Б.БААТАР: Улсын төсвөөс мөнгө авч ажил хийж үзээгүй

Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн Үндэсний их наадмын тухай яриа хөөрөө хуучраагүй байна. Шинэ аварга, эрлийз морьдыг уралдуулахгүй гэж байснаа наадмын өмнөхөн шийдвэр гаргаж, уяа сойлго нь таарсан хурдан хүлгүүдийг замд гаргасан, нээлтийн үйл ажиллагаа цэгцтэй, харууштай болсон гэхчлэн ярьсаар. Цэлмэг тэнгэрийн доор, цэцэгт талд дуулж, олуул бүжин, хөөмийлөн шуранхайлсан уран бүтээлчдэд татагдсандаа тэр болов уу, өнөө хэр наадамчдын сэтгэл хөдлөл хэвээр санагдана. Наадмын нээлтээр дуулсан дуунуудын аянд бүжиглэх санаачилгад нэгдэхийг бие биедээ уриалсаар. Хүүхэд, хөгшидгүй бий биелгээнд тулгуурлан бий болгосон монгол бүжгийг өөрсдийнхөөрөө хийж хөгжилдөх нь монгол соёл, урлагаа гэсэн сэтгэлтэйнх мэт. Лав монгол бүжиг гоё гэсэн ойлголт, хамтдаа бүжих гэсэн хүсэл, мэдрэмж олон нийтэд тод үлдээсэн энэ удаагийн наадмын ерөнхий найруулагч, “Херо энтертайнмент” компанийн захирал Б.Баатартай ярилцлаа.

-Өмнө нь найруулагч нар наадмын нээлтийн үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн тоглолтыг хариуцдаг байсан. Энэ удаа хурдан морины уралдаан, бөхийн барилдаан гээд бүх л бүрэлдэхүүн хэсгийн зохион байгуулалтад найруулагчийн оролцоо байсан гэсэн. Ажил ихтэй, амаргүй байв уу?

-Намайг ерөнхий найруулагчаар томилсон л болохоос энэ удаагийн наадам маш олон хүний хөдөлмөр, хамтын ажиллагаагаар бүтсэн юм. Өмнө нь найруулагчаар ажиллаж байсан “Драмын” Н.Наранбаатар, “Чуулгын” О.Цоггэрэл гээд туршлагатай хүмүүс хамтарсан. Мөн эдүгээ Соёлын сайд болоод буй академич С.Чулуун, угсаатан судлаач, академич, Ардын багш С.Дулам, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров тэргүүтэй зөвлөхүүд ажилласан. Шадар сайд Ө.Энхтүвшин наадмын үйл ажиллагааг нийтэд нь найруулах гэсэн статус тогтоосон байлаа. Ингэснээр зөвхөн Нагалхан уулын энгэрт болсон нээлт, хаалтын ёслол, хүндэтгэлийн ажиллагаа биш, морь, бөх, сур, шагай гэсэн төрлийн зохион байгуулалтыг ерөнхийд нь нэгтгэсэн гэсэн үг. Нэг өнгө аяс, уур амьсгалд оруулах гэж тэр юм. Тийм ч учраас би жишээ нь хамгаалалтынхныг 15-ны цагдаагийнх шигээр хувцаславал сайн байна гэсэн санал оруулсан юм. Наадмын комисс хүлээж авч, тэр дагуу ажилласан. Хэрвээ анзаарсан бол илүү, дутуу юмгүй монгол наадам болсон. Бүгд монгол дээл, хувцастайгаа. Морь унасан хүн явна уу гэхээс, машин тэрэг сүлжилдээгүй. Ийм орчинд ганц, нэг бүсгүй даашинзтай явах, эсвэл цагдаа нар өдөр тутмын ажлын хувцастайгаа байсан бол сондгойроод, уур амьсгал эвдэнэ шүү дээ.

-Энэ шийдвэрийг тань эсэргүүцэж, зүхсэн хүн олон байлаа. Дарамттай байв уу?

-Давчуу хугацаанд ихийг амжуулахаар зүтгэсэн бидэнд хүмүүс юу ярьж, бичсэнийг анзаарах сөхөө байгаагүй. Ганц нэг үг, яриа чих дэлсэж байсан. Тэглээ гээд яах вэ, сонсоод л өнгөрсөн. Бидэнд ажлаа урагшлуулах нь чухал. Түрүүн хэлсэнчлэн монгол наадмыг нэг өнгө аяст захируулах гэж оролдсон учраас жаахан л гажиж, зөрсөн болгоныг засаж залруулж байлаа. Манай урлагийнхан мундаг байсан. Алдартан, гавьяат хэн нь ч бай зохион байгуулалт, найруулгад захирагдаж, санал болгосон бүхнийг хүлээн авч, биелүүлж, гүйцэтгэж байсан. Жишээ нь, төгөлдөр хуурч, дуучин Б.Батчулуун гэхэд өөрөө хүсээд баруун монгол эрийн дээл, хувцас сонгоогүй юм. Оногдсон нь л тэр.

