Б.БАТБААТАР: “Саарал жагсаалт”-аас гаргах, эсэхийг ирэх сард шийднэ

Монголбанкны Санхүүгийн мэдээл-лийн албаны дарга Б.Батбаа-тартай ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас Монгол Улсыг гаргахаар хийж буй ажлынх нь талаар ярилцлаа.

-Манай улс “саарал жагсаалт”-д ороод багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд үүнээс гарах ямар арга хэмжээ авав?

-ФАТФ-аас шууд хэрэгжилттэй дөрөв, үндсэн зургаан асуудлыг шийдвэрлэх ажлын даалгавар өгсөн.

Энэ дагуу 2019 оны арваннэгдүгээр сараас хойш тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлсэн ажлууд эхнээсээ үр дүнд хүрч байна. Энэ оны нэгдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон Ази, Номхон далайн бүсийн хамтарсан бүлгийн уулзалтын үеэр “Стратегийн дутагдалтай орны жагсаалт”-аас гарах анхны тайлангаа хамгааллаа. Хоёрдугаар сард Францын Парис хотноо болсон ФАТФ-ын хурлаар Монгол Улс богино хугацаанд үр дүнтэй ажиллаж, өгсөн даалгаврын 50 хувийг биелүүлсэн гэдгийг зарласан.

-Дөрвөн үндсэн ажил хийнэ гэлээ. Хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөөч.

-Үндсэн дөрөв, шууд хэрэгжилтийн зургаан даалгаврыг манай төрийн байгууллагууд хамтарч гүйцэтгэх ёстой. Гурван ажлаа амжилттай хамгаалсан. Тодруулбал, шууд хэрэгжилт-3, 11 гэсэн зөвлөмжид холбогдох даалгаврыг хамгаалсан. Мөн шууд хэрэгжилт-8-д хилээр мэдүүлээгүй, худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураах, битүүмжлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц арга хэмжээ авах, дахин үйлдэхээс сэргийлэх ажлын даалгаврыг хангалттай үнэлүүлсэн юм. Энэ нь бид хийх ажлынхаа 50 хувиа биелүүллээ гэсэн үг.

-Үлдсэн гурван ажлаа хийхэд бэрхшээлтэй тулгарсан гэв үү?

-Олон улсад “Ковид-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор ICRG-ийн хяналтын үйл ажиллагааг нэг циклиэр буюу дөрвөн сараар хойшлуулах шийдвэр ФАТФ-ын ерөнхийлөгч гаргасан юм. Харин Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын зүгээс ФАТФ-ын удирдлагад хандаж, “Ажил төлөвлөсний дагуу хэвийн урагшилж байна. Тиймээс үлдсэн ажлын тайлангаа онлайнаар хамгаалъя” гэсэн албан ёсны хүсэлт илгээсэн юм. ФАТФ-аас уг хүсэлтийг хүлээж авсан. Энэ дагуу манай холбогдох байгууллагууд нэлээд эрчимтэй ажиллалаа. ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн хамтарсан бүлэг рүү дөрөвдүгээр сарын 13-нд тайлангаа илгээсэн. Мөн энэ сарын 7-нд цахим хурлын тест хийлээ. Өнгөрсөн 11-нд онлайн хэлбэрээр тайлангаа ч хамгааллаа. ФАТФ-аас манай улсад өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалттай, эсэхийг зургадугаар сарын 24-нд албан ёсоор танилцуулна.

-Эл жагсаалтаас гарахад төрийн байгууллагуудын үүрэг оролцоо, идэвх зүтгэл хэр байна вэ?

-Холбогдох төрийн байгууллагууд боломжит бүх арга хэмжээг авч байна. Ерөнхий зохион байгуулалтыг Монголбанк, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар хариуцаж хийсэн. “Саарал жагсаалт”-аас гаргах ажлын хэсэг ажиллаж байгаа. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу төрийн голлох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Хамтын ажиллагааны зөвлөл маш идэвхтэй ажиллаж буй. Тавдугаар сарын 11-ний хуралд 20 гаруй байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцсон. Хурлын дараа ФАТФ-аас Монгол Улсын тайлан хамгаалалт, зохион байгуулалт өндөр түвшинд болсныг тэмдэглэсэн. Бид одоо албан ёсны хариугаа хүлээж байна.

-Эл зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан байгууллагууд хэр идэвх санаачилгатай ажиллаж байгаа бол?

