Б.БАРСБОЛД: Төрд ажиллаж буй чадваргүй хүмүүс салбарын хөгжлийг тушдаг

Уншигч-сурвалжлагч Д.ЭНХЖАРГАЛ МУИС-ийн Аялал жуулчлалын хөтөлбөрийн багш, судлаач, дэд профессор

Зочин Б.БАРСБОЛД Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Discover Mongolia travel” компанийн захирал

Коронавирус хэмээх аюулт тахал Монгол төдийгүй дэлхий нийтийн “амгайг татаж”, хөгжлийн чиг хандлагаа бодитойгоор үнэлэх гарааны зурхайд нэгэн зэрэг аваачив. Энэ сорилтыг хамгийн мэдрэг хүлээж авсан нь олон салбартай шууд болон шууд бусаар холбогддог аялал жуулчлалынхан. Одоо Монголын аялал жуулчлалынхан дотоодын жуулчлалаа хэрхэн идэвхжүүлэх, өнөөгийн нөхцөлийг нь дордуулахгүйн тулд юу хийх, цаашид яах вэ гэдэг хүндхэн сорилттой нүүр тулаад байна. Тэдэнд ямар боломж бий вэ. Манай зочид эдгээр асуултад хариулт эрлээ. “Уншигч-сурвалжлагч”-аар МУИС-ийн Аялал жуулчлалын хөтөлбөрийн багш, судлаач, дэд профессор Д.Энхжаргал ажилласан бол зочноор Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Discover Mon¬golia travel” компанийн захирал Б.Барсболд уригдав. “Аялагчдын урсгал, жуулчлалын салбараас олох орлогын хэмжээ 1950 оноос хойш тасралтгүй өссөн. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагынхан, судлаач, шинжээчид дэлхий дахинд жуулчлагчийн тоо 2030 он гэхэд 1.8 тэрбумд хүрнэ гэсэн таамаг дэвшүүлж байтал төсөөлөгдөөгүй саад тулгарлаа” хэмээн Д.Энхжаргал ярилцлагын эхэнд онцлов.

-Танай компани Европ, Америкийн зах зээлээс олонх жуулчнаа хүлээж авдаг. Гэтэл Монгол Улс өнгөрсөн гуравдугаар сард хилээ хааснаар гадаадаас жуулчин авах боломж хязгаарлагдлаа. Үүнээс үүдээд аялал жуулчлалын компаниудад бизнес загвараа өөрчлөх шаардлага тулгараад байна. “Discover Mongolia travel” шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ санаачилсан гэж дууллаа. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?

-“Ковид-19” дэлхий нийтийг цочроосон, сүүлийн 50, 60 жил тохиогоогүй томоохон цохилт боллоо. Эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд бүх салбарт хүчтэй нөлөөлж байна. Цар тахал өмнөд хөршид өнгөрсөн нэгдүгээр сард гарч, хорио цээрийн дэглэмд шилжиж, дараа нь Америкт тархаж, удалгүй манай улс хилээ хаахад байдал бишидсэнийг ойлгож, мэдэрсэн. Аялал жуулчлалын компаниуд хэрэглэгчгүй болсон учраас бүгд “шок”-нд орсон. Нэгдүгээр сараас тав, зургадугаар сар бол жуулчлалын ид, захиалгын үе. Энэ үед хилээ хаасан учраас 2020 оны өөдрөг төсөөлөл, төлөвлөгөө, бизнес нурсан. Дийлэнх компани ажилтнуудаа цомхотгож, зарим нь хаалгаа барилаа. Цар тахал тийм ч амархан намжихгүй гэдгийг шинжээч, судлаачид ч хүлээн зөвшөөрөөд байна. Уналт үргэлжилсээр аялал жуулчлалын салбар одоо хамгийн хүнд үедээ ирлээ.

