Б.АМАРЗАЯА: Гаргасан амжилт минь миний мөрөөдлийн өчүүхэн нь

Монголын туялзуур сэлмийн холбоо 2009 байгуулагдаж, Азийн болон Олон улсын туялзуур сэлмийн холбооны гишүүн болсон үеэс манай тамирчид олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн түүхтэй. Сэлмийн спорт шатар нүүхтэй адил. Үндсэн техникүүдийг ашиглан, өрсөлдөгчийнхөө үйлдлийн эсрэг тооцоолон тулалддаг. Тиймээс “Биеийн хүчний шатар” хэмээн нэрлэх нь бий. Эртний түүхтэй, сонирхсон хэн ч нас харгалзахгүй хичээллэдэг, сонгодог болоод олимпын төрөлтэй эл спортод амжилт гаргаж яваа тамирчин Монголд цөөнгүй.Тэдний нэг нь “УБ фэнсинг” клубийн тамирчин Б.Амарзаяа. Түүний хувьд 2017 он шагналын хуртай байв. Залуучуудын АШТ, УАШТ-ий ганцаарчилсан, багийн төрөлд тэргүүн байрт шалгаран спортын мастер цол хүртсэн бол “Адамас-2017” шилдэг 16 сэлэмчдийн гран прид аваргалж, Монголын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн шилдэг тамирчнаар тодров. Тэрбээр 2019 онд чансаагаа ахиулж, шилдэг тамирчны шагналыг хоёронтоо гардсан юм.

-Та туялзуур сэлмээр хичээллээд багагүй хугацааг үдлээ. Сэтгэл татагдаж, хөл тавьсан дурсамжаас тань ярилцлагаа эхэлье. Ингэхэд хэн таныг энэ спорт руу хөтлөв?

-Би туялзуур сэлмээр хичээллээд таван жил болж байна. Өмнө нь дасгалжуулагч Б.Хатанзориг багшийн удирдлагад Багануур дүүргийн “Уурхайчин” спорт цогцолборт волейболоор хичээллэдэг байв. Биднээр волейбол, туялзуур сэлмийн бэлтгэлийг хамт хийлгэнэ. Хичээллээд удаагүй байтал “Туялзуур сэлмээр тулалдаач” гэж нэг бус удаа санал тавьсан. Гэрийнхэндээ хэлтэл зөвшөөрсөнгүй. Нэг өдөр ээжтэйгээ хамт зурагт үзэж суутал сэлмийн тамирчид ярилцлага өгч байна. Одоо бодоход О.Анударь, Ц.Жигжидсүрэн нар байсан санагдана. Тэд олон улсын тэмцээнд оролцсон тухайгаа ярьсан. Тэгтэл ээж “Энэ спорт их гоё, сонирхолтой юм. Тамирчид нь гадаад, дотоодын тэмцээнд оролцдог гэнэ. Миний охин сонирхоод үз” гэсэн. Тэр үед шинэ он гарах дөхсөн байв. 2015 он гарсны дараахан бэлтгэл хийхээр очлоо. Сэлэм бариад дөнгөж хэд хонож байтал манай клубийнхэн Улаанбаатар хотод болох тэмцээнд оролцох болов. Б.Хатанзориг багш “Чи оролц, тэмцээн ямар байдгийг үз” гээд авч явсан. Тэмцээнд III байр эзэлчихээд өөртөө ч итгээгүй. Яг зүүд юм шиг санагдаж билээ. Хамгийн сонирхолтой нь зурагтаар үзэж байсан тамирчнаа хожиж, медаль зүүсэн. Тэр тэмцээнээс хойш туялзуур сэлэмд эргэж буцахааргүй хөл тавьсан даа. Би дөрвөн удаа олон улсын тэмцээнд оролцсон. Анхных нь 2015 онд Монголд зохион байгуулсан Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн. 2017 онд Дэлхийн зуны универсиад наадам, дараа нь “Жакарта-2018”, 2019 онд Японд болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-д өрсөлдсөн. Миний оролцсон тэмцээнүүд зун болдог тул бэлтгэлээ энэ улиралд хийдэг. Аав, ээж минь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт амьдардаг. Тэмцээнээ дуусгаад нутгаа зорьж, гэрийнхэндээ тусалдаг. Энэ жил БНСУ-д болох олимпын эрх олгох тэмцээнд оролцох зорилготой бэлтгэл хийсэн ч цар тахлын улмаас хойшилсон.

