харагдана. Тиймээс тамирчдынхаа амжилтын төлөө өөрт байгаа бүх зүйлээ дайчлан ажиллана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)