Дотоодод халдвар тархаагүй учраас компаниуд монголчууд, ялангуяа гадаад руу аялдаг хүмүүсийн урсгалыг эргүүлэхийн тулд тусгай хөтөлбөр зохиож, санал болгож эхэлсэн юм. Говийн бүс, Алтай Таван богд, Буйр нуур луу гэх зэргээр компани болгон тусгай чиглэл гаргасан. Нэгэнт энэ зах зээл рүү олонх нь хошуурсан учраас бид арай өөр зүйл хийхийг зорьж, нэлээд судалсан. Ингээд олон улсад эрчимтэй хөгжсөн, тансаг зэрэглэлийн майхан(асар)-т кэмпийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Ихэнх амралтын газар уламжлалт хэв маяг шингээсэн гэр бааз, эсвэл модон байшинтай байдаг. Гэтэл монголчуудад гэр, байшингаас илүү байгаль сонин. Тиймээс аялагчдыг байгальд илүү ойр, тав тухтай байлгах үүднээс ийм үйлчилгээ сэдсэн. Тайваниас тансаг зэрэглэлийн 20 асар авч, заримыг нь люкс болгож тохижуулж, өнгөрсөн долдугаар сараас “Отоглоё” үйлчилгээгээ эхлүүллээ. Санасныг бодвол амжилттай, өмнөх жилүүдийнхээс илүү завгүй байна. Ийм хүнд хэцүү цаг үед шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ туршиж, тэр нь хүмүүст хүрч, завгүй ажиллана гэдэг сайн хэрэг. Манай залуус ч ингэж хэлдэг юм.

-Нийгэм, соёл хөгжихийн хэрээр хүмүүсийн худалдан авалт, хэрэглээ, сэтгэл зүй өөрчлөгддөг. Дундаж орлоготой иргэдийн тоо буурсан гэдэг ч ерөнхийд нь авч үзэхэд, хүмүүсийн амьжиргаа, боловсрол дээшилж, аялах хэлбэр, сонирхол өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад аяллын бүлгэм (групп)-үүд өөрчлөгдөж, шинэ хэв маяг үүслээ. Гадаадынхан хуримын ойн баярыг төрсөн өдрөөс илүү тэмдэглэдэг шиг Монголд дунд болон их, дээд сургууль төгсөгчдийн ойг тэмдэглэх, тодорхой нэг чиглэл, сонирхлоор нэгдсэн клубүүдийн хүрээнд аялал зохион байгуулах нь түгээмэл болж. Үүнийг мэдэрч, олж харж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчилж, сайжруулсан компаниуд энэ цаг үед илүү амжилттай байх шиг анзаарагдлаа.

Коронавирустэй холбоотойгоор дэлхийн улсууд хилээ хаасан нь жуулчдын урсгалд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн чиглэлээр судлаачид гурван янзын хувилбар дэвшүүлсэн. Улс орнууд 2020 оны долдугаар сард хилээ нээвэл жуулчны тоо өмнөх жилийнхээс 58, есдүгээр болон арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулбал 72-78 хувиар буурна гэж тооцоолсон. Гэтэл яг одоо жуулчны тоо дэлхий дахинд 80 хувиар буурсан байна. Аялал жуулчлалын салбарын онцлог нь жуулчид бүтээгдэхүүн, үйлчилгээний захиалга, худалдаагаа маш эрт хийдэг. Тухайлбал, танайх энэ жилийн захиалгаа 100 хувь цуцалсан уу?

-Зарим нь “Аялахаа болилоо. Төлбөрөө буцааж авъя” гэдэг. Нөгөө хэсэг нь “Аяллаа дараа жил болтол хойшлуулъя” гэж байна. Компаниуд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу жуулчидтай аль болох ойлголцохыг хичээн, учир явдлаа хэлж, аяллаа хойшлуулах санал тавьж буй. Манайд захиалга өгсөн жуулчдын 60-70 хувь нь аяллаа дараа жил болтол хойшлуулсан.

Энэ төлөвөөрөө бол ирэх жил ч аялал жуулчлалын бизнес (олон улсын) зогсонги байна. Хилээ хааснаас хойших зургаан сарын хугацаанд манай улс дорвитой алхам хийж чадсангүй шүү дээ. Вакцин, эм, эмчилгээ туршиж буй ч тодорхой болсон зүйл алга. Хамгийн багадаа дахиад хагас жил ийм байдал үргэлжилнэ гэж тооцоолж, бизнэсээ удирдах төлөвлөгөөтэй. Энэ намар, өвөл, 2021 оны хавар юу хийх вэ гэж л бодож сууна. Монголд аялал жуулчлал 100 хувь зогссон. Компаниуд бүгд тэг зогсолт хийсэн.