-Намар болчихлоо. Тамирчид бэлтгэлээ базааж эхлэх нь. Танай клубийнхэн хэр бэлдэж байна вэ?

-Бэлтгэл хийнэ гэхээс сэтгэл догдлоод байгаа. Би хотод байрлах газраас авхуулаад олон асуудалтай тулгардаг. Оюутны дотуур байранд амьдардаг болохоор хичээл эхлэхээр л Улаанбаатарыг зорино. Манай клубийнхэн саяхнаас бэлтгэлээ базааж эхэлсэн гэсэн.

-“Уурхайчин” клуб шилдэг тамирчидтай. Хэрхэн тоогдож, тамирчидтай нь нэгдэв?

-2015 оноос “Уурхайчин” клубээр овоглож, тамирчны гараагаа эхэлсэн болохоор их хайртай. Одоо “УБ фэнсинг” клубт харьяалагдаж, дасгалжуулагч Д.Ганбаатар багшийн удирдлагад бэлтгэл базаадаг. Манай тамирчид надад найрсаг ханддаг болохоор нэг баг болоход хэцүү санагдаагүй.

-Амжилтаараа клуб, ивээн тэтгэдэг байгууллагынхаа нэр хүндийг өргөж явна гэдэг өндөр үүрэг, хариуцлага шиг санагддаг уу?

-Тийм ээ, одоо “Blue mon” группийн тамирчин. Хувцас, тулааны хэрэгсэл, тэмцээний зардал гээд олон зүйлээр байгууллагын маань удирдлага, хамт олон тусалдаг. Би IV курсийн оюутан. ХААИС-ийн ЭЗБДС-д бизнесийн менежмент мэргэжлээр суралцдаг. Ангийн нөхөд, багш нар минь ойлгож дэмждэг юм. Энэ ташрамд, сургуулийнхаа удирдлага, багш нар, ангийн найз нөхдөдөө болоод “Blue mon” группийн захирал С.Бат-Ерөөлд баярлаж талархсанаа уламжилъя.

МАГТААЛЫН ҮГИЙГ НЭГ ИХ ОЙШООДОГГҮЙ

-Дасгалжуулагч Б.Хатанзориг спортын олон төрлөөр хичээллэсэн туршлагатай тамирчин. Багшийнхаа давуу талаас хэр суралцсан бэ?

-Манай багш шавь нартайгаа их нийтэч, чөлөөтэй харилцдаг. Бидний алдаа, дутагдал, давуу талыг харж байгаад тамирчин бүрт тохирсон бэлтгэл хийлгэдэг. Би ч гэсэн багшийнхаа арга барилаар хүүхдүүдэд заахыг хичээдэг юм.

-Сайн тамирчин болоход хичээл зүтгэлээс гадна олон зүйл нөлөөлнө. Тулааны спортод үлдэхэд урагшлуулсан зүйл юу байв?

-Би бэлтгэл хийхээр анх найзтайгаа хамт ирсэн. Найз минь шантарсан уу, нэг их удалгүй орхисон. Тулааны талбар тамирчнаас тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл, мэдрэмж, ур чадварыг зэрэг шаарддаг. Өөрийгөө хурцалж, зоригжуулсны хүчинд үлдсэн. Тиймээс урам өгч, дэмждэг багш, хамт олон, найз нөхдийнхөө итгэлийг алдахгүйн тулд зүтгэж байна. Гаргасан амжилт минь миний хүсэл мөрөөдлийн өчүүхэн нь тул зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө их дайчилдаг.

