Б.Батболд: Автобусны буудалд түр зогсвол 20 мянган төгрөгөөр торгоно

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболдоос автобусны камерын тусламжтайгаар зөрчил хэрхэн илрүүлэх тухай тодрууллаа.

-Нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан камерын тусламжтайгаар хэрхэн зөрчил илрүүлэх вэ?

-Энхтайваны өргөн чөлөөний тодорхой хэсгүүд, тухайлбал, Офицеруудын ордноос Таван шар хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг автобус зорчих хэсэг болгосон. Нийтийн тээврийн хэрэгслийг шуурхай зорчуулах үүднээс 2012 оноос ийм зохицуулалт хийсэн. Автобусны замаар зөвшөөрөлгүй зорчих, эсэхийг хянахаар 26 байршилд камер суурилуулсан. Өнгөрсөн жилийн байдлаар 420 мянга гаруй зөрчлийг тус камерын тусламжтайгаар илрүүлсэн. Харин энэ оноос нийтийн тээврийн автобусанд суурилуулсан хяналтын камерын тусламжтайгаар нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашинуудыг илрүүлж, арга хэмжээ авах боллоо. Замын түгжрэлийг бууруулах, автобусны хурдыг сайжруулах зорилгоор дээрх ажлыг санаачилсан.

-Автобусны буудал дээр зогссон жолоочийг торгох уу?

-“Автобусны буудалд хувийн машинтай хүмүүс зогсож, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан, осол гарах нөхцөл бүрдүүлж байна” гэсэн гомдол цөөнгүй ирдэг. Нийтийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсвол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоовол 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгодог. Цаашид автобуснуудын камерыг ашиглан зөрчил илрүүлж, иргэд ая тухтай зорчих боломж бүрдүүлэх юм. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас автобусанд суурилуулсан камерын бичлэгийг хянаж, мэдээлэл боловсруулах ажилтнууд томилсон. Замын хөдөлгөөний удирдлагын төвд ирсэн мэдээллийн дагуу өнөөдрөөс (өчигдөр) эхлэн арга хэмжээ авна.

Бэлтгэсэн: Б.Нандин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)