-Та бүхний нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ өмнөх бизнесийн ашгийн хэдэн хувийг нөхөж байна вэ?

-Яг үнэнийг хэлэхэд 10-20 хувьд нь хүрэхтэй, үгүйтэй байна. Ажилтнуудынхаа энэ зун, намрын цалинг бүрдүүлж чадах уу гэдэг хэмжээнд л буй. Өмнөх шигээ гадаадын жуулчдаа авч, үйлчилгээ үзүүлээд, 20-30 аялал зэрэг зохион байгуулахаас тэс өөр шүү дээ. Энэ жил бид ашиг олохыг чухалчлаагүй. Аяллын шинэ хэв маяг нэвтрүүлье, туршлага хуримтлуулъя, ирэх жилээс харин илүү боловсронгуйгаар үйлчилгээгээ өргөжүүлье гэж зорьсон. Үндсэндээ эвентийн зах зээл рүү орж байна. Хуримын ойн, төгсөлтүүдийн гэхчлэн. Сүүлд “Үнэртэй ус сонирхогчдын групп”-ийнхэн бидэнд хандлаа. Энэ мэтчилэн янз бүрийн сонирхолд тулгуурласан эвент зохион байгуулах боломж бий ч Монголын цаг агаар тааварлашгүй учраас төлөвлөхөд бэрхшээлтэй. Хоёр долоо хоногийн өмнөөс нэг арга хэмжээ төлөвлөтөл тэр өдөр нь бороо орох жишээтэй. Их хэцүү.

Б.Барсболд

-Аливаа нэг компани, ялангуяа аялал жуулчлал эрхлэгчид эрсдлийн менежменттэй байх ёстой. Эрсдэл үүсвэл яах вэ, хэрхэн хохирол багатай даван туулах вэ гэдгийг урьдаар тооцоолох. Гэтэл бодит байдалд манай аялал жуулчлалынхан энерциэрээ ажилладаг. Ямар ч эрсдлийн менежментгүй. Тухайлбал, танай компани эрсдлийг хэрхэн тооцоолдог вэ. Цаашид хэрхэх төлөвлөгөөтэй бол?

-Урсгалаараа ажилладаг гэдэгтэй санал нэг байна. Аялал жуулчлалын салбар улс төрийн нөлөө, халдварт өвчин гээд аливаа эрсдэлд туйлын эмзэг гэдгийг мэддэг ч тэр бүр төлөвлөж, эрсдлээ тооцдоггүй. Коронавирус бидний яг ийм сул талыг тод харууллаа. Менежмент, төлөвлөгөөгүй учраас энэ бэрхшээл бидэнд илүү хүндээр тусаж байна. Монголын төдийгүй дэлхийн томоохон компаниуд энэ үед эвгүйтлээ. Ажилтнуудаа цомхотгож, зарим нь дампуурлаа зарлалаа. Коронавирус дэлхийн II дайнаас давах хэмжээний хор хохирол учруулж болзошгүй гэж судлаач, шинжээчид анхааруулах болсон.

Хэцүү сорил тулгарахад хүмүүс илүү ухамсартай болдог юм байна. Ялангуяа ажилтнууд. Нөхцөл байдлыг бодитоор үнэлж, хэрхэн үр дүнтэй ажиллах вэ гэдэгт анхаарч эхэллээ. Бууж өгөөд, үйл ажиллагаа зогсоох сонголт байсан ч компанийнхаа алсын хараа, зорилго, олон жил зүтгэсэн ажилтнуудынхаа урам зоригийг бодсон. Би магадгүй сүүлийн таван жил толгойгоо ингэж их ажиллуулж, шамдаж үзээгүй байх.

Компаниуд зах зээлийн зарчмаараа шигшигдэх нь тодорхой. Зарим бизнес загвар, үйл ажиллагааны чиглэлээ солино. Тэднээс илүү мэдрэмжтэй, хурдтай нь үлдэнэ.

-Нөгөөтээгүүр, цар тахал сургамж болж байна. Дараа, дараагийн сорилд бэлтгэгдлээ гэсэн үг.