-Дээр хэлсэнчлэн ажлын хэсгүүд, зөвлөлүүд маш эрчимтэй ажиллаж байна. Стратегийн дутагдалтай орны жагсаалтад удаан байх нь аль ч улс орны хувьд эрсдэл өндөртэй. “Саарал жагсаалт”-аас гарах нь дан ганц төрийн байгууллагын ажил биш. Төрийн бус байгууллага, холбооны үйл ажиллагаа ч бас их нөлөөтэй.

-Сүүлийн гурван даалгавар юу байсан юм бэ?

-Шууд хэрэгжилт-3, шууд хэрэгжилт-7, шууд хэрэгжилт-11 гэсэн зөвлөмжид дурдсан гурван ажил үлдсэн. Шууд хэрэгжилт-3 нь санхүүгийн бус, бизнесийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болох хуульч, нотариатч, нягтлан бодогч, үл хөдлөх хөрөнгө зуучлагч, үнэт металлын арилжаа эрхлэгчдийг тодорхойлох, эрсдэлийг ухамсарлах, түүнд суурилсан хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах юм. Уг ажилд ХЗДХЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албаныхан голлон ажиллаж байна. Шууд хэрэгжилт-7-д хуулийн байгууллагынхны үйл ажиллагаатай холбоотой даалгавар бий. Тодруулбал, хууль сахиулах, шүүх, прокурорын байгууллагынхан мөнгө угаахтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын хяналтыг сайжруулах чиглэл өгсөн. Хамгийн сүүлд шууд хэрэгжилт-11 ажлынхаа тайланг танилцууллаа. Энэ нь банк, ББСБ-ын болон санхүүгийн бус, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг хянаж, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх үйл ажиллагааны ойлголтыг таниулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах ажиллагаа юм. Энэ талын тайланг манай төв банк, Тагнуулын ерөнхий газар, зөвлөлийн ажлын алба, Санхүү мэдээллийн алба хамт хамгааллаа.

-Өнөөдөр урьдчилсан үр дүнг танилцуулна гэж байсан. Мэдээлэл ирэв үү. Ер нь эцсийн үр дүн хэзээ гарах бол?

-Тавдугаар сарын 28-нд ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн хамтарсан бүлэг манай тайланг хэлэлцээд цааш нь танилцуулах болов уу. Зургадугаар сарын 24-нд эцсийн дүгнэлтээ зарлах юм. Тайлангаа амжилттай хамгаалчихвал ФАТФ-ын төлөөлөгчид бидний үйл ажиллагааг шалгах ёстой. Бүр тодруулбал, ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн хамтарсан бүлгийнхэн Монголд Улсад ажиллана. Холбогдох төрийн бүх байгууллагын төлөөлөл, удирдлагын түвшинд уулзалт хийх юм. Урьдчилсан дүн гарна, гэхдээ хэлэлцэх үе шат нь олон байдаг. Цар тахал дэгдсэнээс үүдэн танилцуулах хугацаа нь удааширч болзошгүй.

-Дэлхийн өөр ямар улсууд эл жагсаалтад багтсан бэ. Энэ нь эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх бол?

-2009 оноос хойш 53 орон энэ жагсаалтад оржээ. БНАСАУ, Иран “хар жагсаалт”-д байдаг. Ази, Африк, Өмнөд Америкийн орнууд голдуу багтсан. Үндсэндээ “саарал жагсаалт” бол корреспондент банкны үйл ажиллагаа, гадаад хөрөнгө оруулалт, эх үүсвэр, санхүүгийн салбарын хөгжил, гадаад худалдааны санхүүжилтүүд гэсэн сувгаар дамжин эдийн засагт нөлөөлдөг. Эдийн засагт сөрөг нөлөөтэй тул бид энэ жагсаалтад удах эрх байхгүй. Аль болох хурдан гарахаар бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

-Цахим валют эрсдэл дагуулж байна гэв үү?

-ФАТФ-аас Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тодорхой зөвлөмжүүд гаргасан байдаг. Үүн дээр нэмээд виртуал хөрөнгийн зохицуулалт орж ирсэн. Учир нь олон улсад виртуал хөрөнгийн эрсдэл нэмэгдсэн гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-аас тусдаа нэг зөвлөмж нэмж, улс орнуудыг хэрэгжүүлэхийг шаардах боллоо. Виртуал хөрөнгийн зохицуулалт бидний хувьд харьцангуй шинэ ойлголт. Тиймээс тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн хэрэгжилтийг судалж, өөрийн орны онцлогт тохируулж хэрэгжүүлэх ажлыг хэдийн эхлүүлсэн.