-“Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан гавьяат лав анх удаа монгол дээл өмссөн байх аа.

-Магадгүй. Бороотой өрсөн ажиллаж байсан тул уран бүтээлчид оноосон дүрд хэдийн хувирчихсан “тушаал” хүлээгээд зогсдог байв. Заримдаа нийт мянгаад хүн тэнгэр ширтэн, нар гарахыг хүлээдэг байлаа. Уран бүтээлчид, үйлчилгээнийхэн, төр, засгийнхан санаа, зорилго, бараг амьсгаа нэгтэй ажилласан нь сайхан.

-Гоцлол дуу бүхний ард бүжигчид олуул бүжсэн. Дунд нь бусад дуучин алтай ятга, эвэр бүрээ зэрэг үндэсний хөгжмийн зэмсгүүд барьчихсан, тус бүртээ үүрэгтэй суусан нь нэгдмэл, цул мэт харагдаж байна лээ. Дүр зураг бүрийг сайтар төлөвлөжээ гэж харсан.

-Би ерөнхий найруулагч ч гэлээ, энэ бүхний автор нь өөр хүн юм аа.

-Хэн юм бэ?

-Монголын дүрслэх урлагийн сод төлөөлөгч “марзан” хэмээх Б.Шарав. Түүний “Монголын нэг өдөр” хэмээх алдарт зургийг уран бүтээлчдийн оролцоотой “хөдөлгөсөн” гэх юм уу даа. Цахим наадам, телевизийн хувилбараар хийе гэж гэнэт санал тавьсан болохоор шинэ юм бодож олох цаг байгаагүй. Санаанд орсон нь энэ.

-Таныг ингэж хэлэхээр нээрэн тийм зохиомжтой юм гэж ойлгогдож байна. Наадамд гурван тэрбум төгрөг үрлээ гэж шүүмжилсэн хүмүүс бий. Жишээ нь, та ажлын хөлсөнд хэдийг авсан бэ?

-Би мөнгө аваагүй. Өмнө нь ч төрийн байгууллагуудтай хамтарч ажил хийхдээ ажлын хөлс авч байгаагүй. Яагаад гэвэл төвөгтэй байдаг юм. Оролцох бол оролцоод, хийхээ хурдхан амжуулаад, дараагийн ажилдаа шуударсан нь дээр.

-Ер нь энэ хэрийн наадам зохион байгуулахад гурван тэрбум төгрөг хангалттай юу?

-Зарцуулсан хөрөнгийн задаргаа гаргаж байгаа юм билээ. Би түүнийг хүмүүст харуулж, ерөөсөө мөнгө аваагүй, үнэ хөлсгүй ажилласан гэдгээ хэлье гэж бодож байгаа. Монгол Улс наадмаа зохион байгуулахдаа хөрөнгө зарцуулах ёстой. Арван тэрбумыг зориулсан ч болно. Наадмыг морь, бөх, сур гэхээс илүүтэй монголчуудын бахархал, омогшил, ялгарал, улмаар эв нэгдлийн талбар гэж харж хандах хэрэгтэй, өндөр ач холбогдол өгөх ёстой. Бидэнд наадам, Цагаан сар гэсэн, бүгдийн анхаарал нэгэн цэгт төвлөрдөг баяр хоёрхон бий. Цаг цөвүүн байх тусам энэ хоёр баяраа өнжихгүй байх нь зөв. Аль аль нь монгол уламжлал, ёс заншлаа дээдэлсэн баяр. Наадам нь нийт ард түмний эв нэгдлийн баяр бол Цагаан сар нь ураг төрөл, ахан дүүсийн харилцаа, хүндэтгэлийн баяр. Гомдоосон нэгнээсээ уучлалт хүсдэг, уучилдаг, сэтгэл цайрдаг баяр. Тийм ч болохоор энэ хоёр баярыг үндэстний оюун, сэтгэлгээний дархлаа гэдэг. Ийм үнэт зүйлээ хайрлаж, хамгаалахын тулд ямар ч нөхцөлд таслахгүй, боломжоор нь аваад, өнгөлөөд тордоод явах хэрэгтэй юм. Цагаан сараар яах гэсэн юм, золгосон ч яалаа, больсон ч яалаа гэх, наадамтай, үгүй болно, гурван тэрбумыг өөр зүйлд зарцуулах байсан юм гэх зэргээр ярих хүмүүст ойлгуулж, сэхээрүүлж, тухай бүрт нь “нухчин дарж” байх хэрэгтэй санагдсан. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчдийн оролцоо, үүрэг их чухал.

-Тэгэхээр та энэ удаа “Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар үнэ хөлсгүй ажиллаж, үндсэндээ субботник хийжээ?

-Үнэн ч гэлээ яг субботник гэж муухайгаар хэлмээргүй байна. Зүгээр л хийж өгсөн юм. Төрийнхөө наадмыг нэг удаа зохион байгуулж өгөхөд яах вэ дээ. Найруулагч болгоны хүсэл шүү дээ.