-Тэгж ойлгож болно. Түүнчлэн аливаа асуудлыг том зургаар нь харж эхэллээ. Компаниуд аль нэг бизнесээс хамааралтай байх нь эрсдэл өндөртэй. Нэг салбар нь доголдоход нөгөөх нь нөхөх хэмжээнд хослуулах нь зүйтэй. Аялал жуулчлал гаднын хүчин зүйлд өртөмтгий эмзэг салбар юм байна. Энэ мэтчилэн олон зүйлийг бодуулж, хүмүүст чухал “мессеж” өгсөн болов уу.

-Яаж удаан хугацаанд амьдрах чадвараа хангах вэ гэдэг асуудал тулгарч байна шүү дээ?

-Чарльз Дарвины “Хэн хурдан, ухаантай нь түрүүлдэггүй, хэн дасан зохицож чадсан нь ялдаг” гэдэг үг амьдралд биеллээ олж байна. Аялал жуулчлалын компаниуд цөм үүнийг бодож буй. Компанийн захирал, удирдлагууд өөрчлөгдөх, шинэчлэгдэх цаг ирлээ. Уламжлалт арга барилаар ажиллах нь хоцрогдлоо. Ингэж өөрчлөгдөж чадахгүй бол хүссэн, эс хүссэн ч зах зээлээс түрэгдэнэ.

-Хүмүүсийн хэрэглээ цар тахлаас хамаарахгүй, аяндаа асар хурдтай өөрчлөгдөж байна. Ингэж өөрчлөгдөхөд өмнөх шиг урт удаан хугацаа ч шаардлагагүй болжээ. Тэгэхээр бизнесийн байгууллагууд энэ хандлага, өөрчлөлтийг олж харж, мэдэрч, үүнийг дагаад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчлэн сайжруулах ёстой.

Монголын аялал жуулчлалынхан тэг зогсолт хийсэн гэдгийг та хүлээн зөвшөөрлөө. Дэлхийн орнууд энэ салбарыг бүрэн уналтад орохоос сэргийлж гурван төрлийн арга хэмжээ авч буй гэнэ. Нэгдүгээрт, ажлын байрыг хадгалах үүднээс ажилтнуудад дэмжлэг үзүүлэх. Хоёрдугаарт, хөнгөлөлттэй, хүүгүй зээл олгох, татвараас чөлөөлөх. Удаах нь мөнгөн тусламж үзүүлэх. Манай Засгийн газар та бүхэнд ямар дэмжлэг, туслалцаа үзүүлэв?

-Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх зэргийг Засгийн газар санаачилсан. Үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтан бүрт сар болгон 200 мянган төгрөг олгох журам хэрэгжиж буй ч үүнийг аваагүй нь авснаасаа олон бий. Үүнээс өөр хийсэн зүйл үгүй. Хамгийн оновчтой, зөв зүйлд хөрөнгө оруулах хариуцлагатай цаг үед баахан хөшөө, цогцолбор барьж байна. Монгол Улсын төсвийн гол цөмийг бүрдүүлдэг хувийн хэвшил, ялангуяа утаагүй үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хэрхэн дэмжих, ямар бодлого баримтлахаа Засгийн газар аль эрт тодорхойлох ёстой атал эсрэгээрээ.

Аялал жуулчлал эрхлэгчид хөнгөлөлттэй, урт хугацааны, хүү багатай зээл авахыг хүсэж буй. Энэ хүнд үеийг даван туулах амь тариа нь хөнгөлөлттэй зээл. Үүнийгээ тодорхой стандарт, шаардлагын хүрээнд, системтэйгээр хэрэгжүүлбэл үр дүнтэй.

Аялал бол амьдралын салшгүй хэсэг, хэв маяг, хэрэгцээ болсон. Тиймээс сайхан цаг ирэхээр хүмүүс аялдгаараа аялна. Гол нь тэр цаг хэзээ ирэх вэ. Тэр хүртэл бид хэрхэн тогтох, амьдрах вэ гэдгээ л бодох ёстой.

-Танайх бизнес загвараа өөрчлөөд, брэндинг үүсгэчихлээ. Үүнийг худалдан авахад, хил гаалиар нэвтрүүлэхэд улсаас тодорхой дэмжлэг үзүүлсэн үү?

-Ямар ч дэмжлэг, туслалцаа аваагүй. Эрсдлийн сангийн хуримтлал болон захиалгын орлогоосоо хөрөнгө оруулсан. Ер нь бол манай төр, засаг юу хийхээ мэдэхгүй, учраа олохгүй байна шүү дээ.

