Б.БААСАНХҮҮ: Дотор хүнээ сэрээж барилддаг болсон

Монголын самбо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү жүдо бөхөөр ч бас барилддаг. Тэрбээр аав, ээжээсээ нуугдаж, бэлтгэл хийсээр бөхийн ертөнцөд хөл тавьжээ. Дэлхийн болоод эх орныхоо дэвжээнээс хэдэнтээ медаль хүртсэн түүнийг хүсэл мөрөөдөл нь тамирчны замнал руу “уруу татсан” гэдэг. Түүний зорьсон хэрэг талаар болсонгүй. Охин нь мөрөөдлөө биелүүлж, ямар тамирчин болсноо дэвжээнд харуулан, Төрийн дууллаа эгшиглүүлэхэд аав, ээж нь баярын нулимс унагаж суусан гэдэг. Тэрбээр өдгөө 48 кг-ын жинд амжилт гаргаж яваа цөөн тамирчны нэг. Орон орны дэвжээнд зодоглосон барилдаан нь түүнд мартагдахааргүй дурсамж, сургамж үлдээсэн. Тухайлбал, 2017 онд Азийн АШТ-д түрүүлчихээд Казахстан улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Астана хотод зохион байгуулсан Дэлхийн цомд үргэлжлүүлэн хүч сорьж, мөнгөн медаль зүүсэн нь спорт сонирхогчдыг ихэд баярлуулсан юм. Тэр үед Б.Баасанхүүг олон хүн насанд хүрэгчдийн тэмцээнээс медаль авна чинээ бодоогүй гэсэн. Түүнийг “Таван цагариг”-ийн “Залуус” буландаа урьж ярилцав. 

-Та Беларусийн Минск, Румыний Бухарест, ОХУ-ын Москва, БНСУ-ын Чунжү хотод болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон. Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан залуучуудын ДАШТ-д түрүүлж, шагналын тавцанд зогсож байсныг тань санаж байна.

-Миний оролцсон тэмцээнүүдэд алдаа, оноо аль аль нь бий. Дэвжээнд өрсөлдөгчөөсөө суралцаж, өөртөө туршлага хуримтлуулсан нь их. Румыний Бухарест хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д жин өгсөж хүч үзсэн болохоор санаандаа хүртэл барилдаагүй. Эх орноо төлөөлж оролцоод медальгүй ирэх нь тамирчдад хүнд байдаг юм. Тэр үед хамт явсан ах, эгч нар минь урам өгч, тайвшруулж билээ. ОХУ-д болсон самбо бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж их баярласан. Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ах надад амжилт гаргах олон зүйл хэлдэг. Дасгалжуулагчаас С.Солонгогэрэл, Г.Үүрцолмон багш нар барилдааны арга барил, тактик, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Багш нартайгаа ярилцаж, бэлтгэл хийсний ачаар БНСУ-ын Чунжү, Беларусийн Минск хотод болсон ДАШТ-д амжилт гаргасан гэж боддог. Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж яваа тамирчдын нэг. Медальтай ирнэ гээд харж, хүлээдэг олны итгэлийг дааж явах нэг талаар амаргүй.

-Энэ спортод хэрхэн татагдсан бэ. Эмэгтэй хүүхдийг бөхөөр хичээллэхэд аав, ээж нь таатай хүлээж авдаггүй тал бий.

-2014 онд жүдо бөхийн өсвөр үеийнхний УАШТ-д анх удаа өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн. Түүнээс хойш медалийн минь өнгө хувирсангүй. 2017 онд самбо бөхийн УАШТ-д түрүүлж, Азийн АШТ-д оролцох эрх авлаа. Азийн аваргаас алтан медальтай ирж, самбо бөхөөр хичээллэх болсон. Би тэмцээнд түрүүлэх тусам урамшиж хичээдэг зантай. Аав, ээж минь намайг бөхийн спортоор хичээллэхэд дуртай байгаагүй болохоор бэлтгэлээ нууцаар хийдэг байлаа. Одоо гэрийнхэн минь миний хамгийн найдвартай ар тал болсон.

