Б.Амингэрэл, Т.Есөн-Эрдэнэ нарт зориулсан хандивын тоглолт болно

"Голд Майнд Медиа Групп" болон "Монголиан Нью Прожект" ХХК-ийн хамт олон хамтран олон нийтийн анхаарлын төвд байгаа хүнд өвчинд нэрвэгдсэн Б.Амингэрэл, Т.Есөн-эрдэнэ нарын хагалгаа, эмчилгээнд зориулан “Сэтгэл хайрыг түгээе” хандивын тоглолт зохион байгуулах гэж байна. 

Хандивын тоглолт энэ сарын 5-ны Баасан гарагт UB Palace-ын концертын их танхимд 19:00 цагаас эхлэх юм байна.

Төрөлхийн зүрхний 3-4 хавсарсан гажигтай гэсэн оноштой 7 сартай Т.Есөн-Эрдэнийн эгч “Солонгосын Сэжён эмнэлэгт 322 сая төгрөгөөр эмчилнэ гэж байсан. Дараа нь тус эмнэлгийн зүрхний тасгийн дарга нь Монголд ирэх үед бид уулзахад 200 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Яг одоогийн байдлаар хандивын дансанд маань 22 сая төгрөг байна. Хандивын тоглолт зохион байгуулж байгаа энэ хамт олонд болон хандив тусламж өгч байгаа Монголынхоо ард түмэн, ах дүү нартаа маш их баярлалаа. Ингээд миний дүүд амьдрал бэлэглээч ээ гэж та бүхнээс чин сэтгэлээсээ дахин дахин гуйж байна” гэлээ.

Цөсний төрөлхийн битүүрэл оноштой 7 сартай Б.Амингэрэлийн эмээ “Манай охинд цөсний битүүрлээс болж элэгний хатуурал явагдаж эхэлсэн. Манай охин Солонгосын эмнэлэгт очиж шинжилгээ өгөхөд элэг, дэлүү томорсон, цусны бүлэгнэл муу байгаа учраас яаралтай мэс засалд оруулах шаардлагатай гэсэн хариу өгсөн байгаа. Аав нь донор болохоор болсон. Долдугаар сарын 11-нд мэс засал хийхээр товлогдсон байгаа. Гэхдээ 200 сая вонныг эмнэлгийн дансанд байршуулсан нөхцөлд хагалгаа хийнэ гэсэн. Олон түмний хандив тусламжаар миний охины хагалгааны зардал нь одоогоор 60 хувьдаа хүрсэн байна. Ингээд Монголын ард түмэн тусалж, хандивын тоглолт хийх гэж байгаад маш их баярлаж байна. Энэ бүхэнд тусалж дэмжээд охинд минь амьдрал хайрлаач гэж хүсэх байнаа эгч нь” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)