-Монгол дотооддоо халдвар тархаагүй, нас баралт бүртгэгдээгүй учраас аялал жуулчлал талаасаа маркетинг хийх давуу тал гэж харж байна. Ер нь манай салбарынхан “Ковид-19” намжсаны дараа, цаашид ямар бодлого, маркетинг баримталбал зүйтэй вэ?

-Төр, засгийн хүрээнд шийдэх асуудал л даа. БОАЖЯ, ГХЯ зэрэг байгууллагад энэ чиглэлээр яриа хэлэлцээ өрнүүлээд байгаа юм билээ. Вакцин, эмчилгээ үр дүнтэй байгаад, коронавирусийг намжаачихвал үнэхээр таны хэлсэнчлэн, дотооддоо халдвар тархаагүй гэдэг үзүүлэлт Монголын давуу тал болно. Өөр нэг давуу тал бий. Халдварын тархалтыг сааруулах social distancing буюу зай барих арга хэмжээ хүмүүсийг бөөнөөрөө аялах боломжийг хязгаарлах болсон. Жуулчид гэр бүл, найз нөхдийн хүрээнд, олны хөлөөс зайдуу онгон зэрлэг байгальд аялахыг чухалчилж буй гэсэн судалгаа гарсан. Жуулчдын хүсэж буй энэ өгөгдөл бидэнд буй. Тиймээс эхний ээлжид ойрын (дотоодын) зах зээл рүү төвлөрч, хүн хүчээ чадавхжуулж, чамбайруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сааль хураах саваа бэлдэх ёстой.

Төр, хувийн хэвшил ингэж хамтарвал болно, үр дүнтэй байна, ийм бодлого, чиглэл баримталбал зүйтэй гэдэг санал, хүсэлтийг бид холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Одоо хилээ яаравчлан нээх хэрэггүй. Нэгэнт “гал алдсан”, хэцүүдсэн. Тиймээс нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй энэ хэвээр хадгалсаар сайхан цагтай золгох нь чухал.

Д.Энхжаргал

-Аялал жуулчлалаас их хэмжээний орлого олдог, эдийн засгийнхаа зонхилох хувийг бүрдүүлдэг орнууд бий. Тэд бүх улсаас жуулчин авах уу, эсвэл хязгаарлагдмал хүрээнд чанартай, мөнгөтэй цөөн аялагч татах уу гэдгээ тодорхой болгоод, маркетингийн төлөвлөгөөгөө боловсруулж байна. Зарим орон бадарчин буюу үүргэвчтэй аялагчийг хэзээнээсээ хязгаарлаж ирсэн. Манайд ийм бодлого дутагдаж буй. Аялал жуулчлалын хөгжлийг жуулчны тоогоор хэмждэг, тооны араас хөөцөлддөг хандлагатай.

Бид цаашид энэ салбарынхныг чадавхжуулах сургалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах хэрэгтэй. Цаашлаад эдийн засгийн хувьд хамгийн ашигтайд тооцогддог Барууны орнуудын болон америк жуулчдыг татахын тулд шууд нислэг үйлдэх хэрэгтэй. Бид хэд хэдэн ийм нислэг үйлдээд, туршлагатай болчихлоо. Үнэхээр аялал жуулчлалыг дэмжье, хөгжүүлье гэвэл зорилтот зах зээлтэй холбох дэд бүтцийг шийдэх нь нэн чухал.

-Санал нэг байна. Одоо төрд хамгийн чадваргүй хүмүүс ажиллаж байна. Бодлого боловсруулагчид нь ийм байхаар их хэцүү. Асуудал, шийдэл ярихаар салбараа мэддэггүй учраас ойлголцож, зөвшилцөхөд бэрх. Манай хувийн хэвшлийнхэн бодлого, шийдвэр гаргадаг улсуудтай тулж ажиллая, шахаж шаардъя, бүр болохгүй бол дотор нь, хажууд нь очиж сууя гэж ярьж байна.

Саяхан МҮХАҮТ-ынхан Засгийн газрын гишүүдтэй уулзсан. Үүнд манай салбарын төлөөлөл багтаж, асуудлуудаа танилцуулсан, албан бичиг хүргүүлсэн. Үүнийхээ хариуг нэхэж шаардана.