БУСДААС СУРАЛЦАХ НЬ БАС НЭГ АМЖИЛТ

-Спортод сайн өрсөлдөгчтэй байж амжилтад хүрдэг. Өрсөлдөгчийнхөө нэр алдартай нь биш, өөртэй нь барилдах нь л чухал гэдгийг сануулсан сонирхолтой өрсөлдөөнийхөө тухай яриач?

-Өмнө нь хожигддог байсан өрсөлдөгчөө хараад “Би түүнийг угаасаа хождог” гэж басаж гараад ялагдсан удаа бий. Хожиж яваад тэмцээний төгсгөлд оноо алдаж хожигдсон юм. Шаралхсандаа уйлаад дэвжээнээс буухад багш тосож ирээд “За, зүгээр дээ, алдаанаасаа суралц, дараагийн дэлхийн аваргад хоёулаа заавал түрүүлнэ” гэж хэлсэн. “Борнуур” дэвжээний дасгалжуулагч, ОУХМ С.Солонгогэрэл “Өрсөлдөгчөө судалж барилддаггүй юм. Учраа тань ямар ч мэх хийж болно, тэгэхээр чи бэлтгэлдээ сэтгэл, зүрхээ зориулбал түүнийг хожно” гэж хэлж байв. Түүнээс хойш дараагийн тэмцээнд даагаа нэхэж, ДАШТ-д хожно гэсэн зорилготой оролцдог болсон.

-Ямар багшийн удирлагад хичээллэн, тамирчин болох гараагаа эхэлж байв. Багшийн зааж, зөвлөхөөс амжилт шалтгаална шүү дээ.

-А.Даваадорж багшийн удирдлагад анх хичээллэж, тамирчин болох гараагаа эхэлсэн. Тамирчдынхаа жаргал, зовлонг С.Солонгогэрэл, Г.Үүрцолмон, Б.Очирбат багш нар хамгийн сайн ойлгож хүлээн авдаг. Хүн болгон адилгүй шүү дээ. Бид багш нараасаа олон зүйл сурдаг. Тухайлбал, Г.Үүрцолмон багш “Дэвжээн дээр дотор хүнээ сэрээ. Зан араншингаа эвдэж барилд” гэдэг юм. Тэмцээнд багшийн хэлсэн үг санаанд орж ирэхэд дотор хүнээ сэрээж барилддаг болсон. Мөн дасгалжуулагч Натик Багиров хамтарсан бэлтгэл дээр “Чи унтаж байгаа юм шиг барилдаад байна, сэрээч” гэж хэлснийг марталгүй санаж явдаг.

-Бөхчүүд өрсөлдөгчийнхөө онцлогт тааруулж, тактик бодож олдог. Өөрийнхөө дархан мэхний талаар сонирхуулна уу?

-“Өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй” гэдэг үг спортод бий. Бусдаас суралцах нь бас нэг амжилт. Манай бөхчүүдийн ганц дутагдал бол хэвтээ барилдааныг түрүүлж сурдаг. Манайд хэвтээ барилдаан, хөлд өчих мэх нэг их сайн хөгжөөгүй. Гадаадын бөхчүүд босоогоос мэх хийх нь ховор, харин хэвтээ барилдаанд гаргууд. Манай бөхчүүдийг босоо барилдаанд сайныг мэддэг тул тэд барилдаан эхлэнгүүт хэвтээд оруулж хождог. Миний дархан мэх давхар хамах. Монголд самбо бөхийн УАШТ өрсөлдөөнтэй болдог. Миний хүч сорьдог 48 кг-д Г.Наранцэцэг эгч, Б.Ойдовчимэд нар хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэднийг ялахын тулд ухаан, тактик чамгүй зарцуулдаг. Энэ жилийн тэмцээнд Б.Ойдовчимэд түрүүлж, би удааллаа. Санаанд оромгүй, гайхмаар зүйл тэмцээний үеэр тамирчдад тохиолдох нь бий. Хожигдож яваад хожих нь ч бий. 2019 онд Монголд болсон багийн тэмцээнээр манайхан Беларусийн бөхчүүдтэй учраа таарсан. 48 кг-ын жингийн тамирчинд хожигдож яваад сүүлийн зургаан секундэд дөрвөн оноо аван дархан мэхээрээ ялж байлаа.