-Туялзуур сэлэм хөнгөн, хүнд, илд гэсэн төрөлтэй. Та хүнд сэлмээр тулалддаг. Өрсөлдөгчөө ялчихаад өөдөөс нь харах мөчид ямар бодол төрдөг вэ?

-Ялсан, ялагдсан ч өрсөлдөгчөө хүндлэх хэрэгтэй. Би ялагдлыг мэддэг болохоор тэр хүнд ямар хэцүү байгааг сайн ойлгодог.

-2017 онд туялзуур сэлмийн УАШТ-д түрүүлж байсныг тань мэдэх юм. Тэр жил Дэлхийн зуны универсиад наадамд хүнд сэлмийн ганцаарчилсан, багийн төрөлд оролцсон бил үү?

-Тийм ээ. 2017 онд Тайваньд болсон Дэлхийн универсиад наадамд анх удаа хүнд сэлмийн ганцаарчилсан болон багийн төрөлд оролцоход Монголоос эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин өрсөлдсөн юм. Хэсэгтээ Орос, БНСУ, Украины тамирчинтай таарсан. Залуу тамирчин миний хувьд хүч сорьсон тулаан байлаа. Тэр тэмцээний шөвгийн дөрөвт Итали, Украинаас гадна Польшийн хоёр тамирчин үлдсэн. Тэмцээнгүй өдөр гадаадын тамирчидтай бэлтгэл хийж, арга барил, техникээс нь суралцах боломж олдсон.

-Тус наадамд дэлхийн шилдгүүд тулалддаг. Монголд түрүүлж аварга болох гадаадын тэмцээнд өрсөлдөх хоёрт асар их ялгаа бий. Ямар улсын тамирчин сонирхолтой тулаан гаргасан бэ?

-Миний хувьд анхны тэмцээн байсан болохоор гадаадын биерхүү тамирчдыг хараад сүрдэж, сандарсан. Тэднээс суралцах зүйл их байлаа. Тэмцээний явцад өөрийгөө ямар түвшинд байгааг мэдсэн. Өнгөрсөн жил Японд зохион байгуулсан Азийн АШТ-д өөртөө итгэлтэй, зоригтой оролцлоо. Ганцаарчилсан төрөлд хэсэгтээ өрсөлдөгчдөө ялж, хасагдах шат хүртэл тулалдсан.

-Сэлмийн спорт өөртөө үлдээхийн тулд таныг хэр их сорив?

-Ялалт, ялагдлын аль алинд ч өөрийгөө дайчилж, илүү их хичээх хэрэгтэйг ойлгосон. Тэр хэрээрээ энэ спорт намайг тэсвэр хатуужил, сэтгэлийн хаттай байхад сургалаа.

-Өөрийгөө ялсан тамирчин хамгийн шилдэг нь байдаг. Спортоор өөрийгөө өөрчилж чадав уу?

-Би өөрийнхөө хамгийн том өрсөлдөгч. Өөрийгөө нээж хөгжүүлэх олон боломж гарч ирсэн. Сэлмээр хичээллэж олон найзтай боллоо. Тамирчид клубийнхээ туршлагатай нөхдөөс суралцаж, ур чадвараа ахиулдаг. Монгол Улсын таван удаагийн аварга Б.Гэрэлмаа эгчээс үлгэр дуурайл авдаг.

-Тулааны спортын тамирчдын арга барил, сэтгэл зүй, зан чанар өөр. Өрсөлдөгчдийнхөө давуу, сул талыг нь хэр судалдаг вэ?

-Тулаан эхлэнгүүт л мэдрэгдэнэ. Өрсөлдөгчийн гарын байрлал, хөл дээр ажиллах, сэлэм хэрхэн цохиж, эргүүлэхээс нь ерөнхий байдлыг ажиглана. Хуурамч довтолгоо хийж, хариу үйлдлийг нь шалгах зэргээр өрсөлдөгчөө судалдаг.

-Өөрийн дутагдлыг хүнээс сонсох эхэндээ амаргүй л байдаг. Багшдаа зэмлүүлсэн нь олон уу?