-Засгийн газар Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зорьж, хэд хэдэн цогцолбор байгуулж буй. Цар тахал дэгдсэн, шаардлагагүй төсвөө танах бодлого барьж байгаа үед энэ нь цагаа олоогүй ажил байж болох. Ер нь манай улсад ийм хөшөө, цогцолбор хэрэгтэй юү. Монголд ирж буй жуулчид чухам юу үзэх, мэдрэх сонирхолтой вэ?

-Аливаа зүйл цагаа олох нь чухал. Хэзээ, хэрхэн, яаж хийх вэ, хүмүүсийн хүсэн хүлээсэн зүйл мөн үү гэдгийг бодолцох хэрэгтэй. Жуулчдын сэтгэлийг татах хэмжээний бүтээн байгуулалт хийвэл мэдээж сайн. Тухайн аймаг, сумын давуу тал, онцлогийг тусгасан хөшөө дурсгал байгуулаад, түүндээ түшиглэсэн арга хэмжээ, хөтөлбөр боловсруулахад болохгүй зүйл үгүй. Гол нь үүнийг ажил, бизнес хэвийн үргэлжилж буй, тодорхой хэмжээний нөөцтэй үед хийх учиртай юм. Одоо харин эсрэгээрээ байна. Салбар нь уналтад орчихсон, амь тариа нэхэж буй цагт тэрбум тэрбумаар цогцолбор барихын оронд аялал жуулчлал эрхлэгчдийг дэмжих, ажилтнуудыг нь тогтоон барих нь чухал.

Монголд аялсан жуулчдын 70 хувь нь байгаль үзэх гэж ирдэг. Манай орны байгаль гайхамшигтай. Сибирийн их ой тайгаас Төв Азийн цөлийг багтаасан өвөрмөц тогтоц, хэв шинжтэй. Өмнөговиос Хөвсгөл хүртэл 14 хоног аялсан жуулчин “Хэд хэдэн орноор аялсан мэт мэдрэмж төрүүллээ” хэмээн бахадсан гэдэг. Онгон зэрлэг байгаль, түүх соёл бол бидний хувьд том давуу тал.

-Хөгжингүй улсууд үзэсгэлэнтэй, өвөрмөц тогтоц бүхий газруудаа хамгаалалтад авч, ингэхдээ ариун цэврийн байгууламж, хогийн асуудлыг маш сайн төлөвлөж, шийдсэн байдаг. Манайд энэ төлөвлөлт алдагдсан. Бид нэн түрүүнд ариун цэврийн байгууламжийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үгүй бол байгалийн үзэсгэлэнт, жуулчин олноор очдог газрууд эхнээсээ хүний хөлд сүйдээд дуусна. Хөвсгөл доройтсон, одоо Буйр нуур луу чиглэж байна. Бүс нутаг бүхэн амьдралын мөчлөгтэй. Энэ мөчлөгийг яаж урт хугацаанд тогтвортой ашиглах вэ гэдэг концепцтэй байх ёстой. Тэнд ямар хөрөнгө оруулалт хийж, юуг нь хамгийн түрүүнд шийдэхээ тодорхой болгох шаардлагатай. Үүний тулд аялагчдын боловсролд яалт ч үгүй анхаарах хэрэгтэй болж байна.

-Аль ч түвшинд манлайлал, санаачилга хэрэгтэй. Ялангуяа орон нутгийнхан төр, засгийн шийдвэр харалгүй ажил хийх нь чухал. Хэнтий аймгийн Батширээт сумынхан гэхэд аялагчид асар барих газрыг тусгайлан тогтоогоод, эко жорлон байгуулчихсан байна. Бусад нь тэднээс суралцаасай. Хүний хөлд дарагддаг Улаагчны хар, Буйр, Өгий зэрэг нуурын орчимд бүс нутгийн аяллын менежментийг хэрэгжүүлээд, аяллын компаниудад тодорхой газрыг хариуцуулж, хийх ажлынх нь чиглэлийг өгчихвөл амар. Ийм зохицуулалт хийвэл компаниуд татгалзахгүй шүү дээ. Амархан шийдчихэж болох ийм асуудлуудад санаачилга, манлайлал чухал юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)