Б.Анар: Хиймэл оюун ухааныг ажилдаа нэвтрүүлэхээр туршсан


Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэн хэд хэдэн ажлыг бусдаасаа түрүүлж нэвтрүүлжээ. Энэ талаар тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анараас тодруулсан юм.

-Танайх сайн дурын байцаагч ажиллуулж эхэлсэн юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Иргэдийн байгаа газарт нь төрийн үйлчилгээг хүргэх үүднээс “Нийгмийн даатгалын төлөөлөгч” төсөл хэрэгжүүллээ. Энэ төсөл үр дүнгээ өгсөн. Мөн нийгмийн даатгалын дотоод үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, олон дамжлагыг бууруулсан. Манай хэлтэс иргэдэд нийгмийн даатгалын 22 үйлчилгээ үзүүлдэг.

Тэдгээрийн аль нэгийг авахын тулд иргэд холбогдох дарга, мэргэжилтний 5-6 гарын үсэг цуглуулж, олон хүн царайчилдаг байсныг болиуллаа. Өөрөөр хэлбэл, дээрх үйлчилгээнүүдийг авахын тулд нэг л байцаагчид хандахаар зохион байгуулсан. Зорилтдоо хүрэхийн тулд өнгөрсөн жил олон улсын чанарын удирдлагын стандартыг хэрэгжүүллээ. Олон улсын үйлчилгээний инновац стандартыг энэ онд багтаан нэвтрүүлнэ.

-Үр дүн гарсан гэлээ. Ямар үндэслэлээр ингэж дүгнэв?

-Ажлаа хийхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдээсээ сэтгэл ханамжийн судалгаа авсан. Нийгмийн даатгалын байгууллагаар үйлчлүүлэхэд иргэдийн зарцуулдаг хугацаа, шат дамжлага огцом багассан гэх үзүүлэлт гарсан. Орхон аймагт иргэн, төр хоёрын хооронд 150 орчим тэрбум төгрөг эргэлдэж байна. 

Тиймээс ямар эрсдэл гарч болох вэ гэдгийг иргэний өмнөөс тооцож, иргэний болон байгууллагын ажлыг тодорхой ялгаж байгаа. Байгуулага олон хууль хэрэгжүүлдэг. Иргэн заавал нийгмийн даатгалын байцаагч шиг бүх хуулиа судалж байж үйлчлүүлэх ёсгүй гэж үзсэн. Зүгээр л байцаагчтай уулзаж хүсэж буй зүйлээ хэлээд бүрэн үйлчилгээ авах ёстой.

-Хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн гэв үү?

-Хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх туршилт хийж, тодорхой үр дүн гарлаа. Ингэснээрээ Дорнодод байгаа иргэн Орхон аймгийн нийгмийн даатгалын байцаагчаас бүх үйлчилгээ авдаг болно гэсэн үг.

Тодруулбал, бүх газарт эрх тэгш үйлчлэх бололцоотой болно. Дээрээс нь Монголын төрийн байгууллагын залгамж чанарыг хангахын тулд хиймэл оюун ухаан ашиглаж байгаа. Энэ нь өмнөх дарга нарын сайн туршлагыг дараагийнх нь удирдлагад зөвлөдөг инновац хөгжил юм. Төрийн байгууллага программаа иргэндээ зориулж хөгжүүлж буй хэрэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)