-Би магтаалын үгийг нэг их ойшоодоггүй. 2017 онд УАШТ болохын өмнөх өдөр багшид хэлэлгүй волейболын тэмцээнд оролцоод зэмлүүлсэн. Тааруухан тулалдаж, хэсгээсээ арай л гэж гарсан. Миний буруу ч тэр үед багшдаа их гомдож, шар хөдөлж нэг л мэдэхэд аваргын төлөө тулалдахаар шалгарсан байлаа. Тэр тэмцээнийг одоо ч дурсах дуртай. Ганцаарчилсан, багийн төрөлд тус бүр алтан медаль хүртэж, спортын мастер цол хүртсэн гээд олон баяр давхцсан.

НАЙЗ Ч БАЙСАН ТУЛАЛДАХДАА ХҮРВЭЛ МИНИЙ ӨРСӨЛДӨГЧ

-Сэлэмтэй нөхөрлөсөн охин нь тулалдаад эхлэнгүүт гэрийнхэн тань хэр дэмжив?

-Сэлмийн спортын тамирчин гэж хэлүүлэх сайхан. Хүмүүс туялзуур сэлмийг сайн ойлгохгүй туялзуур жад гэж нэрлэдэг нь зохимжгүй санагддаг. Манай гэрийнхэн, хамаатны ах дүүс чадах зүйлээрээ байнга тусалдаг. Манай нэг эгч намайг зурагтаар харчихаад сэтгэл нь хөдлөөд уйлснаа ярьж билээ. Хэрвээ сэлмээр хичээллээгүй бол волейболын спортыг сонгох байлаа. Миний дүү сэлмийн спортоор хичээллэдэг. Өсвөр насныхны тэмцээнд өрсөлдөж, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.

-Тулааны талбарт ял, хож гэсэн дүрэм үйлчилдэг. Найзтайгаа тулалдах ямар байдаг бол?

-Миний хувьд тулааны зам, амьдрал тэс өөр ертөнц шиг санагддаг. Найз ч байсан тулалдахдаа хүрвэл миний өрсөлдөгч.

-Оюутан залуусын дунд тэмцээн байнга болдог. Хичээл, спортын аль алинд нь завгүй гүйх заримдаа амаргүй санагддаг уу?

-Хичээл тараад бэлтгэлээ хийнэ. Өөрийгөө хөгжүүлэх өөр зүйлд ч цаг зав гаргана. Би найзуудаасаа хамгийн завгүй нь.

-Тамирчдад найзуудтайгаа уулзах зав ховор. Цаг хугацааны явцад шигшигдэж үлдсэн цөөн нөхөдтэй л үлддэг. Уулзахгүй удахаар зарим нь хөндийрч холддог шүү дээ. Нөхөрлөлд тань ийм зүйл байв уу?

-Уулзъя гэхэд нь би ихэнхдээ тэмцээнтэй байж таардаг. Намайг ойлгож нөхөрлөдөг найзууддаа үнэхээр баярладаг шүү.

-Үеийнхээ залууст сэлмээр хичээллэхийн давуу тал, тамирчин болж үлдэхэд юу хамгийн их нөлөөлдгийг өөрийн туршлагаас хуваалцаж, зөвлөөч?

-Спортоор хичээллэх нь олон давуу талтай. Наад зах нь дасгал, хөдөлгөөн хийх эрүүл мэндэд тустай. Сэлмийн спорт хүнийг зөв төлөвшүүлж, өөртөө итгэлтэй, зоригтой, бусдыг хүндлэх, багаар ажиллах эерэг хандлагатай болгодог. Туялзуур сэлмээр хичээллэхээр төлөвлөж байгаа бол зүгээр л тулалдаад үз. Хамгийн гоё мэдрэмжийг тулааны үед мэдэрнэ. Тууштай байж чадвал хэзээ нэгэн цагт амжилтад хүрнэ. Тиймээс хамтдаа хичээцгээе.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)