ТЭМЦЭЭНЭЭ СОНГОСОН МИНЬ ЗӨВ БАЙЛАА

-Шантарч буцахад тань зориг өгч, урагшлуулсан зүйл юу вэ?

-“Тууштай, дайчин зан чанар чинь чамайг урагшлуулдаг” гэж багш нар минь хэлдэг. Тамирчин хүнд бэлтгэл сургуулилалтаас гадна тэмцээнд оролцох зардал мөнгө их хэрэг болно. Намайг 2018 оноос хойш “Андын зам констракшн” компанийн захирал Э.Лхагвасүрэн ах дэмжиж “Ахын дүү чадна, түрүүлээд ирээрэй” гэж хэлээд явуулдаг юм. Надтай нөхөрлөж, баяр, гунигийг минь хуваалцдаг Г.Болор-Очир, О.Отгонбуян хэмээх найз нар бий. Тэд жүдогоор хичээллэдэг. Бид “Борнуур” дэвжээнд хамт бэлтгэл сургуулилалт хийдэг юм. Алдаа, дутагдал гаргавал бурууг маань нүүрэн дээр түс тас хэлдэг. Жин хасаад ядарчихсан байхад тусалж, иллэг хийж өгнө. Магтаал, шүүмжлэлийг харамгүй хэлдэг итгэл даах найзтай байна гэдэг сайхан.

-Ямар нэгэн мэргэжлээр суралцдаг уу?

-“Идэр” их сургуульд сургуулийн өмнөх боловсрол (СӨБ) мэргэжлээр сурдаг, III курсийн оюутан. Сургуулийн удирдлага урлаг, спортоор хичээллэдэг хүүхдүүдийг дэмжиж, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал олгодог. Манай сургуулийн захирлыг Д.Зориг, анги удирдсан багшийг Ч.Нацагдорж гэдэг. 2017 онд надад ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Азийн АШТ, Дэлхийн цомд оролцох, эсвэл сургуульд сурч төлбөрөө төлөх хоёр сонголт байлаа. Би тэмцээнээ сонгосон нь зөв байлаа. Азийн АШТ-д түрүүлж алт, Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртэж, Монголдоо ирэхэд тус их сургуулийн хамт олон намайг сургуульдаа сурахыг санал болгосон юм. Тэр цагаас хойш сургуулийнхаа нэрийг өргөж явахыг үргэлж хичээдэг болсон.

-Тамирчин хүн алдрын тавцанд гарахад олон зүйл нөлөөлдөг. Өөрийнхөө давуу чанарыг нэг удаа ч гэсэн магтахгүй юу?

-Өөрийгөө магтаж дөвийлгөх эвгүй шүү дээ. Нийтэч зан чанар минь миний давуу тал болдог байх. Самбо бөхөд Ц.Батцэцэг, Б.Сайнбуян эгч нар үлгэр дуурайл үзүүлдэг бол жүдогийн тамирчдаас Д.Сумъяа, М.Уранцэцэг нарыг хараад дайчин, шийдэмгий, зоримог зан чанар цусанд нь байдаг болов уу боддог. Энэ ташрамд, намайг үргэлж дэмжсээр ирсэн Монголын самбо бөхийн холбоо, “Андын зам констракшн” компани, “Борнуур” дэвжээ, “Идэр” их сургуулийн хамт олон болоод Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, зон олондоо баярлаж талархсанаа уламжилъя.152


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)