Б.Баатархүү: Айлчлалын үеэр удаан хугацаанд зам хаахгүйгээр зохицуулна

ОХУ-ын ерөнхиилөгч В.В.Путины Монгол улсад хийх албан ёсны айлчлалын үеэр зарим замууд түр хугацаагаар хэсэгчлэн хаагдана хэмээн өнөөдөр ЦЕГ-аас мэдээллээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Өндөр дээд хэмжээний айлчлалын зочдын аюулгүй байдлыг тухайн улс хариуцдаг. Иймээс цагдаагийн байгууллагаас зочдын аюулгүй байдлыг хангах үүднээс зарим зохицуулалтыг журмын дагуу явуулна. Ингэхдээ аль болох иргэдийг чирэгдүүлэхгүй, замыг удаан хугацаагаар хаахгүйгээр зохицуулна.

Харин тухай бүрд нь 96.3 фм радиогоор шууд дамжуулж, мэдээллийг хүргэнэ. Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн цахим хуудас, хэвлэл мэдээллийг хэрэгслүүдээр шуурхай хүргэнэ.

Өнөөдөр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Гэхдээ зочны явах хэсгүүдийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хаана” гэв.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Цэрэнпунцаг "Цагдаагийн байгууллага хуулиар олгогдсон үндсэн үүргийнхээ хүрээнд зочин төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөлтийг хийж, үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа. Уг ажиллагааны нэг хэсэг нь замын хөдөлгөөний зохицуулалт юм. Мөн явган хүний зорчих зам, зарим аж ахуйн нэгжид тодорхой шаардлагыг урьдчилан хүргүүлээд байна. 

Айлчлалын үед нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний хязгаарлалтын зохицуулалтыг хийнэ. 

Өөрөөр хэлбэл, тодорхой хугацаанд зочид, төлөөлөгчдийн очих байршил хүртэл зохицуулалт хийгдэнэ. Иймд дамжин өнгөрөх явцад жолооч, явган зорчигчид тайван хүлээцтэй хандахыг хүсэж байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)