-Таныг дүүтэйгээ нийлж төрийн мөнгө идэж байна гэсэн.

-УИХ, Засгийн газрын гишүүн Л.Оюун-Эрдэнэ миний дүү. Тэглээ гээд ажил хэргийн санал ирэхэд татгалзах ёстой юу. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат гавьяат, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар наадмын ерөнхий найруулагчаар ажиллахыг санал болгосон “Наадмыг үзэгчгүй зохион байгуулах боллоо. Бүхэлд нь телевизийн хувилбараар явуулах тул та энэ ажилд оролцож, найруулагчаар ажиллавал сайн байна” гэлээ. Тэгэхэд нь “Би хувь хүн, найруулагч гэдгээр ажиллаж болох юм. Түүнээс “Херо энтертайнмент”-аараа оролцмооргүй байна. Яагаад гэхээр миний дүү Засгийн газарт ажилладаг болохоор ашиг сонирхлын зөрчил үүсэх вий. Хэрвээ ажиллах нь гарцаагүй болбол үнэ төлбөр гэхгүйгээр хийгээд өгчихье” гэсэн юм. Ийм л юм болсон.

-Бас таныг Ерөнхийлөгчтэй хавсайдаж, түүний хувийн “эдлэн”-д улсын төсвийн мөнгөнөөс зарцууллаа гэж хардсан. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Газрын байршлын хувьд энэ нь “XIII зуун цогцолбор” биш юм. Нагалхан хэмээх уулын энгэр, Алтан ургийн ноёдын авшиг оршсон сайхан нутаг. Бүгд суугаад, хэд хэдэн хувилбар дэвшүүлж байгаад, хамгийн боломжит нь гэж сонгосон нь энэ. Түүнээс биш наадмын далимаар Ерөнхийлөгчийн “XIII зуун цогцолбор”-т ганц ч болов шон хатгаж өгье гэсэн бодол, санаа хэнд ч байгаагүй. Харин ч Ерөнхийлөгч өөрөө наадам зохион байгуулагчдад тусалж байлаа. Сүүлд сонсоход хүн үнэмшмээргүй гүтгэлэг сошиалаар тархсан юм билээ. Нийгэмд боломжийн байр суурьтай хүмүүс ч хачин хачин юм ярьж. Тэр хүмүүсийг ер ойлгоогүй. Өөрсдөө олон нийтийг манлайлагч, хошуучлагч, “мөс зүсэж” зам гаргагч байх ёстой атал, нийтийн буруу хандлагад автчихсан дунд нь зүгээ олохгүй хөвж явах нь гутамшигтай.

-Энэ сэдвийг орхиё. Энэ жил бөхийн засуулуудад чанга яригч зүүсэн нь дэвшилттэй санагдсан.

-Телевизийнхэн, Баяр наадам зохион байгуулах комисс, бөхийнхөн ярилцаж байгаад шийдсэн байсан. Үзэгчид засуулын үүргийг төдийлөн ойлгодоггүй байснаа сая зурагтаар харахдаа ихийг мэдэж авч гэнэ. “Барилдаж буй бөхийн өгзөг дээр хааяа гар хүрэхээс хэтрэхгүй хүмүүс харагддаг, гэтэл энэ хүмүүс чинь дасгалжуулагчид юм байна шүү дээ” гэж нэг бус хүн ярихыг сонссон. Үзэгчид анзаарсан гэж найдаж байна. Зөвлөхүүдтэйгээ ярилцаж байгаад ямар ч үзэл суртал, нам, хүчний бодлого шингээлгүй цэвэр монгол наадам байлгахыг хичээсэн. “Монгол угсаатан, тэдний дуу, хуур” гэсэн сэдвийг “барьсан”. Монгол туургатан дэлхийд олуул юм, үндэстнийг бүрдүүлэгч ястнууд нь ийм хүмүүс байдаг юм, дуу хуур, дээл хувцас нь энэ гэж харуулсан л зохиол, зохиомжтой. Түүнээс биш социализмын үеийнх шиг таван жилийн төлөвлөгөөний биелэлт, тайлан гэсэнгүй, түүнээс хойших жилүүдийнх шиг тухайн үед эрх барьж буй намын сонирхол, эрх ашгийг шингээсэнгүй. Тэгэх нь бүү хэл, үндэстнүүд, улмаар ястнуудын оролцоог тэгш хангахыг хичээсэн. Тиймдээ ч төв халх талаас ганцхан “Сэр сэр салхи”-ийг “Харанга”-ын Чукагаар дуулуулсан. Монгол наадмын нээлтийн үйл ажиллагаа, хүндэтгэлийн тоглолт энэ хэрийн болоход өмнө нь олон жил ерөнхий найруулагчаар ажиллаж ирсэн уран бүтээлчдийн санаачилга, туршлагын үр дүн маш их хэрэг болсон. Ялангуяа Д.Сосорбарам гавьяат эрс өөрчлөлт хийсэн, утга санааг биежүүлсэн найруулагч гэж боддог.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)