-Хууль эрх зүйн орчин боловсронгуй бус байгаа нь мөнгө угаах гэмт хэрэг өсөхөд нөлөөлөв үү?

-Тухайн улсын хууль, эрх зүйн орчныг үнэлдэг шалгуур нь ФАТФ-ын 40 зөвлөмж байдаг. Бид энэ талаар хангалттай үнэлгээтэй яваа. Гол нь шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүд байгаа юм. ФАТФ-аас шаардаж байгаа зүйл нь мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг илрүүлдэг тогтолцоотой, үйл ажиллагаагаа сайжруулах, илүү боловсронгуй болгох, тоон үзүүлэлтийг өсгөх зэрэг ажлыг даалгасан юм. Терроризм, мөнгө угаахтай тэмцдэг байгууллагуудыг энэ талын мэдлэгтэй, бүрэн ойлголттой байж, гэмт хэрэг гарсан даруйд нь илрүүлж, хянадаг, шат шатандаа хамтарч ажилладаг цогц систем бүрдүүл хэмээсэн.

-Монгол өмнө нь “саарал жагсаалт”-д орсон. Энэ алдаагаа давтчихав уу даа?

-Дэлхий дахинд бүх зүйл хурдацтай хөгжиж, шинэчлэгдэж байна. Терроризм, мөнгө угаах гэмт хэргийн арга хэлбэр нарийсаж байна гэж үздэг. Томоохон улсууд гэмт хэргээс олсон бохир мөнгийг улсынхаа эдийн засагт оруулахыг хүсэхгүй нь мэдээж. Нөгөө талаас бохир мөнгийг банк, санхүүгийнхээ салбараар дамжуулахгүйг эрмэлздэг. Тиймээс эдийн засаг нь буурай орнуудад тавих шаардлагаа өндөрсгөж эхэлсэн. Улс орнуудад өмнө нь харьцангуй энгийн шаардлага тавьдаг байсан бол одоо улам өндөрсгөж, цаг алдалгүй шуурхай биелүүлэхийг тулгаж байна. Ийм учраас манай улс олон улсын стандарт, шаардлага зарчим, зөвлөмжүүдтэй тогтмол уялдаж ажиллахаас өөр гарц үгүй. Одоо “саарал жагсаалт”-аас гарах, дахин орохгүй байх асуудал илүү чухал.

-Европын Холбооноос манай улсыг “хар жагсаалт”-д оруулахаа зарлачихлаа. Одоо яах вэ?

-Европын холбооноос баталсан аргачлалын дагуу ФАТФ-ын “саарал жагсаалт”-д багтсан улс орнууд автоматаар ордог. Бид Европын Холбооны Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа. Суурин төлөөлөгч “хар жагсаалт” гэж байхгүйг албан ёсоор мэдэгдсэн. Тэрбээр Европын Холбоо улсуудыг өнгөөр ялгаварладаггүй гэх хариу өгсөн юм. Харин Монголыг стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч орны тоонд орж болзошгүйг сануулсан. Үүнийг цахим орчинд гуйвуулж, “хар жагсаалт”-д орно гэж мэдээлж байна. Стратегийн дутагдалтай орны жагсаалтыг батлах ажиллагааг Европын Холбооны парламент болон Зөвлөл шийдэх байх. Энэ жагсаалтад оруулсан орнуудад авах арга хэмжээг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг тус Холбооноос гаргасан. “Саарал жагсаалт”-аас гаргах нь Европын Холбооны стратегийн дутагдалтай орны жагсаалтад оруулахгүй байх хамгийн чухал, анхдагч асуудал.

-Европын Холбоо манайхыг эрсдэлтэй гээд тодорхойлчихсон юм чинь төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтаа татах болов уу?

-Европын Холбооны хөтөлбөр, төслүүд нь банк, санхүү, эдийн засаг, нийгэм гээд маш өргөн хүрээг хамарч Монголд хэрэгжиж буй. Эдгээр албан ёсны төсөл, хөтөлбөр хэвийн хэрэгжихийг тус холбооны суурин төлөөлөгчид хэлсэн. Харин төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй гадаадын хувь хүн, бие даасан байгууллагын өмнөөс шийдвэр гаргахгүй гэдгийг суурин төлөөлөгч онцолсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)